Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/127

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Н.Б, З.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Нгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Зын Н нарт холбогдох 2112002000029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Я багийн Ү гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Нгийн Б /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Х багийн Б хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Зын Н /РД: ../

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр Рашаантын баруун салаа гэх газраас 51 ширхэг, 1.8 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 79-74 УНС улсын дугаартай “Маяти” маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 897.770 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч З.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Тийн гуйснаар АРА 21-099297 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2112002000029 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Г.Бын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын Баруун салаа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.453м3 хэмжээтэй мод бэлтгэж 79-74 УНС улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 897.770 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Экологи эдийн үнэлгээ болох 897.770 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Өы мэдүүлсэн: ...Би эгчийнхээ хүүхдэд 2020 оны 09 дүгээр сард 7.000.000 төгрөгөөр зарсан. Би 3.500.000 төгрөгөө бэлнээр авсан. Одоо би 3.500.000 төгрөг авах ёстой. Би машиныхаа үлдэгдэл мөнгийг авмаар байна. Надад өөр гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Цагдаагийн байгууллагад 9 жил ажиллаж байна. Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутагт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цаг 20 минутад 79-74 УНС улсын дугаартай "Хондо Маяти” маркийн автомашин галын түлээний мод ачсан явж байсан. Тухайн үед шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан тул Өлзийт суманд саатуулан холбогдох албан тушаалтанд шилжүүлэн өгсөн. Өлзийт сумын нутаг Жарантай гэх газраас бэлдсэн гэж байсан. Мод ачиж явах үедээ эхнэр, хүүхдийн хамт явж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй гэж байсан. Тухайн үед би утсан дээрээ бичиж авсан бичлэг байгаа. Миний харснаар хуурай, нойтон холимог байсан байх гэж бодож байна. Шөнө байсан тул сайн харж чадаагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б гэх хүний хууль бусаар мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газар руу хэсгийн төлөөлөгч Ш.Г, байгаль хамгаалагч Э, Б, хэв журмын цагдаа Ц нарын хамт уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд цуг байлцсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газрыг иргэн Бгөөр заалгуулж очсон ба уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Н.Б нь босоо 6 ширхэг мод унагаж бэлтгэсэн байсан. Мөн унаанги мод тайрч бэлтгэсэн гэмээр ул мөр байсан. Би өөрийн ажиллаж амьдарч байгаа орон нутгаа сайн мэднэ. Би энэ сум орон нутагт Засаг даргын тамгын газрын жолооч хийгээд 22 жил ажиллаж, амьдарч байх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт яваагүй газар байхгүй. Нутаг усны газрын нэрийг сайн мэднэ. Уг газар нь биш байсан. Харин 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын Баруун салаа гэх газрыг иргэн Бгөөр заалгуулж очсон газар нь Хонгорын шовх гэх газраас ертөнцийн зүгээр зүүн тийш арав гаруй километрийн зайтай өөр уул байдаг. Энэ хоёр газар нь өөр хоорондоо нилээн зайтай, өөр, өөр уулын ам байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Цын мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б гэх хүний хууль бусаар мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газар руу хэсгийн төлөөлөгч Ш.Г, байгаль хамгаалагч Э болон Б, Архангай аймгийн Өлзийт сумын тамгын газрын жолооч Э нарын хамт уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд цуг байлцсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын Баруун салаа гэх газрыг иргэн Бгөөр заалгуулж очсон ба уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Н.Б нь босоо 6 ширхэг босоо мод унагаж, бэлтгэсэн байсан. Мөн унанги мод тайрч бэлтгэсэн гэмээр ул мөр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Оийн мэдүүлсэн: ...Би мэдээгүй. Сүүлд нь цагдаад баригдсан гэж мэдсэн. Иргэн Н.Б хувь хүн талаасаа төлөв даруу зантай, ажилч хөдөлмөрч хүн юм. Иргэн Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, залуу байх үедээ хааяа нэг хэрэглэчихдэг бөгөөд архи хэрэглэхээрээ төлөв даруу, гэр бүлдээ бол хараа хяналт хайр халамж сайтай, эцэг хүн ямар байх ёстой тийм л байдаг. Иргэн Н.Б нь 2001-2002 оны хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн 186 дугаар ангид цэргийн алба хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн мэргэжилтэн ажилтай. Архангай аймгийн Өлзийт сумын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Н нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэн Н.Бгийн эхнэр Тт мод бэлтгэх АРА 21-099297 дугаартай эрхийн бичиг нөхөж бичиж өгсөн үйлдэл нь хууль бус үйлдэл мөн. Тус сумын байгаль орчны асуудал хариуцсан тамгын газрын мэргэжилтэн хууль бус үйлдэл хийсэн байна. Архангай аймгийн Өлзийт сумын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Н нь мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүсэхгүй бөгөөд Ойн тухай хуульд заасан байгаа. Харин тухайн орон нутаг хариуцсан байгаль хамгаалагчийн бичсэн мод бэлтгэх эрхийн бичигт хяналт тавих үүрэг хүлээнэ. Ямар нэгэн талбай тусгаарлаагүй талбайд мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүсэхгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болно. Харин тухайн сум орон нутгийн засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, тухайн сум орон нутаг хариуцсан ойн ангиар талбай тусгаарлуулсан талбайд сум, баг хариуцсан байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүснэ. Архангай аймгийн Өлзийт сум нь 2020, 2021 онд ойн сан бүхий талбай тусгаарлуулсан талбай байхгүй. Энэ газруудад талбай тусгаарласан тушаал, шийдвэр, захирамж байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эийн мэдүүлсэн: ...Бид нар мод бэлтгэх эрхийн бичгийн хэвлэмэл хуудсыг сумын санхүүгийн албанаас авдаг авдаг юм. Яг хэзээ, хэн өгснийг нь мэдэхгүй байна. Бид иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгч Өлзийт сумын татварт мөнгийг нь төвлөрүүлдэг юм. З.Н нь мод бэлтгэх эрхийн бичгийг олгох эрх байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Анх ажилд орох үедээ байгаль хамгаалагчаар ороод, дараа нь байгаль орчны мэргэжилтэн болсон хүн байгаа юм. Байшир багийн Рашаантын баруун салаа, Хонгорын шовх гэх газрууд 2021 онд талбай тусгаарлалт хийгдээгүй бөгөөд хоорондоо 3-4 километр орчим зайтай байдаг газрууд юм. Манай Өлзийт суманд талбай тусгаарлалт хийгдсэн газар байдаггүй. Тэгсэн мөртлөө Архангай аймгийн Байгаль орчны газраас Өлзийт суманд мод бэлтгэх төлөвлөгөө ирдэг бөгөөд тэр төлөвлөгөөний дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог бөгөөд талбай тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгдөг. Хамгийн гол асуудал нь Өлзийт сумын нутаг дэвсгэр жижиг, дээр нь ойн нөөц багатай, тусгаарлах талбай байхгүй тул миний мэдэхийн 2008 оноос хойш талбай тусгаарлалт хийгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бгийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой санал нийлж байна. Санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 120 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч З.Нийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Сонгосон ял нь миний үйлдэлд тохирч байна. Сонгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. 2021 оны 11 дүгээр сард, яг хэдэнд гэдгийг нь одоо санахгүй байна, өдөр өөрийн албан өрөөндөө бичиж өгсөн. Тухайн өдөр Өлзийт сумын Засаг дарга Г.Ба надтай утсаар холбогдож Б модонд явсан юм, одоо хөдөөнөөс орж ирэх гэж байгаа юм, эхнэр Тт нь мод бэлтгэх эрхийн бичиг бичээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Хууль бус үйлдэл гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ Г.Ба дарга гуйхаар нь би мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 128-130 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08, 37-39 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-36, 175-178 хуу/

“Дамно” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн АА-21-6 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-62 хуу/

“Дамно” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн АА-21-5 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-67 хуу/

АРА 21-099297 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 72 хуу/

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 79-80 хуу/

Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 тоот “З.Нийг ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 132 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 140-141 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 167-170 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-147 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 180-181 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр Рашаантын баруун салаа гэх газраас 51 ширхэг, 1.8 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 79-74 УНС улсын дугаартай “Маяти” маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 897.770 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Тийн гуйснаар АРА 21-099297 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

                                                                                                                                                                         

            иргэний нэхэмжлэгч Г.Бын мэдүүлсэн “Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын Баруун салаа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 4.453м3 хэмжээтэй мод бэлтгэж 79-74 УНС улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 897.770 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

            иргэний нэхэмжлэгч А.Өы мэдүүлсэн “Би эгчийнхээ хүүхдэд 2020 оны 09 дүгээр сард 7.000.000 төгрөгөөр зарсан. Би 3.500.000 төгрөгөөр бэлнээр авсан. Одоо би 3.500.000 төгрөг авах ёстой. Би машиныхаа үлдэгдэл мөнгийг авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/,

гэрч Б.Мгийн мэдүүлсэн “Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутагт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цаг 20 минутад 79-74 УНС улсын дугаартай "Хондо Маяти” маркийн автомашин галын түлээний мод ачсан явж байсан. Тухайн үед шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан тул Өлзийт суманд саатуулан холбогдох албан тушаалтанд шилжүүлэн өгсөн. Өлзийт сумын нутаг Жарантай гэх газраас бэлдсэн гэж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  

гэрч Д.Эийн мэдүүлсэн “Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б гэх хүний хууль бусаар мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газар руу хэсгийн төлөөлөгч Ш.Г, байгаль хамгаалагч Э, Б, хэв журмын цагдаа Ц нарын хамт уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд цуг байлцсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газрыг иргэн Бгөөр заалгуулж очсон ба уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Н.Б нь босоо 6 ширхэг мод унагаж бэлтгэсэн байсан. Мөн унаанги мод тайрч бэлтгэсэн гэмээр ул мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,  

гэрч Ө.Цын мэдүүлсэн “Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б гэх хүний хууль бусаар мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын баруун салаа гэх газар руу хэсгийн төлөөлөгч Ш.Г, байгаль хамгаалагч Э болон Б, Архангай аймгийн Өлзийт сумын тамгын газрын жолооч Э нарын хамт уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд цуг байлцсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаантын Баруун салаа гэх газрыг иргэн Бгөөр заалгуулж очсон ба уг газарт очиж хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Н.Б нь босоо 6 ширхэг босоо мод унагаж, бэлтгэсэн байсан. Мөн унаанги мод тайрч бэлтгэсэн гэмээр ул мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,  

гэрч Б.Цийн мэдүүлсэн “Архангай аймгийн Өлзийт сумын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Н нь хууль бусаар мод бэлтгэсэн иргэн Н.Бгийн эхнэр Тт мод бэлтгэх АРА 21-099297 дугаартай эрхийн бичиг нөхөж бичиж өгсөн үйлдэл нь хууль бус үйлдэл мөн. Тус сумын байгаль орчны асуудал хариуцсан тамгын газрын мэргэжилтэн хууль бус үйлдэл хийсэн байна. Архангай аймгийн Өлзийт сумын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Н нь мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүсэхгүй бөгөөд Ойн тухай хуульд заасан байгаа. Харин тухайн орон нутаг хариуцсан байгаль хамгаалагчийн бичсэн мод бэлтгэх эрхийн бичигт хяналт тавих үүрэг хүлээнэ. Ямар нэгэн талбай тусгаарлаагүй талбайд мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүсэхгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болно. Харин тухайн сум орон нутгийн засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, тухайн сум орон нутаг хариуцсан ойн ангиар талбай тусгаарлуулсан талбайд сум, баг хариуцсан байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх үүснэ. Архангай аймгийн Өлзийт сум нь 2020, 2021 онд ойн сан бүхий талбай тусгаарлуулсан талбай байхгүй. Энэ газруудад талбай тусгаарласан тушаал, шийдвэр, захирамж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/,

гэрч Н.Эийн мэдүүлсэн “Бид нар мод бэлтгэх эрхийн бичгийн хэвлэмэл хуудсыг сумын санхүүгийн албанаас авдаг авдаг юм. Манай Өлзийт суманд талбай тусгаарлалт хийгдсэн газар байдаггүй. Тэгсэн мөртлөө Архангай аймгийн Байгаль орчны газраас Өлзийт суманд мод бэлтгэх төлөвлөгөө ирдэг бөгөөд тэр төлөвлөгөөний дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог бөгөөд талбай тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгдөг. Хамгийн гол асуудал нь Өлзийт сумын нутаг дэвсгэр жижиг, дээр нь ойн нөөц багатай, тусгаарлах талбай байхгүй тул миний мэдэхийн 2008 оноос хойш талбай тусгаарлалт хийгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174/,

өөрсдийн гэм бурууг хүлээж Т.Б, З.Н нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 120, 128-130/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08, 37-39/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-36/,

АРА 21-099297 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 72/,

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 79-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Н.Б, З.Н нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч З.Н нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх болон хуурам бичиг баримт үйлдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр Рашаантын баруун салаа гэх газраас 51 ширхэг, 1.8 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг, мөн шүүгдэгч З.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Тийн гуйснаар АРА 21-099297 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хуурамчаар үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Б, З.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Н.Б, З.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, шүүгдэгч З.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт тус тус төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Н.Б, З.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 897.770 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /897.770*3=2.693.310 /хоёр сая зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун арав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 2.693.310 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 9.740.669 төгрөгийн үнэлгээ бүхий 79-74 УНС улсын дугаартай “Хьюндэй Маяти” маркийн автомашиныг эзэмшигч А.Өд буцаан олгож, түүний үнэ 9.740.669 төгрөгийг гаргуулан 2.693.310 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 7.047.359 /долоон сая дөчин долоо мянга гурван зуун тавин ес/ төгрөг, 890.600 төгрөгийн үнэлгээ бүхий 4.453 метр куб хуурай шинэс төрлийн мод, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгч Н.Бгөөс гаргуулж тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.Б, З.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б, З.Н нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч З.Нийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Өовогт Нгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Зын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Нт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, З.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгөөс 2.693.310 /хоёр сая зургаан зуун ерэн гурван мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 9.740.669 төгрөгийн үнэлгээ бүхий 79-74 УНС улсын дугаартай “Хьюндэй Маяти” маркийн автомашиныг эзэмшигч А.Өд буцаан олгож, түүний үнэ 9.740.669 төгрөгийг гаргуулан 2.693.310 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 7.047.359 /долоон сая дөчин долоо мянга гурван зуун тавин ес/ төгрөг, 890.600 төгрөгийн үнэлгээ бүхий 4.453 метр куб хуурай шинэс төрлийн мод, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг шүүгдэгч Н.Бгөөс гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Н.Б, З.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б, З.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ