Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,   

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Наранхүү, С.Эрдэнэцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг,  

шүүгдэгч Н.Нямжаргал, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Борисын Наранхүү, Сангирагчаагийн Эрдэнэцэцэг, Намсрайн Нямжаргал нарт холбогдох эрүүгийн 201524001154 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Эрэндо овгийн Борисын Наранхүү, 1971 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр багийн Нарангийн 6-5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регитрийн дугаар ХО71052708.

2. Боржигон овгийн Сангирагчаагийн Эрдэнэцэцэг, 1966 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 50 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт арга зүйч багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ66060189.

3. Өнөр овгийн Намсрайн Нямжаргал, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт арга зүйч багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1-53 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ85102601.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Наранхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын өөдөөс талх болон бусад эд зүйл шидэж, дүрэмт хувцаснаас нь зулгаан урсан зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Эрдэнэцэцэг, Н.Нямжаргал нартай бүлэглэн танхайрсан,

  Шүүгдэгч Н.Нямжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын үснээс зулгаах, цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Эрдэнэцэцэг, Б.Наранхүү нартай бүлэглэн танхайрсан,

  Шүүгдэгч С.Эрдэнэцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын дүрэмт хувцаснаас зулгаах, түлхэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Наранхүү, Н.Нямжаргал нартай бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Наранхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Эрээн хот руу явахад Эрдэнэтуяа багшийн төрсөн өдөр болж нэг шил архи гаргаад уусан. Мөн удалгүй дахин нэг тал шил архи уусан. Тэгсэн Атарцэцэг багш согтож уйлаад орилоод бөөлжихөд хажуу талын хүн гар утсаараа бичлэг хийсэн. Ингэхдээ бичлэг хийж фэйсбүүкид тавина гэсэн. Тэгээд бичлэг хийсэн хүмүүсийг болиулах гээд маргаан болсон. Цагдаа нар ирэхэд бичлэг хийж байгаа хүнийг болиулаач гээд талх авч шидсэн…” гэв.

Шүүгдэгч  Н.Нямжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч  С.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид нар 2015 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу вагоноор явах замдаа Эрдэнэтуяа эгчийн төрсөн өдөр гээд архи уусан. Тухайн үед бид ажлаа тараад хоол идээгүй болохоор хурдан согтож дуу чангарсан байдалтай байсан. Цагдаа ирээд шаардлага тавихад би сууж л байсан. Тэнд Атарцэцэг нь бөөлжөөд байсан болохоор Нямжаргал цэвэрлэсэн. Тэгэхэд хүмүүс бичлэг хийгээд байна гэсэн. Би нөгөө талд сууж байсан болохоор бичлэг хийж байгааг мэдээгүй. Харин Наранхүү нь бичлэг хийгээд байна, хүний мууд яасан дуртай юм бэ гээд тэрүүгээр шуум үүссэн. Тэгээд цагдаа ирээд шаардлага тавьсан. Ер нь бужигнаан нилээн ширүүн болж цагдаа Наранхүүг хүчтэй түлхэхээр нь би тэсэлгүй босоод “эмэгтэй хүнийг яасан ширүүн түлхдэг юм” гээд анхаарлыг өөртөө хандуулж цагдаад нэг хүрсэн. Тэрнээс цагдааг эсэргүүцэж маргасан, зорчигч нартай маргалдсан зүйл байхгүй. Мөн “Элбэгдоржийн бууны нохой” гэж хэлээгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч С.Бат-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд аялал хийж явсан Улаанбаатар төмөр замын суудлын 274 дугаартай галт тэргэнд хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явахад шөнийн 22: цаг 30 минутын үед үйлчлэгч нэрийг нь мэдэхгүй байна 19 дүгээр вагонд согтуу хүүхнүүд агсам тавиаад хүн унтуулахгүй байна гэсний дагуу хэв журам сахиулахаар цагдаа ахлах ахлагч Идэрийн хамт 19-р вагонд очиход 5 эмэгтэй явж байсан бөгөөд 1 эмэгтэй нь согтуу унтаж байсан. 4 эмэгтэй нь чанга, чанга яриад олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж байсан. Би тэр 4 эмэгтэйд “та нар дуугаа намсгаарай хүмүүс унтаж байна” гэж хууль ёсны шаардлага тавихад миний өөдөөс Эрдэнэцэцэг нь “энэ вагон нийтийн” вагон чамд хамаагүй чи Эрүүгийн хууль мэдэх үү Элбэгдоржийн бууны нохой минь чамайг ер нь хэн дуудсан юм бэ” гэж хэлээд надад бичиг баримтаа шалгуулаагүй. Намайг дуудлагаар энэ хүмүүс дээр ирчихсэн байхад л чанга, чанга яриад байсан. Тэгэхээр нь би ахиж шаардлага тавихдаа “та нар дуугаа намсга” гэж хэлсэн тэгтэл Наранхүү нь “чамайг хэн дуудсан юм чи яваач бид нар юм ярьж байна” гээд надруу төмөр шинжтэй аяга, шаазан шинжтэй аяга, улаан том хуванцар савтай хоол, дотроо махтай нь хамт надруу шидээд савтай хоол нь гэдсэнд ирж цохисон шаазан аяга нь шидэх үед нь хагараад хагархай нь эрүүнд ирж зүссэн. Гялгар ууттай байсан талхнуудаараа намайг гар мөрлүү цохьсон талх нь уутнаасаа унчхсан чинь хурааж аваад бас талхаараа цохьсон дараа нь тайлж тавьсан гутлаа авч гар мөрлүү цохьсон.Наранхүү нь гутлаар цохиж дуусаад үснээс зулгаагаад нүдрүү хуруугаа хийгээд хувцаснаас татаж цагдаагийн хар хувцасны баруун талын энгэрийн халаас баруун талын мөрдөс татаж товчийг нь урсан. Наранхүүг яг хувцаснаас тата байхад Эрдэнэцэцэг нь дотуур өмсч явсан подволкноос татаад зулгаагаад байх үед Нямжаргал нь надад хандан “чи бид нарыг зүгээр орхичихооч” гээд дал хавсарч гараараа цохиод байсан. Би тэд нарт зориулж та нар хаана юу хийдэг хүмүүс вэ гэхэд чамд хамаагүй “бид нар чамд бичиг баримтаа шалгуулахгүй” гэж орилолдож байсан.Тэгээд Нямжаргал, Наранхүү хоёрыг тайвшруулаад өрөөрүүгээ дагуулж яваад өрөөндөө оруулаад бичиг баримтыг нь шалгах үед Наранхүү нэлээн тайвширсан байсан тэгээд би бичиг баримтаа авчирна гээд буцаад вагон руугаа явсан. Энэ үед Нямжаргал нь надад 2 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт өгөөд “чи надад ус аваад ир гэж гараа сарвайлгахаар нь би “мөнгийг нь авахгүй би чиний усанд явмааргүй байна гэхэд” чи надаас 20000 төгрөг авсан биз дээ” гэж намайг гүтгэсэн тэгэхээр чи гар утсан дээр бичлэг хийж авсан. Намайг бичлэг хийсэн чинь чи аль намын хүн юм чиний даргыг чинь хэн гэдэг юм бичлэгээ унтраа гээд орилж чаралж миний үснээс зулгааж өшиглөж цохьсон, мөн нүүрний баруун шанаанаас маажсан энэ үед би цахилгаан бороохой гаргаж ирж зузаан гуяанд нь цохиулах гэсэн боловч өөдөөс ноцолдож гар татаад гэдэс хавиараа цохиулсан. Тухайн үед галт тэрэгний дарга, үйлчлэгч билет шалгагч нар гарч ирээд харж байсан мөн нийтийн хоолны худалдагч нар амар ч байгаад сэрээд өрөөнөөсөө гарч ирээд хараад зогсож байсан. Энэ бүх үйл явдал болж байхад ахлах ахлагч Идэр хажууд байсан. Идэр Нямжаргалыг тайвшруулж вагон руу нь явуулсан. Дархан дээр вагон ирэхэд галт тэрэгний дарга Эрдэнэбаяр над руу залгаад нөгөө хүмүүс чинь ахиад агсан тавиад байна эд нарыг Дархан дээр буулгаж үлдээхгүй юм уу гэхэл “274 дүгээр вагон дээр яваад очтол тухайн вагоны бүх зорчигч нар сэрчихсэн энэ хүмүүсийг буулгаж болохгүй юу амрах арга алга гэхэд Төмөр замын Цагдаагийн хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэж Дархан дээр буулгаж саатуулах зөвшөөрөл авсаны дагуу ахлах ахлагч Идэр, дэд ахлагч Одбаяр, ахлах ахлагч Ганзориг бид нар буулгасан...” гэжээ /хх-30-31/.

Гэрч М.Пүрэв-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Дархан зангилаан дээр ажил үүргээ гүйцэтгэж явахад суудлын галт тэргэнд цагдаагийн шаардлага эсэргүүцэн цагдаагийн ахлагч Бат-Одын нүд рүү нь хуруугаараа хатгаж хэл амаар доромжлон вагонд хамт явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэний дагуу Дархан өртөөний цагдаагийн өрөөнд 23 цаг 50 минутын орчим явж ороход суудлын цагдаа ахлагч Бат-Од, ахлах ахлагч Идэр, Дархан зангилааны цагдаа ахлах ахлагч Пүрэв-Очир нар агсан тавьсан гэх 3 эмэгтэйтэй хамт байж байсан. Тэгтэл хаалга онгойлгоод  нэг цэнхэр куртиктэй эмэгтэй миний хажуугаар гүйж орж ирээд ахлагч Бат-Од , ахлах ахлагч Идэр хоёрыг цохих гээд дайраад хэл амаар доромжилсон болж өгвөл цохих гээд байсан цохиж байхыг  нь хараагүй цохих гээд гараа сарвалзуулаад дайраад байсан тэр үед нь бид салгаж аваад Дарханы Цагдаагийн саатуулах байрлуу хүргэж өгсөн. Дээрхи 5 эмэгтэй тавуулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан…” гэжээ /хх-37/.

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 17-ны 22:00 цагийн үед 274 дүгээр галт тэрэгний даргын үүрэг гүйцэтгэж явахад вагоны үйлчлэгч нараар дамжуулан 19 дүгээр вагонд согтуу эмэгтэйчүүд агсам тавиад байна, цагдаа дуудах шаардлагатай байна гэсэн. Дуудлагын дагуу цагдаа Идэр надад ирж нөхцөл байдлыг танилцуулан. Тэгтэл зорчигч нараас гомдол ирсэн, би болсон асуудлыг шалгахаар өөрийн биеэр 19 дугаар вагоны голын суудалд сууж явсан эмэгтэйчүүдийг очиж харахад 5 эмэгтэй согтуу агсам тавиад байсан. Би тэр 5 эмэгтэй агсам тавиад байгаа 3-т нь хандаж та нар олон нийтийн газар, зорчигч нарыг амраахгүй, ийм байдалтай явж болохгүй гэхэд хэтэрхий согтуу байсан учраасс над руу ууж явсан ундааны саваа шидсэн, мөн зорчигч нараас энэ хүмүүсээ буулгаа ч гэсэн гомдол санал ирсэн. Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг өшиглөөд, хэл амаар доромжилсон байдалтай хувцас нь урагдсан нүүрийг нь маажсан байхыг харсан…” гэжээ /хх-41/.

Гэрч Э.Идэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгаас Улаанбаатар орох 274 дугаартай галт тэргэнд ахлагч Бат-Одын хамт суудлын цагдаагийн үүрэг гүйцэтгэж явахад 2 дуудлага зэрэг гарсан. Нэг нь 19 дүгээр вагонд буюу хагас зөөлөнд цагдаа дуудаж байна гэсэн нөгөө дуудлага нь нийтийн вагонд ирсэн тэгэхээр нь Бат-Од 19 дүгээр вагоны дуудлагыг авахаар би нийтийн вагоны дуудлага авахаар 2 тийшээ салаад явсан. Би нийтийн вагонд очиход нэг хүн тамхи татсан байсан асуудлыг нь шийдвэрлээд 19 дүгээр вагонд ахлагч Бат-Одын дуудлага дээр очиход уг вагоны голд 5 суудал дараалан авсан байсан одоо санаж байгаагаар 17, 18, 19, 20 дугаар суудлууд байсан санагдаж байна. Дээрх 5 эмэгтэйгээс 1 нь нам унтаж байсан нэг 2 эмэгтэй хүн Бат-Одыг хэл амаар доромжлоод “чи яах гэж ирсэн юм чи Элбэгдоржийн захиалгаар ирсэн үү бид энэ вагонд чинь мөнгөө төлөөд явж байна”  гэж орилж хашгирч байсан нэг сүүлд нэрийг нь мэдсэн Нямжаргал гэгч нь Бат-Одын куртик хувцасыг татаж чангаагаад байсан дараа нь харахад мөрдөснийх нь товч нь тасарсан байсан. Намайг очиход Бат-Одын нүүрийг нь маажсан байсан. Бат-Од энийг хардаа гээд надад харуулж байсан. Би тэр эмэгтэйчүүдэд хууль ёсны шаардлага тавьж та нар олон нийтийн газар явж байна. Энд байгаа зорчигч нарынхаа амгалан тайван байдлыг алдагдуулж байна, тэгэхээр одоо боль гэхэд бидний тавьсан шаардлагыг хүлээн авах чадвар байгаагүй согтуу байсан учраас хэлсэн үг болгоныг хэрүүл болгон хүлээн авч өөдөөс дайрч байсан. Тэгээд бидний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоор нь илүү их дайраад байсан Наранхүү, Нямжаргал хоёрыг вагонруугаа авч явсан. Цагдаагийн өрөөнд Бат-од хоёр эмэгтэйгийн хамт үлдсэн, би замдаа явж байгаад вагоны даргатай уулзахаар даргын өрөөнд очиж Эрдэнэбаяр даргад гарсан дуудлагын талаар танилцуулахдаа 5 эмэгтэй хүн вагонд архи ууж, хэрүүл хийж, зорчигч нарын тав духыг алдагдуулсан 2 эмэгтэйг нь цагдаагийн өрөөнд авчирсан байгаа. Эмэгтэй хүмүүс учраас буулгаад яахав эвийг нь олоод амраах гээд үзье гэж хэлэхэд дарга за тэгье та нар өөрсдөө зохицуулаарай гэж хэлсэн. Тэгээд би буцаад цагдаагийн өрөөнд ирэхэд Нямжаргал нь Бат-Од руу орилж хашгираад яахаараа намайг цахилгаан бороохойгоор цохиулдаг юм. Чамтай би алалцана гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ахлагч Бат-Одыг гаргаад Нямжаргалыг тайвшир битгий орилоод бай гэж нэлээд аргадсан чинь хэсэг тайвширсан /30 сек/. Тэгээд дахин орилоод агсам тавиад байсан. Энэ үед кассир болон үйлчлэгч хоёр орж ирээд чи эмэгтэй хүн байж болиоч гэж хэлэхэд тоохгүй байсан. ....галт тэрэгний дарга Эрдэнэбаяр энэ эмэгтэй хүмүүсийг буулгахгүй бол болохгүй нь ээ зорчигч нар гомдол гаргаад дээшээ доошоо утасдаад байна мөн дээр нь орилж хашгираад хүмүүсийг амраахгүй байна гэж гомдол ирээд байна гэж хэлсэн. ...эмэгтэйчүүдийг буулгах гэхэд хамгийн настай удирдан авч яваа гэх эмэгтэй нь бид яахаараа буух ёстой юм. Бид энэ вагонд чинь мөнгөө төлж явна гээд эсэргүүцсэн бид хариуд нь та галт тэргэнд архи ууж танхайрсан мөн дээр нь зорчигч нарын амгалан тайван байдыг алдагдуулсан дахин, дахин сануулсан боловч та нар тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа учир буулгахаас өөр арга алга гэж хэлсэн чинь хүлээн зөвшөөрөхгүй орилж чарлаад зорчигч нарын уурыг хүргэсэн хажуугаас зорчигч нар та нар наад хүмүүсээ буулгаа ч ээ зүгээр ч явахгүй хүмүүсийг хэл амаар доромжлоод байна гэж гомдол гаргаад байсан...” гэжээ /хх-42-43/.

Гэрч Б.Пунсалдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 19 дүгээр вагоны 40 дүгээр местэнд сууж явсан. Анх гаднаас 5 эмэгтэй орж ирээд надаас 1 суудлын цаана буюу тэр 5 эмэгтэй өөд өөдөөсөө харсан суудалд, харин тэд нарын яг өөдөөс харсан суудлын эсрэг талдын хажуугийн суудалд буюу их ойрхон сууж явсан. Эхэндээ би хөгжим сонсоод чихэвчтэй байсан учраас тэр 5 эмэгтэй архи ууж байхыг мэдээгүй, тэгээд нэг босоод бие засах гээд явах үед архи ууж байхыг нь харсан. Би яг мэдэж эхэлсэн нь 22 цаг байх. Тэгтэл тэр 5 эмэгтэй туранхай шар эмэгтэйгээ архиар шахаад дээрэлхээд байх шиг байсан. Бүгдээрээ чанга чанга орилоод хоорондоо муудалцаад байхаар нь тэнд явсан ойр суусан зорчигч нар одоо та нар архиа боль олон нийтийн газар явж байж соёлгүй байна гэх мэтээр шаардлага тавихад өөдөөс нь бид нээлттэй нийгэмд амьдарч байна. Бид нар хоорондоо учраа олох гэж байна гээд сүүлдээ барьцалдаж аваад настай бүдүүндүү эгч арай залуу 2 хоорондоо болохоо болих үед зорчигч нар үйлчлэгч эмэгтэйг дуудаж хэлсэн чинь үйлчлэгч ирээд тэр эгч нарт одоо та нар архиа боль хүндрэл учрууллаа гэхэд огт үгэнд орохгүй хүлээн аваагүй. Үйлчлэгч эмэгтэйн үгэнд орохгүй болохоор нь нэг ах та нар боль олон нийтийн газар явж байж гэхэд аяга авч газар шидэж хагалсан. ...удалгүй 2 цагдаа ирсэн. Тэгээд цагдаа та нар архиа боль билетэнд байгаа сануулгыг уншиж үз гэж маш эелдэг зөөлөн шаардлага тавьсан чинь бүгдээрээ л бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс хаана юу хийх нь хамаагүй гэж хэлсэн. Тэд нар дунд туранхай шар бөөлждөг нь юу ч хэлээгүй, бөөлжсөөр байгаад тасраад унтаад өгсөн. Тэр 4 эмэгтэйгээс 2-3 нь цадаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд биед нь хүрээд нүүрийг нь хумсаараа урж, мөрөн дээр байдаг нарийн юмыг нь тасдаад байсан. 2-3 нь л дайраад байсан. Одоо санаж байгаагаар нэг махлаг шар эмэгтэй, 1 хөгшин махлаг бор эмэгтэй, 1 залуухан бор туранхай эмэгтэй 3 л дайраад байсан...” гэжээ /хх-47/.

Гэрч Б.Хишигжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 24.00 цагийн үед Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахад Дархан дээр вагон зогсох үед Орхоноос Улаанбаатар чиглэлийн 274 дугаартай галт тэрэг ирж зогссон байсан бөгөөд 5 эмэгтэй агсам тавиад зорчигч нарыг амраахгүй байна гэсэн дуулага Дарханд ирсэн тухай сонссон тэгтэл цагдаа ахлагч Бат-Од нь дуудлага гарсан туслаад хэдэн хүнийг вагоноос буулгаад өгөөч гэхээр хамт 19 дүгээр вагонд ороход 3 эмэгтэй байсан 2 эмэгтэй нь буугаад явсан байсан нэг нь  унтаж байсан. Хоёр нь сэрүүн сууж байсан тэгээд бид нар вагоноос бууна уу зорчигч нар гомдол гаргаад байна гэхэд настай ахлаж яваа эмэгтэй нь бидний тавьсан шаардлагыг шууд эсэргүүцээд та нар салаагаараа ирсэн гээд орилж чарлаад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл хажуунаас зорчигч нар, та нар наад хүмүүсээ хүчээр буулгаа ч ээ арай дэндэж байна. Эрдэнэтээс гарсан цагаасаа л ингэж явлаа гэж их дургуйцсэн болохоор эсэргүүцээд байсан эмэгтэйг ахлах ахлагч Ү.Ганхөлөг би ахлагч Бат-Од, ахлах ахлагч Идэр бид нар өргөж буулгасан нөгөө хоёр нь зүгээр буусан. Дархан өртөөн дээр буулгаад ирсэн чинь ахлагч Бат-Од руу нөгөө эмэгтэй дайраад хэл амаар доромжлоод байсан...” гэжээ /хх-47/.

Гэрч З.Отгон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би 274 дугаартай галт тэрэгний 20-р вагоны үйлчлэгч хийж явсан яг одоо вагоны тоогоо санахгүй байна 20 байсан байх байнга солигдож байдаг болохоор андуураад байна. Ажиллаа хийж явахад 5 эмэгтэй Орхоноос 18 цаг 35 минутанд билетээ шалгуулаад суусан. Тэгээд 21 цагийн үед би хүмүүсийнхээ дундуур явж байхад ямар нэгэн чимээ байгаагүй архи дарс ууж байгаа зүйл анзаарагдаагүй тэгтэл Орхон туул орж ирэхийн өмнө буюу 22.00 цагийн үед гал хийх гээд явж байх үед нөгөө 5 эмэгтэйгийн дуу нь чангараад хоорондоо инээж хөхрөөд байхаар нь за энэ хүмүүс зорчигч нарыг амраахгүй нь дээ гэж бодоод та нар одоо унтаж амараарай 22.00 цаг өнгөрөөд гэрэл унтраах болно гэхэд за гээд тас, тас хөхрөөд хүмүүс амраахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан тэгтэл Бат-Од цагдаа ганцаараа ирсэн чинь цагдааг хараад нөгөө эмэгтэйчүүдийн гурав нь чангараад л цагдаа руу дайраад үгийг нь сонсохгүй байсан нэг нь тасраад бөөлжөөд хэвтсэн хажууд нь нэг намхан настай эмэгтэй тэрийгээ тэврээд байгаад байсан. Халигмаг үстэй настай эмэгтэй нь бөөлжиж байсан эмэгтэйг наанаа бөөлж энд үйлчлэгч байна гээд бусдыгаа уриалаад хэрүүл дэвэргээд байсан. Цагдаа тэр эмэгтэйд хандан та нар олон нийтийн газар явж байна. хүмүүсийн амралтын вагон шүү гэж маш олон удаа хэлсэн боловч хүлээж авахгүй цагдаагийн хувцасыг гуравлуулаа тал талаас нь наашаа, цаашаа татаад нүүр амыг нь самардаад, идэж ууж байсан юм аа авч шидээд байсан. Яг хэн нь хаанаас нь зулгаасныг мэдэхгүй, ямар ч л байсан ганц цагдааг гурван эмэгтэй нааш цааш нь татаж чангаагаад хувцас, нүүр амыг нь зулгаагаад, дээр нь хоёр аяга шидэж хагалсан, бараг над руу чамаас боллоо гээд халимаг үстэй, бусдыгаа ахлаж яваа гэх эмэгтэй нь дайрсан. Аяга хэн шидсэнийг хараагүй, нэг мэдсэн газар унаад хагарсан байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод зүгээр мөрөөрөө шал, жорлонгоо угааж чадахгүй байж гээд идэж, ууж байсан юм аа газраар нэг цацаад нэгийгээ наанаа бөөлж, энэ цэвэрлэгч гээд байсан. Цагдаа тэр 3 эмэгтэйг цаашаа гээд л гарыг нь түлхэхийн тэгэхээр ахиад л нэг нь  ирээд нөгөө газраас нь зулгаагаад л орьлолдоод хажууд явсан зорчигч нар дургүйцээд энэ хүмүүсээ буулгаач амармаар байна гээд тал, талаас шаардлага тавьсан. Тэгээд удалгүй цагдаа Идэр ирээд байдал арай нэг намдаад 2 эмэгтэйг нь цагдаа өрөө рүүгээ аваад явсан тэнд юу болсоныг мэдэхгүй. Тэгээд вагоны дарга мэдээд зорчигч нар уурлаад байхаар нь Дарханд буулгахаар болоод буулгах гэтэл бас эсэргүүцээд буухгүй орилоод янз янзаар цагдаа нарыг хараагаад арай гэж өргөж буулгасан. Бөөлждөг нь ямар муухай юм бэ гээд уйлаад л юмаа аваад буусан хажууд нь бас нэг настай эмэгтэй байсан тэр 2 нь ямар нэгэн эсэргүүцэл анхнаасаа үзүүлээгүй. Ахлаж явсан эмэгтэй, тарган махлаг шар эмэгтэй, туранхай бор эмэгтэй гурав л агсам тавьсан. Ахлах эмэгтэй нь агсам тавьж цагдаа болон бид нарыг хэл амаар доромжилсон намхан бор, туранхай махлаг шар 2 цагдаатай зууралдаад байсан...” гэжээ /хх-48/.  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ¹16560 дугаар дүгнэлт:

“1. Бат-Одын биед хамар, хацарт  зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-59/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97-99/, эд зүйлийн үнэлгээ /хх-115/, оршин хаягийн тодорхойлолт /хх-94, 194/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Наранхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын өөдөөс талх болон бусад эд зүйл шидэж, дүрэмт хувцаснаас нь зулгаан урсан зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Эрдэнэцэцэг, Н.Нямжаргал нартай бүлэглэн танхайрсан,

 

  Шүүгдэгч Н.Нямжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын үснээс зулгаах, цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж С.Эрдэнэцэцэг, Б.Наранхүү нартай бүлэглэн танхайрсан,

 

  Шүүгдэгч С.Эрдэнэцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 22.00-00.00 цагийн үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Бат-Одын дүрэмт хувцаснаас зулгаах, түлхэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Наранхүү, Н.Нямжаргал нартай бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Бат-Одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ¹16560 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                                                                                           Шүүх, шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт ял шийтгэхдээ тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч С.Бат-Од нь “...шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэснийг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрэндо овгийн Борисын Наранхүү, Боржигон овгийн Сангирагчаагийн Эрдэнэцэцэг, Өнөр овгийн Намсрайн Нямжаргал нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтныг бүлэглэн эсэргүйцэж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранхүү, Н.Нямжаргал, С.Эрдэнэцэцэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН