Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00140

 

Ц.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 685 дугаар магадлалтай

Ц.Сын нэхэмжлэлтэй

Ю.Чд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ю.Чын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Ч нь З.Эгаас мөнгө зээлэхийг хүссэн ба З.Э нь Ц.Соос мөнгө авч өгөхөөр тохирсон. Үүний дагуу З.Э нь Ц.Соос 5 000 000 төгрөг авч, Ю.Чд дамжуулж өгсөн. Улмаар Ц.С 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Чтай зээлийн гэрээг нөхөн байгуулсан. Уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний арын хуудас дээр 5 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ Ю.Ч бичиж, гарын үсэг зурсан. Гэтэл Ю.Ч нь үндсэн зээл болон хүүг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй. Энэ талаар Ю.Ч нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ Ц.Соос мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн. Харин З.Э болон Ю.Ч нарын хооронд зээлийн болон бараа материал өгч, авалцсан гэх асуудал уг зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй. Зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар хүү 3 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4 305 000 төгрөг, мөн 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5 900 000 төгрөг, нийт алданги 10 205 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, 2 сарын хүү 3 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Ч нь З.Эгаас мөнгө зээлүүлэх талаар асуухад тэрээр хүнээс асууж өгье гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг З.Эгаас зээлсэн. Ц.Стой байгуулсан зээлийн гэрээг тэрээр дарамталж байгаад сүүлд нөхөн байгуулсан. Уг гэрээний дагуу мөнгө зээлж аваагүй. З.Эгаас зээлж авсан 5 000 000 төгрөгийг 6 500 000 төгрөг болгон буцаан төлсөн. Өмнө нь З.Эгаас хэд хэдэн удаа зээлсэн бөгөөд нийт 45 500 000 төгрөг зээлсэн зээл, зээлийн хүүгийн хамт нийт 67 250 000 төгрөг болгон буцаан төлсөн. Уг зээлсэн мөнгөний хүүд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн оролцуулж, 21 750 000 төгрөгийн архи, пиво, ус, ундааг үйлдвэрийн үнээр өгсөн. З.Э нэг үйлдэлд хоёр зээлийн төлбөр өгсөн мэтээр бичиг баримт бүрдүүлсэн. З.Эгаас авсан мөнгийг Ц.Соос авсан мөнгө болгож, намайг дарамталж байгаад зээлийн гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хууран мэхэлж хэлцэл хийсэн. Тухайн үед дарамтанд орж, зээлийн гэрээг байгуулсан тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Чаас 8 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 685 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын 8 500 000 гэснийг 7 250 000 гэж, 3 500 000 гэснийг 4 750 000 гэж, 2 дахь заалтын 150 950 гэснийг 130 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ю.Ч хяналтын гомдолдоо: ... би түүнийг З.Эгаас авсан гээд төлөөд байсан тэр 2 ч хүлээн зөвшөөрч байсан. Үүнтэй адил 2017.03.31-ний гэрээ нь дээрх 2 гэрээ шиг мөнгөн хөрөнгийн үүсвэр, зээлийн гэрээний оролцогчид /Ц.С, З.Э, Ю.Ч/ ижил юм. Хэрэв өмнөх гэрээний төлбөр дуусаагүй З.Эгийн дансанд орсон мөнгийг өөрийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол Ц.С надад дахиад 2017.03.31-нд мөнгө зээлэхгүй байсан, З.Эгийн дансанд орсон мөнгийг Ц.С миний мөнгө биш гэж маргахгүй. Ю.Ч намайг дутуу төлсөн гэж шаардахгүй байгаа нь энэ зээлийн мөнгө Ц.С, З.Эгий хэний ч дансанд орсныг үл хамааран зээлийн төлөлтөө хүлээн авч байгаа нь тэдний дундын өмч болохыг нотолж байна. Дээрх зээлүүд нь З.Э болон Ц.Сын дундын мөнгө бөгөөд мөнгийг З.Э хүлээлгэн өгч төлөлтийг баримттайгаар буцаан авч Ц.Стой гэрээ байгуулсан ийм л үйл явдал болсныг ХХ-д авагдсан баримтууд дээр тэр дундаа ХХ-ийн 86-д авагдсан. Ц.С бид 2 л 5 000 000 төгрөг өгсөн юм тус тусдаа өгөөгүй. З.Эгийн БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс өгсөн ...З.Э миний бие Ц.Сын хамт 5 000 000 төгрөг өгч гэрээ хийж, нотариатаар батлуулсан. ...Иймд миний бие уг зээлийн гэрээг үндэслэн шүүхэд гомдол гаргана... гэсэн гар өргөдлөөр З.Э, Ц.С нарын хамтын мөнгө болох нь хангалттай нотлогдож байхад 2 шатны шүүх зөв үнэлж дүгнэлгүйгээр төлсөн мөнгийг дахин төлөх шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Дээд шүүхээс энэ асуудлыг л нягтал гэж буцаасан байхад нягтлалгүйгээр дахин ижил шийдсэнд гомдолтой байна. Иймд зээлсэн мөнгөө төлсөн тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ю.Чаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...Ц.Соос мөнгө зээлээгүй, харин З.Эгаас 2017 оны 03 сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг зээлсэн, уг зээлийн гэрээг нөхөж бичгээр байгуулахдаа 2017 оны 4 сарын 10-ны өдөр Ц.Стой гэрээ байгуулсан, ... 5 000 000 төгрөгийг буцааж төлсөн, ...уг төлбөрийг дахин шаардаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хоорондох зээлийн гэрээний нөхцөл, хэлбэр, агуулгын талаар зохих дүгнэлтийг хийсэн боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй, энэ талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 04 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Ц.С, Ю.Ч нар нөхөж байгуулсан боловч гэрээнд заасан 5 000 000 төгрөгийг З.Эгаас өмнө нь хүлээж авсан талаар зохигч талууд маргаагүй ба Ц.С нь мөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь тогтоогджээ. Харин Ю.Ч нь 2017 оны 03 сарын 13-наас 06 сарын 23 хүртэл хугацаанд 6 542 510 төгрөгийн барааг З.Эд хүлээлгэн өгч, үүргээ биелүүлсэн гэж маргасан бөгөөд эдгээр баримтуудыг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх “...хариуцагч гэрээний үүргээ биелүүлснээ баримтаар нотлоогүй...” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх энэ талаар залруулж хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

Зүй нь хариуцагчийн зүгээс татгалзлаа нотолно гэж гаргасан баримтыг шүүх үнэлэх ёстой бөгөөд баримт өгсөөр байхад “баримтаар нотлоогүй” гэж үзэх нь алдаатай дүгнэлт болно.

Шүүх мэтгэлцээний зүйлийг оновчтой тодорхойлж чадаагүй бөгөөд зээлдэгчийн зээл буцаан төлөлт, бараа хүлээлгэн өгсөн баримт, гэрээний үүргийн биелэлтийг зохигчоос тодруулаагүй нь буруу байна.

Хариуцагч Ю.Чын зүгээс 2017 оны 03 сарын 13-наас 06 сарын 23 хүртэл хугацаанд 6 542 510 төгрөгийн барааг З.Эд хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл болох зээлийн гэрээний дагуу 5 сая төгрөгийг Ю.Ч нь 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авсан, гэтэл үүнээс өмнө зарим төлөлт хийгдсэн байгаа нь уг зээлтэй холбоогүй байна. Түүнчлэн Ю.Ч нь 5 000 000 төгрөгийг зээлэхээс өмнө З.Эгаас 2016 оны 09 сарын 30-ны өдөр 8 000 000, 2016 оны 10 сарын 30-ны өдөр 9 000 000, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 10 000 000, 2016 оны 01 сарын 31-ний өдөр 13 500 000 төгрөг тус тус зээлж авсан байх ба сүүлчийн төлөлт болох 6 542 510 төгрөгийн барааг хүлээлгэж өгсөн үйл баримт эдгээр зээлийн буцаан төлөлтөд хамааралтай эсвэл огт хамааралгүй болохыг, улмаар 5 000 000 төгрөгийн зээлийг буцааж төлсөн эсэхийг хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна.

Зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 685 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 950 төгрөгийг буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА