| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0137/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/140 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/140
2022 04 01 2022/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
хохирогч Б.Ү,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ч.Эод холбогдох эрүүгийн 2134004010069 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд төрсөн 1970 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, төмөр замын мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төмөр замын шүүхийн 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, дугаарын регистртэй, Б Ч.Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Б6-1 тоотод зүс таних Б.Үийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд шүдний хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, дээд уруулын салстад шарх, хамар, духанд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Хохирогч Б.Ү:
...Сүхбаатар аймагт өвс буулгачхаад нүүрсэнд явчхаад байж байсан. Тэгсэн энэ хүний худ гэдэг хүн өвч ачуулъя гээд үнээ тохироод ачуулсан. Хотод очоод 2 хоног зогсоно шүү гэхээр нь 2 хоногоос илүү зогсохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд наашаа гарахад урьдчилгаа түлшний мөнгө асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд наашаа гарсан чинь мөнгө болохгүй байна гэхээр нь би өөрийн мөнгөөрөө түлшээ хийгээд Улаанбаатарт ирсэн чинь Ч.Э тосож аваад за энд зогс гээд тэр газар нь хоёр хоног зогсоод гуравдах хоногоос нь Ч.Э хашаандаа буулгаж аваад чи явж бай ардаас чинь мөнгийг чинь хийнэ гэхээр нь би тээврийн хөлсөө авчхаад явна. Би урьдчилгаа мөнгө аваагүй өөрсөө бүр юмаа хийгээд ирсэн гэхэд за чи байж бай би завгүй байна гэж хэлсэн. Орой нь дахиад залгахад би завгүй байна чи яах гээд байгаа юм бэ би мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд би орой очно завгүй байна хэлээд утсаа тасалсан. Орой нь би дахиж залгаад бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь би чиний мөнгийг өгч чадахгүй шүүхдээд аваарай гэж хэлсэн. Тэгээд би машиндаа сууж байсан чинь орой хоёулаа ирээд чи юу яриад байгаа юм гээд намайг чирээд машинаас буулгаад миний нүүр рүү хоёр удаа цохисон. Цохиулчхаад цаашаа эргэхэд нөгөө залуу нь гартаа гялалзсан юм бариад миний хөмсөг рүү хоёр удаа цохисон. Тэгээд би цохиулаад унасан. Газар унаад 2-3 удаа өшиглүүлээд гараад зугтаасан. Тэгээд дараа нь цагдаа дуудсан... гэж,
Шүүгдэгч Ч.Э:
...10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатараас 2 машин өвс явуулаад 2 хоног зогсоогоод зарагдахгүй бол та авчих гэж хэлсэн. Тэгээд 2 хонуулаад зарагдахгүй болохоор нь манай ирээд буулгачих ах нь Сэргэлэн дээр ажилтай байна. Өвснийхөө тоог гаргачих гэж хэлээд 1 өвсийг нь 3500 төгрөгөөр бодсон. Орой 8 цагийн үед 226 боодол өвс буулгачихлаа гээд ярьсан. Тэгэхээр нь ах нь ажилтай байна. Нэлээн оройтож очих байх тэгээд мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд орой 11 цагийн үед над руу залгаад хөөе луйварчин минь өвсний мөнгө өгөөч гэхээр нь ах нь очиж байна. Чи архи уучихсан бол өнөөдөр чиний мөнгийг өгөхгүй. Чи наанаа хоноод өглөө мөнгөө аваад яв гэхэд битгий солиор луйварчин минь гэж над руу утасны ардаас дайрсан. Тэгээд би шөнө 11 цаг өнгөрч байхад Сэргэлэнгээс гараад явж байхад дахиад над руу залгаад чи миний мөнгийг өгөх юм уу луйварчин минь гэхээр нь би өнөөдөр мөнгийг чинь өгөхгүй. Маргааш эрүүл болохоор чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хашаандаа орж ирсэн чинь машиныхан гэрэл асаалттай, хаалга нь онгорхой өөрөө машин дотроо тонгойгоод сууж байсан. Тэгээд би очоод чи утасны ардаас юу яриад байгаа юм бэ, би чамд мөнгийг чинь маргааш өгье гэж хэлсэн биздээ гэхэд ахаа намайг уучлаарай би өөр хүний утас андуурчхаж гэхэд нь би нэг удаа цохисон. Цохиход доошоо унаад гишгүүрт духаа цохисон. Тэгээд доошоо харж хэвтэж байхдаа би бүгдийг чинь ална, хариугаа авна гээд хэвтэж байхад нь би татаад босгож ирсэн чинь хашаа даваад гүйгээд явсан. Тэгээд гэртээ ороод байж байсан чинь хашааны хаалга дугараад хүн явах шиг болсон. Тэгээд хүн ороод ирлээ гэж бодоод гарсан чинь Б.Ү нь бензин барьчихсан машины өвс рүү цацаад гүйж байсан. Би гүйгээд очсон чинь өөр дээрээ цацаад над руу цацаад миний нүд юм харахаа болиод цуг явж байсан дүүдээ наадахаа зогсоогоорой наадах чинь хамаг юм шатаалаа шүү гэж хэлэхэд манай дүү очоод ноцолдоод, энэ хүн чинь өөрөө машин тэргээ мөргөөд, дээр доор нь ороод нэлээн ноцолдсон. Ноцолдож байгаад нэг юм дарж аваад эхнэрээ дуудаад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгсэн дахиж машинаа тойрч гүйгээд карманаасаа гал хайгаад байсан. Тэгээд цагдаа ирэхэд нөгөө хашхичаад гүйгээд байсан хүн чинь эв эрүүл хүн шиг болсон. Цагдаа ирээд гайгүй байна үлдээчихье гэхээр нь би наадахыг чинь үлдээхгүй. Наадах чинь хамаг юм шатаана гэж хэлээд цагдаа дээр цуг ирсэн. Миний цохисон уруул дээр эмнэлэг дуудаад оёо тавиулсан. Тэгээд өглөө 7 цаг Үйтүмэн хаалга тогшоод ахаа уучлаарай би согтохоороо ингээд байдаг юм. Олон хүнд хулхидуулж байсан болохоор мөнгө төгрөг өгөхгүй юм болов уу гэж бодоод согтуудаа ийм болчихлоо гэж хэлсэн. Би чамд маргааш өглөө өгье гэж хэлсэн шүү дээ гэж хэлэхэд уучлаарай ахаа би цагдаа дээр очоод гомдол байхгүй гээд хэлчихье гэхээр нь би мөнгийг чинь өгөхгүй чи энэ хэргээ шийдсэний дараа аваарай гэж хэлсэн. Тэгсэн би цагдаа дээр очоод гомдол саналгүй гээд хэлчихье ахаа гэхээр нь би мөнгийг нь өгөөд явуулсан. Тэгсэн би гомдолгүй гээд хэлчихсэн шүү ахаа, юу ч бодохгүй шүү ахаа гээд явсан хүн өнөөдөр энд уулзаж байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134004010069 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ч.Эын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Б6-1 тоотод зүс таних Б.Үийг үл ялих зүйлээр шалтаглан хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23, 24-26, 27-29 дүгээр хуудас/,
шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №439 дугаартай ... Ч.Эын биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №437 дугаартай ... Б.Үий биед дээд шүдний хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, дээд уруулын салстад шарх, хамар, духанд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөх эсэх нь шүдний эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.... талаарх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
хохирогч Б.Үгийн ...Миний хувьд хувиараа том машин барьдаг бөгөөд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоос хойш 70 гаруй километр газраас нэг хүний өвсийг ачиж ирсэн бөгөөд тэр хүнтэйгээ утсаар ярьж тохиролцсон юмаа. Тэгээд тухайн өвсийг Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр гэдэг газарт буулгахаар болсон тэгтэл тухайн буулгаж авах ёстой байсан хүмүүс нь өвсөө буулгаж авалгүй хоёр хоног хүлээлгээд 3 дахь хоногт нь ӨВСӨө буулгаж авсан бөгөөд миний хувьд Э гэдэг хүнээс тээврийн хөлсөө нэхсэн чинь гадуур ажилтай завгүй явна гэсэн тэгээд би хөлсөө хүлээж дахин хоёр хоноод 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн хүнтэй маргаан болсон тэгсэн чинь тээврийн зардал өгч чадахгүй чи нэг бол наад өвсөө ачаад аваад яв гэсэн тэгээд би бухимдаад тухайн үедээ хоёр пиво уучихсан байсан тэгээд би машиндаа унтаж байхад шөнө Э гэх хүн дүү гээд нэг залуутайгаа согтуу ирсэн юмаа. Тэгээд над дээр ирээд чи муу юун олон юм яриад байгаа юм бэ? Гэж хэлээд намайг машинаас чирч буулгаад би та нар тээврийн хөлс өгсөнгүй гэсэн чинь миний нүүр лүү Э нь хоёр удаа цохисон тэгсэн нөгөө залуу нь гартаа нэг гялалзсан юм атгачихсан байсан тэгээд тэрүүгээрээ миний хөмсөг дух зэргийг цохисон бөгөөд би доош унахад миний цээж хүү гурав дөрвөн удаа өшиглөсөн тэгээд л би гараад зугтсан байгаа. Тэгээд би хамт явсан найзынхаа машинд орж суугаад болсон асуудлыг хэлсэн юмаа. Тэр үед Эын эхнэр нь цагдаа дуудсан байх. Цагдаа ирсэн байсан... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
гэрч Б.Үгийн ...2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 80187927 гэсэн дугаартай хүнтэй утсаар ярьж байгаад Сүхбаатар аймгийн Бичигт боомтоос хойш 80 орчим километр зайтай газраас хадлан дээрээс өөрийнхөө шланз маркийн машинд 816 боодол өвс ачаад Төв аймгийн Зуунмод сумын Зүүн дэлгэр гадаг газар бууна гэж тохиролцоод ачаагаа ачаад тохирсон газартаа ирээд уг газарт нөгөө хүн лүү залгасан чинь 96060099 гэсэн дугаар луу залгаад өвсөө буулгаад тээврийн хөлсөө ав би өвснийхөө мөнгийг дараа нь тооцоод авчихна гэж хэлсэн тэгэхээр нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хашаанд нь оруулж өвсөө буулгаад мөнгөө авъя гэсэн чинь за чи байж байгаарай гэж хэлчхээд яваад өгсөн тэгээд орой согтуугаар нэг хүний хамтаар орж ирэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь чи байж бай мөнгө байхгүй байна гэсэн чинь нөгөө хамт ирсэн залуу нь чи миний ахтай юу яриад байгаа юм гэхээр нь би тээврийн хөлсөө авах гэж байна гэсэн чинь бүдүүн ах нь буюу Э нь намайг зүүн хацар луу хоёр удаа алгадсан тэгээд миний шүд хөдлөөд уруул язарсан байгаа. Тэр үед нөгөө туранхай жижиг Эрдэнэболд гэх залуу нь чи миний ахтай юу яриад байгаа юм бэ гэж хэлээд цохисон тэр үед гарт нь хурц зүйл байх шиг байсан тэгээд миний духны зүүн хэсэгт зүсэгдсэн байгаа тэгээд би дөрвөн оёдол тавиулсан тэгээд тэр залуу намайг унагаад дөрвөн удаа миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн харин Э нь зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд л бид нар салцгаасан. Тэгээд л цагдаа ирсэн... /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
гэрч Д.Эрдэнэболдын ...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой Э ахтай хамт Сэргэлэн сумаас аймгийн төвд рүү ирсэн юмаа тэгтэл Э ахын эхнэр нь цонхон доор хун гүйгээд байна гэхээр нь би гараад иртэл өвс буулгаж байсан хүн гээд нэг хүн Э ахын гэрийнх нь үүдээр цонхных нь доогуур бензин асгаад мөн өөр дээрээ бензин асгаж байсан тэгэхээр нь болиулах гээд очоод бариад авсан тэгээд халааснаасаа жожгоолик гаргаж ирээд асаах гээд тэр асаагуур нь эвдэрсэн тэгээд бид хоёрыг ноцолдож байхад араас Э ахын эхнэр Тунгаа эгч болон Э ах гараад ирсэн тэгээд цагдаа дуудсан цагдаа ирээд аваад явсан... /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
гэрч Ц.Эрдэнэбатын ...Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтон дээрээс нэрийг нь бол мэдэхгүй 30187927 гэсэн дугаартай хүний өвсийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед байсан байх ачаад Төв аймгийн Зуунмод суманд хүргэхээр гараад одоо Төв аймгийн Зуунмод суманд 4 хоночихлоо уг хүн бол анхнаасаа Улаанбаатар хот оруулна гэж ярьсан мөн өвсөө 2 хоног зогсоод зараарай гэж байсан тэгээд бид хоёр тэр хэлснээр нь зогссон тэгээд манай найз Үйтүмэн бид хоёр ачиж ирсэн өвсөө Зүүндэлгэр хоёр өөр хашаанд буулгасан би бол эрт дуусчихсан харин Үйтүмэнгийнх 16 цагийн орчим буулгаж дууссан тэгээд нөгөө өвс буулгаж авч байгаа хүнээс тооцоогоо яах ийх гэхээр нь нөгөө бүдүүн ах тийн тийн ах нь буулгаад тоо юмыг нь гарахаар нь мөнгийг нь хийнэ гэж байсан тэгээд өвсөө буулгаад дууссан тэр үед нөгөө ах байхгүй болохоор нь эхнэрт нь хэлсэн чинь би мэдэхгүй байна манай нөхөр мэднэ гээд Э гэдэг хүн лүү яриулуулсан чинь ах нь ажилтай явж байна удахгүй очлоо гээд орой 20 цаг хүртэл хүлээлгэсэн тэгээд Э ах ирдэггүй тэгэхээр нь бид хоёр ярилцаж байгаад дэлгүүр хаахаас өмнө нэг шил архи авна гээд дэлгүүрээс 1 шил Соёрхол нэртэй 0,5-тай архи аваад жижиг ус ундаа, үзэмний шүүс, аваад тэрийгээ миний машины кабинд уучхаад бид хоёр буу халж байгаа унтахаар болоод нэгэнт оройтчихсон юм чинь маргааш болохоор болоод би унтаад өгчихсөн харин Үйтүмэн машин луугаа явсан тэгээд шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй Үйтүмэн найз нь зодуулчихлаа гээд ороод ирсэн тэгээд надад утас паск хоёроо үлдээгээд буцаад гүйгээд яваад өгсөн тэгээд би хувцсаа өмсөөд араас нь тухайн айлын хашаа руу орсон чинь Үйтүмэн Э Эрдэнэболд нар хоорондоо маргалдаж байсан мөн Үйтүмэн тэр хүмүүст төлбөр тооцоогоо хийж чадахгүй гэж байсан харин нөгөө хүмүүс нь чи согтуу байна гэх зэргээр маргалдаад байсан тэгээд би эвлэрүүлэхээр ярьхад би манай найз олон хүнд муриулж байсан болохоор жоохон бухимдалтай байгаа байх гэж хэлээд больцгоо гэж хэлсэн тэр үед цагдаа дуудчихсан гэж байсан тэгэхээр нь би цагдаа дуудаж яах гэсэн юм бэ би найзыгаа тайвшруулчихна миний үгэнд орно гээд байж байтал цагдаа нар орж ирээд манай найзыг аваад явсан би нөгөө хоёрт жоохон бухимдсан байгаа байлгүй дээ гэж хэлээд байж байтал нөгөө ирсэн цагдаа чи орж унт гэж байсан тэгээд би кабин луугаа орсон тэгээд намайг унтаж байхад үүрээр манай найз Үйтүмэн миний кабинд орж ирээд өглөө 9 цагаас цагдаа дээр ирээрэй гэж байна гэж байсан тэгээд мөн оёо тавиулсан гэж байсан тэгээд үүр цайлгаад босоод тухайн айлд очоод уулзсан цагдаа руу явцгаасан... /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
гэрч Ж.Эрдэнэцогтын ...Миний хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хадлан хадаад хураасан байсан чинь нүүрс тээвэрт явдаг байсан гэх хоёр ирээд надтай утсаар яриад Төв аймаг руу өвс тээвэрлүүлэхээр тохиролцоод тохиролцоондоо Төв аймагт ирээд хоёр хоног өвс зарахаар хүлээнэ харин өвс зарагдахгүй бол буулгаж аваад та нарыг суллаж өгнө гэж тохиролцсон мөнгө төгрөгийг нь 1 боодол өвсийг 2,500 төгрөгөөр тээвэрлүүлэхээр тохирсон юмаа. Тэгээд өвсөө ачуулаад Төв аймгийн төв дээр авч ирүүлээд нэг машиныг нь айлд буулгачхаад нөгөөхийг нь тээврийнх нь зардлыг өгөөд уг өвсийг ав гэж хэлээд Эод өгсөн юмаа. Тэгээд би тэр машинуудын араас ирээд өвсөө зарахаар болсон бөгөөд араас нь яваад ирэхэд нэг машин ирчихсэн байсан бөгөөд ирэнгүүтээ л архи уучихсан хүмүүсийн дунд өмдөө шувтлаад бие засах зэрэг үйлдэл гаргаж байсан болохоор яриа хэлээ хийх хэрэггүй юм байна гэж бодоод явчихаад маргааш нь тухайн жолооч нартай ирж уулзаад хаана буулгахыг нь зааж өгчхөөд л явсан юмаа. Нөгөө хашаанд буулгасан өвсний тооцоог нь би хийчхээд Эын хашаанд буулгасан өвсний мөнгийг нь Эоор өгүүлэхээр тохирсон байсан... /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
гэрч Н.Тунгалагийн ...Яг он сар өдрийг нь сайн санахгүй байна манайд өвс буусан юмаа. Харин манай нөхөр Э өвс буулгаж байх хооронд нь Төв аймгийн Сэргэлэн сум руу явчхаад ирнэ хүнтэй уулзана гээд явсан юмаа. Тэгээд намайг унтаж байхад шөнө 00 цаг өнгөрч байхад нөхөр Э Эрдэнээ гэх хүний хатаар ирсэн юмаа. Тэгж байж байтал манай нөхөр гаднаас Тунгаа цагдаа дуудаарай гэж орилсон тэгээд би юу болсон талаар хархаар гадагш гарах гээд хаалга онгойлготол бензин өөдөөс үнэртэж байсан тэгтэл худгийн тэнд Э нөгөө өвс буулгасан жолоочтой зууралдчихсан цагдаа дууд энэ хамаг юм шатаах гээд байна гэж хашгирсан юмаа. Тэгээд л би цагдаа дуудсан бөгөөд цагдаа нэг их удалгүй яваад ирсэн байгаа... /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
сэжигтэн Ч.Эын ...2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр манай хамаатны Эрдэнэцогт гэдэг хүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас хоёр машин өвс ачуулчихлаа аймаг дээр зогсоогоод заруулмаар байна. Энэ машины жолооч нар нь хоёр хоног л зогсож чадна тэрнээс хойш чадахгүй гээд байна зарагдахгүй бол та авчих гэж хэлсэн тэгээд хоёр хоног зогсоод 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нөгөө өвс нь зарагдахгүй болохоор нь хашаандаа оруулж буулгуулж тоог нь гаргуулах болсон улмаар тоогоор нь тооцоог нь хийхээр болоод хашаандаа буулгуулсан юмаа. Тэр хооронд би Төв аймгийн Сэргэлэн суманд хувийн ажилтай болчхоод явчихсан юмаа. Явахдаа тоог нь гаргачхаад хэлээрэй би эргэж ирээд тооцоог нь хийнэ гэж хэлчихээд явсан орой 20 цаг өнгөрч байхад 826 боодол өвс буулаа гэж хэлсэн тэгэхээр нь ах нь очоод тооцоог нь хийнэ ахад нь шууд шилжүүлэх боломж байхгүй АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгнө цай хоол идээд хүлээж бай гэж хэлсэн чинь тэгье гэж хэлсэн тэгээд миний ажил амжихгүй байж байхад орой 23 цагийн орчим Үйтүмэн гэх залуу над руу дахин утсаар согтуу яриад хөөе муу хар луйварчин мөнгөө авъя энэ өвсийг чинь шатаалаа шүү гэж хэлхээр нь би чи уучихсан юм уу гэж хэлсэн чинь миний ууж идэх чамд хамаагүй гэж хэлхээр нь би чамд одоо мөнгийг чинь өгөхгүй өглөө ав одоо би очиж явна гэж хэлээд утсаа тасалсан тэгээд нэг их удалгүй гэртээ Эрдэнэболдын хамтаар ирэхэд нөгөө залуу цэнхэр өнгийн савтай бензин барьчихсан бүгдийг нь шатаагаад өгнө гээд зогсож байсан тэгэхээр нь би нөгөө бензинийг нь авах гээд яваад очиход зугтаад байсан тэгэхээр нь би зүүн гараараа нэг удаа цохисон тэгтэл нөгөө залуу хашаа даваад зугтаачихсан тэгэхээр нь би нөгөө машин дээрээ очих гэж байна гэж бодоод гэртээ орсон юмаа. Би гэртээ цай уугаад сууж байхад манай эхнэр хашааны хаалга дуугарлаа гэж хэлхээр нь Эрдэнэболд бид хоёр гэрээс гараад би хашааны үүдрүү явсан чинь араас Эрдэнэболд энд байна шдээ бензинээ барьчихсан байна гэж хэлээд бензинийг нь авах гээд ноцолдож байсан тухайн үед Үйтүмэн гэх залуу нөгөө бензинээ өөр дээрээ асгаад мөн өвсрүү цацах гээд гуйж байсан тэгээд тэгж байгаад нөгөө залуу машинаа мөргөөд ойччихоод эргэж босож ирээд нөгөө бензинээ аваад над дуур ирээд над руу нөгөө бензинээ цацаад мөн өөр дээрээ асгасан тэгээд миний нуд руу бензин ороод харж чадахгүй болоод зогссон тэр үед нөгөө залуу эргэж машин луугаа гүйгээд машиныхаа хаалгыг онгойлгох гэж байхад нь Эрдэнэболд очоод дахин ноцолдсон тэгээд би гүйж очоод нөгөө залууг дарж унагаад эхнэрийг цагдаа дууд гэж хэлээд дуудлага өгүүлээд би цагдаа иртэл дээр нь дараад байж байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Цагдаа ирэхэд нөгөө орилж хашгираад байсан авир нь шууд дарагдаад юу ч болоогүй юм шиг л болсон... /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
яллагдагч Ч.Эын ...Миний хувьд Төв аймгийн Зуунмод сумын Зүүн дэлгэр 4-р багт амьдардаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай дүүгийн худ над руу утсаар яриад аймгийн төвд хоёр машин өвч байгаа та тэрийг аваад тээврийн хөлсийг нь өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хашаандаа буулгахаар болсон бөгөөд хашаанд буулгаж байх хооронд нь Сэргэлэн сум руу хувийн ажлаар явчхаад орой ирэхэд нөгөө машины жолооч нь согтчихсон надаас мөнгөө авъя гээд намайг хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би согтуу хунд мөнгө өгөхгүй чи унтчихаад маргааш мөнгөө ав гэсэн чинь пизда новш гээд намайг элдвээр хэлсэн тэгэхээр нь би чи боль боль гээд хамт ирсэн дүүгийнхээ хамтаар гэр лүүгээ орсон тэгтэл манай эхнэр гадаа хүмүүс орилоод байна гэхээр нь гараад иртэл Эрдэнэболд тухайн хүнтэй ноцолдоод байж байхаар нь явааж очиход тэр жолооч өөр дээрээ 5 литрийн савтай бензин өөр дээрээ асгаад мөн над дээр асгаад зугтаад байсан тэгээд шатаалгачихгүйн тулд би барьж аваад дарсан тэгээд цагдаа дуудсан. Тэр хооронд нөгөө машины жолооч нь хүрээд ирсэн тэгээд би чи одоо ингээд үхэх гэж байгаа юм уу гээд гараараа нүүр лүү нь нэг удаа савчихсан юмаа.... /хх-ийн 82-83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ч.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 84, 90-95 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.Э Б.Үийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Б6-1 тоотод Б.Үг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун зүүн хөмсөг, дээд уруулын салстад шарх, хамар духанд зулгаралт, дух баруун нүдний зохь хамар зулайд зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Б.Үгийн баримтаар нэхэмжилсэн 444.067 төгрөгийг Ч.Эоос гаргуулж хохирогч Б.Үд олгуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч Б.Ү нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Ү:
... Эмчилгээний зардлаа бүрэн авмаар байна. Би энэ хүнд зодуулснаас болж өвөл ажлаа хийж чадаагүй. Эмчилгээ хийлгэж байгаад ковид туссан. Цагаан хад руу ковид туссан хүнийг 6 сарын дараа оруулна гээд би 6 сар ажил хийх боломжгүй байсан. Би одоо гомдолтой байна.. гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Болсон хэргийн талаар гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Шалтгаан нөхцөлийг сайн тогтоогоогүй юм уу гэж бодож байна. Гэм хор, хор уршгийн талаарх хохирлын нотлох баримтад үндэслэж гаргах уу гэхээс биш тамгатай цаас барьж ирсэн болгон дээр хохирол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас 444.000 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Бусад хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Э:
...Хохирол төлбөрийг нь барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ч.Эыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Ч.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.Эын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ч.Эын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Үйтүмэгийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Үгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд дээд шүдний хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, дээд уруулын салстад шарх, хамар, духанд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Шүүхээс шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Э:
...Байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ч.Эод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Эод торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Ч.Эод оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Үгийн биед дээд шүдний хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, дээд уруулын салстад шарх, хамар, духанд зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хамар, зулайд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Ү нь шүүгдэгч Ч.Эоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар 554.067 /таван зуун тавин дөрвөн мянга жаран долоо/ төгрөгийг нэхэмжилсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ү нь баримтгүйгээр хохирол төлбөрт 4.100.000 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримтаар 560.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Эоос 554.067 /таван зуун тавин дөрвөн мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Үд олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Б.Ү нь шүүхийн шатанд баримтгүй нэхэмжилсэн эмчилгээний зардлын 4.100.000 төгрөг болон бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжилсэн 560.000 төгрөгийн баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ч.Эоос тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134004010069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ч.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б Ч.Эод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2134004010069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Ч.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ч.Эоос 554.067 /таван зуун тавин дөрвөн мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Б.Үд олгосугай.
7. Хохирогч Б.Ү нь баримтгүйгээр нэхэмжилсэн 4.100.000 төгрөгийг болон бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжилсэн 560.000 төгрөгийг тус тус баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ч.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ч.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН