Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

 

 

 

 

  2022         02          17                                     2022/ШЦТ/149

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Б.Н  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь Боржигон овгийн Б.Н д холбогдох эрүүгийн 2211003110683 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шавь Боржигон овгийн Б.Н , 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчны менежер мэргэжилтэй, Май марк фүүдс ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕЙ81101211.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26-31 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Н.Б  рүү шилэн болор стакан шидэж толгойг онон зулай, зүүн шуунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Н  нь 2022 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26-31 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Н.Б  рүү шилэн болор стакан шидэж толгойг онон зулай, зүүн шуунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 27-ны орой 22 цаг гээд гэрт ирэхэд нөхөр өөрийн найз Ганбатын хамт ойрд ирээгүй гээд пиво уугаад сууцгааж байсан. Ганбат нь Дарханд амьдардаг юм. Тэгээд би тэр хоёртой хамт пиво уугаад юм ярьж сууж байгаад би найзад нь нөхрийнхөө болохгүй байгаа юмыг хэлсэн чинь нөхөр өөдөөс хэрэлдээд суугаад байсан. Тэгээд хэрэлдээд байж байтал нөхөр Наранхүү урдаа байсан шилэн болор стаканыг над руу авч шидээд миний толгойг онож хагалсан. Тэр шилэн аяга нь миний зүүн гарын шууг зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би эхнэр Батсүрэнтэй 2004 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том охин Алтансувд нь эхнэрийг маань дагааж ирсэн хүүхэд одоо 22 настай дараагийнх нь Анар гээд хүү байгаа одоо 14 настай бага охин Анунгоо 5 настай. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр би өглөө ажилдаа 10 цагийн үед очоод 19 цаг болж байх үед гэртээ ирсэн бөгөөд гэрт хүн байгаагүй. Удалгүй манай найз Ганбат /88117850/ Дарханаас манайд ирсэн. Бид хоёр жаахан пиво ууя гээд ярилцаад гарч 8 шил Хайнекн пиво авч орж ирээд ууж байхад 22 цагийн үед эхнэр гадуур явж байгаад эрүүл гэрт ирсэн. Тэгээд эхнэр хамт пиво ууя гээд дахин гарч нэмж 6 шил пиво аваад гурвуулаа хувааж уусан бөгөөд Ганбат унтахаар жижиг өрөө рүү орсон. Эхнэр бид хоёр юм ярьж сууж байгаад эхнэр над руу агсрах маягтай байгаад байхаар нь би “Чи больчхооч дээ” гэхэд улам агсраад амраахгүй байхаар нь гартаа байсан пиво ууж байсан стаканаа шидчихсэн чинь эхнэрийн толгойг оноод эхнэр бүр агсраад бөөн хэрүүл шуугиан болсон. Тэгсэн манай найз өрөөнөөс гарч ирээд “Хөөе та хоёр чинь юу болоод байгаа юм бэ? Гээд алчуур аваад эхнэрийн толгойноос цус гарч байсныг дарсан. Тухайн үед эхнэр өөрийнхөө ээж Цэрэндолгор төрсөн дүү Оюунсүрэн хоёрыг дуудаад тэр хоёр ирээд “За бид хоёр эхнэрийг чинь аваад явлаа” гээд эхнэрийг дагуулаад гарсан. Би тэгээд гэрээ цэврэлчихээд унтаж амарсан. Өглөө босоод ажилдаа явсан ийм л зүйл болсон. Өмнө нь нэг их хэрүүл маргаан болж байгаагүй. Гайгүй л байдаг юм. Эхнэр маань өөр хүн хартай болсон сална сарниана гэх зэрэг зүйл яриад байсан бөгөөд би найзаасаа санаа зовоод наад асуудлаа хоёулаа байхдаа яриач гэхэд “Яадаг юм би өөр хүнтэй болсон гээд байхаар нь би болчих унтаж амаръя” гэж их гуйсан бөгөөд зүгээр болохгүй хашигчаад байхаар нь айлгах санаатай стакан шидсэн чинь толгойг нь оноод гэмтээчихсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2400 дугаар дүгнэлтэд: “...Н.Б гийн биед зулай, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 19-20 дахь тал/,

- шүүгдэгч Б.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, хохирогч Н.Б гийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 55 дахь тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 350.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Н д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн Н.Б  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Б.Н г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 350.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Н гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 350.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь Боржигон овгийн Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н гээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН