Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 


2022              04               05                                                  2022/ШЦТ/149

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М Ц.Сад холбогдох эрүүгийн 2234001320144 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Давст суманд 1972 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Батсүмбэр сумын ахмад настны үндэсний төвд жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд хамрагдаж 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан, бие эрүүл, дугаарын регистртэй, М Ц.С,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, Минжийн 1-32 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Эг “намайг чи согтуу байхад цохиод нүдийг минь ийм болгочихлоо...” гэх шалтгааны улмаас зодож, түүний биед уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.С:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөх шаардлагагүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234001320144 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Сын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, Минжийн 1-32 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Эг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №32 дугаартай ...Д.Эгийн биед уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

хохирогч Д.Эгийн ... 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой нөхөр бид хоёр Ганболд гэдэг айлд орсон юм. Тухайн өдөр битүүний өдөр байсан болохоор Ганболд гэдэг айлд 0,75 литрийн ELEX нэртэй 2 шил архи 4лээ хувааж уусан. Тэгээд Түвшинсайхан гэдэг айлд ороод Виски задлахаар нь хувааж уучхаад гэртээ ирсэн. Тэгээд гэрт ирээд 0,75литрийн Соёрхол нэртэй архи задлаад уусан юм. 2022.01.30-ны шөнө манай нөхөр согтуу бие засах гэж гараад төмөр тэрэг нь дээр уначихсан юм. Тэгсэн чинь нүд нь эвгүй болчихсон юм. Тухайн өдөр манай нөхөр С намайг цохичихсон гэж бодоод би шинийн нэгний өглөө хүний нүүр яаж харах юм бэ? гээд савтай хөлдүү сүү шидээд миний нүүрийг оночихсон юм. Тэгээд миний нүүр хавдаад, нүд хөхөрчихсөн юм. Уг нь бид хоёр 17 жил хамт амьдарч байна. Дундаасаа 4 хүүхэдтэй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

            түүний дахин өгсөн ...Би нөхөр Ц.Сгэр бүл болоод 17 жил болж байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй хамгийн бага маань 5 настай . 2022 оны 01-р сарын 31-нд ажлынхаа хүмүүстэй нөхөр Ц.Сархи ууж ирээд шөнө согтуу гарч бие засахдаа гадаа байсан усны төмөр тэргэнд тээглэж унаад нүд нь хавдаж улайлгасан байсан тэгээд маргааш нь буюу битүүний өдөр орой нь хамт айлд очоод архи ууцгаасан тэгээд халамцуу гэртээ ирээд чи намайг согтуу байхад намайг цохиод ийм болгочихсон цагаан сар болж байхад би ийм нүдтэй яаж байх юм бэ гээд над руу дайрч 2 л-ийн савтай хөлдсөн сүүг авч над руу шидэж миний нүүрэнд онж нүд уруул хавдаж тухайн үед эрүү хөдлөхгүй эвгүй оргиод байхаар нь цагдаагийн 102-т дуудлага өгч удалгүй цагдаа нар ирж С авч явсан. Би уг нь айлгах хашгирах санаатай цагдаад дуудлага өгсөн юм.... /хх-ийн 18 дугаар хуудас/,

            холбогдогч Ц.Сын ...Битүүний орой эхнэр бид хоёр хөрш айл Ганболдын гэрт битүүлэхээр ороод дөрвүүлээ 0,75 граммын Зөөлөн Хараа нэртэй архи хувааж уугаад гэртээ 22 цагийн орчим орсон байх гэртээ 0,75 граммын соёрхол нэртэй архи эхнэр бид хоёр хувааж ууж байгаад нэг мэдсэн тасарчихсан байсан. Маргааш өглөө нь цагдаагийн өрөөнд сэрээд юу болсон талаар мэдсэн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

сэжигтэн Ц.Сын ... 2022.02.01-ний орой Ганболд гэдэг айлд ороод 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи 4 лээ уугаад манай гэрт ороод 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи 4лээ хувааж уугаад сууж байгаад тасарчихсан байсан. Би юунаас болж эхнэр Энхзаяаг цохисноо санахгүй байна. Надад манай эхнэр "Агсам тавиад савтай сүү нүүр рүү шийдчихсэн" гэж хэлсэн. Би нэг мэдсэн чинь цагдаагийн кабонд байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 23 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Сын ...2022 оны 02 дугаар сарын 01-ний орой Ганболд гэдэг айлд ороод 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи 4лээ уугаад манай гэрт ороод 0.5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи 4 лээ хувааж уугаад сууж байгаад тасарчихсан байсан. Би юунаас болж эхнэр Энхзаяаг цохисноо санахгүй байна. Надад манай эхнэр “Агсам тавиад савтай сүү нүүр рүү шидчихсэн” гэж хэлсэн. Би нэг мэдсэн чинь цагдаагийн кабонд байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ц.Сын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30-31, 41-43, 52-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ц.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.Сын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Сын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг, Минжийн 1-32 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Эг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Ариунзул:

            ...Шүүгдэгч Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баг минжийн 1-32 тоотод байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Эг “намайг согтуу байхад цохиод нүдийг минь ийм болгочихлоо” гэх шалтгааны улмаас зодож түүний биед уруулын дотор талд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Эгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Хонгорзулын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ц.С:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Сыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Сын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,  

мөн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно”.:. гэж хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.Сын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.Эгийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.Эгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний салстын цус харвалт, дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эгийн биед уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Д.Э нь шүүгдэгч Ц.Саас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Ариунзул:

            ...Шүүгдэгч Ц.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ц.С:

            ...Улсын яллагчаас гаргаж байгаа зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ц.Сыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Ц.Сад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Сад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Ц.Сад оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234001320144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Ц.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Ц.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М Ц.Сад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234001320144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М Ц.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М Ц.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М Ц.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН