Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0134 |
Огноо | 2014-03-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0134
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ц.Э, өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн иргэн Д.Э-т, “Э” ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгосон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны А/221 С дүгээр захирамж нь “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захирамж болсон байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 405 дугаар захирамжаар иргэн Д.Э-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын урд талд аж ахуйн хашааны зориулалтаар 6474 м.кв газрыг олгосон байна. “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр иргэн Д.Э-ээс Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын урд талд аж ахуйн хашааны зориулалттай 6474 м.кв газрыг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээт байгуулан шилжүүлэн авсан юм. “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжаар “Э” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд аж ахуйн хашааны зориулалтаар 6474 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулсан. Дээрх захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК-д 0292881 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгон, газар эзэмших гэрээ байгуулж, “Э” ХХК нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь болсон юм. Гэтэл дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр “Э” ХХК-д олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Манай компани нь эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу аж ахуйн зориулалтаар эзэмшин компанийн тээврийн том оврын авто машин механизмыг байршуулан Замын-Үүд, Эрээн хотын чиглэл, орон нутгуудад тээврийн үйлчилгээг үзүүлэн бараа материалыг хадгалах үйл ажиллагаа явуулдаг юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан дүүргийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах эрхтэйн дагуу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаа гаргасан байна.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын урд талд байрлах 6474 м.кв газар нь нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбай, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш, тухайн газар ( дээр болон дор ямар ч инженерийн шугам сүлжээ байхгүй болно. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн иргэн Д.Э-т холбогдох заалт нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжаар хүчингүй болсон байхад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар дахин хүчингүй болгосон нь ойлгомжгүй.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Гэтэл хуулийг буруу хэрэглэн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулан “Э” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөдлийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан билээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл нь “Шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна" гэсэн хариуг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бичгээр өгсөн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэн Д.Э-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын баруун талд аж ахуйн хашааны зориулалтаар 6474 м.кв газрыг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг тус тус зөрчин нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулах зарчим баримтлалгүйгээр эзэмшүүлсэн, уг хууль бус захирамжаар олгосон газар эзэмших эрхийг “Э” ХХК-д шилжүүлжээ.
Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчин газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн иргэн Д.Э-т, уг хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг “Э" ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/300 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох заалтыг тус тус Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/221 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/221 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 007 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Э" ХХК- ийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэн Д.Э-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын баруун талд аж ахуйн хашааны зориулалтаар 6474 м.кв газрыг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2,21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсгийг тус тус зөрчин, нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулах зарчим баримтлалгүйгээр эзэмшүүлсэн, уг хууль бус захирамжаар олгосон газар эзэмших эрхийг "Э" ХХК-д шилжүүлжээ.
Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчин газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжийн иргэн Д.Э-т, уг хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг "Э" ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/300 дугаар захирамжийн "Э" ХХК-д холбогдох заалтыг тус тус Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/221 тоот ( захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг дарга 2012 оны А/221 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно.
Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 007 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар иргэн Д.Э-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын урд, аж ахуйн хашааны зориулалтаар 6474 м.кв газрыг эзэмшүүлсэн ба улмаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Д.Э-ийн газрын эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр Д.Э болон “Э” ХХК-д газар эзэмшүүлсэн дээрх захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий газар нь А/221 дүгээр захирамжийн үндэслэл болсон нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбай бүхий, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарахгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн ирүүлсэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, схем зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөн хариуцагчаас “Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар эзэмшүүлсэн” гэж маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэлийг тодорхойлдог боловч нэхэмжлэгч “Э” ХХК нь дүүргийн Засаг даргын 2012 оны А/300 дугаар захирамжаар иргэн Д.Э-ээс маргаан бүхий газрыг шилжүүлж авсан учир тус компанийг дуудлага худалдаа, төсөл , сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшсэн гэж буруутгах үндэслэлгүй юм.
Харин иргэн Д.Э болон нэхэмжлэгч “Э” ХХК-д газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор, гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн шийдвэр, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Ийнхүү дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/221 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн , эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.
| ||||
| ||||