Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 183/2016/00664/И |
Дугаар | 183/ШШ2017/00292 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2017/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ба
Нэхэмжлэгч:Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В ХХК холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 244.490.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ба, Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А Н, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн гэр орноо тохижуулах зорилгоор 2016 оны 4 сарын 12-ны өдөр “Валиант интериос“ ХХК-иас гэрлийн бүрхүүл, хөшиг авахаар үзэж сонирхсон. Улмаар 9 ширхэг обажур, цонхны хөшигний зургийг каталогоос харуулсан. Захирал Елизабет Коппа нь обажуруудаа Португали улсад үйлдвэрлэсэн, гар хийцийн алтадсан, уулын болор гэж, хөшгөө Итали даавуугаар хийгдсэн гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрхи обажуруудыг каталогоос танилцуулж захиалж болно гэсэн. Бид сайн чанарын үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа тул гэрчилгээ, тоо ширхэг, гарал үүсэл, өнгө загварыг тодорхойлсон бичиг баримтаа үзүүлж, гэрээгээ байгуулъя гэж хэлтэл ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Бидэнд үзүүлсэн каталоги зургаас харахад дээрхи гэрлэн бүрхүүл, хөшгүүд таалагдсан. Үнэтэй олон гэрэл, хөшиг захиалж байгаа тул үнийг хямдруулах боломжтой биз дээ гэж асуухад Монголчууд бараа авна үнээ буулгаач гэж асуудал үүсгээд дараа нь алга болчихдог тул гэрээ хийх үед үнийг хямдруулж гэрээг байгуулах ба захиалгаа албан ёсоор болгоно, тэр хүртэл манай ажилтанд мөнгөө хадгалуулчих гэсний дагуу тус компанийн ажилтан Б.Оюунсүрэн болон захирал Елизабет Коппад 6 нэр төрлийн 9 ш гэрлийн үнэ 205.890.000 төгрөг, 6 цонхны хөшигний үнэ 38.000.000 төгрөгийг үнийн саналын дагуу өгсөн. Өөрөөр хэлбэл дээрхи үнийн саналд зураг бүрийн ард хэмжээ, обажур тус бүрийн код, үнийг бичсэн. Үнийн санал дээр дурдсан обажураас эхний 4 нь бэлэн байсан тул суурилуулсан. Суурилуулсны дараа 2 гэрлийн хэмжээ зөрсөн, дээрх 4 бүрхүүлд ямар ч дагалдах бичиг баримт ирээгүй. Үлдэх 4 гэрэл дээр бэлгэнд өгөх гэрлийг нэмж 5 гэрлийг 2016 оны 6 сарын эхний 7 хоногт суурилуулахаар тохирсон. Гэтэл үнийн саналд дурдсан 7 дахь гэрлийг суурилуулахад хэмжээ өөр, өнгө үзэмж огт өөр гэрэл суурилуулсан. Мөн гал тогооны өрөөнд нэг хайрцагтай юм орхиод явсан ба дотор нь обажур буюу гэрэл байхгүй суурь төмөр байсан. Түүнийгээ 6 гэрэл гэж тооцоод байгаа. Нөгөө тал тайлбарлахдаа араас нь болорууд нь ирнэ гэдэг. Тэгэхээр нэг үйлдвэрийнх гэхэд итгэл төрөхгүй байна. Гэрлийн суурь, болор чийдэн нь тусдаа байдаг гэдэгт итгэхгүй байна. Хөшигний хэмжээ, үнэ дээр тохирсон боловч хэмжээ захиалснаас бага, зарим нь миний сонгосон материалаар хийгдээгүй, түүнчлэн нэгж үнээ бидэнд мэдэгдэлгүй дураараа нэмсэн байсан. Хөшигний материал болон чимэглэлийг Итали улсад үйлдвэрлэгдсэн болохыг баримтаар нотлохоос татгалзсан. Тиймээс бид тус компанийн захирлын анхны хэлсэн шиг Португали, Италид үйлдвэрлэсэн эд зүйлийг бидэнд худалдаж байна гэдэгт итгэхгүй, сайхан гоё зураг үзүүлчихээд Эрээн, Хятадаас ирсэн эд зүйл нийлүүлж байгаа байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Мөн үнэ хэмжээг дураараа өөрчилдөг, албан ёсны бичиг баримт үйлдэхээс татгалздаг байгаа учраас цаашид энэ компаниас худалдан авалт хийх нь эрсдэлтэй болон ямар ч боломжгүй гэж үзэж байна. Хэдийгээр дээрхи гэрлэн бүрхүүлээс 4 ширхгийг суурилуулсан боловч 9 ширхэг гэрлэн бүрхүүл маань цуг цогц байж гоё сайхан харагдах байсан. Тийм ч учраас өрөөнүүдэд бөөнөөр нь захиалсан. 4 ш бүрхүүл болон хөшиг нь үнийн санал болгож байснаасаа үнэ, хэмжээ, өнгө, загвар нь ноцтой зөрж ирсэн. Иймд худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангасан, анх захиалсан эд зүйлийг нийлүүлээгүй, доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 205-р зүйлд зааснаар “Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаана” гэсний дагуу 9 ш гэрлэн бүрхүүл, 6 өрөөний цонхны хөшигний үнэ 244.490.000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 4 сарын 08-нд Э.Копатай уулзаж, 70 сая төгрөгийг бэлнээр урьдчилгаа гэж өгч, гэрлийн бүрхүүл захиалсан. Бэлэн байсан 3 гэрлийг суурилуулсан. Гарал үүслийн болон дагалдах бичиг баримт өгөөгүй. Бидний захиалгат бүрхүүлийг 5 сарын 27-нд ирлээ гээд 30-нд угсарсан. Захиалгыг баталгаажуулах хүсэлт гаргасан ч 5 сарын 31-нд баталгаажаагүй байсан. Гэтэл хэрэгт байгаа гаалийн мэдүүлгээр 6 сарын 03-нд бараа ирсэн байна. Тэгэхээр өнгө, загвар, хэмжээ зөрсөн нь бидний захиалсан бүрхүүлийг суурилуулаагүй гэсэн үг. Бүрхүүл өгсөн хэмжээнээс зөрсөн талаар хэлэхэд сольж өгнө гэсэн, дахиад авчирсан нь мөн л зөрсөн, Хэмжилт хийхэд 40-50 см зөрсөн, 2 том өрөөг тусгай зориулалттай, 45 градусын налуу хийнэ гэсэн ч тэгш таазныхыг хийх гэж байсан. Таазны гэрэл захиалсан байтал биднийг хуурч ханын зориулалттайг авчирсан. Болор, алтадсан бүрхүүл гэж хэлсэн боловч шил байсан, шинжээч болор биш гэдгийг нотолсон, одоог хүртэл сертификатгүй байгаа. Шил бүрхүүл ийм үнэтэй байх ёсгүй. Хөшиг нь Италийнх биш, захиалсан хэмжээнээс богино хийсэн байснаас бид хүлээж аваагүй. Бүрхүүл Португалийнх гэчихээд Европ явж авчирсан, Хятад дрожийг АНУ-ынх гээд санал болгосон. Бид таазны гэрэл захиалсан байхад хананы гэрэл суурилуулах гэтэл уртадсан. Хэргийн 100 дугаар хуудсанд ийм загварыг хий боломжгүй гэж Серип хариу өгсөн байгаа. Иймд биднийг мэдээллээр буруу хангасан, эд хөрөнгө доголдолтой байсан, дагалдах бичиг баримтыг шаардаад байхад гаргаж өгөөгүй тул бүрхүүл, хөшигний захиалгын гэрээг цуцалж, төлбөрийг буцаан гаргуулна гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батхүү болон Баярсайхан нар нь дэлгүүрт ирж, 4 сарын 4-ний даваа гарагт анх удаа уулзсан. Батхүү нь гар утсан дээрээ Сериф гэрлийн компанийн веб хуудас болон зургуудыг үзүүлсэн. Тус гэрлийн компанийг “Вайлент Арт” ХХК нь Монгол улсад төлөөлдөг. Эхнэр нөхөр 2 хоёулаа Англиар ярьж байсан, Батхүү Польш хэлээр хүртэл ярьж байсан. 4 гэрэл авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, заримыг утсан дээрээс харуулж, зарим нь миний үзүүлсэн каталог дээр байсан. Би гэрлүүдийг Португал дахь Серифийн үйлдвэрт янз бүрийн хэлбэр дүрстэй шилэн унжлагуудтай гар аргаар хийдэг гэж хэлэхэд тэд мэдэж байсан. Унжлагуудыг уулын болор гэж тэдэнд хэлээгүй. Гэрлийн эх биеийг металаар хийдэг учраас хүнд, үнэтэй, гэрлийг хүссэн хэмжээгээрээ захиалж хийлгэх боломжтой, энэ тохиолдолд бүх төлбөрийг бүтнээр нь урьдчилан төлөх ёстой гэж хэлсэн. Тэд энэ мэдээллийг баяртай хүлээж авч, мөнгөнд ямар ч асуудал байхгүй гэсэн. Жардини хотхон дахь гэртээ очиж том өрөө болон хоолны өрөөний “хэцүү хананд” ямар гэрэл тохирох тухай болон цонхнуудын хэмжээг авч, хөшигний материалын өнгө дизайны сонголт дээр зөвлөгөө өгөхийг хүсч, 4 сарын 5-нд уулзахаар тохиролцсон. Гэрт нь би туслах Цэндээ, техникийн ажилтан Төрболдын хамт очиж гэрлийн талаар ярилцаж Батхүү болон Баярсайхан нарын хамтаар 6н цонхны хэмжээг авсан. Тэдэнд Сериф гэрлийн каталогийг дахин үзүүлж 9 гэрэл сонгосноос 2 нь манай дэлгүүрт бэлэн байсан. 4 сарын 6-нд гэрлийн үнийн саналыг тэдэнд өгсөн. Би гэрэл үйлдвэрлэх хугацаа 4-6 долоо хоног байдаг бараа хүргэх хугацаа агаараар эсвэл контейнероор авч ирэх эсэхээс хамаарна гэж тайлбарласан. Бид ойролцоогоор 6 дугаар сарын дундуур бүх гэрлүүдийг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Тэр үед тэд ямар ч сертификат гарал үүслийн бичиг баримт авах хүсэлт гаргаагүй. Манайх бүх бараагаа дагалдах сертификат, баталгааны шаардлагатай бичиг баримтуудын хамт хүргэж өгдөг. Батхүү бүх ажлын угсралт дууссаны дараа гэрээнд гарын үсэг зурах уу гэж асуухад би “жирийн борлуулалт хийхэд гэрээ хийдэггүй, үнийн санал болон нэхэмжлэл хийж өгдөг, харин төсөл буюу санааг нь гаргаад интерьерийн зургийг хийгээд тохижилтын буюу барилгын ажил хийх зэрэг ажлууд багтсан төсөл дээр зөвхөн гэрээ хийдэг. Хэрэв хүсвэл бид гэрээ хийж болно, борлуулалтыг үнийн санал болон НӨАТ багтаасан эцсийн нэхэмжлэлээр л баталгаажуулдаг” гэж хэлсэн. Батхүү “бид НӨАТ төлөх хүсэлгүй, ямар нэг бичиг баримт хэрэггүй” гэсэн. Би тэдэнд гэрлийн 5 хувийн 10.836.353 төгрөгийн хөнгөлөлт өгсөн. Хөнгөлөлт болон бэлэглэсэн 5.157.750 төгрөгийн үнэтэй 1 гэрлийн дараа цэвэр барааны үнэ 205.890.700 төгрөг болж, Батхүү 8-ны Баасан гарагт бүх төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 70 сая төгрөгийг компанийн ажлын байранд бэлнээр төлөхдөө их яаруулж нягтлан мөнгө төлсөн баримт үйлдэх гэхэд хүсээгүй, мөнгө хүлээж авсан гэдгээ л биччих гэсэн. Батхүү Хятад явсан шалтгаар үлдэгдэл төлбөрийг хоцроосон. Бид эхний төлбөрт үндэслэн бүх гэрлийг хослуулан мөнгөлөг өнгөөр үйлдвэрт захиалгыг өгсөн. Би 4 сарын 11-нд Португалид очиж захиалсан, бараагаа яаралтай авахыг хүссэн тул үйлдвэрээс нь шууд онгоцоор авч ирэхийг санал болгосныг зөвшөөрсөн. 3 гэрэл нь тусгай хэмжээ, өнгөөр захиалгаар хийгдэж, үйлдвэрээс 6 сарын 15-нд гарах байсан. Баярсайхан 4 сарын 12-нд гэрлийн үлдэгдэл төлбөр 135.890.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Баярсайхан хэдэн өдрийн дараа манай ажил дээр ирээд химийн үелэх системтэй хөшиг, ханын цаас хийлгэхийг хүссэн. Ханын цаасыг буруу ойлголцол, мэдээлэл хожуу дамжуулснаас 4 сарын 27-нд гэрт нь наасны дараа Баяраа цуцлахыг хүссэн. Би 2.798.640 төгрөгийн ханын цаасыг үнэ төлбөргүй өгсөн. Би даавууны ямар ч каталог үзүүлээгүй. Баяраа хэдэн өдрийн өмнө өөрөө үзсэн байсан. Маргааш нь хөшигний материалыг сонгохдоо өнгө, загвар, хэлбэр дээр зөвлөгөө өгөхийг хүсч би материалууд 3 м-ийн интэй итали даавуунууд гэдгийг хэлсэн. Бид энэ төрлийн даавуу Монголд оруулж ирдэг ганц компани, даавуу бүр нь өөр өөр. Хэдэн өдрийн дараа хөшиг болон хивсэнцрийн 48.571.908 төгрөгийн саналыг үнэтэй байна гэхэд нь 10 сая төгрөгийн хөнгөлөлт санал болгосноор хийлгэхээр болсон. Шинэ байр нь бэлэн болоогүй байсан учраас угсралт хийлгэхээр дуудахыг хүлээ гэсэн. Манай ажилтнууд 4 сарын 27-нд очиж манайд бэлэн байсан 2 гэрлийг суурилуулж, ханын цаасыг надаас захиалсан шинэ цаасаар сольсон. Коридорын шатан дээр байрлах урт гэрлийн шилэн унжлагаас хэдэн ширхгийг өөр өнгөөр солихыг хүссэн, Батхүү өнгөт унжлагуудыг хаана хаана байрлуулах хар зураг гаргаж өгсөн. Баяраа шилэн шат, үүдний хэсэгт хивсэнцэр тавиулахыг болон хүүхдийн тоглоомын хэсэгт тавих хивсэнцрийн дизайныг гаргаж өгөхийг хүссэн. Би 5 сарын 11-нд үйлдвэрт бэлэн байгаа гэрлүүдийг авч, 5 сарын 28-нд 5 гэрэл авч ирэх хүртэл бидний харилцаа сайн байсан, бид ч үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцүүлэн хэрэгтэй бүх зүйлийг хийж байсан. Гэрт нь суулгасан гэрлүүдэд баяртай байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл намайг Европт байх үед тэд ажил руу утсаар захиалсан гэрлүүд хаа байна гэж маш ууртай ярьсан. Би түүнтэй гадаадаас яриад маш их гайхсан. 6 сарын дунд барааг хүлээлгэн өгөх байсан талаар ярилцаад Батхүү “6 сарын 20 хүртэл хугацаа өгье” гэсэн. Тэр үед би түүнийг уурлаж, сэтгэл хангалуун биш байх шалтаг хайж байна гэж сэжиглэсэн. Дараа нь дахин маш ууртай ярьсан. Намайг ирсний дараа тэр Оросоос авсан үнийг үзүүлж, манайхаас хямд байна гэсэн. Би Орос дахь Серифийн төлөөлөгчөөс үнийн санал авахад Орост авсан адил гэрлийн үнэ нь манай үнэ олон улсын худалдааны жишигт нийцсэн нь харагдсан. Түүний үзүүлсэн Орос үнэнд тээврийн зардал, бараа хүргэлттэй холбогдох бусад зардлууд багтаагүй байсан болон тусгай үйлчилгээ үзүүлэх боломжгүй онлайн дэлгүүр байсан. Манай ажилчид 5 сарын 30-нд очиж 6 цонхонд хөшигний зам суурилуулсан. 4 ш гэрэл суурилуулж, шилэн унжлага ирэхээр гал тогооны 1 гэрлийг угсрахаар хайрцагтай ньүлдээсэн. Тэр өдөр коридорын урт гэрлийн З шилийг үйлчлүүлэгчийн хүссэнээр өөр өнгөт шилээр сольсон. 2 гэрлийн шилийг аяллын явцад хагарахгүй байлгах үүднээс суурьтай нь хамт багладаггүй нь үйлдвэрийн баглаа боодлын журам юм. Би гэрлийн бүх хэсгүүдийг авч 5 сарын 24-нд ирэх байсан ч Монголын билетийн агентын маань алдаанаас болж 3 хонож, 27-нд ирсэн. Ачааны талыг үлдээснээс дээрх 2 гэрлийн шил үлдсэн. Нохой нь үсэрч хагалах эрсдэлтэй гэж ханын 2 гэрлийн унжлагуудыг богино байлгах, өөрөөр байрлуулахыг хүссэн. Гэтэл дараа нь 20 см богино гэрэл өгсөн гэж буруутгасан. Таазанд нь зориулан авч ирсэн гэрэл тэдний 6 сард бэлэн болгохоор захиалсан гэрлээс өөр хэмжээстэй байсан, үйлдвэрт байсан бэлэн гэрлийг түр авч ирсэн талаар хэлсэн ч ярьж ойлголцоогүй. Гэртээ үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч том өрөө, хоолны өрөөний гэрлүүд нь ирж амжаагүй байсан тул өөрөөр шийдэх гарцын талаар туслах Цэндээ Баяраатэй ярилцсан. Баяраа 5 сарын 31, Батхүү 6 сарын 2-нд нягтлан руу утасдаж мөнгөө буцааж авахыг шаардаж дарамталсан. Би 3 дахь удаагаа явж бэлэн болсон гэрэл, үлдсэн ачааг авч 6 сарын 16-нд ирж, үлдсэн барааг нийлүүлж суурилуулахад бэлэн болсныг мэдэгдсэн албан бичиг илгээхэд “дугаар андуурсан байна, юу ч захиалаагүй” гэсэн хариу авсан. Үйлчлүүлэгчийн зүгээс энэ мэт байдлаар огт хүлээж авахгүй байсан учраас түр суурилуулсан гэрлийг авч, энэ хэлцлийг дуусгах оролдлогууд амжилтгүй болсон. Өмнө нь бид жижиг хэмжээтэй өгсөн гэрлийг том хэмжээтэйгээр солихыг хүссэн ч зөвшөөрөөгүй, жижиг гэрлийг буцааж өгөөгүй. Батхүү Вайлентын оффист камертай ирж, танайхаас юу ч худалдан аваагүй, мөнгөө байршуулан хадгалуулж байсан гэж мөнгөө буцаан авахыг шаардсан. Батхүү намайг, миний ажилтнуудыг айлган сүрдүүлж хулгайч гэж дуудаж хамт ирсэн хүндээ “эд нарыг сайн бич, мөнгө угаагч луйварчид, би хэвлэл мэдээлэлд хандана” хэмээн хашгирч байлаа. 6 сарын 27-ны үд дунд Батхүү, Баярсайхан камертай ирж, манай үйл ажиллагааг бүдүүлгээр тасалдуулж гадны үйлчлүүлэгчтэй хийж байсан уулзалт руу дайрч орж хулгайч гэж дуудаж уулзалтад саад учруулсныг хамгаалалтынхан зогсоож чадаагүй тул цагдаад хандсан. Тэд 1 өдрийн дотор компани руу 50 удаа дуудлага хийж дарамталсан. Баярсайхан нэхэмжлэлдээ олон зүйлийг буруу мэдээлсэн байна. Намайг, компанийг, миний нөхрийг минь, гэр бүлийн гишүүдийг минь бүх ажилчдын өмнө ална гэж айлган сүрдүүлж, хамаатан садан, бизнес, машиныг чинь сүйрүүлнэ гэж заналхийж, намайг болон ажилтнуудыг маань доромжилсон. Шангрилла моллд дэлгүүрт ирж, үйлчлүүлэгчдийн өмнө хашгирч энэ луйварчнаас битгий юм худалдаж аваарай гэж үйлчлүүлэгч нарт сануулж байсан. Батхүү нь нэмж 45 сая төгрөгийн хөнгөлөлт өгсөн нөхцөлд үлдсэн бараагаа авья гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үйлчлүүлэгчийн гэрлэнд үзүүлсэн хөнгөлөлт 10.836.353, бэлэглэсэн гэрэл 5.157.750, хөшигний хөнгөлөлт 10.000.000, үнэгүй өгсөн ханын цаас 2.798.640, үйлчлүүлэгчийн өмнөөс төлсөн гэрлийн НӨАТ 20.589.000, нийт 49.381.743 төгрөг гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 сарын 04-нд гар утсан дахь зургаар захиалга хийж болохыг асуухад нь боломжтой гэж саналыг хүлээн авч, 4 сарын 05-нд захиалга өгч, гэрт нь очиж гэрлийг суурилуулах хэмжилт хийсэн. Нэхэмжлэгч нар 9 ширхэг гэрлийн сонголт хийсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн. 4 сарын 08-нд бэлэн байсан 3 гэрлийг суурилуулсан. Захиалгыг Серип компанид өгсөн, Серип баталгаа ирүүлсэн, 44 хуудсанд байгаа баримтаар тусгай захиалгаар хийж болохыг нотолно. Нэхэмжлэгчийн 5 сарын 31 гэхэд захиалаагүй гэснийг няцаана. 57.007.106 төгрөгийн үнэтэй гэрлийн бүрхүүлийн хэмжээ зөрсөн, 37.790.300 төгрөгийн бүрхүүлийн хэмжээ 20-25 см зөрсөн. Дутуу тухайн захиалсан барааг солих санал тавьсан ч зөвшөөрөөгүй, гэрээнээс татгалзаж мөнгөө авна гэсэн. Хөшигний үнээс 10 м дутуу байгаа үнийг суутгаад хүлээлгэн өгөх саналтай байна. Болор гэдэг нь болор шиг тунгалаг, талст хэлбэр гэж орчуулагдана. Иргэний хуулийн 204.1, 204.5, 205.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, 255.1-д зааснаар 2 ш бүрхүүлийг хүлээн авсан тул худалдан авагч шаардах эрхээ алдсан. Мөн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах боломжтой байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хариуцагч “Валиант интериос” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 244.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг “Вайлент арт” ХХК-иар солих, хамтран нэхэмжлэгчээр Б.Батхүүг татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрлийн хэмжээ зөрсөн, ямар ч дагалдах бичиг баримтгүй, болор гэрэл биш шил байсан, хөшигний хэмжээ, үнийг тохирсноос дураар нэмсэн, хэмжээ нь бага, сонгосон материалаар хийгээгүй, Португали, Италид үйлдвэрлэсэн бичиг баримт үйлдэхээс татгалзан худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй, захиалсан эд зүйлийг нийлүүлээгүй, доголдолтой бараа нийлүүлсэн, бүрхүүлүүд цогцоороо гоё сайхан харагдах байсан тул гэрээнээс бүхэлд нь татгалзаж төлбөрийг буцаан гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь худалдан авагч талд уулын болор гэж хэлээгүй, дагалдах сертификат, баталгааны шаардлагатай бичиг баримтуудын хамт хүргэж өгдөг, тэд ямар ч сертификат гарал үүслийн бичиг баримт авах хүсэлт гаргаагүй, Иргэний хуулийн 204.1, 204.5, 205.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, 255.1-д зааснаар 2 ш бүрхүүлийг хүлээн авсан тул шаардах эрхээ алдсан, 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах боломжтой байхад гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч нар нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрлийн бүрхүүлийг захиалгаар хийж худалдах боломжтой талаар хариуг авч, 9 ширхэг гэрлийн бүрхүүл, хөшиг, хивсэнцэр худалдан авах санал гаргасныг хариуцагч компанийн захирал хүлээн авч, тохирчээ.
Хариуцагч “Вайлент арт” ХХК нь Серип компанийг Монгол улсад төлөөлж, органик гэрлийн бүрхүүлийг худалдаалдаг компани болох нь хариуцагчийн тайлбар, “Serip” органик гэрэлтүүлгийн үйлдвэрийн баримт болон түүний төлөөлөгчтэй Элизабет Копагийн харилцаж байсан мэйл хаягаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан ба 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Серип органик гэрлийн үнийн саналаас үзэхэд талууд 7 төрлийн 8 ширхэг гэрлийн бүрхүүлийг 216.727.056 төгрөгөөр, 15 нэр бүхий төрлийн хөшиг, чимэглэлийг 41.096.280 төгрөгөөр, хивсэнцэрийг 3.060.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоныг гэрээний гол нөхцлийг тохиролцсон гэж үзнэ. /1 хавтас ХХ-58/
Дээрх баримтуудад
- 1 ширхэг 35.790.300 төгрөгийн үнэ бүхий, бэлэн байгаа бүрхүүлийг дэлгүүрээс, үлдэх 7 ширхэг бүрхүүлийг захиалахаар, худалдагч тал нь 1 гэрлийн бүрхүүлийг бэлэг болгон өгч захиалах, худалдагч тал нийт үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлтийг олгож, 205.890.704 төгрөгөөр худалдахаар,
- 15 нэр бүхий төрлийн хөшиг, чимэглэл, хивсэнцэрийн үнэ 48.571.908 төгрөгөөс хөнгөлж, 38.599.296 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч тал 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн гэрт очиж, 6 цонхны хэмжээг авч, гэрлийг суурилуулах хэмжилт хийсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэтгэн нийлүүлэх үүргийг хүлээх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр зохицуулжээ.
Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь 2016 оны 4 сарын 08-ны өдөр 70.000.000 төгрөгийг гэрлэн бүрхүүл худалдан авах урьдчилгаа болгож, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бүрхүүл, хөшиг, хивсэнцэрийн үлдэгдэл төлбөр 135.890.000 төгрөгийг “Вайлент арт” ХХК-ийн санхүүд тушааж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Худалдагч тал болох хариуцагч компани нь 4 дүгээр сарын 27-ны өдөр очиж бэлэн байсан 3 гэрлийг хүлээлгэн өгч, суурилуулсан боловч гэрлийн хэмжээ зөрсөн, энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагч талд мэдэгдсэн, захиалгат 4 ширхэг гэрлийн бүрхүүлийг 5 дугаар сарын 30-ны өдөр угсарсан боловч мөн хэмжээ нь зөрүүтэй байсан, захиалагч нь таазны гэрэл захиалсан байхад хананы гэрэл нийлүүлсэн, дагалдах баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, “Serip” органик гэрэлтүүлгийн үйлдвэрийн төлөөлөгчтэй Элизабет Копагийн харилцаж байсан захидлаар нотлогдож байна.
“Вайлент арт” ХХК-ийн захирал Элизабет Копа нь 2016 оны 5 дугаар 30-ны өдрийн захидалдаа чанар болон гарал үүслийн гэрчилгээг шаардсан, мөн “тэр захиалсан навчтай гэрлүүд хүссэн хэмжээ болон хэлбэрээр хүлээн аваагүй нь миний буруугаас болсон, би захиалсан хэмжээг нь анзааралгүй зөвхөн өнгөнүүдийг нь л харсан” гэж, “каталогийн АП1426/75-аас захиалсан 2 гэрэл 120-ийн урттай гэсэн байхад 1 м байна” гэж, “гэрлэн доторхи болорууд бидний хүлээн авснаас хэтэрхий урт байсан” гэж, ликвед иж бүрдэл 3ш ба 1ш, болорууд биш зөвхөн өлгөх металл хүлээн авсан” гэж, “навчнуудын өргөнийг 2.65 см болгон нэмэх ба 65 см дутсан” гэж бичсэн байна. /2-50 хуудас, “Монголын мэргэшсэн орчуулагчдын холбоо” ТББ-ын орчуулгын 97 хуудас/
2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн захиалсан гэх бүрхүүлүүдийг суурилуулсан гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар нь түүний захидалд “захиалсан гэрэлтүүлгийг “Serip” үйлдвэрийн ажилтан Илда 5 сарын 27-нд бэлэн болно гэж хэлсэн, 6 сарын 2-3 хооронд барааг очиж авахаар бичсэн” гэж бичсэн болон Гаалийн мэдүүлгээр бараа 6 дугаар сарын 03-ны өдөр Монголд орж ирсэн баримтуудаар няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн захиалсан барааг суурилуулаагүй, өнгө, загвар, хэмжээний хувьд зөрүүтэй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Нэхэмжлэгч тал хөшигнүүд нь захиалсан хэмжээнээс богино хийсэн, материал болон чимэглэлийг Итали улсад үйлдвэрлэгдсэн болохыг баримтаар нотлохоос татгалзсан тул хүлээж аваагүй гэж тайлбарласныг хариуцагч нь 10 м дутуу хийгдсэн, дрож Хятадынх байсныг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй, гэж, 252 дугаар зүйлийн 252.1-д “худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Учир нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрлийн бүрхүүлүүд нь дагалдах бичиг баримтгүй, гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ зөрүүтэй, хөшигнүүдийн уртыг цонхны хэмжээнээс богино байсан, нэхэмжлэгч нар нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцлах талаар сануулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан захидлуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нь суурилуулсан гэрлийг нэхэмжлэгч нар хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбарлаж байгаа боловч эд хөрөнгө доголдолтой талаар гомдол гаргаж, гэрээг цуцлах талаар худалдагч талд мэдэгдэж байснаар үгүйсгэгдэж байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж зохицуулжээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн эдлэх эрхийг зохицуулсан ба доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхийг эдлэх боломжгүй юм.
Учир нь гэрэл үйлдвэрлэх хугацааг 4-6 долоо хоног, тээвэрлэлтээс шалтгаалан илүү хугацаа шаардагддаг талаархи хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нар нь тухайн эд хөрөнгийн доголдлыг арилгуулахад хугацаа алдахаас гадна хариуцагч нь “Serip” үйлдвэрийн ажилтанд энэ талаар мэдэгдэж, дахин үйлдвэрлүүлэхийг хүссэн захидлын хариуд техникийн шалтгаанаар үйлдвэрлэх боломжгүй гэж ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцалж, барааны үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээг цуцалж, хариуцагч /РД:5014638/ “Вайлент арт” ХХК-иас 244.490.000 төгрөг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.360.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 1.360.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгов.
Хариуцагч тал гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцалж, хариуцагч В ХХК-иас 244.490.000 /хоёр зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б, Ба нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.360.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 1.360.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Хариуцагч тал гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ