Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

 

 

 

 

 

      2022        05          02                                     2022/ШЦТ/391

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч С.С ,

шүүгдэгч Д.О  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совд овгийн Д  О д  холбогдох эрүүгийн 2211000000778 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Совд овгийн Д  О , 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Олон нийтийн хэвлэл хариуцсан  мэргэжилтэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол 19-46 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, регистрийн дугаар      .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О  нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үүрийн 05 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 5 тоотод байрлах “Эрхэс” нэртэй гэрэл зургийн студид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.С г хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт тамхины үнсний саваар 2-3 удаа цохиж, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн эгмэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.О  нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үүрийн 05 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 5 тоотод байрлах “Эрхэс” нэртэй гэрэл зургийн студид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.С г хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газарт тамхины үнсний саваар 2-3 удаа цохиж, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн эгмэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- хохирогч С.С н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 5 тоотод байрлах Эрхэс нэртэй гэрэл зургийн студид бид нар хамтдаа архи ууцгаасан байсан ... эхлээд О  намайг үнсний саваар миний толгойн тус газарт 3 удаа цохиж аваад гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- гэрч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ямар ч байсан толгойн тус газарт нь үнсний саваар хоёроос 3 удаа цохиж авсан, тэгээд толгойноос нь цус гараад байсан ... О  ах намайг цагдаад битгий олон юм яриад байгаарай ах баларна шүү гэж хэлээд надаас гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 2-р хороонд байрлах 23 дугаар байрны 1-5 тоотод байрлах 1 байр байв..., ...гал тогооны өрөөнд ороход гал тогооны тавилга, хөлдөөгч, угаалтуур, сав суулга гэх зүйлс байх ба хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Хохирогчийг цохисон гэх үнсний савыг тус өрөөнүүд болон хогийн саванд хайгаад олоогүй болно. ...Өрөөнд үзлэг хийхэд өрөөг цэвэрлэсэн байдалтай байв. Ач холбогдол бүхий зүйл шалнаас илрээгүй болно...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

- гэрч Э.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О г эцэг эхгүй өнчин, хөдөөний, орон гэргүй, хадмындаа амьдарч толгой хорогддог гэх жишээний ядуу гуйлгачин гэх мэтээр агсам тавьж байсан тэгээд О гийн уур нь хүрээд С.С  гэгчтэй хэрүүл маргаан үүсгэж хоорондоо барьцалдаж авсан тэгээд цохилцож байхаар нь Г  бид хоёр салгаж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн №3578 дугаар “...С.С н биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- шүүгдэгч Д.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/, хохирогч С.С н хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 57 дахь тал/,  шүүгдэгч Д.О гийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 148 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Д.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.О д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.С  нь “...Би 130.000 төгрөгийн хохирол авсан. Эндээс өөр хохирол байхгүй. Гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Д.О г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Совд овгийн Д  О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН