Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Сити такси ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Даваадоржийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                       

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани дээр агуулахын зориулалттай байр түрээслэж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш түрээсээ төлөхгүй зугтаж байгаа. Б.Даваадоржийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан боловч Цагдаагийн хэлтэсээс энэ хүний 2-3 хаяг гарч ирсэнээс миний нэхэмжлэл гаргасан хаяган дээр байна. Энэ хаягаар шүүхэд ханд гэсэний дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд  Б.Даваадоржийг эрэн сурвалжлуулж өгнө үүү гэв .

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

   Б.Даваадоржийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргахыг хүсэлт болгож үндэслэлээ хариуцагчийн хаяг нь тус хороонд байдаггүй тул хаяг нь тодорхойгүй, хаягийг нь өөрөө олж тодруулах боломжгүй гэж тайлбарлажээ.

   Нэхэмжлэгч Сити такси ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Даваадорж одоо хаана ямар хаягт оршин сууж байгаа талаар эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эв нэгдлийн гудамж, өөрийн байранд бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх2/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Сити такси ХХК нь хариуцагчаар Б.Даваадоржийг татан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Даваадоржийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119а байрны 142 тоот хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4363 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх4/, нэхэмжлэл болон бусад баримтуудаар Б.Даваадоржийг хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг тодорхойлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагч Сити такси ХХК-ийн хүсэлтийг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119а байрны 142 тоотод оршин сууж байсан Боржигин овогтой Болдбаатарын Даваадорж /РД:УШ91010798/-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 119а байрны 142 тоотод оршин сууж байсан Боржигин овогтой Болдбаатарын Даваадорж /РД:УШ91010798/-ийг эрэн сурвалжилсугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Даваадоржийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ