Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн, 

улсын яллагч Н.Уранбайгаль /тээврийн прокурор/, 

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг /ҮД:0070/,

хохирогч Ж.Э нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох 000000000 дугаартай эрүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд замд “Тоёота ланд круйзер” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “гэрлэн дохио нь дараа утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 19 настай, эрэгтэй Ж.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б нь “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд замд “Тоёота ланд круйзер” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “гэрлэн дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 19 настай, эрэгтэй Ж.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э-н “…Би тэр талаар сайн санахгүй байна. Гэрээсээ гарснаа санаж байна, гарцаар гарч байснаа санаж байна. Бусдыг санахгүй байна. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Биеийн байдал хэвийн байна. Тухайн үед би ногоон гэрлээ гарсан, замын хөдөлгөөн сийрэг байсан. Жолоочоос нийт 8.000.000 төгрөг авсан. Одоогоор миний биеийн байдал хэвийн байгаа ч би таягтай явж байгаа…” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-н “...Тухайн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байсан. Би тэр үед их яарч явсан болохоор ийм зүйл болсон. Сандраад тухайн үед юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Хохирогчтой хамгийн сүүлд нэг газар уулзаад 2.250.000 төгрөг өгсөн. Өөрийнхөө хийсэн гэм буруу дээр гэмшиж байна. Цаашдаа гарсан эмчилгээний зардлыг төлнө. Уучлаарай, миний буруу. Би санамсаргүй айлын 19 настай сайхан хүүхдийг мөргөсөн. Ээжээс нь мөн уучлалт гуйж байна. Энэ хүүхэд спортын хүүхэд байсан, би маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 2-3 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Э-н 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би найзууд болох Хүслэн, Занабазар, Ганхуяг, Эрхэмбаяр, Энхдөлгөөн, Зампил нарын хамт байрнаас гараад Баянгол дүүргийн 56 дугаар сургуульд заал авч тоглохоор 10 дугаар хорооллын явган хүний гарцын гэрэл ногоон гэрэл асаж байхаар нь ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй  баруунаас, зүүн чиглэлд явдаг урсгалын замыг гараад зүүнээс баруун явдаг урсгалын 3 эгнээний 1 дүгээр эгнээнд зам гарах гээд хамгийн урд талд бага зэрэг найзуудаасаа түрүүлээд явж байтал зүүнээс баруун чиглэлд 1-р эгнээгээр явж байсан авто машин ирээд намайг мөргөсөн. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт хөлөө гипсдүүлсэн, хамраас цус гарсан байдалтай сэрсэн. Миний баруун хөлийн шагай бяцарсан, үүрсэн, зүүн өвдөг шалбарсан, хамраас цус гарсан байсан. Гэмтлийн эмнэлгийн хөлийн тасагт 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн бөгөөд баруун хөлийн хагалгаанд орж хадаас хийлгэсэн. Тухайн үед 19:40-20:00 цаг болж байсан байх. Би ухаан алдсан тул сайн мэдэхгүй байна. Манай найзууд 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан гэж яриад байсан. Жолооч нь эрэгтэй хүн юм шиг байна лээ. Би сайн санахгүй байгаа. Тэр үед гадаа харанхуй замын гэрэлтүүлэг бүгд ассан байсан тул зам сайн харагдаж байсан. Би жудогоор хичээллэдэг бөгөөд олон олон амжилт гаргасан. Улсын шигшээд орж ирээдүйд олимпод орох мөрөөдөл маань байхгүй болчихлоо. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Би жолоочид гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Э-н 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...Эмчилгээний зардал мөнгөтэй холбоотой зардлыг мөргөсөн жолоочийн талаас өгч барагдуулсан. Ослоос болж хагас жилийн сургуулийн чөлөө авсан. Сургуулийн төлбөрийн мөнгө 3.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт Жудогийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гэж Япон улсаас хувцсаа 1.000.000 төгрөгөөр захиалж хийлгүүлсэн. Мөн мөргүүлэх үед өмсөж явсан куртик, өмд урагдсан энэ 2-г нийт 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2 хөл дээрээ гишгэх хүртэл 6 сар эмчилгээ хийлгэнэ гэсэн. Тухай бүрд нь зардал мөнгөө нэхэмжилнэ. Өндөр зэрэглэлийн тамирчин болох хүсэлт маань энэ ослоос болж байхгүй болсон. Иймд маш их гомдолтой байна. Жолоочоос бодит зардалд 4.500.000 төгрөг нэхсэн. Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх боломжгүй байна. Их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А-н гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Бтай утсаар яриад хоолонд орохоор болоод байрны гаднаас намайг аваад Бгийн эмэзшлийн Ланд круйзер ***  УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад БГД-ийн 3-р хорооны 65-р байрны гаднаас хөдөлсөн. Би нэг их сайн анзаараагүй, машины хойд талд сууж явсан бөгөөд утсаараа оролдоод явж байсан. Гэтэл нэг мэдэхэд Б хүн шүргэчихлээ гэсэн. Тухайн нүед 40-50 км/ц хурдтай явж байсан байх, ,1-р эгнээгээр явж байсан. Мөргүүлсэн гэх хүн 19 орчим настай эрэгтэй хүн байсан. 6-7 найзуудын хамт зааланд тоглох гээд явж байсан гэж яриад байсан. Б машинаас бууж ирээд сандраад байхаар нь би мөргүүлсэн хүүхдийг 2 найзынх нь хамт аваад ГССҮТ явсан. Мөргүүлсэн хүнийг ГССҮД-д аваачаад хөл, толгойны зургийг нь авхуулаад хэвлийг нь эхо-д харуулсан. Хөлийг нь гипсдүүлсэн бөгөөд толгойн зургийг нь авхуулахад ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тэгээд ГССҮТ-д тэр оройдоо хэвтсэн. Б-тай танилцаад 3 жил болж байна Барс захад жимсний бөөний лангуу ажиллуулдаг гэсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч З-н өгсөн “...Тухайн өдөр  би 5 найзын хамт 10 дугаар хорооллын урдаасаа хойшоо чиглэх явган хүний гарцаар гарч явахад 3-р эгнээний автомашин зам тавьж өгсөн ба 1-р эгнээгээр гарах гэж байхад нэг Ланд 200 маркийн автомашин манай найз Э-г мөргөсөн. Тэгээд би шууд найз руугаа очсон бөгөөд тухайн үедээ жолооч талын хаалгаар ямар нэгэн хүн бууж ирээгүй. Дараа нь нэг эгч ирээд жолооч нь гээд манай найзыг бидний хамт ГССҮТ-д авч явсан. Тухайн машин дотор нэг эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Хамт явсан эрэгтэй нь согтуу байсан ба дараа нь эмнэлэгт ирэхдээ хувцсаа больсон байдалтай байсан. Найзыгаа эмнэлэгт хэвтүүлчхээд эргэн осол болсон газарт ирж цагдаа нарт болсон явдлын талаар мэдүүлэг өгч, үзлэг хийхэд цэг, хаана унасан байршил зэргийг зааж өгсөн. Би тухайн үед ямар нэгэн тоормос гишгэх дуу чимээ сонсоогүй бөгөөд манай найзыг мөргөсөн машин гарц өнгөрөөд буудал дээр очоод байж байгаад хүн гарч ирэх шиг болсон. Тухайн өдөр үзэгдэх орчин хэвийн ямар нэгэн халтиргаа гулгаагүй, гэрэл ассан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Э-н өгсөн “...Тухайн өдөр би найзуудын хамт 10 хорооллын урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан ба бид заал авах гээд явж байсан. 3, 2-р эгнээний машин зам тавьж өгсөн бөгөөд 1-р эгнээгээр зам гарч явахад найз Э-г Ланд 200 маркийн автомашин мөргөсөн. Тухайн үед бид ногоон гэрлэн дохиогоор зам гарч явсан. Тэгээд тэр машин шууд зогсохгүйгээр автобусны буудал орж зогссон. Занабазар бид 2 шууд Э-г дээр очоод 2 талаар нь өргөөд явган хүний зам гаргасан. Тэгтэл 2 эгч машинаас бууж ирсэн бөгөөд эмнэлэг авч явсан. Дараа нь эмнэлэгт хат явсан гэх нэг ах ирсэн бөгөөд хувцсаа сольсон байдалтай толгойгоо угаасан байсан. Тэр ахаас архи үнэртэж байсан. Эргээд бид  Э  найзын өвөөгийн машинаар осол болсон газарт ирсэн бөгөөд цагдаа нарт осол болсон цэг, хэргийн газарт үзлэг хийхэд нь болсон явдлын талаар хэлж, зааж өгсөн. Тэр өдөр гадаа дулаахан замын хөдөлгөөн сийрэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Явган хүний явах гэрлэн дохио ажиллаж горим /хх-ийн 42 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны *** дугаар сарын ***-ны өдрийн ***** дугаартай “...Ж.Э-ийн биед баруун шаант ясны гадна доод булууны зөрүүтэй, хөндлөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах боломжтой тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** 2 дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-67 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн **** дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 70-71 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр 10-р хороололд хүмүүстэй уулзахаар яарч явсан ба 2 эгнээгээр явж байгаад 1-р эгнээ рүү орсон. Тэгтэл явган хүний гэрлэн дохио ассан байсан би улаан гэрлээр орж гарцаар гарсан хүнийг харсан. Тэгээд зогсоох арга хэмжээ авч дарсан бөгөөд хүн шүргэчихсэн. Тэгээд буугаад нөгөө машинд шүргүүлсэн хүнийг аваад ГССҮТ орсон. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Би яарч явсан болохоор тэр хүнийг хараагүй. Тухайн өдөр гадаа гэрэлтүүлэг ассан, цаг агаар тайван байсан. Хохирогчид одоогоор эмчилгээний төлбөрт 1.582.000 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гарах төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,

 

Хохирогч Ж.Э-ийн эмчилгээний зардал болох баримтууд /хх-ийн 19-21, 100-101 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 90 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 87 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 83 тал/, “Б” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 84 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85, 91 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Ц.Б нь “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд замд “Тоёота ланд круйзер” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “гэрлэн дохио нь дараа утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 19 настай, эрэгтэй Ж.Э-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгүүд, хохирогч Ж.Э-ийн мэдүүлгүүд, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 2-3 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 тал/, *** дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 70-71 тал/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-67 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ц.Б нь “Ланд круйзер 200” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио зохицуулагчийн наана, эсхүл төмөр замын гармын өмнө зогсоно гэсний дагуу өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслийг зогсоохгүйгээр хориглосон гэрлэн дохиогоор нэвтэрч явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э-ийн эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс нийт 8.432.000  / найман сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчийн зүгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдаж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-г шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед хохирогчид баримтаар төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж, хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу  жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэрэгт  дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

   

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч Ж.Э-ийн эмчилгээний зардалд нийт 8.432.000 /найман сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Ц.Б-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч,  түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ