Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/434

 

 

 

 

 

 

      2022        05          12                                     2022/ШЦТ/434

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Ж.Д  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарангэгээн овгийн Ж. Д д холбогдох эрүүгийн 2211000000848 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нарангэгээн овгийн Ж. Д , 1970 оны 5 дугар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, эхнэр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 4-123 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д  нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 23 дугаар гудамж 326Б тоот хаягт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас архины шилээр толгойн тус газар нь цохиж Б.Б ын биед баруун чамархай, дагзны хуйханд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.Д  нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 23 дугаар гудамж 326Б тоот хаягт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б ын   биед баруун чамархай, дагзны хуйханд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас    хэргийн 4 дэх тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-8 дахь тал/,

- хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би найз Ж гийн хамт танил Мөнхөө ахынд очсон юм тэгтэл Мөнхөө ахын найз гэх нэг буурал толгойтой Д  гэх ахтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялихгүй зүйлээс болж маргалдан муудалцсан юм тэгтэл тухайн Д  гэх ах ууж байсан архины шилээ аваад миний толгойн тус газар нэг удаа, хаанаас авсан юм мэдэхгүй нэг заазуур аваад толгойн тус газар цохичхоод заазуураа ширээн доогуур шидчихээд гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дахь тал/,

- гэрч Т.Ж тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би найз Б.Б той уулзаад бид хоёр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 23 дугаар гудамжны 326А тоот хаягт байрлах Мөөгий гэх ахынд очсон юм тухайн айлдаа очихдоо нэг шил архи барьж очсон тэгээд дахиж нэмж 3 шил архи аваад тухайн хаягт Мөөгий, буурал Д  гэх ах нартай хамт хувааж уусан юм тэгтэл Д  ах Б  хойр хоорондоо муудалцаад байсан тэгээд нэг мэдсэн чинь газар цус болчихсон шил хагарчихсан байсан би тухайн үед согтсон байсан учраас зарим нэг асуудлыг бол сайн санахгүй байна нэг мэдсэн Цагдаагийн газар ирчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- гэрч О.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр өдөр 16 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрээр дүүрэн архины шил хагарсан, халуун сав хагарсан байхаар нь юу болсон талаар асуухад эхнэр яг хэн хэнтэйгээ зодолдсон талаар мэдэхгүй байна гэсэн ямар ч байсан хоорондоо муудалцаад Д  нь Ж тын найзын толгой руу архины шилээр цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4363 дугаартай дүгнэлтэд: “...Б.Б ын биед баруун чамархай, дагзны хуйханд шарх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- шүүгдэгч Ж.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ний өдөр Мөнхөө гэх залуугийнд яваад очсон чинь хоёр танихгүй залуу Мөнхөөтэй хамт архи уугаад сууж байсан юм тэгээд тухайн хоёр залуутай бид гурав Мөнхөөгийн гэрээс гарч яваад дэлгүүр орж хоёр шил архи авч ирээд Мөнхөөгийн гэрт хувааж уугаад сууж байтал Ж тын найз гэх залуу нь шоронгийн хүн яриад намайг хэл амаар дарамтлаад агсарч байгаад босож яваад шургуулгаас хутга гаргаж ирээд одоо чамайг хутгална гэсэн чинь хамт явж байсан Ж т найз нь хутгыг нь булааж авсан юм тэгээд сууж байгаад дахиад хутга барьж аваад Ж тын найз гэх залуугийн толгой руу нь нэг цохчхоод би гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,

- шүүгдэгч Ж.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/, хохирогч Б.Б ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 64 дэх тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ж.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ж.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ж.Д д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Б.Б од үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 48.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Д  нь шүүхийн шатанд төлсөн бөгөөд хохирогчийн Б.Б  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ж.Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нарангэгээн овгийн Ж. Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ж.Д  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН