Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01674

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01674

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1-4-49 тоотод оршин суух Боржигин овогт Амарсанаагийн Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүсэд байрлах АТА трейд ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч А.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АТА трейд ХХК-тай гэрээ байгуулж, Тахилт дахь амины байшингийн гаднах авто зогсоол, барилгын хаяавч бетон зутгалт, тэгшилгээний ажлыг 1.200.000 төгрөгөөр тохирч, 1 ширхэг загварын байшингийн дээврийн нурууны унь, модны бэхэлгээ, түгжээ, дээврийн ОСБ хавтан тавьж бэхлэх, агааржуулалтын нүхэнд тор, стейк рам болон холбогдох цэвэрлэгээг хийж дуусгах нөхцөлтэйгээр 860.000 төгрөгийн ажлын хөлс тохирч, нийт 2.060.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.

Ажил дуусах үед компани санал болгоод дахин 20 ширхэг байшингийн дээврийн ажил хийж гүйцэтгэхээр болж 20 ширхэг байшингийн дээврийн ажлын тус бүрийн үнийг 860.000 төгрөгөөр тохирч, нийт 17.200.000 төгрөг, үүн дээр 2 давхар 3 ширхэг байшингийн нэмэгдэл ажлын хөлс тус бүрт 100.000 төгрөг , нийт 17.500.000 төгрөг, өмнө нь хийсэн бетон болон загварын байшингийн ажлын хөлс 2.060.000 төгрөгийг нэгтгэгдээд, нийт 19.560.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцон, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаа эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус 20 байшингийн агааржуулалтын нүхэнд тор тавьж, стейк рам хийхээс бусад ажлыг бүрэн дуусгасан болно.

Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн компаниас дуусгаагүй ажлын материал, ажил гүйцэтгэсэн хөлсөө шаардахад үлдэгдэл ажлын хувьд загвар гараагүй, материалын мөнгөгүй гэсээр 2016 он дууссан.

Ажлын хөлсний тухайд 2016 оны 8 дугаар сарын сүүлээр урьдчилгаа 3.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 10 сар, 11 сард өгнө гэсээр байгаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг өгч 2017 оны 01 дүгээр сарын эхээр ажлаа хүлээлцсэн.

Ажил хүлээлцсэний дараа тус компанийн ерөнхий захирал Батсайхантай уулзахад танай бригад материалын хэмнэлт болон ажлын гүйцэтгэл сайн байлаа одоогоор мөнгөгүй байна, 2017 оны 02 дугаар сард 10.000.000 төгрөг өгнө гэсэн.

2017 оны 02 дугаар сард 2.000.000 төгрөг, мөн сард 4.000.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийг компаниас авсан.

Одоо үлдэгдэл 10.060.000 төгрөгийг АТА трейд ХХК-иас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булган бид харилцан тохиролцож, дараахь эвлэрлийн гэрээг байгууллаа. Үүнд:

1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүн болох 10.060.000 төгрөгийнхөө 1.200.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч АТА трейд ХХК үлдэх 8.860.000 төгрөгийг

-Ажлын үлдэгдлийг хийж дуусгаад далд ажлын актаар хүлээлгэн өгсөн өдөр 4.000.000 төгрөгийг төлөх

-Ажлын хөлсний үлдэгдэл 4.860.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх

-Дуусаагүй ажил болох агааржуулалтын нүхэнд тор, стейк рам, дээврийн нурууны зарим бэхэлгээ, түгжээ хийх ажлуудыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногийн дотор хийж дуусгах

-Хариуцагч АТА трейд ХХК дуусаагүй ажилд зарцуулах / хэрэглэх/ тор, стейк рам, дээврийн нурууны бэхэлгээ, түгжээ мод зэрэг материалыг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө бэлтгэсэн байх / 2017 оны 9, 10, 11-нд /

-Үлдэгдэл дуусаагүй ажлыг хийж дуусгасан өдөр хариуцагч ажлыг хүлээн авч, далд ажлын акт, фото зургаар бэхжүүлж баталгаажуулан АТА трейд ХХК-д хүлээлгэн өгч, талууд акт үйлдэж ажлаа хүлээлцэх

-Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаас хойш талууд эвлэрлийн гэрээнд дурдсан асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно.

-Эвлэрлийн гэрээ аливаа гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч А.Мөнхбаатар, хариуцагч АТА трейд ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.060.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.200.000 төгрөгнөөс татгалзаж, 8.860.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч

-Ажлын үлдэгдлийг хийж дуусгаад далд ажлын актаар хүлээлгэн өгсөн өдөр 4.000.000 төгрөгийг төлөх

-Ажлын хөлсний үлдэгдэл 4.860.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх

-Дуусаагүй ажил болох агааржуулалтын нүхэнд тор, стейк рам, дээврийн нурууны зарим бэхэлгээ, түгжээ хийх ажлуудыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногийн дотор хийж дуусгах

-Хариуцагч АТА трейд ХХК дуусаагүй ажилд зарцуулах / хэрэглэх/ тор, стейк рам, дээврийн нурууны бэхэлгээ, түгжээ мод зэрэг материалыг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө бэлтгэсэн байх / 2017 оны 9, 10, 11-нд /

-Үлдэгдэл дуусаагүй ажлыг хийж дуусгасан өдөр хариуцагч ажлыг хүлээн авч, далд ажлын акт, фото зургаар бэхжүүлж баталгаажуулан АТА трейд ХХК-д хүлээлгэн өгч, талууд акт үйлдэж ажлаа хүлээлцэхээр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Боржигин овогт Амарсанаагийн Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч АТА трейд ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.060.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 1.200.000 төгрөгнөөс татгалзаж, 8.860.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ажлын үлдэгдлийг хийж дуусгаад далд ажлын актаар хүлээлгэн өгсөн өдөр 4.000.000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 4.860.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөх, дуусаагүй ажил болох агааржуулалтын нүхэнд тор, стейк рам, дээврийн нурууны зарим бэхэлгээ, түгжээ хийх ажлуудыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногийн дотор хийж дуусгах, хариуцагч АТА трейд ХХК дуусаагүй ажилд зарцуулах / хэрэглэх/ тор, стейк рам, дээврийн нурууны бэхэлгээ, түгжээ мод зэрэг материалыг ажил эхлэхээс 3 хоногийн өмнө бэлтгэсэн байх / 2017 оны 9, 10, 11-нд /,үлдэгдэл дуусаагүй ажлыг хийж дуусгасан өдөр хариуцагч ажлыг хүлээн авч, далд ажлын акт, фото зургаар бэхжүүлж баталгаажуулан АТА трейд ХХК-д хүлээлгэн өгч, талууд акт үйлдэж ажлаа хүлээлцэхээр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч АТА трейд ХХК-иас 78.355 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА

 

 

 

 

                                                   -