Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 


2022              04               18                                                  2022/ШЦТ/167

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д Г.Пид холбогдох эрүүгийн 2234000000167 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 07 дугаар сарын 27-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Д Г.П,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.П нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт Баянбулаг багт оршин суух гэртээ хадам дүү Д.Бтэй маргалдан түүний зүүн гар, баруун мөр, баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.П:

... Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000167 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Пийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт Баянбулаг багт оршин суух гэртээ хадам дүү Д.Бтэй маргалдан түүний зүүн гар, баруун мөр, баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №176 дугаартай ... Д.Бгийн биед баруун эгэм, зүүн гарын сарвуунд шарх, баруун гуяанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

хохирогч Д.Бгийн ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй бүгдийг тодорхой ярьсан байгаа. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй байна. Миний хувьд тухайн хүнд өөрийн малаа маллуулдаг бөгөөд ямар нэг хохирол, мөнгө нэхэмжлэх шаардлага байхгүй, миний биеийн байдал л хэвийн зүгээр байгаа... /хх-ийн 8 дугаар хуудас/,

түүний гэрчээр өгсөн ...2022 оны 03 дугаар сарын 07-ны Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 багийн нутагт малчин эмэгтэйчүүдийн уулзалт болсон энэ уулзалтанд миний төрсөн эгч Даваасүрэн ирж оролцоод орой тараал би эхнэр Эрдэнэцэцэгийн хамт хүргэж өгсөн гэрт очтол манай хүргэн ах П нь цагаан сараар ирээгүй гээд нэг шил архи задалсан энэ архийг П, Энхболд, Даваасүрэн эгч бид 4 уусан уугаад байж байтал П ах агсам тавиад эхэлсэн эхнэрээ бэлэвсэн эмэгтэй гэж хэлэхээр нь би та яах гэж Даваасүрэнг бэлэвсэн эмэгтэй гэж хэлдэг юм бэ хүүхэд гаргасан эмэгтэй хүн шдээ гэж хэлсэн тэгтэл П нь хутгаа аваад над руу дайрсан ирээд шууд зүүн гарлуу хатгаад авахаар нь ноцолдож байгаад баруун мөр лүү хутгаар хатгаад авсан манай эхнэр гадаа машиндаа 2 настай хүүхэдтэйгээ сууж байсан гэрт хүмүүс ноцолдоод байхаар нь манай эхнэр орж ирж салгасан ингээд л манай эхнэр П ахын гэрийн утсаар аав, ээжтэй ярьж байгаад дуудлага өгсөн цагдаа нар ирсэн, би эмнэлэг явж үзүүлсэн... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Г.Пийн ...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Даваасүрэнг манай хадам дүү Баасансүрэн нь хөдөө гэрт хүргэж ирээд би нэг шил архи задлаад уусан энэ үед манай гэрт Баасансүрэн эхнэрийн хамт, манай эхнэр Даваасүрэн, Энхболд нар байсан би Баасансүрэнтэй маргалдаад хутга аваад Баасансүрэнгийн зүүн гар, баруун мөрөнд тус тус хатгасан. Ингээд л цагдаа ирсэн. Юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Баасансүрэн бид хоёрт хоорондоо ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би гэрт байсан хар өнгийн хутгыг ширээнээс аваад Баасансүрэнг хутгалсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй Баасансүрэн нь надаа гар хүрсэн асуудал байхгүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Д.Даваасүрэнгийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай дүү Даваасүрэн намайг хөдөө гэрт маань хүргэж өгсөн ингээд би дүү Баасансүрэнд нэг шил архи гаргаж өгөөд манай нөхөр П, Энхболд, Баасансүрэн эхнэр нь байсан нэг мэдсэн хоорондоо маргалдаад манай нөхөр П нь хутга аваад Баасансүрэнг хутгалсан энэ үед нь би болиоч гээд орилж байсан өөр надаа санах юм байхгүй би архи уусан байсан болохоор мэдэх зүйл надаа байхгүй. Манай дүү Баасансүрэн, П нар нь хоорондоо маргалдаад янз бүр болоод байдаггүй ээ ах эгч гээд л гүйж явдаг. Би П, Энхболд, Баасансүрэн нар бол архи уусан, Эрдэнэцэцэг бол архи уугаагүй. Хар өнгийн хутга байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Г.Энхболдын ...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би үхрээ хураах гээд явж байгаад сахалтын айл болох П гэдэг айлд буусан юм энэ үед П гэртээ ганцаараа байсан сумын төвөө эхнэр Даваасүрэн нь дүү Баасансүрэн, эхнэр нар нь хүргэж ирсэн ирээд архи гаргаж уугаад байж байтал П, Баасансүрэн хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн маргаан үүсэхээр нь би гэрээс нь гараад явсан юм буцаж орж ирсэн чинь Баасансүрэн, П хоёр барилцаад авсан байсан П гэрийнхээ тавиур дээр байсан хар иштэй хутгыг аваад л Баасансүрэнг гар, мөрлүү нь хатгаад авсан би очиж салгаад Баасансүрэн эхнэр хүүхдээ дагуулдаа сумын төврүү яваад өгсөн, удалгүй цагдаа хүрээд ирсэн. Баасансүрэн, П хоёр архи ууж сууж байгаад л хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсон талаар мэдэхгүй Баасансүрэнгийн мал нь П дээр байдаг юм гэсэн. Малнаас болсон манайхаас бүх малаа аваарай гээд л байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч Г.Пийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд миний холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.... /хх-ийн 33 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Г.Пийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37, 47-50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Пийн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Пийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутагт Баянбулаг багт оршин суух гэртээ хадам дүү Д.Бтэй маргалдан түүний зүүн гар, баруун мөр, баруун гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

 Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Г.П нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Баянбулаг гэх газарт оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж хадам дүү Д.Бтэй маргалдаж түүний зүүн гар, баруун мөр, баруун гуянд тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.П:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г.Пийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Пийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Пийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Бг хутгалах, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Бг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд баруун эгэм, зүүн гарын сарвуунд шарх, баруун гуяанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Г.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх ялын саналыг шүүгдэгч Г.П нь хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.П:

...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн... дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г.Пийг хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүх шүүгдэгч Г.Пид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун тавин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Г.Пид оногдуулсан хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Пид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Пийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн биед баруун эгэм, зүүн гарын сарвуунд шарх, баруун гуяанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Д.Б нь шүүгдэгч Г.Поос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Пийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай хар өнгийн бариултай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д Г.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д Г.Пид шүүхээс оногдуулсан хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

5. Шүүгдэгч Д Г.Пид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 см урттай хар өнгийн бариултай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн 2234000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д Г.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д Г.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д Г.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН