Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 


  2022              04              19                                                 2022/ШЦТ/170

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж Б.Ход холбогдох эрүүгийн 2134003870072 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1973 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, дугаарын регистртэй, Ж Б.Х,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.Болормааг Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн билүүт 22 тоот гэртээ байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Х нь Төв аймгийн Жаргалант сумын “Буурал” 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Ч.Уранчимэгийн байшинд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 5 кг адууны мах, 2 кг хонины мах, LD нэртэй тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 79.800 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг дэвсгэр дэх Б.Батсайханы байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж 227.800 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг дэвсгэр дэх П.Наранбаатарын байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 912.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Х:

...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134003870072 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.Болормааг Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн билүүт 22 тоот гэртээ байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20 ны өдрийн 10049 дугаартай ...Ц.Болормаагийн биед тархи доргилт, зуун зулай. хамарт шарх, зүүн нүдний доод зовхи баруун, зүүн хацар, зулайд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун бугалга, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо Дээрх тархи доргилт, зуун зулай, хамарт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал болон зүүн мөр, бугалга, шуу, гуя шилбэ, баруун бугалга, гуянд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархи доргилт, зуун зулай, хамарт шарх, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Харин зүүн мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун бугалга, гуяны зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө учирсан байх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Болормаагийн ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манайд Х согтуу орж ирсэн хоол нэхээд байхаар нь хоол хийж өгсөн тэгээд гараад явсан удалгүй 30 минут дараа орж ирэхдээ 05 грамм Хараа нэртэй тал шил архи барьж орж ирсэн хамт цуг архи уусан дуусаад гэртээ хариад унт гэсэн чинь гичий янхан гээд байсан тэгээд би орон дээр сууж байхад Х нь хутгаар нүүр зүссэн толгой руу заазуурдсан цохисон тэгээд охин Энхмааг дуудсан бас цагдаа ирсэн... /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Батсайханы ...Би эхнэр Болормаагийн хамт гэртээ 0.33 граммтай хараа архи хувааж уучхаад байж байтал гаднаас Х манай гэрт ороод ирсэн ингээд хоол идмээр байна өлсөөд байна гэж Х хэлсэн би тэгэхээр нь эхнэрээр хоол хийлгээд байя гэж хэлээд орон дээр хэвтэж байтал унтаад өгсөн байсан ингээд нэг мэдсэн манай эхнэр муухай орилохоор нь сэрээд хартал Х нь баруун гартаа том заазуур барьсан манай эхнэр Болормаагийн толгой руу нь цохиод хагалсан байсан би Хоос заазуурыг нь булааж аваад ширээн доогуур шидээд эхнэрийн охин Энхмаа руу утасдаад ээж чинь цус алдаад байна гэж хэлээд удаагүй байж байтал цагдаа нар ороод ирсэн... /хх-ийн16 дугаар хуудас/,

яллагдагч Б.Хын ... Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 шил 0,5 литрийн Хараа архи дэлгүүрээс авч талыг нь ганцаараа уугаад талыг нь бариад Батсайхан ахынд очсон тэгтэл Болороо эгч хоол хийж өгөхөөр болоод хийж эхэлсэн энэ үед Болороо эгч айлаас төмсний мөнгөө аваад ирье гэж гарч яваад орж ирэхдээ литрийн Хараа архи авч ирсэн түүнийг нь Болороо эгч бид хоёр хувааж уугаад бид хоёр хоёулаа согтоод би гурил хэрчиж байсан заазуур аваад Толгой руу нь 2-3 удаа цохисон мөн ширээн дээр байсан хутгаар хамар хавьцаа нэг удаа дүрсэн тэгтэл Батсайхан ах босож ирээд шууд цагдаа дуудсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хын Төв аймгийн Жаргалант сумын “Буурал” 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Ч.Уранчимэгийн байшинд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 5 кг адууны мах, 2 кг хонины мах, LD нэртэй тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 79.800 төгрөгийн хохирол учруулсан,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

Эй Жэй Жэй Эм ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 07/353 дугаартай ...Иргэн Ч.Уранчимэгийн өмчлөлийн адууны мах 5кг, хонины мах 2 кг, LD тамхи 2ш гэсэн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар 79.800 /далан есөн мянга найман зуу/ төгрөг болно... /хх-ийн 78-89 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Уранчимэгийн ...Би өөрөө Төв аймгийн Жаргалант суманд хувиараа ногоон дээр ажилладаг ажилтай ингээд ажилдаа 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр яваад орой ирсэн тэгсэн манай нөхөр гэртээ ганцаараа үлдээд орой 17 цаг өнгөрөөд гараад явсан гэсэн гэрээсээ буцаад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт ороод гэрийн хойно байсан авдарны Хятад жижиг цоожоор цоожилсон байсныг эвдээд дотроос нь нэг 3 кг гурван уут тавгийн чихэр авсан байсан, хөлдөөгч онгойлгоод дотроос нь адууны ястай мах 5 кг, хонины гуяа 2 кг мах тус тус аваад явсан байсан. LD гэсэн бичигтэй хоёр хайрцаг тамхи, нэг хайрцаг улаан шонхор тамхи үүнийг бол задлаад татсан байсан, хоёр ширхэг асаагуур, Цистон гээд бөөрний эм бүтэн байсан эдгээр зүйлсийг хулгайд алдсан мөн хашаанд байсан байшингийн хаалгыг хөшсөн байсан. Манай гэрт орох хүн байхгүй байхад хаалга үүд эвдээд явсан болохоор гомдолтой байна... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Г.Ванданцэрэнгийн ...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад өдрийн 15 цаг өнгөрч байхад гадуур ажилтай явж байгаад эхнэр Уранчимэг нь 17 цаг өнгөрөөд ажлаа тараад ирэх байх гэж бодоод гэртээ иртэл манай гэрийн үүдний амбаарын хаалгыг төмрөөр хөшөөд цоожийг нь эвдээд орсон байсан дотор гэрийн хаалгыг цоожлоогүй байсан юм би бодохдоо Уранчимэг ирээд явсан юм болов уу гэж бодоод эхнэр Уранчимэгийг ирэхээр нь харуултал манай эхнэр гэртээ ирээгүй байсан юм байна лээ... /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Хын ...Би хүлээн зөвшөөрч байна, вандан ахын гэрт орж эд зүйл авсан нь үнэн эхнэрийг нь Уранчимэг гэдэг юм би тухайн үед мөн согтуу байсан... /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг дэвсгэр дэх Б.Батсайханы байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж 227.800 төгрөгийн хохирол учруулсан,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 110-112 дугаар хуудас/,

"AGGM" ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Э.Энхтуулын ...хулгайд алдагдсан гэх мөнгөн аяга, махны үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан дахь " зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жиших зүйлийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 227,800 / хоёр зуун хорин долоон мянга найман зуу/ төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 135 дугаар хуудас/,

Хохирогч Б.Батсайханы ...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Жаргалант сумын Билүүтийн 15-17 тоот гэрт хүн ороод хөргөгчинд байсан мах мөн шкафанд байсан мөнгөн аяга зэрэг эд зүйл аваад явсан байсан, ... мөнгөн аяга нь жижиг шинэ цагийн мөнгөн аяга байсан, мах нь хонины цул 5 кг мах байсан... /хх-ийн 119-122 дугаар хуудас/,

Гэрч С.Баасандоржийн ...2021 оны 10 дугаар сарын 25-ны орой хөдөө явж байгаад гэртээ ирээд мах гаргаад хоол хийж идэх гэтэл хөргөгчинд хоёр ууттай мах байсан чинь байхгүй болсон байсан тэгээд бурхны шүүгээ онгойлгоод үзтэл мөнгөн аяга байхгүй болсон байсан мөн орон дээр байсан эхнэр өмсөөрэй гээд тавьсан шинэ оймс алга болсон байсан маргааш өглөө нь цагдаа дээр очиж хэлсэн. ... мөнгөн аяга нь ёроол хэсгээрээ том хээтэй, дунд гарын мөнгөн аяга байсан, ... Х л орж юм аваад явсан гэж бодож байна... /хх-ийн 126 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Хын .... Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, 2021 оны 10 дугаар сард Жаргалант суманд хэд хоног архи уусан юм би хэргийн материалтайгаа танилцсан миний үйлдсэн хэрэг мөн байна би тухайн үедээ дандаа согтуу байсан... /хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Б.Хын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1-р багийн нутаг дэвсгэр дэх П.Наранбаатарын байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 912.650 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйл баримт нь дараах

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 172-177 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оюунгэрэлийн ...2021 оны 10 сарын 21-ны өдөр би охиноо аваад Улаанбаатар хот явсан юм тэгсэн манай гэрт хулгай ороод гэрт байсан мөнгөн аяга, хүнсний зүйл аваад тавьсан байсан бүгдийг нь аваад явсан байсан. Мөн ус зөөдөг усны тэрэг, машины дугуй зэрэг зүйл аваад явсан байсан, ... цайны шаазан аяга байсан, мөнгөн аяга бүгд алга болсон бүгдээрээ шинэ цагийн мөнгөн аяга байсан, усны тэрэг, мод хөрөөддөг хөрөө, машины запас дугуй зэрэг байсан содон шинж тэмдгийн талаар сайн хэлж мэдэхгүй байна... /хх-ийн 182-183 дугаар хуудас/,

Хохирогч П.Наранбаатарын ...орой ажлаас буугаад гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байхаар нь хаалгаа нээгээд ортол хоёр авдрыг онгойлгоод дотор нь байсан юмнуудыг гаргаад хаясан байхаар нь цагдаад дуудлага өгсөн ингээд юм аа бүртгэхэд цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, суран хазаар, 1 ширхэг, жижиг мөнгөлөг аяга 4 ширхэг,усны тэрэг 1 ширхэг, запас дугуй 1 ширхэг сүх 1 ширхэг, бакалан гутал 1 ширхэг, сүүний цайран сав 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг байхгүй байсан ингээд цагдаа нартай хамт Хыг хайж яваад согтуу байхад нь олж уулзахад өөрийнхөө хашаа байшингийнхаа араар усны тэрэг, запаc дугуй, гэр дотроос нь цахилгаан хөрөөгөө олж авсан бусдыг нь олж аваагүй... /хх-ийн 240 дүгээр хуудас/,

Гэрч П.Наранбаатарын ...манай гэр намрын ажлаа хийгээд өвс хадлан бэлтгээд 10 сарын 21-ны орой гэртээ ирэхэд монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдээд гэрээс усны тэрэг, машины запас дугуй, таслагч, сүүний хөнгөн цагаан сав, модны цахилгаан хөрөө, суран хазаар, гутал, мод хагалдаг сүх зэрэг эд зүйл аваад явсан байсан ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна... /хх-ийн 185-186 дугаар хуудас/,

Гэрч Б.Хын ...би 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр архи уугаад явж байгаад манай хашааны дээд талд байдаг Наранбаатар гэх айлын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдээд гэрт нь ороод хол хүнсний зүйл авсан, суран хазаар, хашаан дотор нь байсан ус зөөдөг тэргийг авсан, ойд амбаараас нь машины запас хийгүй дугуй, мөн мод хөрөөддөг бензинээр ажилладаг хөрөө авсан. Эдгээр зүйлсийг аваачиж заримыг нь зараад гэрт цагдаа нар ирэхэд хөрөө, дугуй, ус зөөдөг тэрэг зэргийг хураалгасан... би ганцаараа явсан хөшөөнд нь байсан усны тэрэг дээр авсан юмнуудаа ачаад аваад явсан... /хх-ийн 188 дугаар хуудас/,

Гэрч Г.Гэрэлт-Одын ...би өөрийн төрсөн эгч Гэрэлчимэгээс 100,000 төгрөг аваад гол замаар алхаад явж байгаад дэлгүүр орж 0,5 граммтай Хараа архи аваад замдаа Увс аймгийн нэг залуу нэрийг нь сайн мэдэхгүй байна тэр залууд архиа задлаад хоёр татуулчхаад цаашаа яваад Хын гэрт орж нөгөө хагас шил архиа Хтой хувааж уучхаад унтаж байтал цагдаа нар ирээд Хыг аваад явсан би тэндээ хоноод маргааш нь гэртээ харьсан.... Х л гэртээ байж байсан өөр хүн байгаагүй, ...намайг газар хотод алхаад явж байхад Х шуудайнд 20 литрийн дээр үеийн хөнгөн цагаан сав бариал зарна гээд явж байсан хоёулаа хамт явъя гэхээр нь би үгүй ээ үгүй надаа наадах чинь лай болно чи өөрөө учраа ол гээд яваад өгсөн... /хх-ийн 190 дүгээр хуудас/,

"AGGM " ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Э.Энхтуулын ...хулгайд алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан дахь зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жиших зүйлийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 912,650 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 208 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Хын ...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би энэ үйлдэл дээр мөн л согтуу явж байгаад тухайн айлд орж хулгай хийсэн... /хх-ийн 226 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Хын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 154, 162 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.Болормааг Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн билүүт 22 тоот гэртээ байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Хын үргэлжилсэн үйлдлээр иргэн Ч.Уранчимэгийн байшинд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 5 кг адууны мах, 2 кг хонины мах, LD нэртэй тамхи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 79.800 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батсайханы байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж 227.800 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Наранбаатарын байнга амьдрах орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 912.650 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

 Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

...Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Ч.Уранчимэг, Б.Батсайхан, Т.Наранбаатар нарын гэрээс эд зүйл хулгайлж  хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Болормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Болормаа нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйл гэж мэдэгдсэн. Хохирогч Б.Батсайханд 227.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол төлөгдсөн. Хохирогч Ч.Уранчимэгт 79.800 төгрөгийн хохирол, Хохирогч Т.Наранбаатарт 912.650 төгрөгийн хохирлоос 580.950 төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд үлдсэн хохирол төлөгдсөн. Энэ шийтгэх тогтоолоор 660.750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Хоос гаргуулж хохирогч Ч.Уранчимэгт 79.800 төгрөгийг олгуулж, хохирогч Т.Наранбаатар 580.950 төгрөгийг олгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгтээ 45 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ц.Болормаа нь гомдол саналгүй. Хохирогч Ч.Уранчимэгийн хувьд 79.800 төгрөгийн хохиролтой. Хохирогч Б.Батсайханы хувьд 227.800 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн.  Хохирогч Т.Наранбаатарын 912.650 төгрөгөөс эд зүйлийг нь буцааж өгөөд үлдэгдэл 580.950 төгрөгийн хохиролтой. Нийт төлөгдөөгүй хохирол 660.750 төгрөг байгаа. Уг хохирлыг шүүгдэгч Б.Х нь төлөхөө илэрхийлж оролцож байгаа... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Б.Х:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Хыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Б.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Хын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах...” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Хын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Х нь хохирогч Ц.Болормаагийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Х нь хохирогч Ц.Болормаагийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулай, хамарт шарх, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун бугалга, гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Хын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Ч.Уранчимэг, Б.Батсайхан, П.Наранбаатар нарын орон гэрт нэвтрэн эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 1.220.250 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал харагдаж байна.

 

Тэрээр шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ч.Уранчимэг, Б.Батсайхан, П.Наранбаатар нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

...Шүүхээс шүүгдэгч Б.Хыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Хын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид биелэн эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож энэ өдрөөс эхлэн түүнийг эдлэх ялыг тооцох саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Улсын яллагчаас гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Х:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Ход хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тооцсон ба харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж,

Мөн шүүгдэгч Б.Ход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг нь харгалзан хорих ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоох нь тохирно гэж тус тус дүгнэлээ.     

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

 

 Шүүгдэгч Б.Ход шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Жич: шүүгдэгч Б.Х нь урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор гурван удаагийн ял шийтгэлтэй болох нөхцөл байдал бий болж байна.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Гэтэл шүүгдэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнссэн 1 жилийн хугацаа дуусаагүй байхдаа дахин шинээр гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн байна.

 

Гэвч тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулахдаа өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг тогтоогоогүй нөхцөл байдал байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Болормаагийн биед тархи доргилт, зүүн зулай, хамарт шарх, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун бугалга, гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Хохирогч Ч.Уранчимэгийн эд хөрөнгөд 79.800 төгрөгийн, хохирогч Б.Батсайханы эд хөрөнгөд 227.800 төгрөгийн, хохирогч П.Наранбаатарын эд хөрөнгөд 912.650 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогч Ц.Болормаа нь шүүгдэгч Б.Хоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй,

Хохирогч Б.Батсайхан нь шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан байх тул дээрх хохирогчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

 

Хохирогч Б.Уранчимэг нь эд хөрөнгөд учирсан хохирол 79.800 төгрөгийг,

хохирогч П.Наранбаатар нь эд хөрөнгөд учирсан нийт 912.650 төгрөгийн хохирлоос 177.300 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий запас дугуй, 74.400 төгрөгийн үнэлгээ бүхий усны тэрэг зэрэг нийт 331.700 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар нь хүлээн авч үлдэх 580.950 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Хоос 79.800 /далан есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уранчимэгт, 580.950 /таван зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Наранбаатарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч Б.Хоос тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134003870072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж Б.Ход хохирогч Ц.Болормаа, Б.Батсайхан нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Б.Хын цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж Б.Хыг Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ж Б.Ход шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногтой дүйцүүлж 30 хоног буюу 1 /нэг/ сарын хорих ял дээр, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж Б.Ход оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж Б.Хын цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2134003870072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж Б.Хын иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, хохирогч Ц.Болормаа, Б.Батсайхан нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж Б.Хоос 660.750 /зургаан зуун жаран мянга долоон зуун тавь/ төгрөгөөс хохирогч НМ63040307 дугаарын регистртэй, Чонос овгийн Чулуунбаатарын Уранчимэгт 79.800 /далан есөн мянга найман зуу/ төгрөгийг,

Хохирогч НМ78091115 дугаарын регистртэй, Тангуд овгийн Пүрэвсамбуугийн Наранбаатарт 580.950 /таван зуун наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж Б.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж Б.Ход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН