Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Алтанхундага

        Улсын яллагч Б.Наранмөнх,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж

  Шүүгдэгч Н.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н************ийн Б*******эд холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг байрлах “Баруун гол” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 ширхэг босоо модыг огтолж, 5,25 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хооронд тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг байрлах “Баруун гол” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 ширхэг босоо модыг огтолж, 5,25 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хооронд тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-2-8х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-13х),

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-14х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-17х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),

Шүүгдэгч Н.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан бургас гэх газрын Баруун гол гэх газраас нутгийн залуу болох Батболд гэх залууг грушиг хийлгэх гэж авч явсан юм. Тэгээд модоо бэлтгэж, тээвэрлээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сум руу манай ээжийн ээж болох Дайдаад түлээний мод оруулж өгөх гэж яваад цагдаад шалгуулсан. Цагдаа намайг гоожин гарал үүслийн гэрчилгээгээ шалгуул гэсэн. Надад мод бэлтгэх эрхийн бичиг болон гоожин байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд шууд Мөрөн сумын журмын хашаанд өөрийн эзэмшлийн 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр тээвэрлэж явсан модны хамт журмын хашаанд журамлуулсан.  ...гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Х************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Алаг-Эрдэнэ сум мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ 2022 он гарснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж бичсэн. Иргэн Н.Б******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хариуцсан байгаль хамгаалагч амарсан байгаа болохоор одоо хариуцаж байгаа Дэлгэрдалай мэдэж байгаа гоожин авсан аваагүйг. ...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хх-24-25х),

Гэрч Б.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай сум 2022 он гарснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс бичиж эхэлсэн. ...Н.Б******* надаас гарал үүслийн гоожин бичүүлж аваагүй. Алаг-Эрдэнэ сумаас гарал, үүсэл, мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэдийн нэрсийг гаргаж өгч болно. ...” гэх мэдүүлэг (хх-31-33х),

Гэрч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай төрсөн дүү Б******* манайд машинтайгаа ирсэн. Тэгээд ах та надтай хамжаад мод ачилцаад өгөөч гэж гуйхлаар нь би хамт явалцсан бөгөөд бид 2 машинтай явж Алаг-Эрдэнэ сумын нутаг болох Бор бургасын эх гэдэг газарт очсон.  Тэнд түлээний мод бэлтгэхээр унанги болон салхинд үндсээрээ булгарч унасан моднууд зөндөө байсан. Түлээний мод бэлтгэхээр унанги моднуудаас манай дүү Б******* машиныхаа тэвшинд тааруулаад 1,50см хэмжээний тайрч хэдэн ширхэг бөөрөнхий гаргаж машинд ачсан. Модоо ачиж дуусаад аймгийн төв орохоор явж байтал Хужиртын давааны аманд эргүүл посттой таарч саатуулагдсан аймгийн төвд журмын хашаанд орсон. Би тэндээ бууж үлдээд цаашаа гэр лүгээ явсан болохоор энд болсон явдлыг сайн мэдэхгүй байна. ... ” гэх мэдүүлэг (хх-37-38, 40х),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Н.Даваадалайн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт:

  1. Иргэн Н.Б*******ийн  модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 5,25 метр куб түлээний хуурай шинэс мод байв.
  2. Мод бэлтгэсэн Алаг-Эрдэнэ сумын Баруун гол гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 206-р хэсэглэлийн 12-р ялгаралд хамаарах ашиглалтын бүсийн /3-р муж/ ойд хамаарч байна.
  3. Алаг-Эрдэнэ сумын Баруун гол гэх газар нь тусгай хамгаалалтад орохгүй.
  4. ...экологи эдийн засгийн үнэлгээ 421,638 төгрөг,
  5. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 202 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шүү метр модны экологи үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. ...” гэх дүгнэлт (хх-45-46х),

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-47х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд: “... Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн 1,264,914 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна. “ гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт (хх-52х),

          2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/2895 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-56-58х),

2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/3093 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-63-65х),

          Автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-70-71х),

          Түлээний эрхийн бичиг олгосон бүртгэлийн хуулбар (хх-90х),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-89х), Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн засаг дарга Б.Батхуягийн тодорхойлолт (хх-92х), Жааг овогт Н************ийн Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-93х), 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар (хх-94х),   эвлэрлийн гэрээ (хх-100-101х)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг байрлах “Баруун гол” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 ширхэг босоо модыг огтолж, 5,25 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хооронд тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” хэргийг гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-2-8х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-13х),

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-14х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-17х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),

Шүүгдэгч Н.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Х************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-24-25х),

Гэрч Б.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-31-33х),

Гэрч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-37-38, 40х),

          Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Н.Даваадалайн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-47х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт (хх-52х),

          2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/2895 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-56-58х),

          2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/3093 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-63-65х),

          Автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-70-71х),

          Түлээний эрхийн бичиг олгосон бүртгэлийн хуулбар (хх-90х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг байрлах “Баруун гол” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 ширхэг босоо модыг огтолж, 5,25 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хооронд тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Н.Б******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч Н.Б******* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг байрлах “Баруун гол” гэх газрын ойгоос 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 ширхэг босоо модыг огтолж, 5,25 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг 11-68 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хооронд тээвэрлэж, экологи эдийн засагт 421,638 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б*******  нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,264,914 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.

          Иймд экологи эдийн засгийн хохирол 1,264,914 төгрөгийг шүүгдэгч Н.Б*******ээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Н.Б*******эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

          Эрүүгийн ************  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Н.Б*******ийн өмчлөлийн 9,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий КIA.Bongo3 маркийн 11-68 ХӨА  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 9,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн хохирол 1,264,914 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах түр саатуулах “Хүдрэнт Шүтээн” ХХК-ийн хашаанд битүүмжилсэн 5,25 метр куб модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч Жааг овогт Н************ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н************ийн Б*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Б******* нь торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Б*******ээс 1,264,914 (нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан КIA.Bongo3 маркийн 11-68 ХӨА  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн хохирол 1,264,914 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг “Хүдрэнт шүтээн” ХХК-ний хашаанд битүүмжлэгдсэн 5.25 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          8. Шүүгдэгч Н.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б*******эд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН