Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мийн Дд холбогдох эрүүгийн 2238000000089 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Атай маргалдаж улмаар рэдми нөте-8 загварын гар утсыг устгаж гэмтээсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч  Н.Аын нүүр рүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь завжинд шарх, эрүү, дух, хүзүү, гуяанд цусанд хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000089 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Д нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Атай хэрүүл маргаан үүсгэж улмаар рэдми нөте-8 про загварын гар утсыг орны толгой руу цохиж устгаж гэмтээсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Н.Аын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч Н.Аын нүүр рүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь завжинд шарх, эрүү, дух, хүзүү, гуяанд цусанд хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, эд зүйлийг  нь устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дгийн өгсөн: “.мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Аын өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа тараад гэртээ байж байхад 20 цаг өнгөрч байхад Д гэнэт гэрт ороод ирсэн. Шууд орж ирээд л чи муу яасан их утсаар ярьдаг юм гээд л миний утсыг булаагаад авсан. Булааж аваад л орны толгой руу цохьчихсон. Өглөөнөөс хойш над руу залгасан юм. Би нөгөө л хэрүүлээ хийх гэж байна гэж бодоод утсаа аваагүй юм. Гэрт орж ирэхдээ зөвшөөрөл авсан юм байхгүй. Хэдийд ч хамаагүй орж ирнэ. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед орж ирэхдээ бас л зөвшөөрөл аваагүй. Би гэрийн үүдний таамбарын хаалгыг бүдүүн төмөр утсаар хийсэн дэгээ төмрөөр цоожилсон байсан. Түүнийг онгойлгоод дотор гэрийн хаалгыг би бүсээр уяачихсан байсныг хүчтэй татахад нь ороосон байсан хадаас нь сугараад гараад ирсэн байсан. Тэгээд л гэрт ороод ирсэн...Би дүү Тгийнхээс ирэх үед галаа түлэх гээд зуухны таг авах үед миний хувасыг шатаасан бололтой дутуу шатсан хөхөвчний үлдэгдэл болох төмөр байсан. Өөр мэдэгдэх юмгүй овоосон хар үнс л байсан. Түүнээс хойш би Дтай холбогдоогүй. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй байсан. Өнөөдөр буюу 2022 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагийн үед би Д руу залгасан. Утас нь холбогдохгүй байсан. Өдөр 12 цаг 57 минутанд Д над руу залгасан. Аваад ярихад битгий хүүхэд дээр очоод бай, золбин нохой шиг хаячихаад, эх шигээ эрээ эргүүлээд явна уу, Бөгсөө эргүүлээд зайлаарай гэж намайг доромжилж байсан... Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед гэртээ хотоос дүүгээ ирэхийг хүлээгээд байж байтал манай нөхөр Д гэрийн гадна, дотор хаалганы уяаг нь тас татаад гэнэт ороод ирсэн. Тэгээд намайг чи хэнтэйгээ архидаж, банзалдаад байж байна гээд л намайг хэл амаар доромжлоод унасан. Гэрт орж ирэх үед нь гэрэл асаагаагүй гэрт харанхуй байсан. Тэгээд Д намайг баахан хэл амаар доромжилж намайг заамдаж авч хоолой боож гэрийн хойморын хананд шахаад миний нүүр рүү цохиод авсан. Би энэ үед нь цагдаад хэлэх гээд утсаа гаргаж ирээд залгах гэхэд миний утсыг булааж аваад мушгаж эвдэлж ярих боломжгүй болгосон. Би түүнээс бие хамгаалж түлхсэн чинь Дг хүчрэхгүй байсан. Тэгээд би Дгаас зугтаад гэрээсээ гараад гүйсэн...Д надаас уучлалт гуйж, миний хохиролд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тийм учраас Дгаас дахиж нэхэмжлэх зүйл байхгүй, мөн гомдол санал зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 11-12,, 15, 18 тал/,  

Гэрч Н.Тий өгсөн: “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө гэртээ унтаж байхад 03 цаг өнгөрч байсан байх А эгч утсаар надруу залгаад Д ирчихсэн намайг зодоод байна гэж ярьсан. Би босож хувцасаа өмсөөд гэр рүү нь явах гээд байж байтал гадаа хүмүүс том том дуугараад унахаар нь гэрийн үүд онгойлгож өгсөн чинь А эгчийг нөхөр Д ах үсдчихсэн, А эгчийн амнаас нь цус гарчихсан хэрэлдсээр орж ирсэн. Д ах манай эгч Аыг гэртээ хүнтэй байж байна гэж байсан. ..Д ах хэрэлдэж байснаа А эгчийг цохих гэхэд нь би Д ахыг хориглож болиулсан. ... Гэрт нь очих үедээ хашаан дотор нь А эгчийн гар утсыг Д ах эвдлээд шидсэн гэхээр нь тэр утсыг нь хайж цасан дотор байхад нь олж авсан. Тэгээд гэрт нь ороход хувинтай угаадсыг нь ор руу нь асгачихсан. Эгч галаа түлэх гээд зухныхаа тагыг авах үед хувцасыг нь зууханд хийгээд шатаасан бололтой байсан. Шатаж дуусаагүй хөхөвч лав харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

Гэрч А.Пын өгсөн: “...Би 2022 оны 01 сарын 27-ны орой хөдөө явж ирээд гэртээ байсан. Тэгтэл А орой 21 цаг өнгөрч байхад миний утас руу залгаад хаана байгаа юм би гэртээ ганцаараа байна. Би ганцаараа гэртээ айгаад байна. Манай дүү хотоос ирж яваа дүүг иртэл хамт байгаад өгөөч гэж ярьсан. Би гэрийн ажлаа амжуулаад 00 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Аынд өөр хүн байгаагүй. Би Аынд цаг гаруй болсон байхаа. Тэгсэн бид 2 байж байтал хаалга хүн нүдсэн. А хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Бид 2 ямар нэгэн чимээ өгөөгүй байж байтал хаалга онгойлгоод Аын нөхөр Д ороод ирсэн. Д асаагуурын гэрэл асааж орж ирсэн. Гэрт харанхуй байсан. Тэгээд гэрлээр тусгаж хараад намайг таниад аан чи байж байгаа юм уу гээд намайг нэг өшиглөж авсан. Би түүний урдаас юм ярилгүй гэрээс нь гараад явчихсан. Би цааш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 99 дугаартай: “Н.Аын биед завжинд шарх, эрүү, дух, хүзүү, гуяанд цусанд хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Н.Аын биед үүссэн шарх нь тусдаа бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №2245617200250 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Н.Аын Redmi note 8 pro болон Nokia 3310 маркийн 2 ширхэг гар утас болон 11 нэрийн эд зүйлийн нийт үнэлгээг 1.614.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн тайлан /хх-ийн 38-39 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Дгийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гэм буруугийн асуудалтай холбоотойгоор маргах зүйл байхгүй. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоогдсон хэмжээнд төлж барагдуулна....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар  нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Аын мэдүүлэг, гэрч Н.Т, А.П нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 99 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Д нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Атай хэрүүл маргаан үүсгэж улмаар рэдми нөте-8 про загварын гар утсыг устгаж гэмтээсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч  Н.Аын нүүр рүү нь цохиж зодож эрүүл мэндэд нь завжинд шарх, эрүү, дух, хүзүү, гуяанд цусанд хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, эд зүйлийг  устгаж гэмтээсэн  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Аын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтрэн орж, эд хөрөнгө устгасан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Дгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Дгийн үйлдэл идэвхтэй, хохирогч Н.Аын бие, эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч М.Д энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрсэн, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч М.Д нь Н.Аын эзэмшлийн рэдми нөте-8 про загварын гар утсыг санаатай шидэж устгасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг, үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний халдашгүй чөлөөтэй байх  эрхийн эсрэг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч  хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирласан гэмт хэргийн шинжийг,  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Н.Аын бие, эрх чөлөөнд халдсан нь хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн  халдашгүй байдлын эсрэг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг  бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч М.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Н.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч М.Д, хохирогч Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж  /хх-ийн 63/ хэрэгт авагдсан, хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй  байх эрхэд халдаж  дураараа авирлаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Дгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 55-59 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Д нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Мийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ө овогт Мийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН