Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тын Зод холбогдох эрүүгийн 2238000000111 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар баг Элстэйн ар гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Н 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан галын хайч, хагалсан түлээгээр зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, дал, зүүн тохой, хэвлий баруун, зүүн ташаа, гуя, шилбэнд, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 29-ний шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Н “архи уулаа” гэх шалтгаанаар уурлаж, сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, удаа дараа бие эрх чөлөөнд халдаж гар, хөл, нуруу, хэвлий, дал хэсэгт галын хайч, түлээ, дарсны шил зэргээр цохиж, түүний биед нь баруун, зүүн бугалга, дал, зүүн тохой, хэвлий баруун, зүүн ташаа, гуя, шилбэнд, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Зын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нийн өгсөн: “...Би З гэдэг хүнтэй 2000 оноос хойш нэг гэрт орж гэрлэлтээ батлуулсан. ... Манай нөхөр суусан цагаас хойш намайг архи уусан үедээ гэчий, жингэр, зайл гэх мэтээр хэл амаар доромжлоод хаяа нэг цохиж байсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны үед манай том ах М гэдэг айлд очоод архи ууж гэртээ ирээд миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохиж, нуруун тус газар нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөөд манай хүү Батхишиг салгасан. 2021 оны 11 дүгээр сард би Мөрөн сум ороод эмнэлэгээр явж байгаад гэртээ очиход чи дандаа өвчин хэлдэг гээд миний зүүн хөлний гуя тус газар хүүхдийн сандлаар нэг удаа цохиод сав шидэхэд оногдоогүй. 2021 оны 12 дугаар сарын 31-ний шөнө согтуу байж байгаад гэнэт ширээгээ өшиглөөд сандал шидээд намайг зайл гэхээр нь би гэрээсээ гараад гэрийн ард байдаг уулан дээр гараад ах М гэдэг ах руугаа залгаж хэлсэн. ..2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нөхөр бид хоёр Б гэдэг айлд очиж цай уугаад хоёр шил архи уусан. Манай нөхөр З уугаагүй би уусан. Тэндээсээ гарч Г гэдэг айлд очиж 2 шил архи уугаад байж байтал манай нөхөр намайг гэртээ харья гэхээр нь би айлд ороод манай нөхөр намайг гэртээ харья гэж байна гэсэн. Манай найз М, О нар намайг явуулахгүй ганц өдөр уухад яадаг юм гэсэн. Тэгээд гэртээ харихаар явж байх замд байдаг Г гэдэг айлаар ороод тэндээс манай нөхөр З архи уусан. Гэртээ харьж О, Н бид гурав манайд унтаж байсан. Манай нөхөр өглөө 05 цагийн үед согтуу гэртээ орж ирээд намайг галын хайч, хагалсан түлээ зэргээр ээлжлээд миний хоёр гар, хоёр хөл нуруун тус газар олон удаа цохисон. Мөн гэрт байсан дарсны шилээр зүүн далан тус газар нэг цохисон. Би толгойгоо хамгаалаад хэвтээд байсан. Тэгээд намайг зодож байгаад намайг зайл гэхээр нь би гэрээс гарсан....Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 7-8, 10 тал/,

Гэрч Т.Нийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт Т. З ах эхнэртэйгээ, Амраа эхнэртэйгээ ирсэн. Манайхаас 2 шил архи уугаад Г гэдэг айлд очиж 2 шил архи уусан. Тэгэхэд Т.З ах архи уугаагүй манайхаас явсан. Би нөхөр Бын хамт араас нь уруудууд Ггийн гадаа очиж Д.Н эгчийг аваад гэртээ очоод байж байтал З ах гэр рүүгээ явсан байсан. Манайд ирээд удалгүй О,  Д.Н бид гурав З ахын гэрт очиход хүн байхгүй байсан. Бид гурав унтаж байсан. Өглөө 05 цагийн үед гаднаас Т.З ах орилж орж ирээд Д.Н эгчийг галын хайчаар ар нуруун тус газар нь цохиж байсан. Би боль гэж дундуур нь орсон. Намайг 2-3 удаа нуруун тус газар цохисон. Оийг унтаж байхад нь Т.З ах нэг удаа цохисон. О босоод гараад гүйгээд явсан. Би араас нь явж хайгаад олоогүй буцаад З ахын гэрийн гадаа ирэхэд З ах мотоциклио асаагаад явсан. Гэрт нь ороход Д.Н уйлсан, З намайг зодсон гээд Од хувтасаа тайлж харуулаад байсан. Би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч П.Оийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Н, Т. З, манай нөхөр А бид 4 Б гэдэг айлд очиж цай уусан. Тэгэхдээ 2 шил архи уусан. З архи уухгүй байсан. Гамбаа гэдэг айлд очиж 3 шил архи уугаад Г гэдэг айлд очоод тэндээс буцаад Б гэдэг айлд очсон. З гэртээ харихаар явсан. Тэндээсээ Д.Н, Т.Н бид гурав Зын гэрт очиж унтаж байхад өглөө 05 цагийн үед З согтуу ирээд намайг цохисон гэсэн. Би тухайн үед мэдээгүй, нэг мэдсэн гадаа явж байсан. Тэгээд сэргээд Зын гэрт ирэхэд Н Зод зодуулсан гээд уйлсаар гарч ирсэн. ..Тухайн үед Д.Н хувтасаа тайлж үзүүлж байсан бие нь хөх алга болсон байсан. Хагалсан түлээ галын хайч хоёроор зодлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай: “Д.Нийн биед баруун, зүүн бугалга, дал, зүүн тохой, хэвлий баруун, зүүн ташаа, гуя, шилбэнд, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Д.Нийн биед учирсан гэмтэл нь /нурууны зулгаралтаас бусад/ нийлбэр болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 38-39 тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-46 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Зын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би эхнэр Д.Нн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Н, гэрч Д.О, Т.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.З нь эхнэр Д.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ удаа дараа сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун, зүүн бугалга, дал, зүүн тохой, хэвлий баруун, зүүн ташаа, гуя, шилбэнд, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Нийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Зын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Зын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Нийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.З гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Нийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Т.Зын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Д.Н нь гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10/ авагдсан, шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Зын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Зод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 37, 49-53 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.З нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Зын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.З нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Тын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овогт Тын Зыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН