Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/390

 

 

 

 

 

     2022         05          02                                     2022/ШЦТ/390

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агь овгийн Б.Б т холбогдох эрүүгийн 2111005840514 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Агь овгийн Б.Б т, 1988 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гагнуур хийдэг гэх, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17-443 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нутгийн дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн урд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.О гийн биед эрүүний ясны зүүн булан болон оочны баруун талын хоёрлосон далд хугарал, доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нутгийн дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн урд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.О гийн биед эрүүний ясны зүүн булан болон оочны баруун талын хоёрлосон далд хугарал, доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тамираа гэх болон нэрийг нь сайн танихгүй 3 залуутай Дэнжийн 1000-ийн ойролцоо Хараа гэх нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архинаас 2 шилийг, 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архинаас 1 шилийг хувааж уучхаад Цагаан байрны ойролцоо байрлах Нутгийн дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн урд ганцаараа явж байхад өөрийн танил болох Баагий гэх ахтай таараад Баагий ахтай юм яриад байж байхад Б  гэх нэртэй залуу хажуугаар нь орж ирээд надад ах нь гэх мэтээр томроод байхаар нь бид 2 маргалдаад би өөдөөс нь дөхөөд очтол миний 2 хацар луу гараа атгаж байгаад 2 гараараа ээлжлээд 3 удаа цохиод зугтаачихсан юм. Тэгээд би ардаас нь газраас чулуу аваад хөөж байгаад шидтэл Б ийн эзэмшлийн суудлын машины урд талыг оноод хонхойлгочихсон. Тэгээд Б  Цагдаад дуудлага өгөөд бариад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

- гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай төрсөн хүү болох Б.О  гэртээ байхгүй болохоор нь би хүүгээ хайгаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 18 дугаар гудамжны дээшээ өгсөөд явж байтал Б.О  алхаад явж байгааг би хараад Б.О  гээд араас нь дуудтал Б.О  сонсохгүй яваад өгөхөөр нь би Б.О гийн ардаас дагаад очтол Б , Б.О  2 хоорондоо муудалцаж байгаад намайг хараад зогсож байхад Б , Б.О  2 хоорондоо муудалцаж байгаад Б  Б.О гийн баруун шанаа луу нэг удаа, зүүн шанаа луу нэг удаа гараараа цохиход Б.О  газарт унахаар нь би гүйгээд очтол Б ийн машин дотроос 4-өөс 5 залуу гараад ирээд Б.О  луу дайрахад Б.О  босч ирээд газраас тал блок аваад Б  рүү шидтэл Б ийн хар өнгийн машиныг оносон бөгөөд машинаас гарч ирсэн залуучууд бүгд Б.О  луу дайраад байхаар нь би голоор нь ороод болиулсан бөгөөд Б.О  надад миний эрүү эвгүй болчихлоо ааваа гэж хэлэхээр нь би Б.О г яв гэж хэлээд явуулахад Б  эрүүлжүүлэх дуудаад Б.О г барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 5074 дугаартай: “...Б.О гийн биед эрүүний ясны зүүн булан болон оочны баруун талын хоёрлосон далд хугарал, доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 38х-39х/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2021.06.14-ний өдрийн 5074 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.О гийн биед эрүү ясны зүүн булан болон оочны баруун талын хоёрлосон далд хугарал, баруун доод үүдэн 1, 2 шүдний сулрал, зүүн доод үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

- шинжээч эмч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хуруу байхгүй сарвуутай гараар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан хүн 1 удаа болох түүнээс дээш удаагийн цохилтоор дээрх гэмтэл үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

- шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нутгийн дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн үүдэн дээр өөрийн найзууд болох Нарболд, Баагий,Тамираа гуравтай юм яриад машин дотроо сууж байхад Б.О  гэх нэртэй зүс таних залуу ирээд Билгээ пизда минь машинаасаа гараад ир гэж хэлэхээр нь би гараад очтол намайг тахир дутуу гэх мэтээр доромжлоод байхаар нь би чи зүгээр яв эрүүл саруул дээрээ ирээд уулз гэж хэлэхэд явахгүй над руу дайраад байхаар нь би уурласандаа хоёр гараараа хаашаа гэдгийг нь санахгүй байна ямартай ч Б.О г түлхэхэд Б.О  газар унаад босож гүйгээд машины ард талаас блок авч гарч ирээд алнаа гэж хэлээд над руу тэр блокийг шидэхээр нь би бултахад миний машиныг блок нь оноод гэмтээчихсэн. Би яг цохисон үгүйгээ сайн санахгүй байна. Би Б.О  гэх хүн намайг хэл амаар доромжлоод байхаар нь хоёр гараараа Б.О г түлхсэн бөгөөд яг хаашаа түлхсэнээ санахгүй байна уурандаа түлхсэн намайг түлхэхэд Б.О  газарт унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-105 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүний үйлдсэн Б.О гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт хамаарагдаж байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Б.О д үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 867.745 төгрөгийг шүүгдэгч Б.Б  нь шүүхийн шатанд төлсөн бөгөөд хохирогчийн Б.О  нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Агь овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН