Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 525

 

2019 оны 8 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0525

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: МХХК

Хариуцагч: ШӨХТГУАХБ У.Х, УБ Д.М, Л.А нар.

Гомдлын шаардлага: ШӨХТГУАХБУ.Х, УБД.М, Л.Аын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч улсын ахлах байцаагч У.Х, УБ Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: ШӨХТГУАХБУ.Х, Д.М, Л.А 2018 оны 11 сарын 13-ны өдөр МХХК-д холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 10.2.5 дахь хэсгээр зөрчлийн хэрэг нээсэн 0 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Иймд манай компанийн зүгээс 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан боловч 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/155 тоот дугаартай Томдолд хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэж хариуг ирүүлжээ. Иймд манай МХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

ШӨХТГУАХБУ.Х, Д.М, Л.А 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр МХХК-д холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 10.2.5 дахь хэсгээр зөрчлийн хэрэг нээсэн 0 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус ажиллагааны дагуу 2018 оны 12 сарын 11 өдөр Хөдөлгүүр түлш, этилжээгүй бензин, Техникийн шаардлага МИ8 0217:2017 монгол улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон гэж үзсэн байна.

Гэхдээ тус үндэслэлийг нотолсон баримт нь ямар баримт болох нь тодорхойгүйн дээр тус автобензин АИ-92 автобензинээс авсан дээжийг хэрхэн авсан буюу МNS 2018:2008 дээж авах арга Монгол Улсын стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад АИ-92 автобензинээс дээж авч шинжилгээ хийлгэсэн дүгнэлт байхгүй. Манай компанийн зүгээс хамгийн боломжит байдлаар шинжилгээ хийлгүүлэн тус шинжилгээний үр дүнд АИ-92 бензин нь чанарын шаардлагад нийцсэн гэж гарсан хариуг хүртэл хүргүүлсээр байхад эрх бүхий албан тушаалтан нь хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээ аваагүй.

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр МХХК-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлагын хүрээнд марганецийн агууламжийн хэмжээг тодорхойлох зорилгоор итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулан, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулж хариу илгээхийг шаардсан. Гэтэл марганецийн агууламжийг зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын иргэний агаарын тээврийн Оношилгоо, хэмжилзүйн лабораторид тодорхойлдог. Тус лаборатори нь хувийн хэвшлийн байгууллагын хүсэлтээр сорилт, шинжилгээ хийдэггүй гэсэн хариу өгч бидний хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Иймд Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн А ХХК лабораториор АИ-92 автобензинд шинжилгээ хийлгэсэн хариуг хавсралтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 18-724 албан тоотын хамт хүргүүлсэн боловч бидэнд ямар ч хариу өгөлгүйгээр шийтгэл оногдуулсан бөгөөд албан шаардлага нь бодит

байдал дээр биелэгдэх боломжгүй байсан.

Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх үүргийг хүлээдэг. Захиргааны байгууллагын зүгээс манай компанитай нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс хамтран ажиллах ёстой байсан боловч хэлбэрийн төдий ажиллагааг хийж шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. УБнь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй. Гэтэл тус үүргээ биелүүлээгүйн дээр бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

Иймд ШӨХТГУАХБУ.Х, УБД.М, Л.Аын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээж авах МNS 0218:2018 стандарт холбогдох журмыг зөрчсөн: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий 2 байцаагч 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МХХК-ийн ШТС-6 салбарт ирж иргэдээс гомдол ирсэн гэж хэлээд колонкийн хошуугаар АИ-92 шатахуунаас дээж авсан байдаг. Ингэхдээ хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй, тэмдэглэл хөтөлж, лацыг тэмдэглэлд тусгаагүй, дүрс бичлэгээр баримтжуулаагүй нь ажлын хэсгүүдийн ажиллах заавар, удирдамжаа зөрчсөн төдийгүй, дээж хадгалах, хамгаалах журам стандартыг хэрхэн мөрдсөн, гадны нөлөө, битүүмжлэл хэрхэн хангагдсан, бусадтай солигдолгүйгээр хүргэгдсэн эсэх баталгаа зэргийг хэрхэн хангасныг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох боломжгүй болгож байна. Тодруулбал, тухайн өдөр нийслэлийн дүүргүүдэд байрлах нефть импортлогч нийт 10 компанийн шатахуун түгээх станцад энэхүү ажиллагааг нэгэн зэрэг явуулж, тухайн дээжүүдээ гагцхүү Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо, хэмжил зүйн лабораторид хүргүүлсэн нь тухайн компанийн дээж маргаагүй мөн гэх баталгаанд эргэлзээ төрүүлж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн үйлдэл зөрчил болох нь хангалттай тогтоогдож байх учиртай бөгөөд энэ үүднээс дээжийг 2 хувааж нэг хэсгийг шинжилгээнд, нөгөөг 3 сар хүртэл хугацаанд хадгалах зорилгоор дээжийн лонх савыг тусгай стандартын дагуу хаягжуулж, таглан лацдаж тамга дараад маргаан гарсан тохиолдолд дахин шинжлүүлж, нотолгоонд ашиглахаар хадгалах журамтай. Энэ талаар Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга МNS 0218:2018 стандартын 7.2-7.7 болон Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бинзин. Техникийн шаардлага МNS 0217:2017 стандартын Шинжилгээний арга. Дээж авах 9.1-д тодорхой заасан. Гэтэл хариуцагч 2 дахь дээжийг устгасан байгаа нь шинжилгээний энэхүү журам, гэм буруутай үйлдлийг хангалттай нотлох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, нөгөө талаас нэхэмжлэгчийн нотлох баримт шалгуулах, нотлох баримт гаргаж мэтгэлцэх хуульд заасан эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Тодруулбал, хавтаст хэргийн 74-76 дүгээр талд тус компанийн төлөөлөгчөөс мэдүүлэг авах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхийг нь тайлбарласан атлаа Лацадсан байгаа салбарын савнаас 2 талын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлгаж байгаад мэргэжлийн түвшинд дээж дахин авч шинжлүүлэх хэргийн оролцогчийн хүсэлтийг огт хэрэгсээгүй буюу хүсэлтийг хангах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй байна. Дурдсан ажиллагаа нь Монгол Улсын стандарт Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. МNS 0217:2017 техникийн шаардлага баримт бичгийн 9.Шинжилгээний арга 9.1 Дээж авах хэсэгт Бензиний дээжийг МNS 0218 стандартад зааснаар ...Тухайн бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг бараан өнгөтэй шилэн эсхүл металл саванд дахин авч шинжилнэ гэсэн журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээс аргагүйд хүргэж байна.

Стандартад заасан /МNS 0217:2017/шинжилгээний аргыг зөрчсөн: Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МХХК-ийн борлуулж байсан АИ-92 шатахуун нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бинзин. Техникийн шаардлага МNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй нь ...нотлох баримтаар тогтоогдсон ...сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензин дэх маргенцийн агууламж 0.8+()-01 мг/дмЗ тодорхойлогдсон гээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан гэжээ.

МХХК нь Оросын Холбооны Улсын Р компаниас олон улсын стандартад нийцсэн нефть бүтээгдэхүүнийг импортлон тус улсын шатахууны хэрэглээг хангах үйлчилгээг эрхэлж буй 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд бүтээгдэхүүн татан авалт бүхэнд тус компаниас бүтээгдэхүүний чанарын тодорхойлолтыг олон улсын төвшинд нийцүүлэн ирүүлдэг бөгөөд улмаар Монгол Улсын зохих хил гаалийн хяналтын лабораториор шалгуулж, олон улсын эрх бүхий итгэмжлэгдсэн Ампер лабораториор баталгаажуулан худалдан борлуулдаг болно. Өнгөрсөн 20 гаруй жил энэ л журмаар явсан бөгөөд энэхүү маргаан бүхий 92 бензиний хувьд мөн журмыг мөрдсөн бөгөөд Оросын Холбооны Улсын Р компани нь маргаан бүхий бензиний марганецийн агууламжийг ГОСТ Р 51925 шинжилгээний аргаар шинжлээд марганеци байхгүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Түүнчлэн Ампер лабораторийн сорилт дүгнэлт ямар нэгэн зөрчил илрээгүй болно.

Хэрэгт авагдсан Стандарт, хэмжилзүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/734 тоот албан бичигт: Өнөөдрийн байдлаар ...итгэмжлэгдсэн 15 лаборатори байгаагаас газрын тосны бүтээгдэхүүн /түлш, дизель, бензин, тос тосолгооны материал/-д маргенцийн агууламж тодорхойлдог лаборатори бүртгэгдээгүй болно. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо, хэмжилзүйн лабораторийн хувьд 2015 оноос 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд МNS АSТМ D 5185:2008 ашигласан тосолгооны материал дахь бохирдолт, элэгдлийн металл, чанар сайжруулагч элемент мөн суурь тосонд агуулах идэвхтэй элементийг индукцийн холбоот плазмтай атомын эмиссийн спектрометрээр тодорхойлох арга стандарт / МNS АSТМ D 5185:2008/-ын дагуу бүх төрлийн бензин тосолгооны материал марганецын агууламж тодорхойлох шинжилгээг гүйцэтгэхээр итгэмжлэлийн гэрчилгээ олгогдож байсан талаар дурджээ.

Түүнчлэн хавтаст хэргийн 62 дугаар талд Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудасны Сорилт шинжилгээний үр дүн хүснэгтийн 10 дугаарт шинжилгээний үзүүлэлт болох марганецийн агууламжийг тодорхойлсон шинжилгээний аргын стандарт МNS АSТМ D 5185:2008 болохыг, мөн хавтаст хэргийн 114 дэх талд Гаалийн ерөнхий газар Гаалийн төв лабораторийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07/2101 албан бичигт: Монгол Улсын стандарт Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. МNS 0217:2017 техникийн шаардлагад ГОСТ Р 51925 стандартын дагуу марганецийн агууламжийг тодорхойлно гэсэн зэргээс үзэхэд ашиглагдсан тос тосолгооны материал дахь маргенцийн агууламжийг тодорхойлдог МNS АSТМ D 5185:2008 стандартын шинжилгээний аргыг ашиглаж гаргасан үр дүнг, МNS 0217:2017 стандартад тавигдах техникийн шаардлагад дүйцүүлж хэрэглэсэн нь буруу юм. Тодруулбал, маргаан бүхий АИ-92 автобензин дэх маргенцийн агууламжийг Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага МNS 0217:2017 стандартад заасан ГОСТ Р 51925 шинжилгээний аргаар тодорхойлоогүй байна.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.6-д зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн захиргааны байгууллага барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах эрх үүргийн хүрээнд шинжилгээ хийлгүүлж байгаа лабораторийн эрх хэмжээ, аль стандартаар итгэмжлэгдсэн үйл ажиллагаа явуулдаг болох, стандартад заасан шинжилгээний аргаар шинжилж байгаа эсэхэд хяналт тавих тодруулбал, маргаан бүхий автобензин дэх маргенцийн агууламжийг тогтоох итгэмжлэлтэй эсэхийг шалгаж тодруулахгүйгээр МХХК-д торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байх тул ШӨХТГУАХБУ.Х, УБД.М, Л.Аын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын УБнараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр МХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-6 салбарт жижиглэнгээр орлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний дүнгээр АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.8+0.01 мг/дмЗ тодорхойлогдсон асуудлыг Нийслэлийн Прокурорын газарт хянуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж МХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дугаартай шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

1. АИ-92 автобензинээс авсан дээжийг хэрхэн авсан буюу МNS 0218:2008 Стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй байна гэсэн тухайд:

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын ажлын хэсэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Шадар Сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны 19 дүгээр тушаалаар батлагдсан Бүтээгдэхүүнээс дээж авах акт-ын загвар, Лабораторид дээж өгсөн тэмдэглэлийн маягтын дагуу шинжилгээнд дээж авч, Монгол Улсын стандарт МNS 0218:2008 стандартын 5.4-т заасны дагуу хэвтээ савны дээжийг түгээгүүрийн хошуунаас авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхай газрын тосны төв лабораторийн ашигладаг зориулалтын цэвэр, хуурай шилэн лонхонд битүүмжлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн нь 0 дугаартай зөрчлийн хэрэгт хавсаргасан Бүтээгдэхүүнээс дээж авах актын загвар, Лабораторид дээж өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад АИ-92 автобензинээс авч шинжилгээ хийлгэсэн дүгнэлт байхгүй гэсэн тухайд:

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лобаториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний үр дүнг ирүүлсэн ба лабораторийн сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг. МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад танилцсан.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжилзүйн лабораторид хандсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, албан шаардлага нь бодит байдал дээр биелэгдэх боломжгүй гэсэн тухайд:

МХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгодог бүх төрлийн шатахууны импортын болон бөөн, жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.1,1-д чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох гэж, 7.1.2-т импортолсон бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн эсэх талаар итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулах гэж, 9.3.7-д бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх гэж тус тус заасны дагуу МХХК нь импортлон борлуулж буй шатахууны чанар, стандартыг тогтоох үүрэгтэй байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн
шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасан байдаг бөгөөд МХХК-ийн борлуулж байсан АИ-92 шатахуун нь

Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин Техникийн шаардлага МNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй нь сорилт шинжилгээний лабораторийн шинжилгээний дүгнэлт, эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

2018 онд шатахууны худалдаа эрхлэгчид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн шалтгаанаар жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн ч олон улсын болон Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхгүй автобензин хэрэглэгчдэд борлуулж иргэд, хэрэглэгчдийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учруулж буй асуудлыг харгалзан МХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19-136 дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч МХХК тус шүүхэд хандан ШӨХТГУАХБУ.Х, УБД.М, Л.Аын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, дээж авах /МNS 0218:2018 стандарт/ холбогдох журмыг зөрчсөн, стандартад заасан /MNS 0217:2017/ шинжилгээний аргыг зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.    Гомдол гаргагчийн гомдолд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 1/12 дугаар удирдамжийг батлан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр нэр бүхий 5 шинжилгээний байгууллагад хамтран ажиллах саналыг хүргүүлж, газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах дараалал, аргачлалыг тус тус баталжээ.

Дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр МХХК-ийн Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах ШТС-6 салбараас тус салбарын ахлах түгээгч Б.Зг байлцуулан акт үйлдэн, Аи-92 маркийн автобензин 2 литрийг дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00440308 хэмээн кодлон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2/1087 дугаар Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийн дагуу мөн өдрийн 16:32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгчээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар сорилт шинжилгээний хариуг хүргүүлжээ. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч шинжээчээр ажиллан, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

Шалгалтын ажлын хэсэг шалгалтын дүнг нэгтгэсэн танилцуулгыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 15 дугаар тогтоолыг гаргаснаар УБД.М 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 52 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэнийг хяналтын прокурор танилцан зөрчлийн хэргийн 0 дугаарыг олгосон байна.

Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 1/1537 дугаар албан бичгээр МХХК-нд мэдэгдэл хүргүүлсэн дагуу МХХК-иас Д.Нийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авчээ.

Улмаар, УБД.М 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МХХК-ийн ШТС-6 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоох саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дүгээр тогтоолоор ШТС-6 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэж, тус газрын УБнар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МХХК-ийн ШТС-6 салбарын Аи-92 шатахууны 1, 2 дугаар хошуу, 1, 2 дугаар нөөцийн сав зэрэг эд хөрөнгийг битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1562 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулахаар хандсанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Быг шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Дүгнэлтээр ... Марганецын агууламжийг 0.25мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзнэ. ... Дээжид марганецын агууламж 0.8 0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анга /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын УБнар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5/24 дүгээр Улсын байцаагчийн албан шаардлагыг МХХК-д хүргүүлэн, 0005541 дүгээр шийтгэлийн хуудсаар МХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг шалган тогтооход шаардлага процесс ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бүтээгдэхүүнээс дээж авах акт, аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй хэмээн маргаж буй МХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний дүгнэлт хэргийн материалд байхгүй хэмээн маргаж байх боловч тус хэрэгт нотлох баримтаар авагдсан 0 дугаар Зөрчлийн хэрэг, түүнд авагдсан холбогдогч МХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг, Д.Нид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 хавтас 76 хуудас бүхий зөрчлийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл зэрэг баримтаар гомдол гаргагчийн төлөөлөгч дээрх дүгнэлтүүдтэй танилцаж, мэдсэн болох нь тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Гомдол гаргагч МХХК-ийн гомдолд дурдсан дээж авах /МNS 0218:2018 стандарт/ холбогдох журмыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т .хяналт

шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-т заасанчлан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд явуулж буй хяналт шалгалттай холбогдсон харилцаа тус хуулиар, хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой харилцаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан журмаар тус тус зохицуулагдахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасанчлан хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах бүрэн эрхийнхээ хүрээндээ мөн зүйлийн 16.1.6-д заасанчлан дээж авч, барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэжээ.

Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам-ын 3 дугаар зүйлийн 3.4-д Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УБакт үйлдэнэ, 3.5-д Бүтээгдэхүүнээс дээж авах актыг гурван хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан, шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид өгч, үлдэх хувийг шалгалтын материалд хавсаргана. Бүтээгдэхүүнээс дээж авах актад хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн индекс, хувийн дугаар, хувийн бүртгэлийн дугаарыг бичнэ, 3.6-д Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна, 3.9-д УБдээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. ... Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага МNS0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн /Шинжилгээний арга/ 9.1-д Бензиний дээжийг MNS 218 стандартад зааснаар бензин тус бүрээс 2 литрээс багагүй хэмжээтэй дундаж дээж авна гэж тус тус заасанчлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын УБнар 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр МХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШТС-6 салбараас тус салбарын ахлах түгээгч Б.Зг байлцуулан акт үйлдэж, АИ-92 маркийн автобензин 2 литрийг МNS 0218:2008 /Дээж авах арга/ стандартын 7 дугаар зүйл 7.1/газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90% хүртэл хийнэ/-д заасан стандартын дагуу 1 литрийн багтаамжтай зориулалтын лац бүхий тагтай шилэн саванд дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00440308 хэмээн кодлон, мөн өдрийн 16:32 цагт Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бүтээгдэхүүнээс дээж авах акт, аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул дээж авах /МNS 0218:2018 стандарт/ холбогдох журмыг зөрчсөн хэмээн маргаж буй МХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.

3. Гомдол гаргагчаас гомдолдоо дурдсан стандартад заасан /MNS 0217:2017/ шинжилгээний аргыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болох Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 08/б/122, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/734 дүгээр албан бичигт дурдсанаас үзэхэд 2015 оноос 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тус улсад газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүнд сорилт гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн 15 лаборатори байснаас газрын тосны бүтээгдэхүүн болох түлш, дизель, бензин, тос тосолгооны материалд марганецын агууламжийг тодорхойлох итгэмжлэл Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид л олгогдсон байна.

Итгэмжлэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/239 дүгээр тушаалаар тус лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтыг батламжлахдаа газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн дэх марганецын агууламжийг тодорхойлох үзүүлэлтийг итгэмжлээгүй байна.

Гэвч энэхүү нөхцөл байдал нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр баталсан 1/12 дугаар удирдамжийн дагуу тус газрын улсын байцаагчдаас гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шинжилгээний хариуг эрхгүй этгээд хийсэн хэмээн үзэх үндэслэл болохгүй,

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эрх бүхий байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газраас батламжилсан итгэмжлэл бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториор шинжилгээ хийлгэсэнтэй холбогдуулан уг лабораторийн MNS ASTM D 5185:2008 стандартад заагдсан аргаар гаргаж авсан үр дүнг MNS 0217:2017 стандартад тавигдах техникийн шаардлагад дүйцүүлэн хэрэглэн, марганецийн агууламжийг тодорхойлсон гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн ШӨХТГУАХБУ.Х, УБД.М, Л.Аын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М