Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Н.Г  холбогдох 1829000440023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Манлай суманд 1991 онд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Манлай сум, Өехий баг, ............................ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Долоод овгийн Н.Г  /регистрийн дугаар: ....................../

          Н.Г  нь 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд эхнэр Н.О ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.     

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г  холбогдох 1829000440023 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн үндэслэлээр Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: Н.Г  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын дагуу шилжүүлсэн байхад анхан шатны шүүх захирамжийн үндэслэх хэсэгт мөн хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан журмын аль алиныг давхар баримтлан, дүгнэлт хийсэн нь буруу байна.                                 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арвандолдугаар бүлэг”-т хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хоёр өөр хэлбэрийг хуульчилсан ба дээрх хоёр зохицуулалт нь шүүхээс оногдуулж болох ялын хэмжээ, хуульд зааснаар тодорхой нөхцөл, болзол, хүсэлтийг шаардах, яллагдагчийн эрх нь хоёр өөр байх, мөн шүүхээс гаргах шийдвэрийн төрлөөр тус тус ялгаатай зохицуулалтууд болно. Гэтэл шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаагүй бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргаагүй эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

          Учир нь: Прокуророос Н.Г ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт буюу “байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд Н.О ийн хохирогчоор өгсөн Н.Г ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримт зэргийг огт харьцуулан шинжлэн судлахгүйгээр, зөвхөн шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн асуултын хариултыг “гэх мэт хариулт” гэж тоймлон, шүүгдэгчийн эцсийн үгээс шууд дүгнэлт хийж, “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, ...гэм буруугийн талаар маргаж байна” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотолсон бөгөөд шүүгдэгч Н.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Н.О ийн амарч байсан гэрт хүчээр дайрч орон, улмаар халив /отверка/, заазуур хэрэглэж, түүний эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед тухайн гэрийн хаалга, зурагт зэрэг эд зүйл нь гэмт үйлдэлд өртөн, эвдэрсэн нь нотлогддог боловч энэ нь гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг тул “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нотлох, шалгах шаардлагагүй байна.

          Иймд Н.Г  холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хохирогч, шүүгдэгч хоёр хамтын амьдралтай байж байгаад гэр бүлийн хүчирхийллийн улмаас хоёр тусдаа амьдрах болсон. Хохирогч Н.О э нь эгч Н.С-тэй хамт амьдраад байж байх хугацаанд Н.Г  мөн л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тухайн амьдарч байсан гэрт нь хүч хэрэглэн дайрч орсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүх хянан хэлэлцээд буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус давхар барьж буцаасан. Энэ хоёр зүйл заалт нь хоёр ондоо агуулгатай байхад 17.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой хэргийг 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгээр буцаасан нь үндэслэлгүй юм. 17.4 дүгээр зүйлд хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл шаардлагыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч болоод хохирогч нар гэр бүлийн харилцаатай байж байгаад гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан ийм хоёр хүнийг эвлэрүүлэх, тэр дундаа прокурор ийм шаардлага тавих үндэслэлгүй юм. Мөн буцаах зүйл заалт дээр нэг үндэслэл болгосон зүйл бол бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэсэн нөхцөл шаардлага яригддаг. Хүчирхийлэл үйлдэхийн тулд гэр рүү дайрч орж байгаа асуудал, гэрт нь ороод хүчирхийлэл үйлдэх явцад эд хөрөнгө нь гэмтэж, эвдэрч байгаа асуудал хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хэргийг шалгах явцад Н.С-ийн зурагтыг Н.Г  өөрөө өөрийнхөө зурагтаар буцаагаад өгчихсөн. Ийм байхад заавал шалгах шаардлага байхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй шийдвэрлэхээр боломжтой байсан юм. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Анхан шатны шүүхээс “шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Г  нь эхнэрийгээ зодож байгаагүй гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй”, шүүгдэгч Н.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Н.С-ийн гэрийн цоожийг эвдсэн, зурагтыг хагалсан үйлдэлд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нотлох шинжээчийн дүгнэлт гаргуулан хэрэгт хавсаргасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг орхигдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй” гэж тус тус дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

         Прокурор яллах дүгнэлтэндээ Н.Г ыг эхнэр Н.О ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг зүйлчлэхдээ Н.Г  нь хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар арга, хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар огт дурдаагүй байна.

         Мөн гэрч Н.О ийн ...2017 оны 10 сард ажил дээр намайг зодож цохиж байгаад ажлаасаа халагдаж байсан /хх-20/, гэрч Н.Г ын ...2013 оны өвөл зодож цохиж байсан /хх-22/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр нотлох баримтуудаар нотолж тогтоогоогүй байна.

          Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг дурдахгүйгээр нотлох баримтын эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчиж, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөхөөр болжээ.

            Иймд Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/27 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.

          Хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлүүд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/02 дугаартай  “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА