Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00141

 

Т.Кгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00021 дүгээр магадлалтай,

Т.Кгийн нэхэмжлэлтэй

БӨАНДХ, Д.Анарт холбогдох

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын тахир дутуугийн тэтгэврийн мөнгө 1 215 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакены гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлан комиссын шийдвэрийн дагуу Т.К миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож 2017 оны 9 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны хооронд тахир дутуугийн тэтгэвэр олгохоор тогтоосон. Гэтэл Т.К надад олгогдох тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаа болоогүй байхад 2018 оны 4 дүгээр сарын 10-аас хойш ямар ч шалтгаангүй олгохгүй байна. Нэхэмжлэгч Т.К миний бие сар бүр 243,000 /хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөгийн тэтгэвэр авч байсан ба 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр 10-ыг дуустал 5 сард 1,215,000 /нэг сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгөөр хохирч байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлд зааснаар Т.К надад 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны хүртэл 5 сарын тахир дутуугийн тэтгэвэр 1,215,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн НДХээс нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь жил бүр 21 аймаг, 9 дүүрэгт байгаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын ажлын явцад хуваарийн дагуу тухайн аймаг дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын программаас тохиолдлын аргаар нийт хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 30 хувьд нь Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн эмч нартай хамтран орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, сунгах үйл явцад хөндлөнгийн үзлэг хийдэг. Энэ нь хуваарийн дагуу энэ жил манай аймагт 2018 оны 4 дүгээр сарын 17-оос эхлэн 14 хоног үргэлжилж программаас шүүж авсан 1240 иргэн, даатгуулагчийг дахин магадлалд хамруулсан. Үүнээс ороогүй 110 иргэн, даатгуулагч үлдсэн. Бүрдмэл магадлал явуулах дүрмийн дагуу 1 сарын өмнө тухайн сум, багийн засаг дарга, Нийгмийн даатгалын болон халамжийн байцаагч нарт дахин магадлалд хамрах иргэдийн нэрсийг явуулж зар өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч нь дахин магадлалд хамрагдаагүй учраас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 тоот албан бичгээр манайд бүрдмэл магадлалд хамрагдаагүй 110 иргэн, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг зогсоох чиглэл хүргүүлсэн болно. Үүний дагуу Нийгмийн даатгалын сангаас болон халамжийн сангаас авч байсан тахир дутуугийн тэтгэврийг зогсоосон. Иргэн Т.К нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг зогсоосны дараа хэрэв мэдээгүй гэж үзвэл манай хэлтэст хандах ёстой байтал нэг ч удаа хандаагүй. Дээрх зогсоосон гэх 110 иргэний 30 иргэн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг дахин магадалж авсан. Иймд иргэн Т.Кгийн манай байгууллагаас нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Айжаны тайлбарт: Д.Аби аймгийн НДХээс 2018 оны 3 дугаар сард ирүүлсэн хүмүүсийн нэрсийг тус сумын 5 багийн Засаг дарга нарт өгч, тус тусынхаа багийн иргэдэд мэдэгдэж, дуудсан хугацаанд нь аймгийн төвд байлгахыг мэдэгдсэн. Гэтэл нэр дурдсан иргэдийн зарим нь хугацаа хожимдож очсон, зарим нэг нь очоогүй байна. Тухайн үед очиж чадаагүй хүмүүс дараа нь очиж, группийнхээ асуудлыг шийдвэрлүүлж ирсэн. Хэрвээ Т.К нь үнэхээр хууль журмын дагуу групп тогтоолгосон байсан бол тухайн үед болон түүний дараа аймагт очоод асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Т.К нь хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу бүрэн бус хэмжээгээр алдсан гэдэг нь эргэлзээтэй болоод аймагт очоогүй байх. Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг тогтоодог хүн нь би биш, магадлах комиссын бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн НДХийн санхүүгээс Т.Кгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сарын тахир дутуугийн тэтгэврийн мөнгө 1,215,000 /нэг сая хоёр зуун арван таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Нийгмийн даатгалын байцаагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00021 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сакен хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан ба давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг залруулах боломжтой байсан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн үйл баримтыг буруу тодорхойлсон талаар: 2015 оны Засгийн газрын 11 тогтоолын дагуу магадлах комиссын дүрэм шинэчлэгдсэн. Дүрмийн дагуу магадлах комиссын төв Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Монгол улсын хэмжээнд 31 салбарын зөвлөлтэй. Салбар зөвлөлийн үйл ажиллагааг хянах зорилгоор жилд 3 аймагт салбар зөвлөлөөс группт гаргаж байгаа хүмүүсийн тодорхой хувийг санамсаргүй аргаар өвчтөнүүдийн дундаас сонгож, дахин үзлэг хийдэг юм. Тэрхүү үзлэгт ороогүй буюу, орсон боловч тэнцэхгүй болсон хүмүүсийг хасах шийдвэр гаргадаг юм. Тэдний энэ шийдвэр бол заавал дагаж мөрддөг, гадагшаа чиглэсэн, төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх салбарын зөвлөл нь Т.Кгийн тахир дутуугийн тэтгэврийг хасаж шийдвэрлэсэн тул түүний мөнгө ороогүй. Үүнийг мэдсээр байж манай хэлтсийг хариуцагчаар татаж иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нар өөрийнхөө журмын дагуу 21 хоногийн өмнө БӨАНДХт мэдэгдсэн. Танайхаас 1225 хүн магадлах комиссын дахин магадлалд хамарна гэж нэрсийн явуулсан. Бид нэрсийн дагуу аймгийн хэмжээнд групп тогтоолгосон хүмүүсийг багийн Засаг дарга нартай мэдэгдэж магадлалд дахин хамрагдах хүмүүсийг хүлээлгэж өгсөн. Харин хөдөө сумуудын хүмүүсийг Засаг дарга нарт нь албан тоот явуулсан. Т.К гэдэг хүн дахин магадлах комисст ороогүй учраас төв комиссоос 05 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 01-ний хүртэл хүлээсэн. Төв комиссоос нэгэнт дахин магадлалд ороогүй учраас группийн бүрэн зогсоох тухай акт ирж, Т.Кгийн группийг зогсоосон. Мөн дахин магадлах комисст ороогүй, 110 хүн бүгд тэр жил группээс гараагүй. Төкешийн Т.К нь 2018.04.10-аас 2018.09.10-ны хүртэл 5 сарын тахир дутуугийн тэтгэвэр 1 215 000 /нэг сая хоёр зуун арван таван мянган/ төгрөгийг Баян -Өлгий аймгийн НДХээс нөхөн гаргуулж өгнө үү гэсэн нь хариуцагчийг мөн буруу сонгосон явдал болсон. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх салбарын зөвлөлийн чиглэл өгсний дагуу Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Төкешийн Т.Кгийн тахир дутуугийн тэтгэврийг түдгэлзүүлсэн юм. Түүнээс биш аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Т.Кгийн тэтгэмжийг олгохгүй байгаа асуудал байхгүй. Нэгэнт түүний тэтгэмжийг түдгэлзүүлсэн шийдвэрийг магадлах комисс гаргасан учраас нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр олгох эрхгүй юм. Энэ бол захиргааны байгууллагын хуулиар тогтоосон үйл ажиллагааны журам. Гэтэл шүүхээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал гараагүй, энэ талаар хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй учир энэхүү Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж үзлээ” гэж дүгнэсэн нь буруу болсон. Магадлах комиссын төв болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Т.Кгийн тэтгэмжийг зогсоох тухай чиглэл нь заавал биелэгдэх дээд шатны шийдвэр байсан юм. Энэ нь өөрөө бие даасан захиргааны акт, шийдвэр байсан бөгөөд үүнийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн юм. Уг нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн. Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт “...иймд хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн тахир дутуугийн тэтгэврийг түр түдгэлзүүлэх асуудлыг Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 6.1.10 дахь заалт болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн, арга хэмжээ авч ажиллана уу” гэж байсан юм. Уг дүрмийн 3.1.10-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах” гэж байгаа юм. Үүний дагуу албан ёсоор Т.Кгийн тахир дутуугийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн юм. Захиргааны байгууллага албан тушаалтны энэхүү түдгэлзүүлсэн шийдвэр заавал бичгийн хэлбэрээр гарах албагүй. Хэрэв Т.К өөрийгөө өвчтэй гэдгээ нотолж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс-т орж, түдгэлзүүлэх үндэслэлийг арилгуулах юм бол энэ асуудал шийдвэрлэгдэх ёстой байсан. Гэтэл шүүхээс ямар нэгэн акт гараагүй учраас Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүхээс Г.Т.Кгийн тахир дутуугийн тэтгэмжийг түдгэлзүүлсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Т.Кгийн тэтгэмжийг магадлах комисоос түдгэлзүүлсэн учраас таны тэтгэмжийг олгох боломжгүй гэж түүнд удаа дараа мэдэгдэж байгаа боловч албаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаа нь хууль бус болсон. Т.К нь тахир дутуугийн тэтгэмжээ 5 сар аваагүй байсан. 5 сарын дотор тахир дутуугийн тэтгэмжээ түдгэлзүүлснийг мэдээгүй явсан гэж үзэх боломжгүй. Хэрэв Т.К магадлах комиссын тэтгэврийг түдгэлзүүлснийг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад гомдлоо гаргах ёстой. Учир нь Нийгмийн даатгалын байгууллага нь Төрийн захиргааны байгууллага юм. Захиргааны байгууллагатай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандах нь маш их хугацаа авах эрсдэлтэйгээс гадна, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан явдал болсон. Хэрэв Т.К нь дээд шатны байгууллага албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан юм. Тиймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.К нь БӨАНДХт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны тахир дутуугийн тэтгэвэр 1 215 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч БӨАНДХ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзахдаа “...Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн эмч нар хамтран орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох, сунгах үйл явцад хөндлөнгийн үзлэг хийж, бүрдмэл магадлалд хамруулдаг. Үүнд Т.К нь хамрагдахаар сонгогдсон боловч ирээгүй, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Т.Кгийн тахир дутуугийн тэтгэврийг зогсоосон... Энэхүү түдгэлзүүлсэн шийдвэрийг заавал бичгийн хэлбэрээр гаргах албагүй...” гэсэн үндэслэлийг заажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн шаардлага нь албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулах агуулгатай тул уг нэхэмжлэлийг иргэний шүүхийн харъяаллын хэрэг гэж үзсэн шүүхийн хууль хэрэглээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Т.К нь Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болохыг тогтоолгож, сард 243 000 төгрөгийн тэтгэвэр авч байжээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын уг шийдвэр нь 2017 оны 09 сарын 10-наас 2018 оны 09 сарын 10 хүртэл хүчинтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж, 8 дугаар зүйлийн 8.2-т “даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.” гэж тус тус заасны дагуу Т.К нь тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй болжээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тухайн этгээдийн биеийн эрүүл мэндийн байдал, нөхөн сэргээх эмчилгээ, цаг хугацаанаас хамаарч өөрчлөгдөх боломжтой байдаг тул Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоосноос хойш энэ талаар дахин шалгах зорилгоор бүрдмэл магадлалыг зохион байгуулдаг байна. Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн бүрдмэл магадлалд оролцоогүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тэтгэвэр тогтоосон өмнөх шийдвэрээ цуцлах, хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмээр зохицуулсан гэж хариуцагч маргасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тахир дутуу болсныг тогтоох тухай заалтыг Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолын хавсралт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ээр эрх зүйн хэм хэмжээ тогтоон, дэлгэрүүлэн зохицуулжээ.

Т.Кгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаа, тэтгэвэр тогтоосон Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын уг шийдвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27-д заасан “тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох”, мөн хуулийн 28-д заасан “...тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох”-оос бусад тохиолдолд хэрэгжих хуулийн үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27-д “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасан бөгөөд үүнээс өөр үндэслэлээр тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоохыг хуулиар зөвшөөрөөгүй байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1324 дүгээр албан бичгээр нэр бүхий иргэдийн тахир дутуугийн тэтгэврийг түр түдгэлзүүлэх асуудлыг Засгийн газрын 2015 оны Дүрэм шинэчлэн батлах тухай 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм-ийн 6.1.10 дахь заалт болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх талаар чиглэл ирүүлсэн нь  бүрдмэл магадлалд хамрагдаагүй иргэнийг хамруулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа үндэслэлтэй эсэхийг дахин шалгаж, хуулийг хэрэгжүүлэх агуулгатай гэж үзнэ. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдохоос өөрөөр тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоохыг хуулиар зөвшөөрөөгүй тул дээд байгууллагын чиглэлийн дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийг түдгэлзүүлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 5.1.9-д зааснаар нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах Төв комисс нь орон нутгийн болон салбар комиссын гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байх ба Т.Кд тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хүчингүй болгоогүй юм.

Түүнчлэн дүрмийн 6.1.10-д орон нутгийн болон салбар комисс нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах чиг үүрэгтэй гэжээ. Гэвч Баян-Өлгий аймгийн НДХийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нэхэмжлэгч Т.Кульжайнад бүрдмэл магадлал буюу эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцох, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа үндэслэлтэй тогтоогдсон эсэхийг шалгуулах талаар мэдэгдсэн болохыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хоёр шатны шүүх энэ талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00090 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                      

                           ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА