Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0442

 

“Мандах тулга” СӨХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор,  “Мандах тулга” СӨХ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 83 дугаар байрны нэмэлт давхрын 67, 68, 34, 33 дугаар тоотуудыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийн үндсэн дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байршилтай, Д.Цогтбаярын захиалгаар баригдсан 64 айлын орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Гаалийн ерөнхий газар Замын-Үүд дэх гаалийн газрын 2014 оны 1/262, Гаалийн Ерөнхий газрын 2014 оны 04-1/990, 04-1/1140, 04-1/2472, эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалын хавсралтын дагуу гаргасан жагсаалт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2014 оны 3/327 тоот албан бичиг, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 68 айлын орон сууцны барилгад хийсэн зохиогчийн хяналтын дүгнэлт, кадастрын зураг, Замын-Үүд дэх Гаалийн газрын ажилчдын 68 айлын орон сууцны комиссын хурлын тэмдэглэл, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах ажлын 2013 оны 2013/531 дугаартай комиссын акт, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7/303 албан тоот албан бичиг, батлагдсан ажлын план болон фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд жагсаалтаар бүртгэсэн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" хэмээн заасан байдаг. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны жагсаалт нь 68 айлын орон сууцаар ирсэн. Иргэн Д.Цогтбаярын гаргасан жагсаалтад холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 7/303 албан тоот албан бичиг, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 68 айлын орон сууцны барилгад хийсэн зохиогчийн хяналтын дүгнэлт, план зураг эрх бүхий байгууллагын шийдвэр дүгнэлтийг ирүүлсэн байх тул үл хөдлөх хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Цээбум шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бидний худалдах худалдан авах гэрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд үндэслэсэн ба ямар нэг маргаангүй хийгдсэн болно. Шүүхэд шилжсэн асуудалд бидний зүгээс оролцсон оролцоо байхгүйн дээр тус байранд амьдарч эхэлсэнээс хойш ус алдах гэх мэт бусад оршин суугчдад бэрхшээл болохуйц зүйл гарч байгаагүй. Бидний амьдарч буй байр бол бидний цорын ганц хөрөнгө юм. Иймээс байраа ямар нэгэн байдлаар алдахыг эсхүл хэн нэгэн этгээдэд мөнгө төлөх хүсэлгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Мөнгөнхөлөг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 25-р хороо 83-р байрны 67 тоот байрыг 2013 оны 7 дугаар сард тус орон сууц бариулах комиссоос худалдаж авсан. Одоо манай байранд өмхий үнэртэж дээврээс ус гойждоггүй, ийм гомдол ч бусад айлаас манайд гаргаагүй. Бидэнд мэдэгдэлгүй СӨХ-оос ийм гомдол гарган шүүхэд хандсанд яг юуны тухай хэнээс хэнийг төлөөлж юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ СӨХ-г хэн хэзээ байгуулж Б.Баасанжаргал гэдэг хүнийг сонгосныг би мэдэхгүй. Би энэ байранд байнга оршин суудаг ба СӨХ-ны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байсан.” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би Өлзийжаргал гэдэг хүнээс Баянзүрх дүүргийн 25-р хороо 83 дугаар байрны 33 тоотыг 2015 оны 06 дугаар сард худалдаж авсан манай байр дээврээс ус алдах өмхий үнэр үнэртдэггүй, Би ийм гомдол СӨХ-д гаргаагүй байхад манайхыг төлөөлөн худлаа гомдол гаргаж байгаад гайхаж байна. Энэ СӨХ нь албан бус, ажлаа муу явуулдаг гэж оршин суугчид үздэг. Миний зүгээс байртай холбоотой ямар нэгэн гомдол байхгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Цолмон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн 25-р хороо 13-р хороолол 83-р байрны 34 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл 5-уулаа амьдардаг. Бид 2014 оны эхээр зарын дагуу уг 48.82 м.кв байрыг худалдаж авсан. Ам бүл олуулаа амьдархад жижиг байранд бэрхшээлтэй байсан тул Д.Цогтбаяр инженерт “дээр сул талбайг ашиглаж даац өгөхөөргүй материалаар 1 жижиг өрөө гаргаж болох эсэх” талаар хүсэлт гаргахад бидний ам бүлийн байдлыг харгалзаж үзээд зөвшөөрсөн. Бид 12 м.кв орчим өргөтгөл хийж барьсан нь маш хөнгөн болсон бөгөөд манай доод айлын хүн орж ирээд “манай дээвэр дээрээс ус алдахааргүй боллоо” гэж хэлж байсан. Энэ нь нэг талаараа доод айлын дээврээс ус гоожих асуудал байхгүй болж байгаа юм. 83 дугаар байрыг төлөөлж гомдол гаргасан 4 хүн бүгд гаалийн байгууллагад ажилладаг хүмүүс юм. Гэтэл энэ байрны ихэнхи хүмүүс энгийн хүмүүс байгаа бөгөөд тэдний төлөөлөл нэгч алга.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Замын-Үүдийн гаалийн ажилчдын орон сууцны зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25-р хороонд баригдах барилгад улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусгавар болох шийдвэрийн дагуу барилгын даамлаар ажилласан. Тус барилгын газрыг гаалийн байцаагч Отгонбаатарын нэр дээр авсан бөгөөд уг орон сууц нь Замын-Үүдийн гаалийн ажилчдын орон сууцны зөвлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр баригдсан болно. 64 айлын барилгын зураг төслийг "Эй Эн И И" компани хийсэн. Орон сууцны барилга угсралтын ажил 7 давхарт явагдаж байхад буюу 2012 оны 6 дугаар сарын дундуур орон сууц бариулах комиссын шийдвэрээр техникийн давхарт нэмэлт өргөтгөл хийх асуудлаар "Эй Эн И И" компанитай ярилцаж судалгаа зургийг гаргах асуудлыг надад даалгасан. Энэ нөхцөлд миний бие "Эй Эн И И" компанид саналаа илэрхийлж тухайн компани 2-3 хоногийн дараа нэг өрөө байр 2, хоёр өрөө байр 2 зураг хийснээ танилцуулсан ба энэ нь уг барилгын үндсэн хийцэд ямар ч ачаалал өгөхгүй сантехник, цахилгаан, агааржуулалт өрөөний зохион байгуулалт нь сайн болсныг комисст танилцуулсан.

Энэ үед Замын-Үүдийн гаалийн ажилчдын сууцны зөвлөл "Эй Эн И И" ХХК-тай нэмэлт зураг төсөв хийх тухай ярилцаад зургийг экспертизээр оруулж батлуулаад надад өгөхийг даалгасан. Долоо хоногийн дараа зураг бэлэн болсон бөгөөд миний бие гүйцэтгэгч "Их Модун" ХХК-д зургийг хүлээлгэн өгсөн.

Тухайн орон сууцыг Улсын комисст хүлээлгэж өгөх хүртэл ажиллах байсан боловч Д.Цогтбаяр миний нэр дээр бүх баримт бичиг шилжсэн тул 68 айлын орон сууц, 3 үйлчилгээний газар, 50 авто зогсоолын гэрчилгээг гаргах, айлуудын үл хөдлөх хөрөнгийн газар хандах бичиг баримтын бүрдэлтийг би өөрийнхөө биеэр хийж өгөх ёстой болсон. 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл 10 сар орчим цалингүй ажиллаж бүх гэрчилгээгээ эзэмшигчид нь авснаар миний ажил дуусгавар болсон юм. Гаальд ажилладаг Б.Баасанжаргал, н.Мөнхнасан, н.Ариунтуул нар нь анх байгуулагдсан н.Пүрэвсүрэн захиралтай “Мандах тулга" СӨХ-ыг муу ажиллаж байна гэсээр татан буулгасан. Дараа нь н.Батбаяр захиралтай СӨХ-ыг бас муу ажиллаж байна гээд татан буулгасан. Төрийн албан хаагч Б.Баасанжаргал одоо тус СӨХ-ыг толгойлж байна...” гэжээ.

Гуравдагч этгээд “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллага нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзах боломжтой байдаг. Хуульд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.2 дах заалтаар хориглосон байна.

Нэхэмжлэгч "Мандах тулга" сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлд улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомж хэрхэн зөрчигдсөн тухай тодорхой дурьдаагүй байх ба улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад үл хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч "Мандах тулга" сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Мандах тулга" СӨХ-ны зүгээс эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нэмэлт давхарын 4 үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох Т.Цолмонгийн өмчлөлийн гэрчилгээ 000321805, Улсын бүртгэлийн Ү-2204060103 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 83-р байрны 34 тоот хаягт орших 48.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь тус банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй хөрөнгө юм. "Ариг банк" ХХК нь иргэн Т.Цолмонд Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр өмчлөх эрх бүхий орон сууцыг барьцаалан зээл олгосон болно. "Ариг банк" ХХК нь уг маргаанд хариуцагчийг дэмжиж оролцож байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мандах тулга” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсоныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ" гэж тусгайлан зааж өгсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгө шинээр бий болсныг нотлох үндсэн баримт бичиг нь тухайн үл хөдлөх барилга байгууламжийн нэр, байршил, ашиглах боломжтой эсэхийг нь тодорхойлсон барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт байдаг. Мөн энэхүү хуульд нийцүүлэн гаргасан улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д “...Нийтийн зориулалттай орон сууцны тухайд улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт нь энэхүү журмын 4.4.2-т зааснаар урьдчилан ирсэн бол жагсаалтын дагуу бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй өмчлөгчид улсын комиссын актыг хавсаргах шаардлагагүй..." гэж, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.4.2-т "... "Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт" /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно...” гэж заасан нь нийслэлийн мэргэжлийн комиссын актыг урьдчилан ирүүлээгүй тохиолдолд заавал хавсаргаж ирүүлэхийг үүрэг болгож, энэхүү журмаар илүү нарийвчлан зохицуулсан заалт бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариу тайлбартаа ч "...Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ыг үндэслэн бүртгэдэг талаар дурьдсан. Гэтэл энэхүү хууль, тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангаагүй мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт "...Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь мэдүүлэг гаргагчийн баримт бичгийг бүрэн гэж үзсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх ёстой ба тухайн баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгаж тодруулах үүрэг хүлээгээгүй байна" гэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар бүртгэл үнэн зөв байх ёстой бөгөөд мөн хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчийн материалын үнэн зөв, хууль ёсны эсэх, төрийн зохих байгууллагын зөвшөөрөлтэй эсэх, тэр нь хууль ёсны эсэхийг нягтлахгүйгээр аливаа эрхийг бүртгэх учиргүй, тийм байх ч боломжгүй юм. Энэ нь Улсын бүртгэлийн байгууллагын үүрэг билээ.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа, энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага нь аливаа эд хөрөнгийн эрхийг бүртгэлд бүртгүүлэхээр хандсан мэдүүлэг гаргагчийн материалын үнэн зөвийг нягтлах үүрэг хүлээх ёстой билээ. Хуулийн зорилго ч гэсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл бүртгэж баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Улсын бүртгэлийн байгууллагын үүрэг ч "бүртгэл үнэн зөв байх" зарчимд үндэслэж явагдах ёстой. Тэрнээс биш ирүүлсэн материалыг зүгээр бүртгэх, шалгах чиг үүрэггүй гэж үзэх нь хуулийн зохицуулалттай нийцэхгүй билээ.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 7/303 дугаар бүхий албан бичигт "...Замын-Үүдийн ажилчдын үйлчилгээтэй 68 айлын орон сууцны барилгын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2013/531 дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт болон зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, техникийн давхрын өөрчлөлтийн зургийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох үндэслэлтэй болно" гэсэн албан бичгийг үндэслэн бүртгэсэн бөгөөд уг албан бичиг дээр дурьдсан комиссын акт нь 64 айлын орон сууцыг хүлээн авсан комиссын акт тул үндэслэсэн бичиг нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, "Төрийн хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм"-ийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавих зорилготой бөгөөд Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 1.2.3-д зааснаас үзэхэд чиглэл чиглэлээр /халаалт, агаар сэлгэлт, цахилгаан, холбоо дохиолол, өргөх байгууламж гэх мэт/ мэргэшсэн инженерүүд ашиглах боломжтой эсэхийг нь нягтлан шалгасны үндсэн дээр ашиглалтанд оруулдаг болохоос хэн нэгэн албан тушаалтан орон сууцыг ашиглалтанд оруулах боломжтой эсэхийг шийдвэрлэдэггүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан нь зөвхөн эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн эрх ашгийг хамгаалсан заалт бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дахь заалт ч мөн эрх шилжүүлэн авч буй этгээдийн эрхийг хамгаалж, дээрх заалтуудтай уялдуулсан хуулийн зохицуулалт болно.

Өөрөөр хэлбэл эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн, аж ахуйн нэгж үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхэд эрх шилжүүлэн авч буй этгээдийн эрх ашгийг хамгаалсан заалт юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт "...нэхэмжлэгч нь тэдгээрийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг шаардах эрхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэсэн нь хууль зөрчиж олгогдсон хэмээн үзэж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хориглосон заалт гэж үзэх үндэслэлгүй юм.

Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус зөрчсөн бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-07-94/295 тоот барилгын хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг иргэн Д.Цогтбаярт хүргүүлэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй учир шат шатны байгууллагад хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосноор техникийн давхар дээр баригдсан нэмэлт давхруудыг нурааж, анхны байдалд оруулах нөхцөл бүрдэх юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Мандах тулга” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 83 дугаар барилгыг анх Гаалийн ерөнхий газрын Замын-Үүдийн гаалийн ажилчдад зориулж 64 айлын орон сууцтайгаар барьж улсын комисст хүлээлгэн өгч, улмаар захиалагч Д.Цогтбаяр буюу гаалийн ажилчдын хүсэлтээр техникийн давхарт 4 айлын орон сууцыг нэмж зураг төслийг хийлгэн барилгын ажлыг гүйцэтгэн эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2013/531 дүгээр акт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 7/303 дугаар албан бичигт “68 айлын орон сууцны техникийн давхрын нэмэлт өөрчлөлтийн зургийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох үндэслэлтэй болно” гэж, Гаалийн ерөнхий газрын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04-1/2472 дугаар албан бичигт “... 68 айлын орон сууц” гэж тус тус дурдсан, 68 айлын орон сууцны комиссын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг мэдүүлэг гаргагч нь хангасан байх ёстой бөгөөд мэдүүлэг гаргагчийн бүрүүлсэн дээрх баримтуудыг үндэслэн маргаж байгаа 4 орон сууцыг хариуцагч улсын бүртгэлийн алба бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ. Хэдийгээр улсын комиссын актад дээрх 4 орон сууц тусгагдаагүй боловч захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг этгээдүүдийн зөвшөөрлөөр улсын бүртгэлд бүртгэсэн байх тул хариуцагчид мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр татгалзах үндэслэл байгаагүй байна.

Мөн дээрх улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэлд барилгад техникийн давхар нэмж барьснаас шалтгаалан цууралт өгсөн, дусаал гоожсон, агааржуулалтын хоолойн агаар сэлгэх нөхцлийг хааж үмхий үнэртэх болсон талаар дурдсан байх боловч энэ нь улсын бүртгэлийн байгууллагын 4 орон сууцыг бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэлтэй шууд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгосонтой, эсхүл барилгын ажлыг гүйцэтгэхдээ буруу гүйцэтгэсэнтэй холбоотой асуудал байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагыг уг асуудалд шууд буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ