Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 27

 

Н.Цэрэнлхам нарын 7 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Цэрэнлхам, Н.Цэрэндэжид, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өгөөдэйбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 636 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0712 дугаар магадлалтай, Н.Цэрэнлхам нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Н.Цэрэнлхам нарын 7 иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2016/0712 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амартайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0712 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ "Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй" гэх 2 үндэслэлийг дурджээ.

Нотлох баримт дутуу бүрдүүлсэн буюу шинжээч томилж давхацлыг тодорхойлуулаагүй байна гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг, Н.Цэрэнлхам нарын газар гуравдагч этгээдүүдийн газартай давхцалгүй болохыг дүгнэж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд ... шинжээчийг томилж болно" гэж заасны дагуу шинжээчийг зөвхөн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд л томилуулах юм. Шүүгч өөрөө үзээд дүгнэх боломжтой асуудлаар шинжээч томилуулах шаардлага байхгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Яагаад тусгай мэдлэг шаардлагагүй гэж үзэж байна вэ гэвэл, хавтаст хэргийн 196, 197 дугаар хуудаст авагдсан Ц.Эрдэнтуяа, Ц.Эрдэнэчимэг нарын, 73, 79, 85, 91, 97, 103, 109 дүгээр хуудаст авагдсан гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын кадастрын зургаас давхцалгүй гэдэг нь маш тодорхой харагдаж байна.

Н.Цэрэнлхамын тухайд гуравдагч этгээд Г.Гантөгсийн газрын хойд талд иргэн Ц.Бямбадоржийн газрыг ашиглаж байна. Тус газартай холбоотой асуудлыг өмнө нь захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу хариуцагчийн зүгээс давхцуулалгүй, орц гарц хаалгүйгээр газар зохион байгуулалтыг хийж Ц.Бямбадорж болон гуравдагч этгээдүүдийн газрын эрхийг баталгаажуулсан.

Дээрх 3 нэхэмжлэгчийн хувьд орц гарц нь хаагдаагүй гэдгийг шүүх үзлэгээр тогтоосон. Мөн кадастрын зургаар ч энэхүү байдал тодорхой харагддаг. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа нарын газар гуравдагч этгээдүүдийн газрын зүүн талд буюу төв зам руу гардаг талд байхад яаж орц гарц нь хаагдах билээ. Мөн Н.Цэрэнлхам гэрийнхээ гадаа машинаа тавьсан байгааг харвал орц гарц чөлөөтэй байгааг илэрхийлж байна.

Бусад нэхэмжлэгч нарын хувьд шүүх газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн болохоос давхцалгүй байна гэж дүгнээгүй юм. Давхацлын асуудал хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, захирамжтай иргэдийн хувьд л яригдах болохоос биш Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нарт хамааралгүй юм.

Иймд дээрх байдлыг анхаарч үзэлгүй шинжээч томилуулах байжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэх асуудлын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлох ёстой. Хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага болон шаардлагын үндэслэлийн хүрээнд хариу тайлбар өгч, тэднийг няцааж маргадаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл няцаагдаж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Цэрэнлхам, Н.Цэрэндэжид, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Ц.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэтуяа, Б.Хишигбаяр нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... бид 2001 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд газар эзэмших тухай өргөдлөө өгсөн, ... Ц.Эрдэнэтуяа, Ц.Эрдэнэчимэг нар нь газраа хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй, Н.Цэрэнлхам уг газрыг эзэмших эрхтэй нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Э.Лхамжав, Э.Энхбаяр, Б.Хишигбаяр нар 2001 оноос хойш газраа хашаалан эзэмшиж, хүсэлтээ түрүүлж гаргаад шийдэгдээгүй байсан. ...Чингэлтэй дүүргийн Засаг дарга сүүлд өргөдөл гаргасан нэр бүхий 7 иргэнд бидний газар дээр давхардуулан, орц гарцыг хааж, хууль бус шийдвэрээр газар олгосон” гэж маргажээ.  

Давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх маргааны гол үндэслэл болох Н.Цэрэнлхам нарын 7 иргэний маргаж буй газар нь гуравдагч этгээд болох Ч.Өгөөдэйбаатар нарын 7 иргэнд эзэмшүүлсэн газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлс тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “газар эзэмшүүлэх шаардлагад хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна” гэж заажээ. Шүүх Н.Цэрэнлхам нарын 7 иргэний эзэмшилд байгаа болон эзэмших ёстой гэж маргаж буй газар нь гуравдагч этгээд Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа, Б.Хулан, Д.Сумъяа, Ё.Нямаа, Б.Сувд, Г.Гантөгс нарын эзэмшил газартай бодитойгоор давхцалтай эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр, аль хэсгээрээ давхацсан, эзэмшил газрын орц гарцыг хаасан эсэхийг шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачлагаар шинжээчийг томилж болно” гэж заасантай нийцжээ.

Мөн шүүх нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал, нэхэмжлэгч тус бүрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг шалгаж, дүгнэлт хийх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0712 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА