| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0105/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/134 |
| Огноо | 2022-04-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: З.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Зын Эид холбогдох 2212000000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Д гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Зын Э /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч З.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 80 ширхэг 1.4415м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Пронтер” маркийн 06-98 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 284.794 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000082 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн: ...Би энэ талаар мэдээгүй. Одоо л мэдэж байна. Ойн санд учруулсан хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Р.Оын мэдүүлсэн: ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл манай “Баялаг” ломбарданд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6.500.000 төгрөгт барьцаанд тавигдсан юм. Манай ломбарданд барьцаанд тавигдсан машин миний нэр дээр шилждэг журамтай байдаг учраас миний нэр дээр байгаа юм. Уг нь бол З.Т гэх хүний машин байгаа юм. Гэхдээ зээлээ төлж чадахгүй бол тухайн тээврийн хэрэгсэл нь манай байгууллага буюу миний эзэмшилд орно гэсэн үг. Манайхаас авсан 6.500.000 төгрөгөө төлөх юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор төлөөгүй байгаа учраас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жын мэдүүлсэн: ...Шургааг хэзээ бэлдсэн талаар нь би сайн мэдэхгүй. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр намайг хониноосоо ирэхэд Э над руу залгаад хэдэн мод ачилцаад өгөөч гэхээр нь би туслаад цуг ачилцаж өгсөн. Шургааг нь манайхны урд талын ууланд Хуст гэх нэртэй газар бэлдсэн байсан. Шургаагийг нь ачилцахад Э болон дүү нь Гнар цуг байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байсан үгүйг нь би мэдэхгүй. Ачилцаад өгөөч гэхээр нь ачилцаж өгсөн. Тэгээд ачиж дуусаад дүү Гтай хамт сумын төв рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Гын мэдүүлсэн: ...Хэзээ шургааг бэлтгэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад би хэдэн шургааг бэлтгэчихсэн юм, ирээд ачаад сумын төв рүү оруулаад өгөөч гэж миний төрсөн ах Э ярьсан. Тэгэхээр нь би 06-89 АРХ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр ачаад сумын төвд айлын хашаанд буулган өгсөн. Манай ах Э, хойд айлын залуу Ж, бид 3 хамт ачсан. Намайг ачаад сум төв рүү оруулаад буулгаад өгөөч гэхээр нь би очиж ачсан. Сумын төв орох гэж байгаа юм чинь мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байгаа байх гэж бодсон. Би Цэнхэр сумын төвд айлын хашаанд буулгаж өгчихөөд Э ахыг буцааж гэрт нь хүргэж өгөөд би харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн: ...З.Э гэх хүн над руу залгаад ногоон тэжээл асуусан. Би зарж байгаа талаараа хэлсэн чинь мод оролцуулаад өвс өгөх үү гэхээр нь би зөвшөөрөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр над дээр 2 метр урттай 80 ширхэг шинэс төрлийн хуурай мод авчирч өгсөн. Би 30 боодол ногоон тэжээл өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгсөн юм. Надад мод өгөхдөө 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22-025891 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигтэй өгсөн юм. 06-89 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай, Нуурын гуя гэх газраас шинэс төрлийн 4 куб метр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Тухайн бичиг одоо надад байна. Би анх удаа л мод авсан юм. Тухайн 80 ширхэг мод одоо манай хашаанд байгаа. Би З.Эээс нэхэмжлэх зүйл байхгүй. Өгсөн өвс, бэлэн мөнгөө буцааж авсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тийн мэдүүлсэн: ...Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо “Баялаг” ХХК ломбарданд барьцаанд байгаа. Тухайн ломбардны эзэн Р.Оын нэр дээр шилжүүлсэн юм. Би тухайн машиныг анх Агэх хүнээс худалдаж аваад мөнгийг нь өгөх гэсэн чинь хүрэхгүй болохоор нь “Баялаг” ломбарданд барьцаанд тавиад 6.5 сая төгрөг Агэх хүнд гаргаж өгсөн юм. Манай төрсөн дүү З.Г унаж хэрэглэж байсан юм. Надад төрсөн дүү З.Эээс нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэлгээгээр гарсан мөнгийг нь төлөөд машинаа авна...гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч З.Эийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Хуст гэх газраас 2 метрийн урттай 80 ширхэг мод бэлтгэсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 11-16 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу/
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-42 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн АА-22-14 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-49 хуу/
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 80-81 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 83-84 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Хуст гэх газраас шүүгдэгч З.Э нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 80 ширхэг 1.4415м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Пронтер” маркийн 06-98 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 284.794 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн “Ойн санд учруулсан хохирлыг барагдуулах юм бол ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,
иргэний нэхэмжлэгч Р.Оын мэдүүлсэн “Тухайн тээврийн хэрэгсэл манай “Баялаг” ломбарданд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6.500.000 төгрөгт барьцаанд тавигдсан юм. Манай ломбарданд барьцаанд тавигдсан, машин миний нэр дээр шилждэг журамтай байдаг учраас миний нэр дээр байгаа юм. Манайхаас авсан 6.500.000 төгрөгөө төлөх юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор төлөөгүй байгаа учраас нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,
гэрч Б.Жын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр намайг хониноосоо ирэхэд Э над руу залгаад хэдэн мод ачилцаад өгөөч гэхээр нь би туслаад цуг ачилцаж өгсөн. Шургааг нь манайхны урд талын ууланд Хуст гэх нэртэй газар бэлдсэн байсан. Шургаагийг нь ачилцахад Э болон дүү нь Гнар цуг байсан. Ачилцаад өгөөч гэхээр нь ачилцаж өгсөн. Тэгээд ачиж дуусаад дүү Гтай хамт сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
гэрч З.Гын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад би хэдэн шургааг бэлтгэчихсэн юм, ирээд ачаад сумын төв рүү оруулаад өгөөч гэж миний төрсөн ах Э ярьсан. Тэгэхээр нь би 06-89 АРХ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр ачаад сумын төвд айлын хашаанд буулган өгсөн. Манай ах Э, хойд айлын залуу Ж, бид 3 хамт ачсан. Намайг ачаад сум төв рүү оруулаад буулгаад өгөөч гэхээр нь би очиж ачсан. Би Цэнхэр сумын төвд айлын хашаанд буулгаж өгчихөөд Э ахыг буцааж гэрт нь хүргэж өгөөд би харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Ц.Агийн мэдүүлсэн “З.Э гэх хүн над руу залгаад ногоон тэжээл асуусан. Би зарж байгаа талаараа хэлсэн чинь мод оролцуулаад өвс өгөх үү гэхээр нь би зөвшөөрөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр над дээр 2 метр урттай 80 ширхэг шинэс төрлийн хуурай мод авчирч өгсөн. Би 30 боодол ногоон тэжээл өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгсөн юм. Надад мод өгөхдөө 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22-025891 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигтэй өгсөн юм. 06-89 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай, Нуурын гуя гэх газраас шинэс төрлийн 4 куб метр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,
гэрч З.Тийн мэдүүлсэн: ...Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо “Баялаг” ХХК ломбарданд барьцаанд байгаа. Тухайн ломбардны эзэн Р.Оын нэр дээр шилжүүлсэн юм. Би тухайн машиныг анх Агэх хүнээс худалдаж аваад мөнгийг нь өгөх гэсэн чинь хүрэхгүй болохоор нь “Баялаг” ломбарданд барьцаанд тавиад 6.5 сая төгрөг Агэх хүнд гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,
өөрийн гэм бурууг хүлээж З.Эийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03/,
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч З.Э нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Э нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч З.Э нь А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 80 ширхэг 1.4415м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Пронтер” маркийн 06-98 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Эид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч З.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч З.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч З.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 284.794 төгрөгийн хохирол учирсан болохыг
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/-ээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /284.794*3=854.382 /найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 854.382 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Эийн гэмт хэрэгт үйлдэхдээ хэрэглэсэн 06-98 АРХ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг эзэмшигч Р.Од олгож, түүний үнэ 6.847.418 /зургаан сая найман зуун дөчин долоо мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулан, уг машины үнэнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 854.382 /найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 5.993.036 /таван сая есөн зуун ерэн гурван мянга гучин зургаа/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 252.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.4415 метр куб 80 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Зын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Эид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эээс 854.382 /найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Эийн гэмт хэрэгт үйлдэхдээ хэрэглэсэн 06-98 АРХ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг эзэмшигч Р.Од буцаан олгож, түүний үнэ 6.847.418 /зургаан сая найман зуун дөчин долоо мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулан, уг машины үнэнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 854.382 /найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 5.993.036 /таван сая есөн зуун ерэн гурван мянга гучин зургаа/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 252.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.4415 метр куб 80 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ