Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0132 |
Огноо | 2014-03-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0132
М.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, гуравдагч этгээд Б.Д, түүний өмгөөлөгч З.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Ж-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: "... Би өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө нэрээр овоглуулах эрхийг Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 тоот захирамж хааж байгаа юм. Энэ захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйл, 71 дүгээр зүйлийг зөрчиж гарсан захирамж байгаа юм. Тиймээс Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Д 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/206 тоот захирамж гаргаж, М.Б-ийн асран хамгаалагчаар түүний нагац эмээ Б.Д-гийн хүсэлтийг үндэслэн тогтоосон байдаг. Хүсэлтдээ М.Б-ийн ээж нас барсан, М.Б бүтэн өнчин үлдсэн талаар бичсэн байдаг. Ингээд Б.Д-гийн хүсэлт, Б.Мын нас барсны гэрчилгээ, М.Б-ийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг үндэслэн асран хамгаалагчаар тогтоосон. Энэ захирамж Гэр бүлийн тухай хууль зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан захирамж учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би охиноо алдаад дөнгөж 21 хонож байхад М.Ж миний хүүг булааж аваад явсан. 3 хүүхдийнхээ нэгийг алдчихаад байхад түүнээс үлдсэн ганц хүүхдийг би яагаад асарч болдоггүй юм бэ. М.Ж-ын аав, ээж хоёр хоёулаа урьд нь ял шийтгүүлж байсан. Би ийм гэр бүлд хүүгээ өсгөмөөргүй байна. М.Ж одоо их сургуульд сурч байгаа. Их сургуульд сурч байгаа хүн нялх хүүхдийг асрах боломжгүй. Ирээдүйд У.Ж өөр хүнтэй гэрлэнэ, би хүүгээ хойд эхийн гар харуулмааргүй байна. М.Б манайд байх хугацаанд М.Ж нэг ч удаа өөрөө уулзаад, хүүтэйгээ уулзах талаар хүсэлт тавьж байгаагүй. М.Ж-ыг М.Б-ийн эцэг гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, одоо болтол шийдвэрлэгдээгүй байгаа.
Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар "Асран хамгаалагчаар тогтоох тухай" захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар "Асран хамгаалагч тогтоох тухай" захирамжийг хууль бус болохыг тогтож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: М.Ж-ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 сарын 17-ны өдрийн А/206 дугаартай "Асран хамгаалагчаар тогтоох тухай" захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Д.Э нар 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3.3-д заасан "захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь нотлох баримт болон хуульд үндэслэнэ" гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Б.Д намайг Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаартай шийдвэрээр М.Б-ийн асран хамгаалагчаар тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэлээ гэж үзэж байна. М.Ж-ын аав Н.М нь 2003 онд эхнэрээ зодож, эрүү үүсгэгдэн шалгагдаж, арга хэмжээ авагдаж байсан. Ээж Оюун нь нөхрийнхөө хоёр дахь эхнэр болох Оюундэлгэрийг зодож мөн эрүү үүсгэгдэн арга хэмжээ авагдаж байсан зэрэг нь гэр бүлийн тогтворгүй, дотоод уур амьсгалын зөрчилтэй байсан нь 2012 оны 4 дүгээр сарын 11-нд төрсөн, нэг нас 10 сартай зайлшгүй асран хамгаалагчийн асрамжид байх шаардлагатай М.Б-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих боломжийг хязгаарлаж байна. Шүүхийн үндэслэл муутай гарсан шийдвэрээс шалтгаалан 1 нас 10 сартай хүүхдийн эрүүл мэнд, эрх ашиг, амь насанд аюул учирвал хэн хариуцах вэ? Дээрх хоёр хэргийн талаарх материал хэрэгт хавсаргагдсан болно. Миний охин Б.М нь 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүүгээ төрүүлж насан эцэслэх хүртлээ өөрийнхөө гэр бүлд байж, хүүхдийг нь Б.Д миний бие асарч байсан.
|
Энэхүү захирамжийг гаргах үед ээжээрээ овоглосон миний зээ хүү М.Б-ийн ээж Б.М нас барж, бүтэн өнчин үлдэхэд өөрийгөө эцэг гэх М.Ж-ыг шүүхээр хууль ёсны эцэг гэдгийг тогтоогоогүй байсан ба 17-хон настай хууль эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай, өөрөө эх эцгийнхээ асран хамгаалалтад байсан учир 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Жаргалант сумын Засаг даргын А/206 тоот захирамж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтуудыг зөрчөөгүй бөгөөд энэхүү захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарсан А/206 тоот захирамжийг хүүхдийн эцэг гэж маргаж байгаа М.Ж нь хүлээн зөвшөөрөхгүй байсан учир Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхэд хандаж, шүүхээс 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаартай шийдвэрээр Б.Д намайг М.Б-ийн асран хамгаалагчаар тогтоосон шийдвэр гаргасан нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.
Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг дарга Я.Г-ийн албан тоот, М.Ж-ын тодорхойлолт, С.Х нарын мэдүүлгийг үндэслэн М.Б нь бүтэн өнчин гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.
Хэрвээ М.Ж-ыг эцэг гэж тогтоогоод түүний асрамжид миний зээ хүү М.Б-ийг өгвөл хойт эхийн гар харж амьдрах, гэр бүлийн уур амьсгалын таагүй орчноос үүдэн хүмүүжлийн доголдолд орох, сэтгэл санаа болон ирээдүйн хувь заяа нь хаашаа эргэх нь мэдэгдэхгүй болох, одоогийн байдлаар М.Ж нь өөрөө санхүүгийн хувьд боломжгүй, оюутан, хүүхдээ асран хамгаалах чадваргүй зэргийг харгалзан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар захирамжаар, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1- д заасныг үндэслэн “иргэн Б овогтой М нас барж, түүний хүү болох М.Б нь бүтэн өнчин үлдсэн” гэсэн үндэслэлээр асран хамгаалагчаар нагац эмээ Б.Д-г тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Ж нь дээрх, асран хамгаалагч тогтоосон захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... миний хайр сэтгэлтэй Б.М жирэмсэн болж, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б-ийг төрүүлсэн ... хүүгийн минь ээж Б.М нас барсан. Сумын Засаг даргын захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1, 71.1.1 дэх заалтуудыг зөрчсөн, төрсөн хүүхдээ өөрөөрөө овоглох эрхийг хааж байна” гэж тодорхойлон маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Дараах хүнийг асран хамгаална:, 63.1.1-д “бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд”, мөн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал Сүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, ... шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засаг дарга асран хамгаалбал зохих хүүхдийн талаарх мэдээлэл, тухайлбал, захирамжийн үндэслэл болсон хүүхдийн бүтэн өнчин эсэх байдлыг шалгаж, холбогдох мэдээллийг бүрэн цуглуулж судалсны үндсэн дээр хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох шийдвэр гаргах байтал хариуцагч сумын Засаг дарга нь хүүхдийн эрх зүйн байдал, асран хамгаалагч тогтоох нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тодруулахгүйгээр, Б.Д-гийн гаргасан өргөдөл, хүүхдийн төрсний лавлагаа, эх Б.М-ын нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн шийдвэр ,• гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Жаргалант сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 912 тоот албан бичиг, нэхэмжлэгч М.Ж-ын тайлбар, гэрч С.Х-ийн мэдүүлэг болон бусад баримтуудаар М.Б нь бүтэн өнчин гэдэг нь үгүйсгэгджээ.
Түүнчлэн, гуравдагч этгээдийн “... хүү М.Б-ийг бүтэн өнчин үлдэхэд өөрийгөө эцэг гэх М.Жыг шүүхээр хууль ёсны эцэг гэдгийг тогтоогоогүй байсан ба тэрээр 17-хон настай, хууль эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай, өөрөө эцэг эхийнхээ асран хамгаалалтад байсан учир ... А/206 дугаар захирамж ... хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 467 дугаар шийдвэрт “хүсэлт гаргагч М.Ж-ыг эрх зүйн бүрэн чадамжтайд тооцох гол үндэслэл нь 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б-ийн эцэг гэдэгтэй хэн ч маргахгүй байна” гэж дүгнэн, М.Ж-ыг эрх зүйн бүрэн чадамжтайд тооцжээ.
Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 498А дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор Б-ийн эцгээр М.Ж-ыг тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх үндэслэлүүдээр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 дугаар “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамж хуульд нийцээгүй тул уг захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.