Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

                                2022/ШЦТ/138

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Нгийн Мт холбогдох 2212000000067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын А багийн Ш гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Нгийн М /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын А багийн .. гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч.О, Д.Ннарын хонь, ямаа нийлсэн 25 тооны бог мал буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж нийт 2.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000067 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Оийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. 01 дүгээр сарын 10-ны өглөө миний хүү П нь утсаар залган ярьж тэжээдэг ямаа байхгүй байна, ойр хавьд байдаг айлуудын хонинд шүүгээд байхгүй байна, тэгээд хонио тоолоод үзтэл манай хониноос 14 ямаа, 5 хонь алга болсон байна гэж надад хэлсэн. Би 01 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ ирээд хонинуудаа тоолоход манай өөрийн 14 тооны ямаа, 5 тооны хонь, хажуу айлын 6 тооны хонь зэргийг хулгайд алдсан байсан. Нийт 25 тооны хонь, ямаа хулгайд алдсан байсан. Манай өөрийн нас гүйцсэн эм хонь 4, хурга 1 ширхэг, нас гүйцсэн эм ямаа 8 ширхэг, хязаалан эр ямаа 1 ширхэг, шүдлэн эр ямаа 1 ширхэг, ишиг 4 ширхэг, хажуу айлынхаа хүний 6 тооны хонь дутсан бөгөөд насыг нь сайн мэдэхгүй байна. Баруун талын чих нь урдаасаа цуулбар, зүүн талын чих нь голдоо цооронхой, зарим хонь, ямаануудын баруун зүүн чихийг нь үзүүрээс тайрсан. Эвэр нь улаан цэнхэр будгаар будсан байсан. Манай өөрийн нас гүйцсэн эм хонио 130.000 төгрөгөөр, нас гүйцсэн эм ямаагаа 90.000 төгрөгөөр, хязаалан эр ямаагаа 120.000 төгрөгөөр, шүдлэн эр ямаагаа 100.000 төгрөгөөр, ишгээ 50.000 төгрөгөөр тус, тус үнэлж байна. Саахалт айлын М гэх хүнийг хардаж байна. Манай хүү П Мтай утсаар ярьсан байсан. М нь утсаар ярихдаа би танай хулгайд алдсан хонь, ямаануудыг чинь би хулгай хийнэ, өөрийнхөө суудлын машинаараа ачна, Нын хонинууд дунд тавьсан гэж ярьсан байсан. Танай өмнө нь хулгайд алдсан үхэр, хуцыг чинь би хулгай хийсэн юм, төлж өгнө, битгий цагдаад хэлээрэй гэж хэлсэн байсан. Би гомдолтой байна. Хонь, ямаагаа гүйцэд төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Оийн дахин мэдүүлсэн: ...Би 2020 оны 10 дугаар сард хуц алдсан. Харин монголын хязаалан эр үхрээ 2021 оны 11 дүгээр сард алдаж байсан. Тухайн үед ганцаараа байсан болохоор араас нь явж амжаагүй. Би Н.Мыг л гэж бодож байна. Н.Мт манай ээж, аав 2 танай ард бууснаас хойш манай мал алга болоод байна гэж хэлэхэд дуугарахгүй байхаар нь би Н.Мыг л авсан гэж бодож байна. Би хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байгаа. Манай хониноос 10 тооны хонь дутсан байгаа. Би 10 тооны нас нийлсэн эм хонинуудаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Манайхаас авсан 10 тооны хонийг эргүүлж өгүүлэх, мөн малаа хайхад зарцуулсан шатахууны зардал болох 80.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бын мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багт хүргэн Дын гэрийг сахиад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хажуу айлын дүү П Б ахаа манай хонь, ямаанууд зарим нь алга болсон байна гэж надад хэлэхээр нь би хонио бүртгээд үзтэл нас гүйцсэн эм хонь 3 ширхэг, хурга 3 алга болсон байсан. Тэгээд би Поос ахын дүү хайж үзсэн үү гэж асуухад ойр хавийн айлуудын хонинууд дунд шүүж үзэхэд байхгүй байсан гэж надад хэлсэн. Би тэгээд хүргэн хүү Дын гэрийг харахаар буцаад явсан. Нас гүйцсэн 3 тооны эм хонь, 3 тооны хурга дутаж байсан. Манай хонинуудын 2 чихний үзүүр нь сэвчээ имтэй, хондлой дээрээ ногоон будагтай. Нас гүйцсэн сувай хар халзан хонио 180.000 төгрөгөөр, нөгөө 2 нас гүйцсэн эм хонио тус бүрд нь 130.000 төгрөгөөр, хургаа 60.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Саахалт айлын М гэх хүнийг хардаж байна. М нь манай хажуугийн эгчийн хүү Птэй утсаар ярихдаа би танай хонь, ямаануудыг хулгай хийсэн гэж ярьсан болохоор би хардаж байна. Би гомдолтой байна. Хонинуудаа гүйцэд төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нийн мэдүүлсэн: ...Би нөхөр Ч.Бын хамт 2022 оны 01 дүгээр сарын эхээр байх, өдрийг нь санахгүй байна, Тээл баг руу хүргэн Дынд очиж гэр сахиад 7 хоноод гэртээ ирэхэд хажуу айлын А.П манайд орж ирээд хонь, ямаа дутаад байна, хонь тасарсан байна, ойр хавийн айлуудын хониор шүүгээд байхгүй байна гэж байсан. Нөхөр бид хоёр хайж байгаарай гээд гэрээсээ солих хувцсаа аваад буцаад хүргэнийд очоод 4 хоноод гэртээ ирэхэд П хонь, ямаагаа олоогүй гээд байж байсан. Тэгээд манайх хонио бүртгэж үзэхэд нас нийлсэн эм хонь 3, хурга 3 дутаж байсан. Нөхөр бид хоёр Шандны айлуудын хониор хонио шүүгээд олохгүй байсан болохоор хулгайд алдсанаа мэдсэн. Ч.О эгчийн хонь, ямаа манай хонийг Алаг-Уул багийн иргэн Н.М хулгай хийсэн байсан. Эрээн нүүртэй мухар хар халзан сувай хонь, хар халзан мухар хонь, эвэртэй хар нүдэн хонь, хар толгойтой мухар хурга, орой цагаан хар толгойтой мухар хурга, шар халзан хурга хоёр талын чих нь сэвчээ имтэй, хондлой дээр ногоон будагтай. Сувай эм хонио 180.000 төгрөгөөр, нас нийлсэн 2 эм хонио тус бүр 130.000 төгрөгөөр, 3 хургаа тус бүр 60.000 төгрөгөөр үнэлж байна. Манайх Н.Маас 6 тооны хонины хохирлоо аваагүй. Би гомдолтой байна. Н.Маас 6 тооны хонины хохирол нэхэмжилж байна. Н.М манай хонины хохирлыг барагдуулж өгвөл гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Пийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой 18 цагийн үед гэрийн чанх ард байдаг уулын ард руу манай хонинууд даваад орсон. Удалгүй манай хонинууд гэрийнхээ гадаа ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болохоор манай хонинууд гэрийн урд байдаг нуурын эргээр бэлчиж орой орж ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө бага зэрэг цас орсон байхаар нь тэжээлийн хэдэн ямаагаа тэжээх гээд гартал тэжээлийн гозгор эвэртэй шарга ямаа, гэдэргээ эвэртэй хар ямаа байхгүй байсан. Саахалт айлын М ахаас манай 2 ямаа байхгүй байна, танай хонинууд дунд байна уу гэж асуухад ах нь мэдэхгүй байна, тийм юм харагдаагүй гэж надад хэлэхээр нь хонинууд дунд шүүж үзэхэд байхгүй байсан. Би ойр хавьд байдаг айлуудынхаа хонинууд дунд шүүж үзэхэд байгаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө ямаануудаа тоолж үзэхэд 14 ямаа, 5 хонь дутаж байсан. Хажуу айлын ах Б ахын 6 хонь мөн дутаж байсан. Тэгээд би Алаг-Уул багаар хайгаад олдоогүй. Хажуу айлын ах Э ахаас та манай хулгайд алдсан хонь, ямаануудыг харсан уу гэж асуухад 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой уулын ард байдаг Мын урдуур 20 цагийн үед гарахад хонинуудынх нь урд нь тасарсан 10 гаруй тооны ямаанууд харагдаж байсан, ах нь манай ямаанууд биш болохоор нь анзааралгүй яваад өгсөн гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө Э ахтай хамт М ахынд очиж танай ямаануудын урд манай хэдэн ямаа байсныг Э ах харсан байна гэж асуухад би тийм ямаанууд хараагүй, мэдэхгүй гэж надад хэлсэн. Хэрвээ танай ямаанууд өөр газраас гарч ирвэл би нэр төрөө сэргээлгэж гэж авна шүү гэж надад хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой Эрдэнэ-Уул багаар хонь, ямаануудаа хайж явсан. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед Н гэх айлын хонинууд дунд хонь, ямаануудаа харахад манай хулгайд алдсан ямаанууд байсан. Нын хонинууд дунд байсан. Ямаагаа барьж аваад им будгийг нь үзтэл манай хулгайд алдсан ямаанууд мөн байсан. Удалгүй Н ах нь ирж юун хүмүүс манай ямааг барьж үзээд байна гэж асуухаар нь би манай хулгайд алдсан хэдэн ямаанууд танай хонинууд дунд байхаар нь барьж авч үзсэн юм гэж хэлсэн. Н ах нь М намайг байхгүй хойгуур хэдэн ямаа нэг хурга авчраад тавьсан байсан. Тэгээд би уулан дээр гараад ээжтэй утсаар ярьж манай хулгайд алдсан ямаанууд Эрдэнэ-Уул багийн Баруун цуйр талын Хонхор гэх газарт Н гэх айлын хонинууд байна, та хурдан цагдаад мэдэгдээд цагдаа дагуулаад ир гэсэн. Удалгүй сумын төвөөс цагдаа ирсэн. Манай хажуу айлын Б ахын хонинуудтай нийлээд 25 тооны хонь, ямаа хулгайд алдсан байсан. Нын хонинууд дундаас манай өөрийн 14 ямаа, Б ахын 1 хурга гарч ирсэн. Манай хониноос 4 тооны нас гүйцсэн эм хонь, 1 тооны хурга дутаж байгаа. Б ахын 3 тооны нас гүйцсэн эм хонь, 2 тооны хурга дутаж байгаа. Манай өөрийн нас гүйцсэн эм хонь 4, хурга 1 ширхэг, нас гүйцсэн эм ямаа 8 ширхэг, хязаалан эр ямаа 1 ширхэг, шүдлэн эр ямаа 1 ширхэг, ишиг 4 ширхэг зэргийг хулгайд алдсан. Нийт 19 тооны хонь, ямаа хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Пийн дахин мэдүүлсэн: ...Манайхаас 2021 оны 11 дүгээр сард монголын хязаалан эр алга болж байсан. Мөн 2020 оны намар 10 дугаар сард нас нийлсэн хуц алга болоод одоог болтол олдоогүй байгаа. Би Н.Мыг сэжиглэж байна. Учир нь манай үхрүүд Мын гэрийн гадна хоноод алга болж байсан. Хуц нь харин хашаа давж гараад Мын гадна байхыг манай ах П харсан байсан учраас Н.Мыг авсан гэж сэжиглэж байна. Сая алдсан хонь, ямаанаас 10 тооны хонь дутаж байгаа. Тухайн үед Н гэх айлын хониноос 10 ямаа, 4 ишиг, 1 хурга, нийт 15 тооны малыг тухайн хониноос олоод манайд М явган тууж авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 09, 10-ны үед манай найз Н.М намайг гэртээ байхгүй байх хойгуур 4 ишиг, нас нийлсэн 8 эм ямаа, 1 шүдлэн эр ямаа, 1 хязаалан эр ямаа, 1 хурга, нийт 15 бог малыг өөрийнхөө суудлын авто машинаар ачиж авч ирээд манай хоньтой нийлүүлээд үлдээсэн байсан. Тэр ямаануудын зөв талын эврийг нь улаанаар, буруу талын эврийг нь цэнхэр будгаар будсан байсан. Зарим ямааны зөв талын чих тайранхай, хоёр чих нь цуурхай, зөв талын чих нь цоорхой, янз бүрийн имтэй байсан. Тухай үед манай малыг хүргэн Баярбат харж байсан юм. Н.М манай хүргэн Баярбатад хүнээс худалдаж авсан юм, хоньтой чинь нийлүүлээд үлдээчихлээ, хэд хоногоос эргэж ирээд авна гээд явсан байсан. Би Мтай тухайн үед нь утсаар ярих гэсэн боловч манай утасны сүлжээ унаад ярьж чадаагүй. Тэгээд би эхнэртэйгээ хамт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мын гэрт нь дээл хийлгүүлэхээр очихдоо Маас юун ямаа болохыг нь асуухад хүнээс худалдаж авсан гэж байсан гэхээр нь би хурдан очиж аваарай, манай тэнд шүлхий өвчин гараад байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрийн гаднаа зогсож байхад зүс таних залуу хүрч ирээд ахаа манай хулгайд алдсан ямаа танай хонин дотор байна, хаанаас, хэнээс авсан юм бэ гэхээр нь би М хүнээс авсан гэсэн, манайд түр тавьсан гэж хэлсэн. М манайд урьд өмнө нь ямар нэгэн мал авчирч тавьж байгаагүй. Бид хоёрын дунд хийсэн наймаа, өр авлага байхгүй. М манайд ямар учраас мал аваачиж тавих болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Эрдэнэмандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас мал тээвэрлэх, зөөвөрлөх, отор нүүдэл хийхийг хориглосон захирамж гарсныг мэдсэн. Би Мыг ногоо тариад шуудай төмсийг эм ямаа, ишигнээс өгөөд явж байсныг мэдэх учраас тэрийгээ цуглуулж явсан юм байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед зүс таних ах Б гэх ах манайд ирсэн. Б ахыг Н.М гэдэг болохыг сүүлд нь мэдсэн. Манайд ирэхдээ суудлын машинд баахан ямаа ачаад ирсэн байсан. Тэгээд хүнээс ах нь ямаа авсан юм, танайд үлдээчих үү, дараа ирж авна гэхээр нь би зөвшөөрч машинаас нь буулгасан. Тэгэхэд ишиг 4, нас нийлсэн эм ямаа 8, шүдлэн эр ямаа 1, хязаалан эр ямаа 1, хурга 1, нийт 15 бог малыг буулгасан. Тухайн үед Н.М ганцаараа явсан. Тэр ямаануудын зөв талын эврийг нь улаанаар, буруу талын эврийг нь цэнхэр будгаар будсан байсан. Будаг нь хуучин будаг байсан. Маргааш нь манай хадам ах Н ирэхээр нь М ах хэдэн ямаа буулгаж үлдээгээд явсан, дараа ирж авна гэж байна лээ гэж хэлсэн. М ах манайд урьд өмнө нь ямар нэгэн мал авчирч тавьж байгаагүй. Би тэр хүнийг сайн танихгүй. М ах бид хоёрын дунд өр авлага байхгүй. Хийсэн наймаа байхгүй. Би санаад ороогүй, зөвшөөрчихсөн юм. Хулгайнх гэж мэдээгүй. Би Эрдэнэмандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас мал тээвэрлэх, зөөвөрлөх, отор нүүдэл хийхийг хориглосон захирамж гарсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Пгийн мэдүүлсэн: ...Бүгдийг нь сайн санахгүй байна. М нь надтай 1 сар орчмын өмнө утсаар ярьсан. Тэгэхдээ би алга болсон бүх малыг чинь төлж өгье, ахыгаа энэ удаа өнгөрөөчихөөч дээ гэж хэлсэн. Би бол хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгэхэд М ах нь хэрэг хүлээж чадахааргүй байна гэж хэлсэн. Би Мт та нялх нойтон хүүхэдтэй байж ийм хэрэг хийгээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Би өөр зүйл санахгүй байна. Уг хуц нь миний эзэмшлийн мал байгаа юм. Намайг 2020 оны 10 дугаар сард Архангай аймаг руу ажлаар явсан хойгуур миний хуц нь малын хашаанаас харайж гараад алга болчихсон байсан. Манай ээж Маас энэ хавьд манай хуц харагдав уу гэж асуухад М нь өчигдөр манай энүүгээр хөлдөө уяатай хуц явж байсан, хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлсэн байсан. Алдагдсан гэх үхрийн талаар би сайн мэдэхгүй байна. Уг үхэр нь манай өвөөгийн үхэр байгаа юм. Би Мыг сэжиглэж байна. Надтай ярьсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сард М ах манай 25 толгой бог малыг хулгайлаад Н гэдэг айлд авчирч тавьсан байсан учраас би 2020 оны 10 дугаар сард алдсан хуцыг М ах авсан болов уу гэж бодож байна. М нь утсаар ярихдаа алга болсон бүх малыг чинь өөрөөр хэлбэл хуц 1, үхэр 1, 25 бог зэргийг чинь төлж өгье гэж ярьсан. Маас 2020 оны 01 дүгээр сард алга болсон 25 тооны бог малаа төлүүлмээр байна. Талыг нь буюу 16 тооны малыг 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн буцааж өгсөн. Хэрвээ бог, үхэр хоёрыг авсан нь нотлогдвол би хохирлоо нэхэмжилнэ. Алдагдсан малаа хайхад гарсан зардал, бензин тос, лам, хар болох 500.000 төгрөгийг нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эы мэдүүлсэн: ...Би 2017 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байхдаа Н гэх хүнд 3.500.000 төгрөгөөр зарсан юм. Би төлбөрөө бүрэн авсан. Хадам аав Ванчинсүрэнгийн “Хаан” банкны дансаар авсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 113 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Мын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Харин хонь, ямааны тоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний авсан хонь, ямаа гэвэл 14 тооны ямаа, 1 тооны хургыг авсан нь үнэн. Харин үлдсэн 10 тооны хонь, ямааг аваагүй. Миний авсан 14 тооны ямаа, 1 тооны хурга нь манай хоньтой нийлээд 2 хоноод эзэн нь ирж авахгүй байхаар нь би Нынд өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэн аваачиж тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05, 09-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08, 11, 124 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 571 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 572 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 96-97 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-61 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуу/

Хүсэлт /хх-ийн 116 хуу/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-123 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг даргын тодорхойлолт 2 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 4 хуудас, хохирогч нарын хохирол авсан баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын А багийн Ш гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч.О, Д.Н нарын хонь, ямаа нийлсэн 25 тооны бог мал буюу олон тооны мал хулгайд алдагдаж, тэдгээрт 2.560.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь А аймгийн Э сумын А багийн Ш гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ч.О, Д.Н нарын хонь, ямаа нийлсэн 25 тооны бог мал буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, тэдгээрт 2.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ч.Оийн мэдүүлсэн “01 дүгээр сарын 10-ны өглөө миний хүү П нь утсаар залган ярьж тэжээдэг ямаа байхгүй байна, ойр хавьд байдаг айлуудын хонинд шүүгээд байхгүй байна, тэгээд хонио тоолоод үзтэл манай хониноос 14 ямаа, 5 хонь алга болсон байна гэж надад хэлсэн. Би 01 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ ирээд хонинуудаа тоолоход манай өөрийн 14 тооны ямаа, 5 тооны хонь, хажуу айлын 6 тооны хонь зэргийг хулгайд алдсан байсан. Нийт 25 тооны хонь, ямаа хулгайд алдсан байсан. Манай хүү П Мтай утсаар ярьсан байсан. М нь утсаар ярихдаа би танай хулгайд алдсан хонь, ямаануудыг чинь би хулгай хийнэ, өөрийнхөө суудлын машинаараа ачна, Нын хонинууд дунд тавьсан гэж ярьсан байсан. Танай өмнө нь хулгайд алдсан үхэр, хуцыг чинь би хулгай хийсэн юм, төлж өгнө, битгий цагдаад хэлээрэй гэж хэлсэн байсан”, “Би 2020 оны 10 дугаар сард хуц алдсан. Харин монголын хязаалан эр үхрээ 2021 оны 11 дүгээр сард алдаж байсан. Тухайн үед ганцаараа байсан болохоор араас нь явж амжаагүй. Би Н.Мыг л гэж бодож байна. Н.Мт манай ээж, аав 2 танай ард бууснаас хойш манай мал алга болоод байна гэж хэлэхэд дуугарахгүй байхаар нь би Н.Мыг л авсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 90/,

 

хохирогч Ч.Бын мэдүүлсэн “Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багт хүргэн Дын гэрийг сахиад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хажуу айлын дүү П Б ахаа манай хонь, ямаанууд зарим нь алга болсон байна гэж надад хэлэхээр нь би хонио бүртгээд үзтэл нас гүйцсэн эм хонь 3 ширхэг, хурга 3 алга болсон байсан. Тэгээд би Поос ахын дүү хайж үзсэн үү гэж асуухад ойр хавийн айлуудын хонинууд дунд шүүж үзэхэд байхгүй байсан гэж надад хэлсэн. Саахалт айлын М гэх хүнийг хардаж байна. М нь манай хажуугийн эгчийн хүү Птэй утсаар ярихдаа би танай хонь, ямаануудыг хулгай хийсэн гэж ярьсан болохоор би хардаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,  

 

хохирогч Д.Нийн мэдүүлсэн “Би нөхөр Ч.Бын хамт 2022 оны 01 дүгээр сарын эхээр байх, өдрийг нь санахгүй байна, Тээл баг руу хүргэн Дынд очиж гэр сахиад 7 хоноод гэртээ ирэхэд хажуу айлын А.П манайд орж ирээд хонь, ямаа дутаад байна, хонь тасарсан байна, ойр хавийн айлуудын хониор шүүгээд байхгүй байна гэж байсан. Нөхөр бид хоёр хайж байгаарай гээд гэрээсээ солих хувцсаа аваад буцаад хүргэнийд очоод 4 хоноод гэртээ ирэхэд П хонь, ямаагаа олоогүй гээд байж байсан. Тэгээд манайх хонио бүртгэж үзэхэд нас нийлсэн эм хонь 3, хурга 3 дутаж байсан. Нөхөр бид хоёр Шандны айлуудын хониор хонио шүүгээд олохгүй байсан болохоор хулгайд алдсанаа мэдсэн. Ч.О эгчийн хонь, ямаа манай хонийг Алаг-Уул багийн иргэн Н.М хулгай хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,

 

гэрч А.Пийн мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө бага зэрэг цас орсон байхаар нь тэжээлийн хэдэн ямаагаа тэжээх гээд гартал тэжээлийн гозгор эвэртэй шарга ямаа, гэдэргээ эвэртэй хар ямаа байхгүй байсан. Саахалт айлын М ахаас манай 2 ямаа байхгүй байна, танай хонинууд дунд байна уу гэж асуухад ах нь мэдэхгүй байна, тийм юм харагдаагүй гэж надад хэлэхээр нь хонинууд дунд шүүж үзэхэд байхгүй байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө ямаануудаа тоолж үзэхэд 14 ямаа, 5 хонь дутаж байсан. Хажуу айлын ах Б ахын 6 хонь мөн дутаж байсан. Хажуу айлын ах Э ахаас та манай хулгайд алдсан хонь, ямаануудыг харсан уу гэж асуухад 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой уулын ард байдаг Мын урдуур 20 цагийн үед гарахад хонинуудынх нь урд нь тасарсан 10 гаруй тооны ямаанууд харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 105-106/,  

 

гэрч Б.Нын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 09, 10-ны үед манай найз Н.М намайг гэртээ байхгүй байх хойгуур 4 ишиг, нас нийлсэн 8 эм ямаа, 1 шүдлэн эр ямаа, 1 хязаалан эр ямаа, 1 хурга, нийт 15 бог малыг өөрийнхөө суудлын авто машинаар ачиж авч ирээд манай хоньтой нийлүүлээд үлдээсэн байсан. Н.М манай хүргэн Баярбатад хүнээс худалдаж авсан юм, хоньтой чинь нийлүүлээд үлдээчихлээ, хэд хоногоос эргэж ирээд авна гээд явсан байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мын гэрт нь дээл хийлгүүлэхээр очихдоо Маас юун ямаа болохыг нь асуухад хүнээс худалдаж авсан гэж байсан гэхээр нь би хурдан очиж аваарай, манай тэнд шүлхий өвчин гараад байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрийн гаднаа зогсож байхад зүс таних залуу хүрч ирээд ахаа манай хулгайд алдсан ямаа танай хонин дотор байна, хаанаас, хэнээс авсан юм бэ гэхээр нь би М хүнээс авсан гэсэн, манайд түр тавьсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

гэрч Л.Бын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед зүс таних ах Б гэх ах манайд ирсэн. Б ахыг Н.М гэдэг болохыг сүүлд нь мэдсэн. Манайд ирэхдээ суудлын машинд баахан ямаа ачаад ирсэн байсан. Тэгээд хүнээс ах нь ямаа авсан юм, танайд үлдээчих үү, дараа ирж авна гэхээр нь би зөвшөөрч машинаас нь буулгасан. Тэгэхэд ишиг 4, нас нийлсэн эм ямаа 8, шүдлэн эр ямаа 1, хязаалан эр ямаа 1, хурга 1, нийт 15 бог малыг буулгасан. Тухайн үед Н.М ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,  

 

гэрч А.Пгийн мэдүүлсэн “М нь надтай 1 сар орчмын өмнө утсаар ярьсан. Тэгэхдээ би алга болсон бүх малыг чинь төлж өгье, ахыгаа энэ удаа өнгөрөөчихөөч дээ гэж хэлсэн. Би бол хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгэхэд М ах нь хэрэг хүлээж чадахааргүй байна гэж хэлсэн. Би Мт та нялх нойтон хүүхэдтэй байж ийм хэрэг хийгээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. Надтай ярьсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сард М ах манай 25 толгой бог малыг хулгайлаад Н гэдэг айлд авчирч тавьсан байсан учраас би 2020 оны 10 дугаар сард алдсан хуцыг М ах авсан болов уу гэж бодож байна. М нь утсаар ярихдаа алга болсон бүх малыг чинь өөрөөр хэлбэл хуц 1, үхэр 1, 25 бог зэргийг чинь төлж өгье гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,  

өөрийн гэм бурууг хүлээж Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-05, 09-10/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08, 11, 124/,  

“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 571 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/,

“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 572 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Н.М нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.Мыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба объект нь бусдын өмчлөх эрх, субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын харъяалалтай хүн байх ба шүүгдэгч Н.М нь А аймгийн Э сумын Абагийн Ш гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр машин механизм ашиглан Ч.О, Д.Ннарын олон тооны мал буюу 25 тооны бог малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Н.Мт хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.От 1.260.000 төгрөгийн, хохирогч Д.Нт 1.300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.М нь хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 66-71 УНД улсын дугаартай “Ниссан Тино” маркийн автомашин хэрэглэсэн байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ниссан Тино” маркийн тээврийн хэрэгслийг “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлтээр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 66-71 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Маас гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Бовогт Нгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 66-71 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Маас гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ