Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/435

 

 

 

 

 

 

        2022        05          12                                    2022/ШЦТ/435

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Э.Баярхүү /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овгийн Энхбаатарын Баярхүүд холбогдох эрүүгийн 2111010560669 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баяжих овгийн Энхбаатарын Баярхүү, 2000 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо 103-96 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг 7-55 тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УС70051017.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баярхүү нь 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна хохирогч Б.Доржийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь ‘У.биед хамар ясны хугарал, баруун, зүүн, дээд үүдэн шүдний 1-р шүдний эмтрэл, дух, баруун хөмсөгний зулгаралт, баруун зовхины дотор булангийн цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Баярхүү нь 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна хохирогч Б.Доржийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь ‘У.биед хамар ясны хугарал, баруун, зүүн, дээд үүдэн шүдний 1-р шүдний эмтрэл, дух, баруун хөмсөгний зулгаралт, баруун зовхины дотор булангийн цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Доржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн хүүхдийн 100-д байрлах “Лосио” пабд байж байгаад тэндээсээ Золжаргал, Чингүүн, Билгүүнтэй хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрт ирсэн. Тэгээд кино театрт байхад Билгүүний сургуулийн ах нар гээд хэдэн залуучууд байсан. Билгүүн тэд нартай юм яриад бид нараас нэлээн зайтай үлдсэн. Билгүүнийг ирэхгүй удаад байхаар нь очтол Билгүүнийг нэг залуу цохисон. Тэгэхээр нь бид хэд очоод тэд нараас салгах гэхэд тэд нарын дунд байсан гэзэгтэй залуу манай Билгүүнийг заамдаж аваад цохиод унагаасан. Тэр үед гэзэгтэй залуугийн найз нь бид нар луу дайраад бужигнаж байхад нэг залуу нь миний дух, баруун хөмсөг, нүд хамар хэсэг рүү гараараа цохисон. ...Баярхүү гэх залуу нүд, хамар, дух руу цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 8453 дугаартай “...Б.Доржийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн, дээд үүдэн шүдний 1-р шүдний эмтрэл, дух, баруун хөмсөгний зулгаралт, баруун зовхины дотор булангийн цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...’’ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дахь тал/,

- шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...зовхины дотор булангийн цус хуралт нь хамар ясны хугаралтай хамт нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...мөн хөмсөгт зулгаралт нь дээрх хамрын ясны хугарал, баруун зовхины дотор булангийн цус хуралт гэмтэлтэй хамт болон дангаараа аль аль тохиолдолд үүснэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,

- шүүгдэгч Э.Баярхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, шүүгдэгч Э.Баярхүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 109 дэх тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.Баярхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Баярхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Баярхүүд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Дорж нь эмчилгээний төлбөрт 150.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Баярхүү нь төлсөн бөгөөд хохирогч Б.Дорж нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.Баярхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяжих овгийн Энхбаатарын Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярхүүд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярхүүд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Баярхүү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баярхүүд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН