| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/01573/И |
| Дугаар | 183/ШШ2017/01457 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2017/01457
| 2017 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2017/01457 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 15-5 тоотод байрлах, “Инженеринг Авардс” ХХК /Регистрийн дугаар:5871751/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар барилга” ХХК /Регистрийн дугаар:2040182/-д холбогдох
Гэрээний үүрэгт 3,138,385 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Инженеринг Авардс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Инженеринг Авардс” ХХК болон “Улаанбаатар барилга” ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу нийлүүлэгч “Инженеринг Авардс” ХХК нь үүргээ бүрэн биелүүлсэн. Харин худалдан авагч “Улаанбаатар барилга” ХХК нь гэрээний 4.5-д заасны дагуу 43,981,300 төгрөгийн төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан боловч одоог хүртэл бүрэн барагдуулаагүй байна. Уг төлбөрийг удаа дараа шаардаж утсаар болон байгууллага дээр очиж уулзаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,851,800 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3,135,300 төгрөгөөр тооцоо нийлсэн. Мөн гэрээний 2.6-д худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нийт төлөх байсан үнийн дүнгийн 0,01 хувиар тооцон гэрээний бэлтгэн нийлүүлэгчийн өмнө хариуцна гэсэн бөгөөд гэрээний хугацаа болох 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 30,851,800 төгрөгийн алданги 3,085 төгрөг болно. Иймд хариуцагчаас худалдааны хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,135,300 төгрөг, торгууль 3,085 төгрөг нийт 3,138,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэг, хариуцагч М.Энхбат нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ болон хүсэлтдээ:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,138,385 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Инженеринг Авардс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэг нь “Улаанбаатар барилга” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 3,138,385 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,138,385 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.
Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Инженеринг Авардс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлтэй “Улаанбаатар барилга” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,138,385 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,165 төгрөгнөөс тал хувь болох 32,582 төгрөгийг улсын төсвөөс, 32,582 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ