Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

 

 

 

 

     2022         04          21                                   2022/ШЦТ/371

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал,

хохирогч, шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

хохирогч, шүүгдэгч Э.Ю , түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн О.Б , Боржигон овгийн Э.Ю  нарт холбогдох эрүүгийн 2211000000792 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Тайж овгийн О.Б , 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НБ82091013.

Боржигон овгийн Э.Ю , 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШГ86011627.

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139 тоотод шүүгдэгч Э.Ю  нь өөрийн нөхөр О.Б ыг бусадтай хардсаны улмаас заазуураар зүсэж түүний биед шодой, баруун шуунд зүсэгдсэн шарх, эрүү, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч О.Б  нь өөрийн эхнэр Э.Ю ыг “заазуураар зүсэж гэмтээлээ” гэх шалтгааны улмаас хоолой боох, түлхэж унагаах, гарыг мушгих зэргээр түүний биед хүзүү, хоёр бугалга, тохой, шуу, бүсэлхий, баруун өгзөг, гуя, өвдөг, шилбэнд олон тооны цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139 тоотод шүүгдэгч Э.Ю  нь өөрийн нөхөр О.Б ыг бусадтай хардсаны улмаас заазуураар зүсэж түүний биед шодой, баруун шуунд зүсэгдсэн шарх, эрүү, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч О.Б  нь өөрийн эхнэр Э.Ю ыг “заазуураар зүсэж гэмтээлээ” гэх шалтгааны улмаас хоолой боох, түлхэж унагаах, гарыг мушгих зэргээр түүний биед хүзүү, хоёр бугалга, тохой, шуу, бүсэлхий, баруун өгзөг, гуя, өвдөг, шилбэнд олон тооны цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 10 дахь тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-14 дэх тал/,

- хохирогч О.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139б тоотод байх гэртээ эхнэр Э.Ю  болон найз Гончиг нарын хамт 2 шил архи уусан. Тэгсэн Гончиг яваад өгсөн бөгөөд манай эхнэр Э.Ю  нь намайг “Өвөрхангай аймагт байдаг авгай руугаа явах гээд байгаа биз дээ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнд хандаж “надад Өвөрхангай аймагт эхнэр байгаа тэгээд чи яахын” гээд хэлтэл эхнэр маань над руу орилоод дайраад байхаар нь би түүнийг барьж аваад цааш тулхсэн бөгөөд энхэр маань цаашаа хана руу унасан. Тухайн үед би нэлээн согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна нэг мэдсэн манай эхнэр миний бэлэг эрхтнийг заазуураар зүссэн байсан тул би түүнийг цааш нь түлхэж унагаасан. Тэгсэн энхэр маань над руу заазуураа шидсэн бөгөөд миний баруун гарын шуу хэсгийг өнөөх заазуур нь зүссэн. Тэгсэн манай хүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан..,Манай эхнэр миний баруун талын эрүү хэсгийг хазсан ба тэр нь улайж халцарсан, баруун талын шуу бага зэрэг зүсэгдсэн, шодой бага зэрэг зүсэгдсэн, өөр гэмтэл шарх учраагүй ээ. Тухайн гэмтлүүдийг манай эхнэр Э.Ю  нь намайг хүнтэй хардаад заазуураар зүссэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3956 дугаар дүгнэлтэд: “...О.Б ын биед шодой, баруун шуунд зүсэгдсэн шарх, эрүү, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 33-34 дэх тал/,

- хохирогч Э.Ю ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 25- 1396 тоотод байж байтал манай нөхөр шууд намайг заамдаж аваад хоолой боож, намайг газар унагааж цээжин дээр өвдөг хэсгээрээ дараад байхаар нь би арай гэж босоод гал тогооны шүүгээ хэсгийг налаад зогсож байтал надаа заазуур харагдахаар нь гаргаж ирээд гартаа барьтал манай нөхөр Базарсад гэгч нь “чи наад заазуураараа намайг зоогоод алчхаач” гээд байхаар нь би түүнд хандаж чи тэр хүүхэндээ нандигнаж хадгалаад байгаа зүйлийг чинь харья гэж хэлтэл манай нөхөр миний урдаас өмдөө доош нь шувтлаад бэлэг эрхтнээ миний өөдөөс гаргахаар нь уур хүрээд шодой хэсгийг нь заазуураар бага зэрэг зүссэн. Тэгсэн манай нөхөр цаашаа яваад өгөхөөр нь би гартаа барьсан заазуураа түүн рүү шидтэл заазуурын ар хэсэгт түүний дух хэсгийг оносон бөгөөд доошоо унах үедээ түүний баруун талын шуу хэсгийг нь зүссэн тэгсэн удалгүй цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн...

- шүүгдэгч Э.Ю ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Болдог бол чамаас гарсан лайнуудыг буюу 6 амьдралын алдаа болон чамаас би холдмоор, салмаар байна гэхээр нь би өөрийн эрхгүй босож ирээд хоорондоо маргалдаж байгаад би ямар их сүртэй, цаана очиж хайрладаг хүнтэй чинь нийлдэг юмыг чинь харья харья, чам шиг юм чадахгүй гэж хэлсэн чинь чаддаг юм байна гээд манай нөхөр өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад ирсэн тэгэхээр нь би баруун гартаа барьчихсан байсан гэрийн ахуйн хэрэглээнд цэнхэр өнгийн иштэй заазуураар тастчихъя гэж хэлээд зүсээд өнгөрсөн тэгсэн чинь өө муу хар пизда чинь гээд миний гарыг минь мушгиад дараад байхаар нь өшиглөж унагаад босож ирээд би нөхрийнхөө эрүүгийн баруун доод хэсэгт хазсан тэгээд байж байхад надад битүү цохилт хийгээд байхаар нь гартаа барьсан байсан заазуураа барьж аваад шидсэн чинь нөхрийн маань духан дээр ар хэсгээрээ оноод доош унахдаа баруун талынхаа гаран дээр заазуурын эрээр эсгэгдсэн буюу зүсэгдсэн байсан тэгээд бид хоёр хоорондоо зодолдож байхад манай хүү 16 настай Б.Т нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд манай нөхрийг дагуулаад гарч байсан тэгээд оёдол хийлгэчхээд л орж ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 22 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3950 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Ю ын биед хүзүү, хоёр бугалга, тохой, шуу, бүсэлхий, баруун өгдөг, гуя, өвдөг, шилбэнд олон тооны цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35-р тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед унтаж байсан бөгөөд орилолдоод байхаар нь сэрээд хартал аав, ээж хоёр маргалдаад аав ээжийн хоолойг нь гараараа боогоод байсан бөгөөд ээж цаашаа очоод гал тооны шүүгээнээс заазуур аваад аавын гарыг зүсэх шиг болсон бөгөөд би салгах гээд чадаагүй болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- шүүгдэгч Э.Ю ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Базарсад гэгч нь намайг өөрөө эхлээд хоолой боогоод би чамаас салмаар байна, би өөр хүнтэй болсон би тэрэндээ дэндүү их хайртай гээд байхаар нь  миний уур хүрээд түүнийг заазуураар түүний болон гарыг нь зүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

- шүүгдэгч О.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Э.Ю  гэгч нь намайг заазуураар зүсчихээр нь барьж аваад цааш нь газар унагаасан... ... Э.Ю ын биед учирсан гэмтлийг миний бие учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Ю , О.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах хугацаанд өөрийн тогтмол амьдарч байгаа хаягаас зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийг улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 195.000 төгрөгийн төлбөр гарсныг шүүгдэгч нар нь төлсөн болохыг дурдав.

Хохирогч Э.Ю , О.Б  нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн О.Б , Боржигон овгийн Э.Ю  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ю , О.Б  нар нь 1 /нэг/ сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-139б тоот хаягаас эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ю , О.Б  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Ю , О.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ю , О.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН