| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01560/И |
| Дугаар | 183/ШШ2017/01455 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2017/01455
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/01455 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Хулд, 3 дугаар баг, Уул баруун жирэм, 17 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, Өндөргээ овогт Энхжаргалын Доржгочоо /Регистрийн дугаар:ЗМ91091106/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 2 дугаар орц, 21 тоотод оршин суух, 1989онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Лангандай овогт Ганбилэгийн Энхбаяр /Регистрийн дугаар:ЗЗ89102515/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Доржгочоо, хариуцагч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Доржгочоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Г.Энхбаяртай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Сувдансондор төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Г.Энхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Доржгочоо бид хоёр 2012 оноос танилцаж хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2014 онд охин Э.Сувдансондор төрсөн. Э.Сувдансондорт гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ хүүхдийн тэтгэлэгийн талаарх Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д тэтгэлэгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно гэж заасан байх тул Э.Доржгочоо бид хоёр 2015 онд 8,500,000 төгрөгөөр худалдан авсан 44 75 ДУА улсын дугаартай приус 11 маркийн машиныг дундын өмч хөрөнгө гэж үзэж үүнээс надад ногдох хэсэг болох 2,800,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулахыг хүсэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Доржгочоо нь хариуцагч Г.Энхбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид анх 2012 онд танилцаж тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Сувдансондор төрсөн, мөн хүүхдийн эцгийг Лангадай овогт Ганбилэгийн Энхбаяр мөн болохыг захиргааны журмаар тогтоосон болох нь Дундговь аймгийнбүртгэлийн хэлтсийн 4837000020 дугаарт бүртгэсэн Э.Сувдансондорын төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нь охин Э.Сувдансондорын төрсөн эцэг гэдэгт маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан охин Э.Сувдансондорыг хариуцагч Г.Энхбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн зохигчид хүүхдийн асрамжид маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Лангандай овогт Энхбаярын Сувдансондор /Регистрийн дугаар:ЗМ14260400/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Энхбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ