Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0133 |
Огноо | 2014-03-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0133
Иргэн Ц.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.О-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/39 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын Ц.О-д холбогдох хэсэг болох нэг дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын Дээд шүүхийн “Зарим
заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн болон давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухай газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэжээ.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулийн 40.3-т зааснаар нэхэмжлэгч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэж гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Ц.О-ын эзэмшлийн газрыг хүчингүй болгуулах Хурх багийн захирагчийн болон газрын даамлын албан бичгийг үндэслэж Б/39 дүгээр захирамжийг гаргасан" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/39 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын Ц.О-д холбогдох хэсэг болох нэг дэх заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч У.Н давж заалдах гомдолдоо: “Хариуцагч миний өмгөөлүүлэх эрхийг хангаагүй дарамт үзүүлж өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсаар байтал оролцуулалгүй, хэргийг хянан шийдвэрлэж хариуцагчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн.
Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Энххуягийн 2013 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 1/59 дүгээр албан бичгээр иргэн Ц.О нь эзэмшиж ашиглах эрхтэй газраа 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг ирүүлсэн. Ирүүлсэн саналыг үндэслэн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өмнөдэлгэр сумын Засаг даргын 6/39 дүгээр захирамж гарч иргэн Ц.О-д 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр захирамжаар Хурх тосгоны “Дунд Баян адаг” гэх газарт 221500780 дугаар бүхий 31.9 га, 221500778 дугаар бүхий 30.5 га, 221500781 дугаар бүхий 213.5 га, 221500779 дугаар бүхий 247.3 га талбайг газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга У.Н би хууль зөрчсөн, хууль бус захирамж гаргаагүй, хуулийн хүрээнд захирамжаа гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.О нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гарсан даруйд тодруулбал, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн, тэр ч бүү хэл 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өмнөдэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдлөөс үзэхэд мэдэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг шууд зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 заасан хугацаа өнгөрсөн тул захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй.
Мөн тухайн эзэмших эрхийг хүчингүй болгосон газарт аймгийн болон сумын Засаг дарга нарын зөвшөөрснөөр “Э” ХХК олон мянган га талбайг хагалж, зохих хөрөнгө оруулалтыг хийсэн тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч хариу тайлбартаа болон гэрчүүд тайлбар мэдүүлэгтээ тодорхой дурдсаар байтал, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хяналгүй “Э” ХХК-ийн эрх ашгийг зөрчин гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байсаар атал шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хийхдээ миний өөрийн сонгож авсан хууль ёсны өмгөөлөгч Б.М нь шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ нотлох баримтын хамт факсаар ирүүлсээр байхад шүүгч Баясгалан хариуцагч намайг дуудан хэргийн хугацаа дууслаа, наад өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтээ одоо бичгээр гаргаж өг гэж шахан шаардаж, илт нэхэмжлэгчийн талд үйлчилж байсан. Аргагүй эрхэнд өмгөөлөгчгүй оролцъё гэсэн тайлбарыг шүүгчид дарамтлуулж бичин өгч өмгөөлөх эрхээр хангагдалгүй орсон. Иймд өмгөөлүүлэх эрхээр хуулийн дагуу хангагдаж байж шүүх хуралдаандаа оролцох хууль ёсны эрх маань зөрчигдсөн" гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дүгээр захирамжаар “Дунд баяны адаг” гэх газарт 523.2 га газрыг тариалангийн зориулалтаар Ц.О-д эзэмшүүлжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар “газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Ц.О-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь дараах байдлаар хууль бус байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хүнд гэмтлийн улмаас газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байжээ.
Нэхэмжлэгч нь 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл авч, удаан хугацаагаар эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, өвчний түүх зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгч үндсэндээ 1 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, удаан хугацаагаар эмчлүүлээгүй” гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон комиссын 980 дугаар шийдвэрээр1 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсаныг тогтоосон байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Иймээс нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй” гэж дүгнэх үндэслэлгүй.
Мөн хариуцагчаас “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, 7 дугаар сард наадмын үеэр Отгонжаргалд газрын гэрчилгээг хүчингүй болгосон тухай амаар мэдэгдсэн” гэх гомдлын тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан этгээдэд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай шийдвэрээ мэдэгдэх ёстой.
Гэтэл захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид зохих ёсоор мэдэгдээгүй, архив бичиг хэргийн журамд зааснаар баримтжуулаагүй атлаа нэхэмжлэгчийг “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж маргаж буйг хүлээн авах боломжгүй.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох ёстой.
Нэхэмжлэгч хүнд гэмтэл авсан тухайгаа захиргааны байгууллагад мэдэгдэж байсан болох нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Т.А-ын мэдүүлгээр[1] тогтоогдож байна. Гэтэл захиргааны байгууллага энэ нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй атлаа ямар нэгэн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүйгээр “Э” ХХК-д маргаан бүхий газрыг “аман” шийдвэрээр ашиглуулж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчжээ.
Хариуцагчийн “өмгөөлүүлэх эрхийг хангаагүй” гэх гомдлын тухайд:
Шүүх хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Б.М-ын хүсэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж[2] байжээ. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч дараагийн шүүх хуралдаанд ирээгүй, 2 дахь удаагаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргасныг хүлээн аваагүй анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Түүнчлэн хариуцагч нь өөрөө шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ[3] бичгээр гаргасан байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Хариуцагчийн “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй” гэх гомдлын тухайд захиргааны байгууллагаас “Э” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, хуульд зааснаар буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул энэ хэрэгт “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.