Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 638

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0638

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Т.Г

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Т.Гыг албан тушаалаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ИХБЦГ хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...БОАЖЯ/хуучин нэрээр/-аас 2013 онд зарласан ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны Б/04 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад БОАЖС2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаалаар албан тушаал буурч Бнуурын сав газрын захиргаанд мэргэжилтнээр томилогдсон.

Энэхүү тушаалыг илт хууль бус гэж үзэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0654 дүгээр шүүхийн шийдвэрээр БОАЖС2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд БОАЖС2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар эгүүлэн тогтоосон.

Ингээд ИХБЦГхамгаалалтын захиргааны даргаар 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дахин ажиллаж, БОАЖСтай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр эхний хагас жилд 86,9 хувь, жилийн эцсээр 67,5 хувиар дүгнүүлэн ажиллаж байтал БОАЖС 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас халсан нь төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр хэмээн үзэж байна.

БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, Улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй... гэсэн үндэслэлүүдээр ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна. Учир нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлийн тухайд,

Улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн Б аймгийн Б сумын О хэмээх газарт байгаль хамгаалагч байнгын, Хамгаалалтын захиргаа, Б сумын Байгаль орчны алба, Цагдаагийн хэсэг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газар хамтарсан хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг Б аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газартай хамтран зөрчлийг таслан зогсоож, миний бие хуульд заасны дагуу ажил үүргээ бүрэн хэрэгжүүлсэн болно. Уг зөрчилтэй холбоотой асуудлыг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраар шалгуулж зохих арга хэмжээг авахуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож ажилласан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хамгаалалтын дэглэмийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга нарт удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдэж өгөөгүй.

2. Улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд,

БОАЖС2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/124 тоот тушаалаар 10 сая төгрөг баталсан тул зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжийг сонгохдоо аль болох ашиг сонирхол үүсгэхгүй байх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон холбогдох хэлтэс, Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, мэргэжилтэн нартай биечлэн уулзаж зөвлөгөө авч, Төрийн болон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан Босго үнэ шинэчлэн батлах тухай журмын хавсралт, БОАЖС2018 оны А/124 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулж ажилласан болно.

3. Дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд,

БОАЖС болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өгсөн ажлын чиглэл, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж биелэлтийн тайлан, холбогдох материалыг хамгаалалтын захиргааны албан бичгээр, мөн Хамгаалалтын захиргааны 7 хоногийн мэдээ, сар бүрийн ажлын тайланг Тусгай хамгаалалттай газар нутгийн цахим бүртгэлийн программаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлэн ажиллаж байсан. Холбогдох баримтууд ИХБЦГХамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хадгалагдаж байна. Мөн 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1, 2 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас ямар нэгэн үүрэг даалгавар, ажлын чиглэл өгөөгүй, өөрийн ажлаа ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомжид заасны дагуу хийж гүйцэтгэж ажилласан.

4. Түүнчлэн албан тушаалаас халсан сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 д Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж давхардуулан ногдуулсан гэж үзэж байна. Тодруулбал, БОАЖС2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Т.Год сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/57 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байсан. Уг сануулах сахилгын шийтгэлийг авах болсон шалтгаан, үндэслэлийг урьдчилж мэдэгдэж шалгаагүй, тэр ч байтугай тушаал гарсан гэдгийг би өөрөө ч мэдээгүй, надад сахилгын шийтгэл ногдуулсан гэдгээ захиргааны байгууллага, албан тушаалтан ч мэдэгдээгүй.

Харин намайг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар дээр очиж 2018 оны ажлын тайлангаа өгөхөд танд сануулах арга хэмжээ авсан гэж тушаалын хуулбарыг өгсөн. Би энэ тушаалыг хэдийгээр ойлгохгүй, зөвшөөрөхгүй байсан ч маргаан үүсгэлгүй, ажлаа үргэлжлүүлэн хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэж байхад өмнө нь ногдуулсан зөрчлийг давхардуулан ногдуулж ажлаас халсан нь Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна, Сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн гэж үзэж байна.

5. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийгээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Т.Б 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11:39 цагт миний  цахим хаягаар халах гэж байгаа мэдэгдлийг явуулсан гэх боловч надад тухайн үед ямар үндэслэлээр халах гэж байгаагаа мэдэгдээгүй харин ажлаас халсан тушаал ирэхэд нь мэдсэн болно. Ингээд мэргэжилтэн Т.Баас Намайг яагаад халах гээд байгаа юм бэ би ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж байгаа гэхэд хариуд нь танай аймгийн Засаг дарга Г.Бсайдад албан бичиг ирүүлсэн, сайд энэ хүнийг ажлаас халах хэрэгтэй гэж хэлсэн гэсэн тайлбар өгсөн, мөн энэ талаар аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас асуухад би Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад албан бичиг явуулсан гэсэн хариуг хэлсэн. Аймгийн Засаг дарга БОАЖСад ажлаас халах бичиг явуулсны үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж байгаа нь илт хууль бус, улс төрийн нөлөөлөлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Миний бие нь БОАЖС2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалыг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д заасны дагуу гомдлоо, холбогдох баримтын хамт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхэд тус Зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 516 тоот албан бичгээр шүүхийн байгууллагад ханд гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд БОАЖС2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Т.Гыг албан тушаалаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Год БОАЖС2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч, хууль тогтоомжийг мөрдүүлэн ажиллаагүй. Мөн дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн 2 үндэслэлээр ногдуулсан байдаг. Энэ сахилгыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Мэдэх үед нь гомдол гаргах хугацаа дууссан байсан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг гаргахдаа дээрх 2 үндэслэл болон улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй гэсэн үндэслэлийг нэмж албан тушаалаас нь халах шийтгэлийг ногдуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй гэсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байна. Мөн дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалтыг баримталсан бөгөөд энэ нь төрийн албанаас халах үндэслэл болж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д төрийн албанаас халах гэж сахилгын шийтгэлийг зааж өгсөн. Гэтэл хариуцагч үндэслэлийг нь баримтлаад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байхад дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийг 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон юм бэ. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан зайлшгүй шалгаж тогтооно, нотолсон байх ёстой гэж заасан. Гэтэл шалгаж тогтоосон баримт байдаггүй. Шүүхийн зүгээс 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол ямар арга хэмжээг авсан, хэрхэн шалган тогтоосон талаарх баримтаа ирүүлээч гэж шаардахад ямар нэгэн баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халах болсон 3 үндэслэлээ хэрхэн шалгаж тогтоосон талаарх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл шалган тогтоогоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Тус шүүхэд Т.Г нь БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Т.Гыг албан тушаалаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Б аймаг дахь ИХБЦГхамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Т.Г нь удаа дараа хариуцан хамгаалах газартаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж байсан. Энэ тухай орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас яаманд сануулга, зөвлөмж, мэдээллийг ирүүлж хамгаалалтын захиргааны даргад хариуцлага тооцож өгөхийг шаардаж байсан байдаг.

Иймд БОАЖС 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Год сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/57 дугаар тушаал гаргаж сануулах шийтгэл ногдуулсан.

Түүний хариуцсан байгалийн цогцолборт газарт хууль бусаар гар аргаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулж байсныг тэрээр мэдсээр байж таслан зогсоож чадаагүй учраас хариуцлага тооцох гол үндэслэл болсон байдаг.

Энэхүү алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч уг тушаал гомдол гаргаагүй.

2. Гэвч түүний хариуцсан газар гар аргаар алт олборлогчид хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа тухай мэдээлэл орон нутгийн байгууллагаас дахин ирсэн, үүнд хамгаалалтын захиргаа ямар нэг арга хэмжээ аваагүй байсан, мөн хариуцсан газар нь нөхөн сэргээлт хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахдаа хууль зөрчсөн, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.-д ...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... бол төрийн албанаас хална гэж заасныг үндэслэн БОАЖС 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Албан тушаалаас халах тухай Б/06 дугаар тушаал гаргасан.

Уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүнд мэдэгдэл хүргүүлсэн, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан.

3. Т.Г нь яаманд ажиллаж буй хүмүүсээр дамжуулж ...орон нутагтаа өөр төрийн байгууллагад ажилд орохоор болсон тэтгэвэрт гарах дөхөж байгаа учраас халсан гэх тушаалаа залруулж өөр байдлаар гаргавал маргаан хийхгүй... гэж хэлүүлсэн байсныг дурдах нь зүйтэй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г тус шүүхэд хандан БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Т.Г нь анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны Б-04 тушаалаар ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад БОАЖС2017 оны Б/17 дугаар тушаалаар албан тушаал буурч Бнуурын сав газрын захиргаанд мэргэжилтнээр томилогджээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0654 дүгээр шийдвэрээр БОАЖСдээрх тушаалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор БОАЖСаас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/09 дүгээр тушаалаар Т.Гыг ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

Улмаар БОАЖС2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар Т.Год Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ

2. БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны Б/06 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, Улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Т.Гыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заалтыг үндэслэн албан тушаалаас нь халжээ.

3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар БОАЖС нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын даргыг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд ингэхдээ хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргах үүрэгтэй.

Хуульд заасан хариуцагчийн энэхүү бүрэн эрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх болон Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хууль дээдлэх зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай.

4. Хариуцагч БОАЖС Т.Гыг албан тушаалаас халах тухай 2019 оны Б/06 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан /хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ үндэслэлийг баримталжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын үндэслэлийг ...Т.Г нь удаа дараа хариуцан хамгаалах газартаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж байсан. Энэ тухай орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас яаманд сануулга, зөвлөмж, мэдээллийг ирүүлж хамгаалалтын захиргааны даргад хариуцлага тооцож өгөхийг шаардаж байсан. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас халсан хэмээн тайлбарлаж байх боловч тус маргаан бүхий актад дурдагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр урьд нь хариуцагч БОАЖСаас 2018 оны Б/57 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Год сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж байсан,

үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэлх 4 сарын хугацаанд нэхэмжлэгчээс тухайлан дээд шатны удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хэзээ болсон хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тухайн маргаан бүхий акт гаргах болсон үндэслэлд хамаарах нотлох баримтыг цуглуулах, үнэлэх зэрэг шаардлагатай ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хийгээгүй,

Б аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 210 дугаар албан бичгийг үндэслэн тус аймгийн Засаг даргаас БОАЖСад хандан хүргүүлсэн 2018 оны Санал хүргүүлэх тухай 1а/1097 дугаар албан бичигт дурдагдсан асуудал нь БОАЖС2018 оны Т.Год сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/57 дугаар тушаалын үндэслэл болсон нөхцөл байдлаас өөр эсэхийг нягтлан тогтоохтой холбоотойгоор хуульд заасан ажиллагааг хийгээгүй нь шүүхээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасанчлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн дүгнэх боломжгүй болгож байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дугаар зүйлийн 24.2 дахь хэсгийг зөрчсөн БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Гыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10/7800 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид зөвлөмж хүргүүлж, үүрэг даалгавар өгч байсан, улмаар дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Т.Год 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн БОАЖС2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Гыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ИХБЦГхамгаалалтын захиргааны даргын албан тушаалд албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.    Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Гын ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5.789.724 /Таван сая долоон зуун наян есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Год олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М