Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Б.П********,

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Л.Э*****************ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Л.Э*****************, У.Э********, А.Б******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар шүүгдэгч Л.Э*****************т Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

шүүгдэгч А.Б********, У.Э******** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Э********, А.Б********, Л.Э***************** нарт холбогдох эрүүгийн *********** дугаар хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Э***************** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн нутаг дэвсгэрээс хохирогч Р.Н***********ын бэлчээрээс 6 хонь, 1 ямаа хулгайлж 1.055.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар нь Л.Э*****************тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн 1.210.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Э***************** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн нутаг дэвсгэрээс хохирогч Р.Н***********ын бэлчээрээс 6 хонь, 1 ямаа хулгайлж 1.055.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарыг Л.Э*****************тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-15-17х),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-19-20х), 

Үүнд: Шүүгдэгч Л.Э*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Манайх Арбулаг сумын 01 дүгээр багийн нутаг Мандалын эх гэдэг газарт байдаг. Манай эхнэр хүүхдүүд болохоор Мөрөн сумын Хөхтолгойн 18-09 тоотод байдаг. Учир нь манай хүүхдүүд Мөрөнд сургуульд сурдаг юм. Тэгээд би өөрөө хөдөөгийн гэр Мөрөнгийн гэр хоёрын хооронд тогтмол мотоциклтой явдаг. 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрөөс 27-ны үед гэж санаж байна, Мөрөн суманд эхнэр хүүхдүүд дээрээ ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг эхнэр хүүхдүүдтэй гэртээ байж байхад эхнэрийн төрсөн дүү, Э******** эхнэр Баярцэцэгийн хамт ирсэн юм. Тэгээд тэр хоёрыг манайд ирээд орой хариу бүрий болж байхад 0,75 литрийн нэг шил архи, 0,5 литрийн нэг шил архи уусан, нэрийг нь санахгүй байна, тэр архийг бид дөрөв хамт уусан. Тэр архийг ууж байхад мал хулгайлах талаар Э******** ийшээ Олны өтөг явъя хонь байгаа, гэхээр нь би өглөө үүр цайхаас үед эхнэр Баярцэцэгтэй хамт Э********ыг мотоциклынхоо хойгуур суулгаад очно гэсэн газар болох Мөрөнгийн төвийн ард далангийн хойно байх хашааны ойролцоо буулгасан. Тэгээд би буцаад гэртээ харьсан. Гэртээ ирээд байж байхад Э********, Баярцэцэг хоёр хонь туугаад танай хашаанд оруулсан. Тэр үед намайг Болороо, Идэрээ гэх эхнэр, нөхөр хоёр дуудаад байхаар нь очиход архи ууж байсан. Тэр хоёрын ууж байсан архийг уучхаад Болороо, Идэрээ гэх эхнэр, нөхөр хоёр дуудаад байхаар нь очиход архи ууж байсан. ...Болороотой хамт гэртээ ирэхэд нөгөө авчирсан хонио манай хашаанд амийг нь тасалчихсан байсан. Тухайн хонийг нэг үл таних залуу нядалж байсан.  ...тухайн тууж ирсэн хонь нь 6 тооны хонь байсан. Би зүсийг нь анзаараагүй. Манайд архи ууж байхад Баярцэцэг анх санааг гаргаж Э******** намайг явъя хүргээд өгчих гэхээр нь би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор хүргэж өгсөн. Тухайн хашаанд хонь байгааг Баярцэцэг зааж өгсөн. ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Э*****************ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Б.П********ийнхоос 5 хонь авсан. Ямаа аваагүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан байгаа 6 хонь, 1 ямааг мэдэхгүй байна гэв. Б******** энэ хэрэгт оролцоо байхгүй. ...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.Э********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн эгч болох У.Энхжаргалынд хамтран амьдрагч Баярцэцэгтэй байсан хамт. тэднийд манай эгчийн нөхөр болох Э*****************, мөн хоёр хүүхэд нь байсан Би тэднийд тогтмол байдаг. Баярцэцэгтэй хамт амьдраад 2 сар гаран болж байгаа юм. Тэгээд тэднийд байхдаа бид нар орой хоолоо идчихээд хөзөр тоглоцгоосон юм. Хөзөр тоглож байхдаа архи уухаар болоод надад Энхжаргал эгч мөнгө өгөөд надад Хараа нэртэй 0.75. 0,5 литрийн 2 шил архи захихаар нь би дэлгүүр явж авчирсан. Тухайн үед цаг миний ханаж байгаагаар 21 цаг болж байсан гэж санаж байна. Тэгээд хөзөр тоглонгоо нөгөө архиа уусан Тэгээд хэдэн цагийн үед архи дууссаныг сайн санахгүй байна. Ямар ч байсан дахиж архи уухаар болоод Э*****************, Баярцэцэг хоёр архи уучихаар явсан, яваад нэг цаг орчим болоод ирэхдээ 2 ширхэг том пивотой ирсэн. Тэгээд тэр пивыг бид дөрөв хамт уусан. ...Тэгтэл Э***************** хойноос хонь тууж ирье намайг Баярцэцэгтэй хамт явъя та хоёр тууж ир би хүргээд өгье гэхээр нь бид хоёр Э*****************тай хамт түүний мотоциклоор Э*****************ын араар суугаад Мөрөн сумын хойно байх үерийн далангийн ард байх хашааны зүүн талд мотоциклоо орхиод Э***************** хашаа руу нь даваад орсон. Баярцэцэг бид хоёр хашааны гадаа хүлээгээд байж байсан. Тухайн үед үүр хаяарч байсан. Э***************** хашаанаас 5 тооны хонь хашааны хажуу талын завсраар  гаргаж ирсэн. Э***************** тэр хонийг гаргаж өгчхөөд түрүүлээд мотоциклтой явсан. Баярцэцэг бид хоёр 5 тооны хонийг туугаад Э*****************ын хашаанд очсон Э***************** гэртээ ирсэн байсан. Баярцэцэг бид хоёрын тууж ирсэн хонийг хашаанд бүгдийг унагаагаад амийг нь тасалсан байсан. Тэгтэл хонины эзэн бололтой хүн ирээд цагдаа дуудсан. ... “ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.Э********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... П******** гэдэг айлаас 5 хонь авсан. Ямаа аваагүй. Өөрсдөө ирээд цагдаа дуудаж махаа арьстай нь аваад явсан гэв. ...А.Б******** бид хоёр хонийг нь тууж ирсэн гэв. ... Тууж ирэхдээ хулгайн мал гэдгийг сайн мэдээгүй. Маш их согтолттой байсан. ... Хулгай хийх санааг тэр энэ гаргасан гэх зүйл байхгүй. Л.Э***************** надад “би хүнээс авцаатай юм. Тэрэндээ мал авч байгаа” гэхээр нь би анхааруулж “хулгайн юм биш биз дээ” гэхэд “өртэй байсан өрөндөө авч байгаа юм” гэж надад хэлсэн. Тэр үед согтуу байсан учраас итгээд хамт явж тууж ирсэн. ... Э***************** манай ээж хот руу эмчилгээнд явсан байсан. Тэгээд эгч, би, Л.Э*****************ын 2 хүүхэд нарын хамт гэрээ сахиж үлдсэн. Тэгэхэд анхны хулгай нь мэдэгдээд цагдаа ирээд явсны дараа намайг явъя гэхээр нь би явахгүй гэж хэлээд таньдаг айлдаа өдөржин нуугдаж байхад хүмүүс рүү утсаар ярьж хайсаар байгаа намайг ирж авсан. ... Бид машин хэрэглээгүй...Л.Э*****************ын мотоцикл байсан. Би тэрийн унаагүй. ... “ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Б********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Би 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Түнэл сумын Э******** гэх залуутай танилцаж өдийг хүртэл Мөрөн сумын хөх толгойн 18-09 тоотод хамтран амьдарч байна. Э******** нь төрсөн эгч болох Энхжаргалынд амьдардаг би тэнд хамт амьдарч байсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Энхжаргалынд түүний нөхөр болох Э*****************, хоёр хүүхэд нь Э******** бид нар байсан. Тэгээд оройхон хоолоо хийж идчихээд бид дөрөв хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхдаа архи уухаар болоод Э********од Энхжаргал мөнгө өгөөд хоёр шил архи авчруулаад бид нар түүнийгээ хөзөр тоглож байхдаа ууж дуусгасан. Тэгэхэд цаг орой болсон, дэлгүүр хаасан байхад Э*****************, Э******** хоёр архинд яваад хоёр том пиво авчирсан. Тэр хоёр авчрахад Энхжаргал бид хоёр унтаж байгаад сэрээд тэр хоёр пивыг нь уугаад унтсан. Тэгэхэд Э***************** Э******** унтаагүй үлдсэн. Намайг унтаж Э******** татаад сэрээсэн. Яасан гэж асуухад хойно айлын хашаанд хонь байна. Түүнийг тууж ирье гэж Э***************** хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Э*****************ын мотоциклийн хойгуур Э******** бид хоёр суугаад Мөрөнгийн хойно Далангийн ард байрлах том хашаанд хонь байсан. Тэр хашааны ойролцоо мотоциклоо үлдээгээд Э***************** хашаа руу давж ороод 10 гаран тооны хонь тасалж хаалгаар гаргаж ирээд тэр хонийг Э***************** бид хоёртой хамт тууж байгаад түрүүлээд гэр лүгээ явсан. Бид хоёр хойноос нь туугаад гэрийнх хашаанд оруулсан, тэгээд тэр хониноос хамгийн 5 тооны хонийг нь барьж амбаарт оруулсан, үлдсэн хонийг нь буцаагаад хашаа руу туусан. Э*****************, Э******** нар дэлгүүр онгойход нэг шил архи, нэг пиво авсан. Э*****************, Э******** хоёр айл руу хонь гаргадаг хүн авчрахаар явсан, тэгтэл мал гаргадаг хүн ирж таван хонины амийг тасалчхаад явсан. Э***************** удалгүй ирсэн. Тэгтэл машинтай хүмүүс ирээд манай хонь байна, цагдаад дуудсан.

Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Түнэл сумын Э******** гэх залуутай танилцаж өдийг хүртэл Мөрөн сумын хөх толгойн 18-09 тоотод хамтран амьдарч байна. Э******** нь төрсөн эгч болох Энхжаргалынд амьдардаг, Энхжаргалын нөхөр нь болохоор хөдөө гэр болон Мөрөнгийн хооронд явж байдаг, би тэнд хамт амьдарч байсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э*****************ынд түүний эхнэр Энхжаргал, Э********, хоёр хүүхэд нь бид нар хамт байсан, тэгтэл Э***************** 18 цагийн үед гэрээсээ мотоциклоо унаад гарна. Тэгээд удалгүй 6 тооны хонь, 1 тооны ямаа тууж хашаандаа оруулж ирсэн. Би ямар учиртай хонь, ямаа болохыг нь би мэдээгүй. Тэгээд тэр хонь ямааг нядалсан. тухайн үед гэдэс дотрыг нь арилгахад оролцсон. Тухайн хонийг Э***************** нядалсан. тэгээд тэр хонийг маргааш өглөө нь зах руу Э*****************, Энхжаргал хоёр авч явж зарсан. Тэр мөнгөнөөсөө Э******** бид хоёрт 150,000 төгрөг өгсөн. Урьд нь таньдаг дэлгүүрээсээ архи, согтууруулах ундааны зүйл авсан байсан тул өрөндөө өгсөн. ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Б********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Намайг унтаж байхад У.Э********, Л.Э***************** нар дуудаад хүнээс юм авах ёстой туулцаад ирээч гэхээр нь хамт явж тууж ирсэн. Хулгай хийж байна гэдгийг би мэдээгүй надад хүнээс юм авах ёстой. “... гэх мэдүүлэг,

Хохирогч Р.Н***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “… Би Мөрөн сумын Хөх толгойн 01-30-23 тоотод хамтран амьдрагч Б.Энхдалай болон хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай мал 18 цагийн үед Хөх толгойн оройд бэлчиж явсан. Тухайн үед манай бага охин Мөрөн сумын 14 дүгээр Цэцэрлэгээс нь авахаар нөхөртэйгөө хамт машинаар хүүхдээ аваад 18 цаг өнгөрч байхад шууд хонь руу очиход манай хониноос 6 хонь,  1 ямаа алдагдсан байсан. Яагаад алдагдсан гэж бодсон гэхээр хурагтай хонины хурга нь үлдсэн байсан. Мөн манай хонины хамгийн том гэсэн хонийг авсан байхаар нь би хулгайд алдсан байна гэж бодсон юм. Тэгээд хайх болж бүх газруудаар явсан боловч олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг (хх-84-85, 140х),

Хохирогч Б.П********ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хохирлыг тогтоосон байсан. Тэрнээс А.Б******** мөнгөө өгсөн, Л.Э*****************, У.Э******** хоёр мөнгөө өгөөгүй байгаа. Манай малаас 6 хонь, 1 ямаа дутуу байгаа боловч эдний гэрээс 5 хонины мах авсан. Өглөө манай хонь бүгд гэрийнхээ хашаанаас байхгүй болсон байсан. 1 хонь, 1 ямаа маань эдний хашаанд байхгүй байсан, олдохгүй байгаа. Би эд нарыг нядалсан байхад нь очиход л 5 хонины мах байсан. Одоо би 5 хониороо хохирсон гэж үзэж байна. Яагаад гэхээр би эдний хашаанаас 5 хониныхоо махыг авсан гэв. Одоо нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хх-24-25, 27х),

Гэрч У.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би нөхөр, ээж, гурван дүү, хоёр хүүхдийн хамт Мөрөн сумын Хөхтолгойн 18-09 тоотод оршин суудаг юм. Манай хөдөө Арбулаг суманд мал дээрээ байдаг, ер нь манай нөхөр ирэн очин байдаг. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт нөхөр Э*****************, манай төрсөн дүү Э******** хамтран амьдрагч Баярцэцэг нар болон манай хоёр хүүхэд бид нар манайд өнжсөн. Тэгтэл манай нөхөр Л.Э***************** 18 цагийн үед гэрээсээ гараад мотоциклтойгоо хүнээс авцтайтай гээд явсан. Юу авах талаараа дэлгэрэнгүй яриагүй. Тэгээд манай нөхөр болох Л.Э***************** 20 цагийн үед хоёр хонь ганзагалаад, 4 тооны хонь, нэг ямаа туусаар хашаанд орж ирсэн. Тухайн ганзагалж ирсэн хоёр хонио авчрахдаа гэдэс дотрыг нь гаргачхаад ганзагалж ирсэн байсан. Тэр хоёр хонины арьсыг нь хашаандаа хуулж махыг гулуузаар нь байлгаж байгаад үлдсэн 4 хонь 1 ямааг маргааш өглөө нь нядалж махыг нь нөхөр бид хоёр хамт зах дээр очиход мах авдаг бололтой хүнд 500 гаран мянган төгрөгөөр худалдсан. Тухайн махаа бид хоёр таксигаар зөөвөрлөсөн... Тухайн үедээ надад хэлэхдээ хүнээс авцаатай, мотоциклийн өртөг авах гэж байгаа юм гэж хэлсэн түүнээс өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй. Тухайн авчирсан хонь ямааг Д.Э***************** өөрөө нядалсан. Тухайн хонь нядлах үеэр Баярцэцэг бид хоёр гэдэс дотрыг нь арилгасан, Э******** өвчүүг нь түшиж махыг нь зөөж өгсөн. Тэр үед бид нар хулгайн мах гэж бодоогүй. ... Би энэ явдал болсноос хойш хоёр дахь хоног буюу 10 дугаар сарын 29-30 нд шилжих шөнө манайд Э*****************, Э********, Баярцэцэг нар архи пиво уусан юм. Тэр шөнө намайг унтсан хойгуур манай нөхөр болон Э********, Баярцэцэг нар 03 цагийн үед пиво авчирсан байхаар нь тэрнээс нь уугаад сэрэхэд манай хашаанд хонь оруулаад ирсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад юу хонь юм гэж нөхрөөсөө утсаар асуухад Идэрбатынд архи ууж байгаа бололтой аан за за би мэдэж байгаа гэж байсан. Тэгтэл удалгүй нэг залуу ирээд тэр хонинуудыг бүгдийг нь амийг нь тасалчхаад явчихсан. Тэгтэл манай нөхөр гэртээ ирээд байж байтал тэр хонины эзэн бололтой хүмүүс ирээд манай хонь байна гээд цагдаа дуудсан. Тэгэхэд нь өмнөх авчирсан хонийг нь хулгайн хонь байна гэж бодсон. Манай нөхөр Л.Э***************** надад мал хулгайлсан талаар ямар нэгэн зүйл яриагүй.  ...” гэх мэдүүлэг (хх-32-33, 93-94х), 

Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манайх тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р хорооны тушаа Далангийн ар талд намаржиж байсан. 2021 оны 10 сарын 28-ны орой буюу урд орой нь малаа тоолоод хашиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь босоод хот руугаа харахад манай ямаа хашаатай хонь нь байхгүй байсан. Хашааны үүд нь хаалттай байсан. Тэгээд хонио хайсан чинь хөх толгойн тэнд манай хонь бэлччихсэн байж байсан. Хонио олж аваад тоолж бүртгэхэд нийт 6 хонь нэг ямаа байхгүй болсон байсан. Хайж явсаар хүнээс дуулж хөх толгой гэдэг газарт байх ногоон хаалгатай хашаанд очиж үзэхэд манай 5 хонийг хашаан тэр айл хашаан дотроо алж амийг нь тасалсан байсан. Нэг хонь, 1 ямаа нь бүр ор сураггүй алга байсан. Манайх тэр таван хониныхоо гэдсийг гаргуулж тэр хашаанд нь үлдээгээд арьстай махыг нь авч явж ченжид тушаасан. Тэр таван хонийг голыг нь таслаад удаасан байсан учир мах нь улайсан байсан, бас жаахан бохир нядалсан байсан учраас орой болоод ченж нар голж шилж байгаад үнийг нь дараад нийт 650.000 төгрөгөөр худалдаж авсан. Бид нар тэр хүмүүс хохирол төлж өгөхгүй бол бүр оргүй үлдчих юм болов уу гэж бодоод таван хонио ч гэсэн тохирсон үнээр тушаагаад жаахан ч гэсэн мөнгө болгож авсан. Манай хонь малыг авч явсан гэм буруутай хүмүүс одоог болтол хохирол нөхөн төлбөр төлж өгөхгүй сураг чимээгүй байна. Хохирлоо хурдан түргэн барагдуулж авмаар байна. ... Манайх 30 гаран хонь 50 гаран ямаатай л айл юм. Тооллогод оруулсан. П********ийн нэр дээр тоолуулсан. Хавар бас нэлээн хэдэн мал үхэж хорогдсон. ...” гэх мэдүүлэг (хх-41х),

Гэрч Н.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Э******** гэдэг залуу надтай хамт мод түлээнд явдаг байсан манай хорооны залуу байгаа юм. Э***************** гэдэг залууг сайн танихгүй, манай найз Идэрээгийн эхнэр Болороо гэх эмэгтэй 2021 оны 10 сарын 30-ны үед өглөө 08:30 цагийн үед над руу залгаад “хонь гаргуулах гэсэн юм хүрээд ирээч” гэхээр нь гэрт нь очиход Э***************** гэх залуу манай найзынд архи уугаад сууж байсан. Би Болороогоос хонь чинь хаана байгаа юм гэхэд би бишээ энэ залуу мал гаргуулъя гэнээ гэж хэлсэн. Тэгэхэд тэр Э***************** гэдэг залуу ах манай хашаанд 5 хонь байгаа гаргаад өгөөч гэхээр нь би 1 хонийг нь 6000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Тэгээд тохироод Э*****************ын зааж өгсний дараа Хөх толгойд ногоон өнгийн хаалгатай хашаанд очиход Э******** гээд жижиг биетэй залуу гэрээсээ гарч ирсэн. Тэгээд надад хонь энд байгаа гээд амбаараа онгойлгоод зааж өгөхөд амбаарт нь 5 хонь байсан. Мөн цаана нь хонины арьс энэ тэр байсан. Би тэр таван хонийг нь голыг таслаад байж байтал П******** гуай хүүгийнхээ хамт ирээд манай алга болсон хонь байна энэ тэр гэхээр нь би за би бол мэдэхгүй шүү өөрсдөө учраа ол гэж хэлээд хаяад гараад явсан. Мөнгө төгрөг аваагүй. Би тэр хонинуудыг Идэрээгийнд архи уугаад сууж байсан Э***************** гэх дээлтэй залуугийн хонь юм байна гэж бодсон. Хөдөөнөөс хонь ачиж ирсэн юм гэж надад хэлж ойлгуулсан. Тэгээд ч би нэг их юм бодоогүй мөнгөөр нядалж өгөх гээд явж очсон юм. Хулгайн хонь мал гэж мэдээгүй. Дараа нь сонсоход тэр П******** гуайн л алга болсон хонь мал байсан дуулдаж байсан. Тэр хонийг хаанаас авч ирсэн ямар учиртай талаар нь нарийн сайн мэдээгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-123х),

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2145617200522 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1. эр хонь нас гүйцсэн 3 ширхэг нэгжийн үнэ 200.000 төгрөг бүгд 600.000 төгрөг, 2. Эм хонь 3 ширхэг, 3 тооны, нэгжийн үнэ 160.000 төгрөг бүгд 480.000 төгрөг, 3. Эм ямаа нас гүйцсэн 1 ширхэг, нэгжийн үнэ 130.000 төгрөг нийт үнэ 1.210.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна. ...” гэх дүгнэлт (хх-44-45х),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-79-80х),

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2145617200524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1. эм төлөг 2 настай 3 ширхэг, нэгжийн үнэ 130.000 төгрөг, бүгд 390.000 төгрөг, 2. Сувай эм хонь, 2 ширхэг, нэгжийн үнэ 180.000 төгрөг бүгд 360.000 төгрөг, 3. Эм хонь 1 ширхэг, нэгжийн үнэ 160.000 төгрөг, 4. Эр ямаа нас гүйцсэн, 1 ширхэг, нэгжийн үнэ 145.000 төгрөг нийт үнэ 1.055.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна. ...” гэх дүгнэлт (хх-103-104х),

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №2145617200609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1. Даюун маркийн мотоцикл хуучин 1 ширхэг, нэгжийн үнэ 250.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна. ...” гэх дүгнэлт (хх-108-109х),

Шүүгдэгч Л.Э*****************ын хувийн байдлыг тогтоосон:

Шань овогт Л********ийн Э*****************ын иргэнийн үнэмлэхийн лавлагаа (хх-127х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-126), Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 709 дугаартай: “Л******** Э***************** өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас ам бүлээсээ 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хасалт хийлгүүлсэн байна. ... гэх тодорхойлолт (хх-132х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-135х),

Шүүгдэгч У.Э********ын хувийн байдлыг тогтоосон:

Цагаан толгойт овогт Ундралын Э********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-131х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-130), Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 709 дугаартай: “ Ундрал Э******** өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна. ... гэх тодорхойлолт (хх-132х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-134х),

Шүүгдэгч А.Б********ийн хувийн байдлыг тогтоосон:

Мянгад овогт Алтангэрэлийн Б********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-129х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-128х), Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 709 дугаартай: “ Алтангэрэлийн Б******** өрхийн мэдээллийн нэгдсэн санд ам бүл 4, өрхийн амьжиргааны түвшин нь доод бүлэгт буюу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна. “... гэх тодорхойлолт (хх-132х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-136х), эвлэрлийн гэрээ (хх-137-138х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар нь Л.Э*****************тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн 1.210.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хохирогч болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын өгсөн мэдүүлэг шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын өмгөөлөгч Ч.Будхүүгийн өмгөөллийн үг зэргээр няцаагдаж байна.

Үүнд: Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...У.Э********, А.Б******** нар нь Л.Э*****************тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж 1.210.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,гэрчээр болон хохирогч Р.Намжилпагам, Б.П******** нарын өгсөн мэдүүлэг, гэрч У.Энхжаргалын мэдүүлэг, “Ихмөрөн-Аудит” ХХК-ийн үнэлгээний тайлангууд, яллагдагч У.Э********, А.Б******** Л.Э***************** нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Э***************** нь бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж мөн шүүгдэгч А.Б********, У.Э******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна гэж маргана.

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын өмгөөлөгч Будхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б********, У.Э******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийг журамлаж оруулж ирсэн байгаа. У.Э********, А.Б******** нарын хувьд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх заалтаар хүндрүүлж оруулж ирж байгаа нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э********, Л.Э***************** нар нь энэ хэрэгт А.Б******** ямар нэгэн оролцоо байхгүй гэж мэдүүлж байгаа учраас А.Б********т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Л.Э*****************ын шүүхийн хэлэлцүүлэгт: “... Б.П********ийнхоос 5 хонь авсан. Ямаа аваагүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан байгаа 6 хонь, 1 ямааг мэдэхгүй би айлд байсан гэв. Б******** энэ хэрэгт оролцоо байхгүй. ... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.Э********ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...П******** гэдэг айлаас 5 хонь авсан. Ямаа аваагүй. Өөрсдөө ирээд цагдаа дуудаж махаа арьстай нь аваад явсан гэв. ... А.Б******** бид хоёр хонийг нь тууж ирсэн гэв. ... Тууж ирэхдээ хулгайн мал гэдгийг сайн мэдээгүй. Маш их согтолттой байсан. Л.Э***************** надад “би хүнээс авцаатай юм”... “өртэй байсан өрөндөө авч байгаа юм” гэж надад хэлсэн. Тэр үед согтуу байсан. ...Бид машин хэрэглээгүй...Э*****************т мотоцикл байсан. Би тэрийн унаагүй. “...гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Э*****************, У.Э********, А.Б******** нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагч нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон өмгөөлөгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг нотлох баримтаар үгүйсгэсэн болон няцаасан баримт нотолгоо гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд ”Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” мөн “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр,...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг нотолбол зохих байдалд дурдаж заавал нотлохоор хуульчилсан байна.

Гэтэл улсын яллагч дээрх байдлыг хөдөлбөргүй нотлогдохгүй байгаа нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бий болж байна.

Хэдийгээр шүүгдэгч У.Э********, А.Б******** Л.Э***************** нар нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа боловч хамтран оролцсон оролцоо болон сэдэл мөн шүүгдэгч У.Э********, А.Б******** нар Л.Э*****************тай ”бүлэглэн, машин механизм ашигласан” нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч У.Э********, А.Б******** нар бүлэглэн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч У.Э********, А.Б******** нарыг шүүгдэгч Л.Э*****************тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хохирогчид 1.210.000 төгрөгийг хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтангэрэлийн Б********, Ундралын Э******** нарыг 6 тооны хонь, 1 тооны ямааг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг зүйлчилсэн байгаа ба 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан”

-мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “олон тооны мал хулгайлж” гэж зүйлчилсэн байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэжээ.

Шүүгдэгч А.Б********, У.Э******** нарыг улсын яллагчийн зүгээс хохирогч Б.П******** хашаанаас 6 хонь, 1 ямаа хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь улсын яллагчийн яллах дүгнэлт шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.П******** мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Б********, У.Э******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж” гэсэн нь дээрх мэдүүлэг болон санал, дүгнэлтээр няцаагдаж байгаа тул улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч У.Э********, А.Б******** нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг шүүгдэгч У.Э********, А.Б******** нар бүлэглэн үйлдсэн нь шүүгдэгч, хохирогч болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжилсэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т бүлэглэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын мал хулгайлах гэж тухайн тусгайд заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим” мөн зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго” мөн зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ.

Иймд шүүгдэгч У.Э********, А.Б******** нарыг эрүүгийн хуулийн зорилт, мөн хэргийн нөхцөл байдал, нотлох баримт, мэдүүлэг зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын малыг хулгайлсан” гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжилсэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Л.Э***************** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн нутаг дэвсгэрээс хохирогч Р.Н***********ын бэлчээрээс 6 хонь, 1 ямаа хулгайлж 1.055.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Намжилпагамын мэдүүлэг (хх-22-27х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-116х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-117х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл (хх-118х),

Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2145617200609 дугаартай тайлан (хх-108х),

Хөрөнгийн үнэлгээний  2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2145617200524 дугаартай тайлан (хх-103-104х) зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Э***************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “машин механизм ашиглаж” үйлдсэн болох нь тогтогдож байх тул түүнийг улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э***************** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн нутаг дэвсгэрээс хохирогч Р.Н***********ын бэлчээрээс 6 хонь, 1 ямаа хулгайлж 1,055,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь   шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Э*****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг, шүүгдэгч У.Э********, А.Б******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Э***************** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой багийн нутаг дэвсгэрээс хохирогч Р.Н***********ын бэлчээрээс 6 хонь, 1 ямаа хулгайлж 1,055,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Далангийн ар” гэх газраас хохирогч Б.П********ийн хашаанаас 6 тооны хонь, 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч 1.210.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч Р.Н***********а нь хохирол бүрэн хүлээн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Л.Э*****************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.П******** нь 5 хонины махыг хүлээн авсан, 160,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эм хонь, 130,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны эм ямаа төлөгдөөгүй гэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх, хохирогч хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.Э********, А.Б******** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Э*****************, У.Э********, А.Б******** нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Э*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдыг малыг машин механизм ашиглаж хулгайлах”, шүүгдэгч У.Э********, А.Б******** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э*****************ыг үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э*****************, У.Э********, А.Б******** нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-134-136х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э*****************, У.Э********, А.Б******** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь У.Э********, А.Б******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Э***************** 8 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.Э*****************ын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Л.Э*****************ын мэдүүлэг (хх-29-30х), У.Э********ын мэдүүлэг (хх-35-36), гэрч У.Энхжаргалын мэдүүлэг (хх-32-33х, шүүгдэгч А.Б********ийн нэрийг Баярцэцэг гэж бичсэн байгаа нь уг хэрэгт өөр нэг шүүгдэгч байгаа юм шиг төөрөгдөл үүсэхээр байгаа тул мөрдөгч, прокурор нар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мэдүүлэг авахдаа шүүгдэгч нарын нэрийг зөв бичиж байх шаардлагатай байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ундрахын Э********, Алтангэрэлийн Б******** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шань овогт Л********ийн Э*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  “бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

-Цагаан толгойт овогт Ундралын Э********, Мянгад овогт Алтангэрэлийн Б******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л********ийн Э*****************ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ундралын Э********, Алтангэрэлийн Б******** нарыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э*****************т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Шүүгдэгч У.Э********, А.Б******** нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.

 6. Шүүгдэгч У.Э********, А.Б******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Л.Э*****************ын цагдан хоригдсон 8 (найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Хохирогч Б.П******** нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч У.Э********, А.Б******** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э********, А.Б******** нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Э*****************ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН