Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

 

 

 

2022          04          09                                   2022/ШЦТ/101

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.А д холбогдох эрүүгийн 2203 00091 0183 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржигон овгийн Д.А , 2001 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто замын ажилчин мэргэжилтэй, одоо хувиараа машин засдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Төв аймаг Батсүмбэр сум Баянгол 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А  нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны 15 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Баянбүрдийн” тойргийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Hyundai Starex” маркийн 59-87 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ж ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.А  нь 2022 оны 2 дугаар сарын 3-ны 15 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Баянбүрдийн” тойргийн зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Hyundai Starex” маркийн 59-87 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ж ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 5-23 дахь тал/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...15:13:12 минутад явган зорчигч голын тусгаарлах хашлага дээр зогсож байгаад явган хүний гарцгүй хэсгээр ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байгаа нь бичлэгт харагдаж байна. ...15:13:14 минутад явган зорчигч цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унаж байгаа нь бичлэгт харагдаж байна. Уг бичлэг дээр ямар марк улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох нь мэдэгдэхгүй байв...” гэх тэмдэглэл /хавтас хэргийн 34-38 дахь тал/,

- хохирогч Б.Ж ын “...яг нарийн зам тээврийн осол хэргийг хэлж мэдэхгүй байна. Би машинд мөргүүлсэн гэдгээ сүүлд нь Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа мэдсэн. Яг ямар марк улсын дугаартай машин намайг хаана мөргөсөн талаар сайн мэдэхгүй байна... ’’ гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 41 дэх тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн “...Hyundai Starex” маркийн 59-87 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн машин. ...ослын улмаас автомашинд ямар нэгэн эвдрэл учирсан зүйл байхгүй. Үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 60 дахь тал/,

- гэрч Б.Б “...Баянбүрдийн тойргийн зүүн талын автобусны буудал өнгөрөөд явж байтал замын голоор хоёр хүн зогсож байсан. Тэр үед Анар гуравдугаар эгнээгээр явж байтал нэг хүн гэнэт машины урдуур гүйгээд ороод ирсэн. Би Анарыг хөөе хүн дайрчихлаа гэтэл Анар тоормос гишгээд гулсаж явсаар байгаад нөгөө хүнийг мөргөчихөөд зогсоод, машинаас Анар буугаад явсан...” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 67 дахь тал/,

- шинжээч Ш.М “...намайг шалгах үед хойд тоормос тоног төхөөрөмж дээр зогсохгүй байсан. Энэ нь тоормос ажиллагаагүй байна гэсэн үг. Харин урд тоормос өрөөлдөж байсан. Энэ нь 20 хувиас их гарсан тохиолдолд стандартын шаардлага хангахгүй байна гэсэн үг. Иймд уг тээврийн хэрэгслийн тоормос нь стандартын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 10-13 дахь тал/,

- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2548 дугаартай “...Б.Ж ын биед дух, титэм заадас, зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / хавтас хэргийн 79-80 дахь тал/,

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 280456 дугаартай “...Хариулт 4. ...урд тэнхлэгийн дугуйн тоормосны зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Хойд тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй буюу стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсохгүй байсан...” гэсэн дүгнэлт / хавтас хэргийн 109-115 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.А   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Д.А   улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.А  нь хохирогчид эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн Б.Ж а нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Д.А   бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарласугай.

5. Шүүгдэгч Д.А д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН