Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/131

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: М.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Мын Дд холбогдох 2212000000066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ... аймгийн .. сумын .. багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 06 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Бовогт Мын Д /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2019 оны 05 дугаар сарын эхээр А аймгийн Ө сумын З багийн нутаг, З нуурын баруун хойноос хохирогч М.Хын алдагдсан 51 тооны хонь, 5 тооны ямааг завшиж, 6.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000066 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Хын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын эхээр Ө сумын З багийн нутаг Зэгстэй нуурын баруун хотноос өдрийн цагаар хонио хариулаагүй үлдээгээд манайх хонио хонхорт оруулчихсан байж байгаад хурааж ирсэн. Тэгээд хэд хоног мэдээгүй юм. Манай хонь бага зэрэг цөөхөн харагдаад байсан. Би хэд хоноод тоолсон. Тэгтэл манай хониноос 51 тооны хонь, 5 тооны ямаа дутсан. Би хулгайд алдчихлаа гэж мэдээд цагдаад бүртгүүлээд өөрөө хайж эхэлсэн. Хайж бараг нэг сар шахуу болсон. Би ойр орчмынхоо айлуудаар явсан. Сүүлдээ гэрээсээ 10-20 км, түүнээс ч хол явж хайж явсаар байгаад Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байрлах Брэнгийн уурхайн хажууд байдаг Н гэж залуугийн хониноос өөрийнхөө зүстэй хонинуудыг нийлүүлээд хариулж байхад олсон. Манай хонийг чихийг нь таслаад өмнө нь хийсэн имийг нь өөрчлөөд, ташаан толгой дээрээ будагтай байсныг зулгааж авсан байсан. Намайг Нийн хонинд очиж үзэхэд гэрээс нь Шгэж залуу “Портер” маркийн машинтай ганцаар ирсэн. Би алдсан хонио шүүж явна гэхэд сандраад байсан. Тэгснээ миний хонь биш, Мож буюу Н мэднэ гээд буцаад явсан. Би араас нь гэрт нь очиход хоёр эмэгтэй хүн байсан. Би манай хулгайд алдсан хонь танайд байна, цагдаад хэллээ гэж ярьчихаад тэндээсээ гэртээ ирсэн. Тэгтэл удаагүй араас манайд Н, Д хоёр мотоцикльтой ирсэн. Энэ хоёр манайд орж ирэхдээ архи, чихэр авчирч өгөхөөр нь би цагдаад хэлнэ, та хоёртой учраа олохгүй гээд явуулсан. Нөгөө хоёр сайхан ярилцах уу гээд гуйгаад байсан. Би уурлаад гаргасан. Маргааш нь Брэн дээрээс өөрийнхөө 7 тооны хонийг очиж ачиж авчирсан. Н, Д хоёр надад танай хонийг М гуайн хашаан дээр хашиж цааш нь ачиж явсан гэсэн. Нэг болохоор мориор тууж явсан гэж ярьсан. Манай дутуу хонины хохиролд нь М гуайн хүү Д өөрийнхөө хониноос авчирч өгч байна гээд Ц нь эхнэртэйгээ хамт тууж ирсэн. Нийт 51 тооны хонь, 5 тооны ямааны хохирол төлсөн. Би өөрөө 7 тооны хонио зүсээр нь олж авсан. Бусад нь олдоогүй. Хонь, ямаанд Д өөрийнхөө хониноос өгч хохиролгүй болгосон юм. Би цагдаагаар явна гэхэд Дгийн дүү Булган аймагт хэрэгтээ байгаа, одоо ах нь шоронд явах гээд байна гээд яриад гуйсаар байгаад зүгээр өнгөрөөсөн юм. 40 эм хонь, төлөг 7 тооны, 4 хурга, нийт 51 тооны хонь, ямаа нь эм ямаа 3, ишиг 2, нийт 5 тооны ямаа байсан. Им нь 2 чих нь араасаа ганзага имтэй байсан юм. Ганц нэг нь өөр имтэй байсан. Эм хонио 150.000 төгрөгөөр, төлөг 120.000 төгрөгөөр, хурга 50.000 төгрөгөөр, ишиг 40.000 төгрөгөө, эм ямаа 100.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Эм хонь нь зарим нь хургатай, зарим нь хургагүй байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Хын дахин мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сард хуурайшилт ихтэй, шороон шуургатай жил байсан. 2019 оны 05 дугаар сард манайх Халгайт уулын архан талд хурдан морь уралддаг замын дэргэд хаваржиж байхад хонин сүргээс 50 гаруй тооны хонь салж шуурганд уруудаж өөр айлын хоньтой очиж нийлснийг олон хоногийн дараа мэдээд сүргээсээ салж явсан хонинуудаа М.Дгийн хонин дотроос олж авсан. Тухайн жил 5 дугаар сард салхи, шуурга ихтэй байсан. Манай нутаглаж байсан газар нь тал хээр газар бөгөөд нөмөр газар байхгүй тул хонь, ямаа тогтохгүй, шуурганд уруудаж явдаг байсан. Миний бие 2019 оны хавар 5 дугаар сард Батцэнгэл сумын иргэн Жавхлан гэх хүнээс 100 гаруй тооны хонь худалдаж авсан байсан. Дээрх худалдаж авсан хонинууд манай хонин сүргээс тасарч яваад ижилсэхгүй байсан. Дээрх худалдаж авсан 100 гаруй тооны хонин дотроос 50 гаруй тооны хонь хонин сүргээс тасраад явсан байсан. Миний хувьд хонио хулгайд алдаагүй, манай хонин сүрэг дотроос хэсэг тооны хонинууд сүргээсээ тасраад явсан байсныг олж авсан. Манай хониноос хэсэг хонь сүргээсээ салаад М.Дгийн хоньтой хөлөөрөө очиж нийлсэн байсан. Манай нийлсэн хонинуудаас М.Д дур мэдээд бусдад 10 тооны хонийг өрөндөө өгсөн байсныг би М.Ноос өөрийн 10 тооны хонийг бүрэн тоогоор авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд хулгайд малаа алдаагүй. Миний хонинууд хөлөөрөө явж М.Дгийн хоньтой нийлсэн байсныг би эрж хайж яваад бүрэн олж авсан. Миний хувьд олон тооны хонь алдсан гэж хуулийн байгууллагад гомдол гаргаагүй. Одоо хавар цаг болж мал төллөж байгаа тул дахин /гарын үсэг/                                 /нэр/ирж чадахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 209-210 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын эхээр манай Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй нуурын баруун хойноос өдрийн цагаар байх, 56 тооны хонь, ямаа хулгайд алдсан. Нөхөр бид хоёр шөнө гэрийнхээ гаднаас хонь алга болоогүй гэж бодож байсан. Манай хониноос өдрийн цагаар тасалж авсан уу гэдгийг бас сайн мэдэхгүй л байна. Манай нөхөр алдсан хонио хайсаар яваад бараг л нэг сарын дараа гэрээсээ баруун зүгт 30 км зайтай байдаг Брэнгийн уурхай гэх газарт айлын хониноос олж авсан. Тэгтэл манай баруун урд ойрхон нутагладаг Мын хүү Д, Н гэж хоёр залуу хулгайлж авч явсан болох нь илэрсэн. Д, Н хоёр М гуайн хашаанд хашиж байгаад цааш нь авч явсан гэж ярьсан. 7 хонио зүсээр нь олж авсан. Бусад хонинд нь орны хонийг нь өгч хохиролгүй болгосон юм. Тэгээд цагдаад шалгуулмааргүй байна гээд хохирол төлөөд өнгөрсөн. Мын Д гэж залуу нь манайхтай ойрхон 4 км зайтай байдаг байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нийн мэдүүлсэн: ... 2019 оны 05 дугаар сард ногоо ургасан байхад Мийн Н намайг байхгүй байхад арваад тооны хонь манай хонинд ирж нийлүүлсэн байсан. Удалгүй эзэн нь гээд нэг танихгүй залуу ирээд манай хулгайд алдсан хонь байна гэж ярьсан. Би мэдэхгүй гэж ярьсан. Нөгөө залуу наад хонио аваачиж өгөөрэй гэж хэлчихээд явсан. Би гэртээ ороод утсаар Нтой яриад чиний авчирсан хонь чинь ямар учиртай юм, хүн ирж үзээд байна гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлээд Өгийнуур сум руу нөгөө залуутай уулзах гэж байгаа бололтой явсан юм. Дараа нь буюу маргааш нь ирж хонинуудыг нь ачаад аваачиж өгнө гээд явсан юм. Өөр мэдэх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нийн мэдүүлсэн: ...2019 оны 02 дугаар сард надаас манай сумын Хашаат гэх газарт оршин суудаг Д гэж залуу азарган үрээ худалдаж авсан. Үрээний оронд унагатай гүү өгнө гэж наймаа хийсэн. Тэгтэл унагатай гүүгээ өгөөгүй, хонь өгнө гэж ярьсан. Тэгээд хонио өгөөгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын эхээр айлууд зусланд буух гэж байхаас өмнө Д утсаар яриад азарган үрээнийхээ оронд хонь ав гэж хэлэхээр нь би хүргэн Шгийн “Портер” маркийн машиныг унаад ганцаараа Дгийн гэрт нь ирсэн. Дтай уулзахад чамд өгөх гэж байгаа хонь манай өвөлжөөний хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө бэлчээрт байсан хониноос барьж өгөөгүй, харин өвөлжөөний хашаанд 10 тооны хонь хашчихсан байсан бөгөөд хашаатай байсан 10 тооны хонь 2-3 хоног хашсан бололтой гэдэс нь хонхойгоод хоолгүй, хашигдаж шавар шавхай болчихсон байсан. Би Дгийн өвөлжөөний хашаанд хашаатай байсан 10 хонийг машин дээрээ ачаад аваад явсан. Тэндээсээ гэртээ аваачаад өөрийнхөө хонинд хийж буулгасан. Гэртээ аваачаад би өөрөө авсан хониныхоо имийг хайчлаад өөрийнхөө имийг хийсэн. Мөн будгаар будсан. Тэгтэл 05 дугаар сарын сүүлээр Х ах манай хониор орж хонь шүүгээд Дгаас авсан хонийг манай хонь байна гэж хэлсэн байсныг манай хүргэн Шбуюу Н надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би Дгийн гэрээр ороод Х ахынд очсон. Д бид хоёр Х ахтай уулзаад би Дгаас авсан гэж хэлсэн. Д бид хоёр Х ахаас эндээ учраа олчихъё гэж гуйсан. Х ахтай учраа олох талаар гуйхад Х ах цагдаад хэлж шалгуулна гэсэн. Тэгэхээр нь Д бид хоёр явсан. Маргааш нь өөрийнхөө авсан 7 хонь 3 хургыг нь ачиж Х ахад хүлээлгэж өгсөн. Дгийн аав, ээж хоёр нь өөрийнхөө хониноос бусад хохирлыг нь төлсөн. Тэгээд цагдаад шалгуулмааргүй байна гээд хоорондоо тохирсон. Би одоо үнэнийг нь хэлмээр байна, Х ах Өгийнуур сумын цагдаад хэлчихсэн байсан, Өгийнуур сумын цагдаа Сирээд манайд очоод Дгаас авсан хонийг ачаад Х ахад хүлээлгэж өгсөн. Д надад хулгайн хонь өгсөн талаар тухайн Өгийнуур сумын цагдаа Сд би үнэнээ ярьсан. Д надад азарган үрээний оронд хонь өгөхдөө хулгайлсан хонь байгаа юм, гэртээ хариад им тэмдэг хийчихээрэй гэж хэлсэн, би түүнийх нь дагуу им хийсэн нь үнэн. Би үнэнээ ярьж байна. Надад нуух юм байхгүй. Би хулгай хийгээгүй. Хулгайлж айлын хашаанд хашчихсан байсан хонийг нь ачиж гэртээ аваачсан нь үнэн. Намайг авахад будгийг зулгаагаад авчихсан байсан. Авсан бол Д зулгааж авсан байх. Нэг айлын ижил имтэй хонинууд байсан. Хүний нэр хэлээгүй, хулгайн хонь шүү, им хийчихээрэй гэж хэлсэн. Нарийн юм яриагүй. Хулгайлж авчирсан хонь байгаа юм, им хийгээд өөрчилчих гэж хэлсэн нь үнэн. Манайх Дгийхаас 20 орчим км зайтай байгаа. Манайх Хынхаас 30 км зайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Сын мэдүүлсэн: ... М.Хынх хэзээ хэдэн тооны хонь алдаж хэн, хэн хулгайлсан хэргийн талаар мэднэ. 2019 оны 05 дугаар сарын эхээр надтай М.Х утсаар яриад хониноосоо 56 тооны хонь, ямаа таслуулаад хулгайд алдчихлаа, хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хайж байгаа талаараа ярьсан. Ингэж хонь хулгайд алдсан хэрэг гарсан талаар мэдэгдсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа М.Х утсаар ярихдаа хулгайд алдсан 56 тооны хониноосоо 7 тооны хонь, 3 хургаа Брэнгийн уурхайн хажууд айлын хониноос сая явж байгаад оллоо гэж хэлсэн. Тэгснээ чамтай очиж уулзана гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрийнхөө маргааш нь М.Х машинтайгаа ирээд цагдаагийн хэсгийн байранд надтай уулзсан. Надад М.Х айлын хониноос өөрийнхөө хонийг оллоо, очиж авмаар байна, чихийг нь хайчлаад имийг нь өөрчлөөд хуучин будгийг зулгааж аваад шинээр будаж тэмдэг хийсэн байна гэж хэлсэн. Тэгээд би М.Хын машинд хамт сууж яваад Брэнгийн уурхайн хажууд Нийн хонины бэлчээрт нь очиж Нтой уулзаж М.Хын хонийг барьж машинд ачуулсан. Н надад Д хонь ирээд аваадах гэж хэлэхээр нь машинтай очиж Дгийн өвөлжөөний хашаанд хашаатай байсан энэ 10 хонийг ачиж авчирсан нь үнэн гэж хэлсэн. Н би чихийг нь хайчилж им хийсэн нь үнэн, хэний хониноос хулгайлсныг Д мэдэж байгаа гэж хэлсэн. Би Нийг гэрээс нь аваад шууд яваад Дгийн гэрт нь очиход Д гэртээ байгаагүй. Тэндээсээ Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн байранд ирсэн. Өгийнуур сумын төвөөс Дг олж Хтай уулзуулсан. Тэгтэл Д, Н хоёр нь өмнөх өдөр нь хохирогч Хын гэрээр нь очоод уулзаад цагдаад битгий хэлээч, тохирчихъё гэж хэлж гуйсан байсан. Хохирлоо төлнө гээд явсан. Түүнээс хойш удаагүй М.Х нь хэд хоногийн дараа Ц буюу Мэ гэх хүн олдоогүй байгаа хонины хохиролд өөр хонь авчирч өгч төлж хохирол төлж барагдуулсан талаар утсаар ярьсан. М.Д, М.Х нарынх хоорондоо ойрхон, 4-5 км зайтай, саахалт нутагладаг айлууд байгаа юм. Би тухайн үедээ төгсөж ирээд цагдаа болоод удаагүй байсан. Би өөрөө хэв журмын цагдаа болохоор гэмт хэргийн талаар сайн мэдлэг муутай байсан болохоор хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Мг шалгаж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Сүүлдээ мартсан байсан юм. Намайг очиж машинд ачихад хоёр чихийг нь угаар нь хайчилж авсан байсан бөгөөд нэг талаараа 2 чихгүй шахуу болгосон байсан. Хоёр бөөрөн дээр нь улбар шар өнгийн будгаар будсан байсан. Н нь би Дгийн өвөлжөөний хашаанаас энэ 10 тооны хонийг очиж авсан, тэр үед удаан хашигдаж байсан бололтой энэ 10 тооны хонь шавар, шавхай болчихсон, гэдэс нь хонхойгоод орчихсон, хоолгүй байсан нь үнэн, бусад дутуу байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Би бусад хонийг нь аваагүй гэж ярьсан. Д бол юм яриагүй. Н нь Хын хонийг Д хулгайлж надад өгсөн гэдгийг хэлсэн. Д Нид өгсөн 10 тооны хонио хулгайн хонь шүү, имийг нь өөрчил гэж хэлж өгсөн гэдгийг Н өөрөө надад ярьсан. Тэдэн хонь хүнээс авсан хонь гэж яриагүй. Хүнээс худалдаж авсан цөөхөн хэдэн хонь хамт хулгайд алдагдсан байна гэж ярьж байсан. Ихэнх нь өөрийнх нь хонь байсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мийн мэдүүлсэн: ...Манай хүү Н нь Дгаас 10 тооны хонь авчирсан гэсэн. Би өөрөө энэ 10 тооны хонийг хараагүй. Тэр хонь нь хулгайн хонь боллоо гэж яригдсан. Тэгтэл манай ах М утсаар яриад би гэрт нь очсон. Тэгтэл М ах хонио тууж ирээд хэсэг хонь ялгаж барьж аваад энийг Х гэж залуугийнд туугаад аваачаад өгчих гэж ярьсан. Би түүнийх нь дагуу Х гэж залуугийнд 40 гаруй тооны хонь тууж аваачиж өгсөн. Хонь аваачиж өгөхөд Х гэж залуу надтай юм яриагүй. Миний тууж аваачиж өгсөн хонийг хашаад авсан. Би тэндээсээ гэртээ ирсэн. Би эхнэртэйгээ хамт мотоциклиор явсан юм. Би сайн анзаараагүй. Ганц, хоёрынх нь имийг харахад манай ах Мын имтэй хонь байсан. Харин бүгд ижил бөгсөн дээрээ улаандуу оохор шиг будагтай байсан. М ахын хонинууд бүгд ийм имтэй байсан юм. Би М ахыг өөрийнхөө хониноос өгч байна гэж ойлгосон. Өөр ярих зүйл байхгүй. М ахынх Хынх хоёр хоорондоо уг нь ойрхон. Халгай гэж уулын наана, цаана байдаг. 4 км орчим байх гэж бодож байна. Би өөрөө энэ хоёр айлын хооронд хонь явган тууж аваачиж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оын мэдүүлсэн: ...2019 оны 5 дугаар сард Хын гэр мал манай гэр мал хоорондоо 1 км гаруй зайтай нутаглаж байсан. Тухайн жил салхи ихтэй, үргэлж шороогоор шуурч байсан. Тухайн жил үдээс хойш салхи их гардаг байсан. Манай нутагладаг газрын хужир гардаг нуурын цагаан шороо босч тоосонцордож шуурдаг байсан. Өгийнуур сум нь уул, мод муу болохоор жил бүрийн хавар жилийн жилд их шуурдаг нутаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 201-202 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цийн мэдүүлсэн: ...2019 оны 5 дугаар сард М.Хын гэр мал манай гэр мал хоорондоо нэг км гаруй зайтай нутаглаж байсан. Тухайн жил салхи ихтэй, үргэлж шороогоор шуурч байсан.Тухайн жил үдээс хойш салхи их гардаг байсан. Манай нутагладаг газрын хужир гардаг нуурын цагаан шороо босч тоосонцордож шуурдаг байсан. Өгийнуур суманд жил бүрийн хавар салхи ихтэй байдаг. Өнгөрсөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай суманд хүчтэй шороон шуурга шуурч, олон мал шуурганд уруудаж явсан. Мөн дээрх шуурганы улмаас бага насны хүүхэд шуурганд төөрч нас барсан. Дээрх нас барсан хүүхэд М.Х болон манайхтай ойрхон нутагладаг Галбадрах гэх хүний хүүхэд шороон шуурганд төөрч нас барсан. Өгийнуур сум жил бүрийн хавар их шуурдаг нутаг...гэх мэдүүлэг /хх-ийн 205-206 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би бусдын олон тооны малыг хулгай хийгээгүй. 2019 оны 05 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, манай хонинд 50-аад тооны хонь шуурганы дараа ирээд нийлсэн байсан. Тухайн хонь манай хонинд нийлээд 3 хоносны дараа би сумын төв рүү буюу Өгийнуур сум руу ороод хэсгийн төлөөлөгч П.Мд манай хонинд 50-аад тооны хонь ирээд нийлсэн байна, хэний хонь болох талаар мэдэхгүй байна гэж хэлсэн чинь манай сумын хэсгийн төлөөлөгч маллаж байгаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш 2019 оны 05 дугаар сарын дунд үеэр, өдрийг сайн санахгүй байна, дахин сумын төв рүү орж хэсгийн төлөөлөгч П.Мд нөгөө хонинуудыг хүн нь ирж аваагүй байна гэж хэлэхэд намайг харж байгаарай гэж хэлээд өөр зүйл яриагүй. Тэгээд маргааш нь Н манайд ирсэн. Учир нь би өмнө нь Ноос нэг тооны адуу худалдан аваад тухайн адуугаа зарсан байсан чинь тэрийгээ авах гээд манайд ирэхээр нь би нөгөө хониноос 10 тооны буюу 3 эм хонь 3 хургатай, 2 төлөг, хургагүй эм хонь 2 өгч явуулсан. Тэгсэн чинь Нид 10 тооны хонь өгч явуулсны дараа 3 хоногийн дараа Н манай гэрт ирээд чиний өгсөн хонинууд Хын хонинууд байна гэж хэлээд үлдсэн хонийг намайг аваад ир гэж хэллээ гэхээр нь би үлдсэн 40 гаруй тооны хонинуудыг ялгаад Нид өгөөд явуулсан. Ер нь бол ийм зүйл болсон. Манай гэрээс ертөнцийн зүгээр хойд зүгт Халгайт гэдэг уулын ард байдаг бөгөөд 10 гаруй километр зайтай. Би ойр орчмын айлуудад хэлж ярьж байсан. Мэдэхгүй тэгж байгаад эзэн нь гарч ирэх байлгүй гэж байсан. Нид өртэй байсан болохоор өгөөд явуулсан юм. Эзэн нь гарч ирэхгүй болохоор нь нөгөө хониноос өгсөн юм. Өөрийнхөө хониноос өгөөгүй нь миний буруу. Шунахайн сэдэлтээр шуурганаар гүйж ирсэн хониноос Нид 10 тооны хонь өгсөн юм. Би тэр талаар мэдэхгүй. Манайх сумын төвөөс 11-12 километр зайтай. Харин манайхаас Хынх хэдэн километр зайтай байдаг талаар мэдэхгүй. Харин Хынх сумын ертөнцийн зүгээр баруун талд ойрхон, километрийг нь сайн хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 164-166 хуу/

 

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2212000000065 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 153 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 198 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 191, 192 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-43 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 05 дугаар сарын эхээр А аймгийн Ө сумын З багийн нутаг З хойноос хохирогч М.Хын алдагдсан 51 тооны хонь, 5 тооны ямааг завшсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь 2019 оны 05 дугаар сарын эхээр А аймгийн Ө сумын З багийн нутаг З нуурын баруун хойноос хохирогч М.Хын алдагдсан 51 тооны хонь, 5 тооны ямааг завшиж, 6.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч М.Хын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын эхээр Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Зэгстэй нуурын баруун хотноос өдрийн цагаар хонио хариулаагүй үлдээгээд манайх хонио хонхорт оруулчихсан байж байгаад хурааж ирсэн. Тэгээд хэд хоног мэдээгүй юм. Манай хонь бага зэрэг цөөхөн харагдаад байсан. Би хэд хоноод тоолсон. Тэгтэл манай хониноос 51 тооны хонь, 5 тооны ямаа дутсан. Би хулгайд алдчихлаа гэж мэдээд цагдаад бүртгүүлээд өөрөө хайж эхэлсэн. Хайж бараг нэг сар шахуу болсон. Би ойр орчмынхоо айлуудаар явсан. Сүүлдээ гэрээсээ 10-20 км түүнээс ч хол явж хайж явсаар байгаад Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байрлах Брэнгийн уурхайн хажууд байдаг Н гэж залуугийн хониноос өөрийнхөө зүстэй хонинуудыг нийлүүлээд хариулж байхад олсон. Манай хонийг чихийг нь таслаад өмнө нь хийсэн имийг нь өөрчлөөд, ташаан толгой дээрээ будагтай байсныг зулгааж авсан байсан. Намайг Нийн хонинд очиж үзэхэд гэрээс нь Шгэж залуу “Портер” маркийн машинтай ганцаар ирсэн. Би алдсан хонио шүүж явна гэхэд сандраад байсан. Тэгснээ миний хонь биш, Мож буюу Н мэднэ гээд буцаад явсан. Тэгтэл удаагүй араас манайд Н, Д хоёр мотоцикльтой ирсэн. Энэ хоёр манайд орж ирэхдээ архи, чихэр авчирч өгөхөөр нь би цагдаад хэлнэ, та хоёртой учраа олохгүй гээд явуулсан. Нөгөө хоёр сайхан ярилцах уу гээд гуйгаад байсан. Би уурлаад гаргасан. Маргааш нь Брэн дээрээс өөрийнхөө 7 тооны хонийг очиж ачиж авчирсан”, “2019 оны 05 дугаар сард манайх Халгайт уулын архан талд хурдан морь уралддаг замын дэргэд хаваржиж байхад хонин сүргээс 50 гаруй тооны хонь салж шуурганд уруудаж өөр айлын хоньтой очиж нийлснийг олон хоногийн дараа мэдээд сүргээсээ салж явсан хонинуудаа М.Дгийн хонин дотроос олж авсан. Манай нийлсэн хонинуудаас М.Д дур мэдээд бусдад 10 тооны хонийг өрөндөө өгсөн байсныг би М.Ноос өөрийн 10 тооны хонийг бүрэн, тоогоор нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 209-210/,

 

гэрч Р.Бын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын эхээр манай Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй нуурын баруун хойноос өдрийн цагаар байх, 56 тооны хонь, ямаа хулгайд алдсан. Нөхөр бид хоёр шөнө гэрийнхээ гаднаас хонь алга болоогүй гэж бодож байсан. Манай нөхөр алдсан хонио хайсаар яваад бараг л нэг сарын дараа гэрээсээ баруун зүгт 30 км зайтай байдаг Брэнгийн уурхай гэх газарт айлын хониноос олж авсан. Тэгтэл манай баруун урд ойрхон нутагладаг Мын хүү Д, Н гэж хоёр залуу хулгайлж авч явсан болох нь илэрсэн. Д, Н хоёр М гуайн хашаанд хашиж байгаад цааш нь авч явсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,  

 

гэрч Д.Нийн мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сард ногоо ургасан байхад Мийн Н намайг байхгүй байхад арваад тооны хонь манай хонинд ирж нийлүүлсэн байсан. Удалгүй эзэн нь гээд нэг танихгүй залуу ирээд манай хулгайд алдсан хонь байна гэж ярьсан. Би мэдэхгүй гэж ярьсан. Нөгөө залуу наад хонио аваачиж өгөөрэй гэж хэлчихээд явсан. Би гэртээ ороод утсаар Нтой яриад чиний авчирсан хонь чинь ямар учиртай юм, хүн ирж үзээд байна гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлээд Өгийнуур сум руу нөгөө залуутай уулзах гэж байгаа бололтой явсан юм. Дараа нь буюу маргааш нь ирж хонинуудыг нь ачаад аваачиж өгнө гээд явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,  

 

гэрч М.Нийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сард надаас манай сумын Хашаат гэх газарт оршин суудаг Д гэж залуу азарган үрээ худалдаж авсан. Үрээний оронд унагатай гүү өгнө гэж наймаа хийсэн. Тэгтэл унагатай гүүгээ өгөөгүй, хонь өгнө гэж ярьсан. Тэгээд хонио өгөөгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын эхээр айлууд зусланд буух гэж байхаас өмнө Д утсаар яриад азарган үрээнийхээ оронд хонь ав гэж хэлэхээр нь би хүргэн Шгийн “Портер” маркийн машиныг унаад ганцаараа Дгийн гэрт нь ирсэн. Дтай уулзахад чамд өгөх гэж байгаа хонь манай өвөлжөөний хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө бэлчээрт байсан хониноос барьж өгөөгүй, харин өвөлжөөний хашаанд 10 тооны хонь хашчихсан байсан бөгөөд хашаатай байсан 10 тооны хонь 2-3 хоног хашсан бололтой гэдэс нь хонхойгоод хоолгүй, хашигдаж шавар шавхай болчихсон байсан. Би Дгийн өвөлжөөний хашаанд хашаатай байсан 10 хонийг машин дээрээ ачаад аваад явсан. Тэндээсээ гэртээ аваачаад өөрийнхөө хонинд хийж буулгасан. Гэртээ аваачаад би өөрөө авсан хониныхоо имийг хайчлаад өөрийнхөө имийг хийсэн. Тэгтэл 05 дугаар сарын сүүлээр Х ах манай хониор орж хонь шүүгээд Дгаас авсан хонийг манай хонь байна гэж хэлсэн байсныг манай хүргэн Шбуюу Н надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би Дгийн гэрээр ороод Х ахынд очсон. Д бид хоёр Хтай ахтай уулзаад би Дгаас авсан гэж хэлсэн. Д бид хоёр Х ахаас эндээ учраа олчихъё гэж гуйсан. Х ахтай учраа олох талаар гуйхад Х ах цагдаад хэлж шалгуулна гэсэн. Тэгэхээр нь Д бид хоёр явсан. Маргааш нь өөрийнхөө авсан 7 хонь 3 хургыг нь ачиж Х ахад хүлээлгэж өгсөн. Өгийнуур сумын цагдаа Сирээд манайд очоод Дгаас авсан хонийг ачаад Х ахад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

гэрч М.Сын мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын эхээр надтай М.Х утсаар яриад хониноосоо 56 тооны хонь, ямаа таслуулаад хулгайд алдчихлаа, хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хайж байгаа талаараа ярьсан. Ингэж хонь хулгайд алдсан хэрэг гарсан талаар мэдэгдсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа М.Х утсаар ярихдаа хулгайд алдсан 56 тооны хониноосоо 7 тооны хонь, 3 хургаа Брэнгийн уурхайн хажууд айлын хониноос сая явж байгаад оллоо гэж хэлсэн. Тэгснээ чамтай очиж уулзана гэж хэлээд утсаа тасалсан. Тэр өдрийнхөө маргааш нь М.Х машинтайгаа ирээд цагдаагийн хэсгийн байранд надтай уулзсан. Надад М.Х айлын хониноос өөрийнхөө хонийг оллоо, очиж авмаар байна, чихийг нь хайчлаад имийг нь өөрчлөөд хуучин будгийг зулгааж аваад шинээр будаж тэмдэг хийсэн байна гэж хэлсэн. Тэгээд би М.Хын машинд хамт сууж яваад Брэнгийн уурхайн хажууд Нийн хонины бэлчээрт нь очиж Нтой уулзаж М.Хын хонийг барьж машинд ачуулсан. Н надад Д хонь ирээд аваадах гэж хэлэхээр нь машинтай очиж Дгийн өвөлжөөний хашаанд хашаатай байсан энэ 10 хонийг ачиж авчирсан нь үнэн гэж хэлсэн. Н би чихийг нь хайчилж им хийсэн нь үнэн, хэний хониноос хулгайлсныг Д мэдэж байгаа гэж хэлсэн. Н нь би Дгийн өвөлжөөний хашаанаас энэ 10 тооны хонийг очиж авсан, тэр үед удаан хашигдаж байсан бололтой энэ 10 тооны хонь шавар, шавхай болчихсон, гэдэс нь хонхойгоод орчихсон, хоолгүй байсан нь үнэн, бусад дутуу байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

гэрч А.Мийн мэдүүлсэн: ...Манай хүү Н нь Дгаас 10 тооны хонь авчирсан гэсэн. Тэр хонь нь хулгайн хонь боллоо гэж яригдсан. Тэгтэл манай ах М утсаар яриад би гэрт нь очсон. Тэгтэл М ах хонио тууж ирээд хэсэг хонь ялгаж барьж аваад энийг Х гэж залуугийнд туугаад аваачаад өгчих гэж ярьсан. Би түүнийх нь дагуу Х гэж залуугийнд 40 гаруй тооны хонь тууж аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

гэрч Д.Оын мэдүүлсэн “2019 оны 5 дугаар сард Хын гэр мал манай гэр мал хоорондоо 1 км гаруй зайтай нутаглаж байсан. Тухайн жил салхи ихтэй, үргэлж шороогоор шуурч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202/,

 

гэрч Ж.Цийн мэдүүлсэн “2019 оны 5 дугаар сард М.Хын гэр мал манай гэр мал хоорондоо нэг км гаруй зайтай нутаглаж байсан. Тухайн жил салхи ихтэй, үргэлж шороогоор шуурч байсан.Тухайн жил үдээс хойш салхи их гардаг байсан. Манай нутагладаг газрын хужир гардаг нуурын цагаан шороо босч тоосонцордож шуурдаг байсан. Өгийнуур суманд жил бүрийн хавар салхи ихтэй байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 205-206/,

 

өөрийн гэм бурууг хүлээж М.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 164-166/,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Д нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Алдуул малыг завшсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Д нь 2019 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Зэгстэй нуурын баруун хойноос хохирогч М.Хын алдагдсан 51 тооны хонь, 5 тооны ямааг завшсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

 

          Шүүгдэгч М.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

         

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

                 1. Шүүгдэгч Бовогт Мын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

                 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

                 5. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

                 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ