Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 30

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Мөнгөнцэцэг

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлоор Т.М т холбогдох 1729001010004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1994 онд төрсөн, 24 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Ханбогд сум, ................................ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Тайж нар овгийн Т.М  /регистрийн дугаар: .........................../

          Т.М  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.А г шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Т.М ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М т 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.А гийн гаргасан 23,576,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл, цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Т.М ээс 1505000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Т.М ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, иргэний хариуцагчаар “ХХ” ХХК-г тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуульд заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэх ойлголтыг зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан этгээд гэж үзсэн нь буруу юм.

          “ХХ” ХХК нь тухайн 20-38 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр авч ашиглаж, эзэмшиж тодорхой ашиг олж өөрийн тээврийн үйлчилгээний зорилгын хүрээнд ашиглаж байгаагийн хувьд бусдад учирсан гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч цаашид хийгдэх эмчилгээний талаарх баримтаа шүүхэд гаргаж өгч шинжлэн судлуулсан.

         “ТХ” ХХК-с гэрээний төлбөрийг холбогдох дансанд байршуулвал эмчилгээг эхлүүлэх талаар албан бичигтээ дурдсан. Урьд өмнө нь хийгдсэн эмчилгээний баримтуудтай танилцаж цаашид хийгдэх эмчилгээг тодорхойлсон. Ирээдүйд болох үйл явдал, эмчилгээний үйл явц, зардлыг үүнээс өөрөөр нотлох боломжгүй. Иргэний хариуцагч нь төлсөн хохирол төлбөрийн хэмжээ нь бодит хохирлын хэмжээнээс давсан гэж үзвэл эргүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй байдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

          Иймд 16 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК гэх хуулийн этгээдүүдэд хамтран хариуцуулна уу” гэжээ.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах гомдолдоо: Шүүхээс хуульд заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэх ойлголтыг зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан этгээд гэж үзэн, өмчлөгчөөс хохирлыг

гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь маргаангүй “ИӨЦУ” ХХК мөн. Гэхдээ 20-38 ӨМӨ улсын дугаартай Юутон маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр “ХХ” ХХК-д шилжүүлсэн учраас тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч, ашиглагч юм.

          Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ...түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх...гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т ..түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус заасан байдаг. Үүнээс үзэхэд, “ХХ” ХХК үр шимийг нь хүртчихээд, осол аваар гарахад бид хариуцахгүй, өмчлөгч нь хариуцах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          “ХХ “ ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаагаар түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж, cap бүр 5500000 төгрөгийн түрээсийн төлбөрийг “ИӨЦУ” ХХК-д өгдөг талаар талуудын хэрэгт өгсөн мэдүүлгээр нотлогддог.

          Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “...өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байна гэж заасны дагуу “ХХ” ХХК эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд буюу шууд бус эзэмшигч нь “ИӨЦУ” ХХК юм.

          Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д...өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ. хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж: захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

          Өөрөөр хэлбэл өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө зарж борлуулах эрхтэй байхад, эзэмшигч, ашиглагч нь зөвхөн зориулалтын дагуу ашиглах үр шимийг нь хүртэх эрхтэй байдгаараа ялгаатай байдаг.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “ тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй ...” гэж заасан.

          “ХХ” ХХК нь жолоочийг сонгон авч, хөдөлмөрийн гзрээ байгуулан түүнийг тухайн автобусны жолоочоор томилж, тээрийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн учраас бусдад учруулсан хохирлыг “ХХ” ХХК хариуцах үүрэгтэй гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “ИӨЦУ” ХХК-иас “ХХ” ХХК түрээсийн гэрээгээр тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлсэн байдаг. Уг гэрээн дээрээ эвдрэл, гэмтлийг “ИӨЦУ” ХХК хариуцна гэсэн заалт байдаг. Хоёрдугаарт Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар “ИӨЦУ” ХХК нь тухайн гэм хорын асуудлыг хариуцах нь зүйтэй юм. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэхдээ иргэний хуульд заасны дагуу хохирогчид учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэйг зааж өгсөн атлаа яг хэнээс нь гаргуулах талаар тодорхой зааж өгөөгүй байна. Иймд үүнийг тогтоох хэсгийн заалтад оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-иуд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулна гэдгээ давж заалдах гомдолдоо дурьдсан. Гол анхаарах зүйл бол шийтгэх тогтоолын 5, 6 дугаар зүйлд иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх талаар бичихдээ  чухам хэнээс нь нэхэмжлэхийг дурдаагүйг, 5 дугаар заалтан дээр бичигдэх ёстой байсан болов уу гэж бодож байна. Мөн 5 дугаар заалт дээр “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-иудыг иргэний хариуцагчаар татаж оруулж ирэх нь зүйтэй болов уу. Гомдлоо дэмжиж байна. Холбогдох 2 хуулийн этгээдээс хохирлыг гаргуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр дан ганц нэр бичигдлээ гээд энэ хүн дангаараа эзэмшигч гэсэн үг биш, Иргэний хуульд мөн адил заалт байгаа талаар анхаарч үзээсэй гэж хүсч байна гэв.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дээрх хоёр давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр гомдлууд гарч байгаа. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд маш тодорхой заасан байгаа учраас энэ хуулийг хэрэглэхгүй байхын аргагүй юм.

          Иргэний хуулийн 89 дүгээр зүйл, 89.2 дахь заалтууд дээр нарийвчилсан заалтууд бий. “ИӨЦУ” ХХК нь ашиг олох зорилгоор “ХХ” ХХК-д тээврийн хэрэгслээ түрээслүүлсэн. Мөн тухайн үед “ХХ” ХХК-ийг тээврийн хэрэгслийг ашиглаж байснаар нь эзэмшигч гэж үзээд байх шиг байна хохирогч тал.

          Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т энэ хуулийн 91.1 дэх хэсэгт хамаарахгүй гэж заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл 91.2.1 дэх хэсэгт эд хөрөнгийг бүртгүүлэх, улсын бүртгэлд үндэслэсэн бол гэж байдаг. Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэж олгож байгаа. “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-иуд нь хоорондоо тээврийн хэрэгслийг түрээслэх гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 2.3 дахь хэсэгт 2.2 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй бол тухайн компани бүрэн хариуцна гээд заагаад өгчихсөн. Ийм учраас “ХХ” ХХК хохирлыг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 20-38 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “ХХ” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан Т.М  нь жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэмд заасан хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь  тогтоогддог.

          “ИӨЦУ” ХХК нь гэрээгээр өөрийнхөө тээврийн хэрэгслийг “ХХ” ХХК-нд эзэмшүүлж, ашиглуулж байдаг. Энэ тээврийн хэрэгслийг ашиглаж байх явцад “ХХ” ХХК-ийн жолооч зам тээврийн осол гаргасан. Ийм учраас өмчлөгч нь огт энэ тээврийн хэрэгслийг ашиглаагүй, түрээсийн гэрээгээр өөр компанид ашиглуулж байхад тэнд гарсан осол аваар, гэм хорын хохирлыг өмчлөгч компани хариуцах ёсгүй гэж үзэж байгаа юм.    

          Жолоочийг “ХХ” ХХК өөрсдөө аваад хөдөлмөрийн гэрээ байгуулаад мөн тухайн хүнийг жолоочоор томилоод тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн тул “ХХ” ХХК гэм хорыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Т.М  нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.А г шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Т.М ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

          Харин шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон ба хариуцагч зохих этгээдийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК нь гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй учир 23576732 төгрөгийг “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-аас гаргуулах” тухай давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ашиглуулж байгаа ажил олгогч хүлээхээр заасан байхад анхан шатны шүүх иргэний хариуцагчаар “ХХ” ХХК-ийг тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гэм хорын хохирлыг зөвхөн “ХХ” ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс тээврийн хэрэгслийн өмчлөгч болох “ИӨЦУ” ХХК чөлөөлөгдөхгүй байхаар зохицуулагдсан учир  тээврийн хэрэгслийн өмчлөгч “ИӨЦУ” ХХК, тээврийн хэрэгслийн эзэмшигч “ХХ” ХХК-уудыг бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцан арилгах үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хохирогч М.А  нь гэмт хэргийн улмаас 10 шүд булгарч унасныг дахин хагалгаанд орж имплант шүдэлбэрээр сэргээх болон имплант шүдэлбэр хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотолсон /хх-42/ нотлох баримтыг хавтас хэрэгт гаргаж өгсөн, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат нь гэм хорын хохирлыг  “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-уудаас гаргуулан авах шаардлагыг гаргасан тул иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хангаж шийдвэрлэхээр тогтов.

Давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан шаардлагын дагуу “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-ууд нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болно.

Иймд хохирогчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “ХХ” ХХК-ийг хариуцагчаар татах, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК-аас гаргуулах” тухай гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “М.А гийн гаргасан 23576732 төгрөг” гэснийг “М.А гийн ажилгүй байсан хугацааны цалин 3068772 төгрөг” гэж, “505 дугаар зүйлийн 505.1 дэх” гэснийг “498 дугаар зүйлийн 498.1 дэх” гэж, “зааснаар” гэсний дараа “ХХ” ХХК-аас 10253980 /арван сая хоёр зуун тавин гурван мянга есөн зуун наян/ төгрөг, “ИӨЦУ” ХХК-аас10253980 /арван сая хоёр зуун тавин гурван мянга есөн зуун наян/ төгрөг тус тус гаргуулж Өмнөговь аймаг Ханбогд сумын төвд оршин суух Хошууд овгийн Мижидийн Амартүвшинд олгож” гэж, “гэмт хэргийн” гэсний өмнө “хохирогч М.А  нь” гэж,

Б. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “болохыг гэсний дараа “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “ИӨЦУ” ХХК, “ХХ” ХХК нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тус тус” гэж,

В. Шийтгэх тогтоолыг 7 дахь заалтын “иргэний хариуцагчаар “ХХ” ХХК-ийг тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэснийг “иргэний хариуцагчаар “ХХ” ХХК-ийг тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнгөнцэцэгийн “ИӨЦУ” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА