Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

      

 2022        04            01                                      2022/ШЦТ/103

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 

             Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бы Эт холбогдох эрүүгийн 2138001280581 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын хогийг ачих зориулалттай тээврийн хэрэгслийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэн “Наран өөд тэмүүл” ХХК-ийн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлэн Б.Мын 5022280815 дугаартай дансаар дамжуулан авч “Ниссан Атлас” загварын ачааны автомашиныг иргэн Б.Нээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14.700.000 төгрөгөөр худалдан авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4.455.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2138001280581 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны Хөвсгөл аймгийн Ханх сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хогны машин худалдан авахаар 20.000.000 төгрөг тусгагдсан зардлаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын хогийг ачих зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн “Наран өөд тэмүүл” ХХК-ийн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж, иргэн Б.Мын 5022280815 дугаартай дансаар дамжуулан авч “Ниссан Атлас” загварын ачааны автомашиныг иргэн Б.Нээс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14.700.000 төгрөгөөр худалдан авч хийж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 4.455.000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4.455.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн:... 2017 онд автомашин авах гэсэн боловч тухайн жилдээ орон нутгийн санд хямралтай учраас төсөв тавигдаагүй. 2018 онд бага хэмжээний мөнгө тавигдсан. Тэгэхэд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад даруйхан хогны машинтай болох үүрэг чиглэл өгсөн байдаг. Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан энэхүү саналын дагуу хогны машиныг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдаж авахаар тусгагдсан байсан. Санхүүжилт нь орж ирэхгүй байж байгаад оны сүүлээр орж ирээд 12 дугаар сарын 25-ны өдөр тендер зарласан боловч шаардлага хангах тендерийн материал ирсэнгүй гэсэн учраас шууд худалдан авах гэрээгээр машиныг авах зөвлөмжийг надад өгсөн байсан. Судлахад бид нарын сонирхож байсан машин хувь хүнд байсан. Тэр хүнтэй гэрээ хийе гэхэд гэрээ хийхгүй гэдэг асуудал үүссэн. ... Машин авсан ч цоо шинэ машин биш байсан учраас будуулахаар болсон. Мөн Улаанбаатар хотоос би дугуй аваагүй. Энэ дээр учир дутагдалтай зүйл байна. Тэр хүн надад дугуйг нь сольсон нь дээр гэж зөвлөж байсан. 600 гаруй мянган төгрөгөөр би бүх агрегатын тос, тосол гээд бүх зүйлийг нь сольж янзалсан. Тэр нь банкны дансны хуулгаар нотлогдсон байгаа. 500,000 төгрөгийн түлш орсон. Энэ мөн хэрэгт авагдсан байгаа. Мөрөн суманд ирэхэд кабин, гүүзүү хоёрын хооронд өнгөний зөрүү гарахаар нь нэгэнт сайн машин авч байгаа юм чинь гээд будуулсан, 6 ширхэг шинэ дугуй авч тавьсан. Тухайн авто машин 2019 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл ямар ч асуудалгүй Ханх сумын бүх элс шороо, хог хаягдалд явах, бүх багууд руу малын өвс тэжээлийг хүргэх ажлыг тасралтгүй явуулж байгаа...” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Цийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс буюу төрийг төлөөлж оролцож байна... Би уг мөнгийг төрийн өмнөөс буруутай этгээдээс нэхэмжилж, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 тал/

Гэрч Б.Эын өгсөн: “Наран өөд тэмүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар миний төрсөн охин Г.Ш ажиллаж байсан ба 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. Би уг компанийн санхүүг хариуцан ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сард охиныг Солонгос улс руу явахад нь компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хийж байгаа. 2006 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр манай охин үүсгэн байгуулсан. Одоо Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа....Нийлүүлж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй байна... Манай найз Адъяасүрэн /99087008/ нь компанийнхаа дансаар 20.000.000 төгрөг оруулаад гаргаад өгөх үү. Манай нэг найз байгууллагад машин авах гэсэн чинь заавал компанийн дансаар шилжүүлэх ёстой гэнэ гэсэн. Би тэгэхэд нь манайх татвар төлдөг компани нь 10 хувийг нь татварт суутгаж тайланд тусгах ёстой гэхэд. Тэгье гэсэн. Тэгээд манай компанийн 5027749838 дугаар дансанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг “Хогны машины үнэ шилжүүлэв” гэсэн утгаар орж ирсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Г.Ш данс руу 20.060.000 төгрөг шилжүүлсэн. Охин Г.Ш нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5022280815 дугаар данс руу 18.000.000 төгрөгийг “Энхээгээс” гэсэн утгаар шилжүүлсэн. Энэ данс хэнийх болохыг бол мэдэхгүй. Энэ данс руу л шилүүл гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 тал/,

Гэрч Б.Мын өгсөн: “...Миний санаж байгаагаар Э нь бид хоёр хотод явж байсан чинь Э нь албандаа машин авах гэж ирсэн чинь тэрний мөнгийг хүн рүү шилжүүлэх гэсэн болохгүй байна. Чам руу мөнгө шилжүүлж болох уу, интернэт банк байгаа юу гэхээр нь миний данс 20.000.000 төгрөг дотор болно гээд өөрийн дансанд 18.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Хэнээс 18.000.000 төгрөг орж ирсэн талаар мэдэхгүй байна...Эын авч байгаа ачааны машины мөнгө байх. Тухайн үед бүх мөнгийг нь данс руу хийе гээд болиод машины зарим юмнуудыг засуулах хэрэгтэй юм байна гээд, засуулчхаад үлдэгдэл мөнгөө хийе гээд урьдчилгаа мөнгийг нь шилжүүлсэн...Тухайн үед миний дансанд мөнгө байх юм бол зээл татаад авчихна шүү, чи энэ мөнгөө өөр хүний данс руу аваарай гэж Эт хэлсэн. Тэгсэн чинь Э нэг данс өгөхөөр нь би тэр данс руу хийсэн...Сумандаа нэг хогны машин худалдаж авч байгаа юм, эндээс авах гэсэн чинь ганц нэг зүйлийг нь засуулах хэрэгтэй юм байна гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/,

Гэрч Б.Нийн өгсөн: “.. Миний эзэмшилд байдаг. Би уг дансыг ашиглаад удаж байгаа...2013 онд орж ирсэн Ниссан Атлас гэх өөрөө буулгагч машиныг нэрийг сайн мэдэхгүй байна, танихгүй хоёр эрэгтэй хүн ирж үзээд худалдаж авахаар тохироод ирж үзсэн өдрөө 2019 оны 1 дүгээр сарын 02-нд машины урьдчилгаа гэж 4.700.000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд 6 билүү, 7 хоногийн дараа миний машиныг аваад үлдсэн мөнгө болох 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...Машин зараад бэлнээр авсан 10.000.000 төгрөгийг маргааш өглөө нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр Дамбийгаар өөрийн дансанд хийлгүүлсэн...Би яг одоо тийм нэртэй, тийм албан тушаалтай, тийм нэртэй, хаанаас ирсэн хүмүүс машин авсан гэж хэлж мэдэхгүй байна. Мөн тухайн үед сайн танилцаагүй. Харин тэр хүмүүс хөдөөнөөс ирсэн, сумандаа хогийн машин авч байгаа гэж хэлж байсан санагдаж байна. Миний зарсан машин Ниссан Атлас маркийн машин бөгөөд 1991 онд үйлдвэрлэсэн 2 тооны даацтай, SH40075500 арлын дугаартай, 2013 онд Монголд Улсад орж ирсэн ачааны машин бөгөөд нийт 14.700.000 төгрөгөөр зарсан. Машин авсан хоёр эрэгтэй хүний нэр, хаана ажилдаг талаар нь мэдээгүй. Машиныг худалдахдаа тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,

Гэрч Н.Нын өгсөн: “...Би 2014-2020 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан...Тэрийг нь сайн санахгүй байна. Би ажлын хэсгийн гишүүн байсан...Чанарын хувьд сайн, ажлын даалгаварт нь нийцэж байсан. Намайг ажлаасаа гарах үед уг машин нь хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/,

Гэрч К.Оийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тендерийг нээхэд Чаминхаус ХХК нь тендер ирүүлсэн байсан. Тэгээд үнэлгээний хороо уг компанийн тендерийг үнэлэхэд захиалагчийн шаардлагыг хангахгүй байсан тул тендерээс татгалзаж, дахин тендер зарлах боломжгүй болж санхүүжилт нь татагдах гээд байсан учир Ханх сумын Засаг дарга Б.Эт шууд дахин тендер зарлах боломжгүй тул шууд худалдан авалт хийж болох талаар зөвлөмжийг гарган өгсөн. Тэгээд цаашаа ямар үйл ажиллагаа болсон талаар мэдэхгүй байна. Шууд гэрээ байгуулсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/,

Гэрч Н.Эын өгсөн: “....Тухайн үед машин ирлээ хүлээн ав гэхээр нь гараад л хүлээн авч байсан. Яг хэнээс хүлээн авсан талаараа санахгүй байна...Дөрвөн дугуй нь цоо шинэ, Монгол яваагүй гэх машин байсан. Одоо манай ажилд явж л байгаа. Чанарын хувьд сайн машин байсан...Тэр талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/,

Гэрч Б.Брын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан...Тэр үед баримт бичиг гарсан шийдвэр нь бүгд байсан. Тэр компанитай байгуулсан гэрээ, хүлээн авсан акт, нэхэмжлэх зэрэг дээр үндэслэж төлбөрийн хүсэлт бичсэн...Ханх сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаг. Уг машиныг манай байгууллага нь үйл ажиллагаандаа ашигладаг. Уг машин нь Засаг даргаар ажиллаж байсан Эын нэр дээр байдаг...Яагаад Э даргын нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Би нягтлан бодогчоор ажиллаж байхдаа уг машины эзэмшигчийн нэрийг тамгын газрын нэр дээр болгох ёстой гэж тоот явуулж байсан. Тэгээд ажлаа өгснөөс хойш яасан талаар мэдэхгүй байна...2018 оноос хойш өдийг хүртэл бүх ажилд уг машины хэвийн явж байна. Чанарын хувьд сайн машин юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/,

Гэрч Б.Пын өгсөн: “...Тэрийг Засаг даргын тамгын газар дээр ирсэн байхад хүлээн авсан. Яг хэнээс хүлээн авсан талаар санахгүй байна...Ямар ч байсан улсын дугаар аваагүй, хэвийн ажиллагаатай байсан. Намайг ажлаас гарах хүртэл хэвийн ажиллаж л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард Э дарга энэ машиныг унаад сумынхаа ойр зуурын ажил болон хог ачих ажилд явж бай гээд өгсөн. Өнөөдрийг хүртэл би уг машинаар сумын хогыг ачиж, аль муу, муухай бүх ачааг ачиж байна. Би уг машиныг унаж сумын хог ачлаа гэж цалин авдаггүй. Анх машиныг хүлээн авахад дажгүй хэвийн ажиллагаатай, чанарын хувьд дажгүй байсан. Би уг машиныг гурван жил унаж байна. Засвар үйлчилгээ гэж бараг хийгээгүй. Одоо машин хэвийн ажиллагаатай явж л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,

Гэрч Б.Бгийн өгсөн: “...Би 2013 оноос өнөөдрийн хүртэл Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна. ..Уг машиныг 2018 оноос хойш үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан. Өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Уг машин чанар, үйл ажиллагааны хувьд нээх сайн ч биш юм шиг санагдаж байна. Жолоочоор нь Б гэх иргэн ажилдаг. Гэхдээ Б нь манай байгууллагын ажилтан гэж явдаггүй. Уг машинаар суманд байгууллагуудын хог ачих, түлээ түлш ачих, сандал ширээ зөөвөрлөх зэрэг ажлыг хийж байна... 2020 оны эцсээр аймгийн Засаг даргын тамгын газраас манай байгууллагад шалгалт ороод төрийн өмчийн хувь нэр дээр байна, байгууллагын нэр дээр болго гэсэн. Үүний дагуу 2020 оны эцсээр Э даргад хэлээд цахим үнэмлэхийг нь аваад материалыг нь бүрдүүлээд аймгийн Авто тээврийн төв рүү явуулсан. Тухайн үед Э дарга цахим үнэмлэхээ сунгуулж байгаа гээд машины нэрийг сольж чадаагүй юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сард аймгийн Төрийн аудитын шалгалт ороход шалгалтын хүмүүстэй Быг уулзуулсан. Одоо машиныг нэрийг нь солих гээд ажиллаж байна. Гэхдээ уг машины эзэмшигч нь иргэний нэр дээр байгаа ч гэсэн, Ханх сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Машин авах ёстой гэсэн батлагдсан мөнгөөр засвар хийлгэсэн нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Заавал төсөвт өртөгт багтаан гэрээ байгуулах гэсэн ойлголт байхгүй, бага үнээр худалдан авалт хийсэн бол батлагдсан мөнгөний үлдэгдлийг төсвийн дансанд үлдээж дахин хурлаар батлуулж байж зарцуулах ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71 тал/,

Гэрч Г.Бын өгсөн: “...Төсвийн тухай хуульд заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэв хэмнэлттэй үнээр машин авсан бол тендерийн хэмнэлт гэж тухайн дансандаа үлдэгдэл үлдээд тухайн шатны хурлын шийдвэрээр өөр зардлын эх үүсвэр болж явах ёстой. Түүнээс биш Засаг дарга дур мэдээд батлагдсан төсвөөс үлдсэн мөнгийг нь машины засварын ажилд зарцуулж болохгүй. Тээвэр шатахууны зардал, урсгал засварын зардал нь тухайн байгууллагын үндсэн төсөвт сууж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-75 тал/,

Гэрч Ц.Бгийн өгсөн: “... Сумын Засаг дарга Б.Эын автомашин хүлээн авах ажлын хэсэг томилох тухай захирамжийн дагуу ажлын хэсгийн даргаар нь ажилласан... Үнэлгээний хорооны зөвлөмжөөр машин авсан байх. Уг машиныг Засаг дарга Э хот явж авсан байсан байх. Сургуулийн ширээ сандал ачиж ирж байсан. Машиныг манай байгууллагад ажилдаг байсан жолооч Батцоож унаж ирсэн. Ажлын хэсэг уг машиныг Наран өөд тэмүүл компаниас хүлээн аваагүй. Харин машиныг уг компаниас Засаг дарга Э хүлээн аваад жолооч Батцоож унаж авч ирсэн санагдаж байна... Улаанбаатар хотоос тэр компани нийлүүлсэн болохоор нь ажпын хэсэг тэр компаниас авч чадаагүй. Тэр компаниас машиныг Засаг дарга Э авсан... Бүх юм бүрэн бүтэн сайхан машин байсан. Тэрнээс хойш намайг ажиллаж байх үед хэвийн үйл ажиллагаа явуулаад л байдаг байсан. Дугуй нь ямар байсан талаар сайн санахгүй байна. Ямар эвдрэл байхгүй байсан... 20.000.000 төгрөгөөр авсан гэж байсан байхаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-79 тал/,

Гэрч Б.Гын өгсөн: “.... Улаанбаатар хотоос Дархан чиглэлийн замаар дайран Хөвсгөл аймаг руу явахад 810 километр байдаг юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Ханх сум хүртэл 280 км байдаг. Мөрөн сумаас Хатгал тосгон хүртэл 100 км, Хатгалаас Ханх сум хүртэл 180 км байдаг... Орон нутгийн замын сүлжээг аймгийн Засаг дарга баталдаг. Гэхдээ хэзээний ямар шийдвэрээр 208 км гэж баталсан талаар мэдэхгүй байна. Улсын чанартай замын сүлжээг 2019 онд Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар шинэчлэн баталсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 тал/,

Гэрч А.Бын өгсөн: “...Андуугийн АБ нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Э нь манай дүүгийн таньдаг хүн юм. Өмнө нь буюу одоогоос хоёр жил орчмын өмнө л байх над дээр нэг удаа ирж тэвштэй хог тээвэрлэдэг машины кабин будуулж байсан...Дээрх данс нь миний нээлгэж байсан Хаан банкны данс мөн байна. Би дээрх дансыг яг хэзээ нээлгэснээ санахгүй байна. Гэхдээ анх нээлгэж байсан данс болохоор нэлээд удаж байна... Дээр дурдсанчлан Б.Э нь надаар хог ачдаг тэвштэй машины кабины өнгийг нь сэргээж, цагаан өнгөөр будуулж байсан. Гүйлгээний утгыг харахад тэр кабин будсан мөнгийг над руу шилжүүлсэн байна. Өөрөөр Б.Э нь надаас машин будуулж байгаагүй. Тухайн будсан кабин нь хуучин, энэ тэндээ будаг нь халцарсан байсан болохоор будуулж байсан. Б.Эрдэнэбатаар нь өөрөө авч ирж будуулаад өөрөө буцаагаад аваад явсан санагдаж байна. Ойролцоогоор 2 хоног орчим будаад гаргаж өгсөн... Б.Э нь тэр үедээ машиныхаа кабиныг будуулахдаа халзан дугуйтай учраас дугуйг нь сольж өвлийн дугуй тавина гэж байсан. А.АБ руу шилжүүлсэн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-92 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-Ч21/1000926 дугаартай: “...Б.Э өмчлөлд бүртгэлтэй  Nissan Atlas  маркийн 50-10 ХӨҮ улсын дугаартай SН40075500 арлын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 2018 оны 12 сарын байдлаар 19.000.000 /арван есөн сая/ төгрөг байсан байж болохыг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт, гэрэл зэргийн үзүүлэлт /2-р хх-ийн 102-106 тал/,

Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 227 тал/,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын орлогын баримт /1-р хх-ийн 228 тал/,

“Наран өөд тэмүүл” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 229-233 тал/,

“Наран өөд тэмүүл” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5027749838 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1- р хх-ийн 163 тал/,

Б.Нийн эзэмшлийн Хаан банкны 5076297859 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 122-128 тал/,

Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5022280815 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1- р хх-ийн 143 тал/,

Б.Эын эзэмшлийн Хаан банкны 5905006179 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1- р хх-ийн 131-136 тал/,

Г.Шийн эзэмшлийн Хаан банкны 5027768001 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1- р хх-ийн 245 тал/,

Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-т хогны машин / өөрөө буулгагч/ нийлүүлэх  №ХӨААХХСЗДТГ/201801086 дугаартай ажлын  гэрээ /1-р хх-ийн 234-236 тал/,

Бараа нийлүүлэх ажлын гүйцэтгэлийн  хуваарь /1-р хх-ийн 237-239 тал/,

Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 240 тал/,

“Наран өөд тэмүүл”  ХХК-ийн 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн “хогны машин худалдан авах” ажлыг хүлээж  авсан  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн акт /1-р хх-ийн 241-242 тал/,

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт / 1-р хх-ийн 243 тал/,

“Наран өөд тэмүүл”  ХХК-ийн нэхэмжлэх /1-р хх-ийн 248 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “...Хогны машин нь эвдрээд 4 жил болж байсан, хог новшиндоо дарагдсан байсан. Тэгээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн хөгжлийн сангаас 20.000.000 төгрөг тавиад энэ ондоо багтаан хогны машинтай бол гэх үүрэг чиглэл өгсөн. Санхүүжилт нь эрх олгогдохгүй, тавигдахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сар гарсан. Тэгээд санхүүжилтийн эрх тавигдахад тендер зарласан боловч яг 20.000.000 төгрөгт багтаж, бид нарын ажлын даалгаварт тусгагдсан машин санал болгоогүй. Хятадын, эсхүл зориулалтыг нь өөрчилсөн Солонгос машины санал ирсэн. Тэгээд сумын үнэлгээний хорооноос төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга надад шууд худалдан авах гэрээ байгуулах зөвлөмж өгсөн. Тэгээд бид нар Наран өөд компанитай гэрээ байгуулсан. Тэгээд бид нар өөрсдөө судлахаар тэр компани дээр биш хувь хүн болох Н дээр бид нарын шаардлагад нийцсэн машин байсан. Тэгээд бид "Наран өөд" компаниар мөнгөө гаргуулж байгаад худалдаж авсан. Тэгээд Нийн дансаар 14,700,000 төгрөг орсон. Бэлнээр бас хэдэн өгсөн талаараа олон жил болсон учраас мэдэхгүй байна. Бүх агрегатын тос, шингэн, гидрийн шингэн бүгдийг нь сольсон. Миний санаж байгаагаар 450.000 төгрөгөөр сольж байсан. Тэгээд бүтэн будаг гэж хийлгэсэн. Хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар санахгүй байна. Суудлын бүрээс гэж үнийг нь санахгүй байна худалдан авч байсан. Ханх хүртэл 200 литр түлш хийгээд л бүх мөнгө нь зарцуулагдаад дуусаж байсан. Би хогны машины худалдан авахдаа улсад хохирол учруулж ийм нөхцөл байдал үүснэ гэж огт бодоогүй, би хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй. Би удирдах ажил 12 жил хийхдээ ёс зүйн болон, санхүүгийн зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй. Мөн машины хойд талын дөрвөн дугуйг шинээр авч сольж байсан. Хэдэн төгрөгөөр дугуй авсан талаар санахгүй байна...Яг ямар данс руу мөнгө өгсөн талаараа мэдэхгүй байна. Урьдчилгаа байршуул гэсэн өгөөд л номер аваад авахдаа мөнгөө өгч байсан. Бэлнээр хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. Тэр хүнээс авах гэсэн чинь бид нар компаниар дамжуулж авахгүй, гэрээ хийхгүй шууд худалдаад ав гэсэн. Тэгэхгүй бол 10 хувийг суутгаад авчихдаг, хувь хүнээр л яана гэсэн. Тэгэхгүй бол компанийн дансаар дамжуулахаар нэмэн өртгийн татвар гээд заавал 10 гээд улс авдаг гэсэн. Уг машиныг Улаанбаатар очиж л авсан. Гэхдээ Улаанбаатарын хаана байсан талаар санахгүй байна, компанийн том гарааш л байсан...Миний мобайл банк тухайн үед ажиллахгүй байсан. Тэгээд хоёрдугаарт М би ингээд ажилтай учраас чи мөнгөө хурдан шилжүүлж ав гэсэн учраас эхнэрийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгө нь хогны машин худалдаж авах мөнгө юм...Тэр чинь нөгөө мобайл банкны апп байхгүй учраас дээд тал нь 3.000.000 төгрөгийн гүйлгээ хийдэг. Тэгээд хогны машин худалдаж авах мөнгийг өөрийн данс руу авсан...Тэр тэгвэл юу байна шдээ нөгөө хогны машины агрегатын тос солиулсан мөнгө байна. Би 450.000 гэж буруу бодож байсан байна... Тэгвэл тэр Хаан бүрээсний төлбөрт 55,000 төгрөг, нөгөө машины толгой хэсгийг өнгөлүүлж будсаны төлбөр гэж 200,000 төгрөг төлсөн юм байна л даа. Хогны машиныг кузовыг бас будуулж байсан гэхдээ хэдэн төгрөгөөр будуулж байсан талаар санахгүй байна. Надад дээрх баримтууд байгаа байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-25, 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Ханх сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолын төлөө урвуулан ашиглаж, хийх ёсгүй зүйлийг хийж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн 2018 оны Хөвсгөл аймгийн Ханх сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хогны машин худалдан авахаар 20.000.000 төгрөг тусгагдсан зардлаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Наран өөд тэмүүл” ХХК-ны данс руу 20.000.000 төгрөг шилжүүлж, бусдын харилцах данс ашиглан буцаан авч, иргэн  Б.Нээс  “Ниссан Атлас” загварын  автомашиныг 14.700.000 төгрөгөөр худалдан авч, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 4.455.000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4.455.000 төгрөгийн хохирол учруулсныг тус тус гэрчилж, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай хэргийн  шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Цийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э, Б.М, Б.Н, К.О, Б.Бр, Б.Б, Б.Б, Г.Б, Ц.Б, А.Ба нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай төлбөрийн хүсэлт,  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын орлогын баримт, Наран өөд тэмүүл ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн  Ханх сумын  засаг  даргын тамгын газартай  байгуулсан худалдах худалдан авах гэрээ, Наран өөд тэмүүл ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5027749838 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Нийн эзэмшлийн Хаан банкны 5076297859 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5022280815 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Эын эзэмшлийн Хаан банкны 5905006179 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Г.Шийн эзэмшлийн Хаан банкны 5027768001 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-т хогны машин / өөрөө буулгагч/ нийлүүлэх  №ХӨААХХСЗДТГ/201801086 дугаартай ажлын  гэрээ,  Бараа нийлүүлэх ажлын гүйцэтгэлийн хуваарь, Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, “Наран өөд тэмүүл”  ХХК-ийн 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн “хогны машин худалдан авах” ажлыг хүлээж  авсан  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн акт,  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт,  “Наран өөд тэмүүл”  ХХК-ийн нэхэмжлэх, Хөвсгөл аймгийн Засаг даргын  дэргэдэх Статистикийн хэлтсийн  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай албан бичиг зэргээр болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д Нийтийн албан тушаалтан гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 6.1.12-д зааснаар “бүх шатны Засаг дарга болон аймаг, ...” гэж байх тул сумын засаг дарга нь улс төрийн удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Засаг даргын  2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/52 дугаартай “Бы Эыг ажилд томилох тухай” захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/76 дугаартай  “Б.Эыг  ажлаас чөлөөлж, Л.Даваабаярын ажилд томилох тухай”  захирамж зэргээс /1-р хх-ийн 101-102  тал/  харахад дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бөгөөд энэ гэмт хэргийн субъект мөн байна.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж,  мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

 Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

 Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх зүйлийн 29.1.1-т заасан “...батлагдсан ... төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахдаа Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолын төлөө урвуулан ашиглаж, хийх ёсгүй зүйлийг хийж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 34 дүгээр зүйлд заасан “Шууд гэрээ байгуулах арга”-ыг хэрэглэн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн 2018 оны Хөвсгөл аймгийн Ханх сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хогны машин худалдан авах зардалд 20.000.000 төгрөг тусгагдсанаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Наран өөд тэмүүл” ХХК-ны данс руу 20.000.000 төгрөг шилжүүлж, бусдын харилцах данс ашиглан буцаан авч, иргэн  Б. Нээс  “Ниссан Атлас” загварын  автомашиныг 14.700.000 төгрөгөөр худалдан авч, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 4.455.000 төгрөгийг авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгон төрд 4.445.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ.

Тодруулбал нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон төсвийг зарцуулах бүрэн эрхээ урвуулан ашиглаж тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан төсвийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмч мэт захиран зарцуулах боломжийг бий болгох хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг.

Өөрөөр хэлбэл албан үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчин улсын буюу төсвийн хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эыг гэм буруутай гэдгийг эс зөвшөөрч цагаатгах байр суурьтай оролцож “мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн явагдаагүй..шууд худалдан авалтын аргыг ашигла гэсэн зөвлөмжийн дагуу.. компанийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл буюу төсвийн санхүүжилт олгож байгаа үйл ажиллагаа нь Сангийн яамны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалын хавсралт болох орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй... 4,455,000 төгрөгийн төрд учирсан хохирол үгүйсгэгдэнэ... энэ худалдан авалтын аргыг зохих журмын дагуу явуулаагүй буюу хувь хүнээс худалдаж авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгэмд аюулгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл сумын нийт иргэдийн эрх, ашиг сонирхол дээр юм уу?, тухайн авто машиныг зарж борлуулах ёстой байсан хэдэн хүний эрх ашиг сонирхол дээр юм уу гэдгийг харгалзаж үзэх шаардлагатай... төрийн эрх ашиг сонирхолд нийцүүлж төсвийн хөрөнгийг үр дүнтэй, хэмнэлттэй зарцуулах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. ...гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нөхцөл байдал байна гэж харж байна... Ийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү гэдэг хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэж мэтгэлцжээ.

Улсын яллагч Н.Энхтулга гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эыг гэм буруутай гэж дүгнэж “Худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийгээд найз н.Мын дансаар дамжуулан авсан байна гэдэг нь дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа. “Наран өөд тэмүүл” компани авто машин худалдах үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ компаниас журмын дагуу худалдаж авсан тохиолдол илрээгүй. н.М гэдэг найзынхаа дансаар дамжуулаад өөртөө авсанаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа. Өөртөө давуу байдал бий болгож захиран зарцуулах эрх нь үүссэнээр энэ гэмт хэрэг төгсөж байгаа. Үүний улмаас ямар нэгэн хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй. ..ашиг сонирхол үүсгээд хувийн ашиг сонирхолоор хандаад төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулаад байна гэдэг үүднээс хуульд заасан энэ эрхүүдийг хязгаарлаад боломжийг нь хааж өгсөн байгаа. Гэтэл энэ хүмүүс одоо болтол энэ сэтгэхүйгээсээ салаагүй дураараа зарцуулалт хийж өөртөө давуу байдал бий болгоод байгаа нь хуулийг биелүүлэхгүй байна гэдэг нь харагдаж байна”  гэж мэтгэлцжээ.

Шүүхээс талуудын гаргасан мэтгэлцээнд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан  дүгнэлт дараах байдлаар  үгүйсгэгдэж байна. Үүнд:

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ““Наран өөд тэмүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар миний төрсөн охин Г.Ш ажиллаж байсан ба 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. .. 2006 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр манай охин үүсгэн байгуулсан...Нийлүүлж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй байна... Манай найз Адъяасүрэн /99087008/ нь компанийнхаа дансаар 20.000.000 төгрөг оруулаад гаргаад өгөх үү. Манай нэг найз байгууллагад машин авах гэсэн чинь заавал компанийн дансаар шилжүүлэх ёстой гэнэ гэсэн. Би тэгэхэд нь манайх татвар төлдөг компани нь 10 хувийг нь татварт суутгаж тайланд тусгах ёстой гэхэд. Тэгье гэсэн. Тэгээд манай компанийн 5027749838 дугаар дансанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг “Хогны машины үнэ шилжүүлэв” гэсэн утгаар орж ирсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Г.Ш данс руу 20.060.000 төгрөг шилжүүлсэн. Охин Г.Ш нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5022280815 дугаар данс руу 18.000.000 төгрөгийг “Энхээгээс” гэсэн утгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Мын өгсөн: “...Хэнээс 18.000.000 төгрөг орж ирсэн талаар мэдэхгүй байна...Эын авч байгаа ачааны машины мөнгө байх. Тухайн үед бүх мөнгийг нь данс руу хийе гээд болиод машины зарим юмнуудыг засуулах хэрэгтэй юм байна гээд, засуулчхаад үлдэгдэл мөнгөө хийе гээд урьдчилгаа мөнгийг нь шилжүүлсэн... Тэгсэн чинь Э нэг данс өгөхөөр нь би тэр данс руу хийсэн...Сумандаа нэг хогны машин худалдаж авч байгаа юм, эндээс авах гэсэн чинь ганц нэг зүйлийг нь засуулах хэрэгтэй юм байна гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Нийн өгсөн: “...2013 онд орж ирсэн Ниссан Атлас гэх өөрөө буулгагч машиныг нэрийг сайн мэдэхгүй байна, танихгүй хоёр эрэгтэй хүн ирж үзээд худалдаж авахаар тохироод ирж үзсэн өдрөө 2019 оны 1 дүгээр сарын 02-нд машины урьдчилгаа гэж 4.700.000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд 6 билүү, 7 хоногийн дараа миний машиныг аваад үлдсэн мөнгө болох 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...Машин зараад бэлнээр авсан 10.000.000 төгрөгийг маргааш өглөө нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр Дамбийгаар өөрийн дансанд хийлгүүлсэн.. Миний зарсан машин Ниссан Атлас маркийн машин бөгөөд 1991 онд үйлдвэрлэсэн 2 тооны даацтай, SH40075500 арлын дугаартай, 2013 онд Монголд Улсад орж ирсэн ачааны машин бөгөөд нийт 14.700.000 төгрөгөөр зарсан..” гэх мэдүүлэг,  гэрч К.Оийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тендерийг нээхэд Чаминхаус ХХК нь тендер ирүүлсэн байсан. Тэгээд үнэлгээний хороо уг компанийн тендерийг үнэлэхэд захиалагчийн шаардлагыг хангахгүй байсан тул тендерээс татгалзаж, дахин тендер зарлах боломжгүй болж санхүүжилт нь татагдах гээд байсан учир Ханх сумын Засаг дарга Б.Эт шууд дахин тендер зарлах боломжгүй тул шууд худалдан авалт хийж болох талаар зөвлөмжийг гарган өгсөн...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Брын өгсөн: “....Тэр үед баримт бичиг гарсан шийдвэр нь бүгд байсан. Тэр компанитай байгуулсан гэрээ, хүлээн авсан акт, нэхэмжлэх зэрэг дээр үндэслэж төлбөрийн хүсэлт бичсэн...Ханх сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаг. Уг машиныг манай байгууллага нь үйл ажиллагаандаа ашигладаг. Уг машин нь Засаг даргаар ажиллаж байсан Эын нэр дээр байдаг...Яагаад Э даргын нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Би нягтлан бодогчоор ажиллаж байхдаа уг машины эзэмшигчийн нэрийг тамгын газрын нэр дээр болгох ёстой гэж тоот явуулж байсан....” гэх мэдүүлэг,  гэрч Б.Бын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард Э дарга энэ машиныг унаад сумынхаа ойр зуурын ажил болон хог ачих ажилд явж бай гээд өгсөн...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Бгийн өгсөн: “..Уг машиныг 2018 оноос хойш үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авсан. Өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Уг машин чанар, үйл ажиллагааны хувьд нээх сайн ч биш юм шиг санагдаж байна.. 2020 оны эцсээр аймгийн Засаг даргын тамгын газраас манай байгууллагад шалгалт ороод төрийн өмчийн хувь нэр дээр байна, байгууллагын нэр дээр болго гэсэн. .. Гэхдээ уг машины эзэмшигч нь иргэний нэр дээр байгаа ч гэсэн, Ханх сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Бын өгсөн: “... Машин авах ёстой гэсэн батлагдсан мөнгөөр засвар хийлгэсэн нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Заавал төсөвт өртөгт багтаан гэрээ байгуулах гэсэн ойлголт байхгүй, бага үнээр худалдан авалт хийсэн бол батлагдсан мөнгөний үлдэгдлийг төсвийн дансанд үлдээж дахин хурлаар батлуулж байж зарцуулах ёстой...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бын өгсөн: “...Төсвийн тухай хуульд заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэв хэмнэлттэй үнээр машин авсан бол тендерийн хэмнэлт гэж тухайн дансандаа үлдэгдэл үлдээд тухайн шатны хурлын шийдвэрээр өөр зардлын эх үүсвэр болж явах ёстой. Түүнээс биш Засаг дарга дур мэдээд батлагдсан төсвөөс үлдсэн мөнгийг нь машины засварын ажилд зарцуулж болохгүй. Тээвэр шатахууны зардал, урсгал засварын зардал нь тухайн байгууллагын үндсэн төсөвт сууж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг,  гэрч Ц.Бгийн өгсөн: “... Үнэлгээний хорооны зөвлөмжөөр машин авсан байх. Уг машиныг Засаг дарга Э хот явж авсан байсан байх. ... Ажлын хэсэг уг машиныг Наран өөд тэмүүл компаниас хүлээн аваагүй. Харин машиныг уг компаниас Засаг дарга Э хүлээн аваад жолооч Батцоож унаж авч ирсэн санагдаж байна... Улаанбаатар хотоос тэр компани нийлүүлсэн болохоор нь ажпын хэсэг тэр компаниас авч чадаагүй. Тэр компаниас машиныг Засаг дарга Э авсан... Бүх юм бүрэн бүтэн сайхан машин байсан.... 20.000.000 төгрөгөөр авсан гэж байсан байхаа...” гэх мэдүүлэг,  гэрч А.Бын өгсөн: “...Дээр дурдсанчлан Б.Э нь надаар хог ачдаг тэвштэй машины кабины өнгийг нь сэргээж, цагаан өнгөөр будуулж байсан. Гүйлгээний утгыг харахад тэр кабин будсан мөнгийг над руу шилжүүлсэн байна. Өөрөөр Б.Э нь надаас машин будуулж байгаагүй...” гэх мэдүүлэг,  Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай төлбөрийн хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын орлогын баримт, “Наран өөд тэмүүл” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, “Наран өөд тэмүүл” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5027749838 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Нийн эзэмшлийн Хаан банкны 5076297859 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа, Б.Мын эзэмшлийн Хаан банкны 5022280815 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа,  Г.Шийн эзэмшлийн Хаан банкны 5027768001 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа,  Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-т хогны машин / өөрөө буулгагч/ нийлүүлэх  №ХӨААХХСЗДТГ/201801086 дугаартай ажлын  гэрээ, Бараа нийлүүлэх ажлын гүйцэтгэлийн  хуваарь,  Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, “Наран өөд тэмүүл”  ХХК-ийн 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн “хогны машин худалдан авах” ажлыг хүлээж  авсан  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн акт  “Наран өөд тэмүүл”  ХХК-ийн нэхэмжлэх зэргийг шинжлэн судлахад  шууд  худалдан авалтын аргыг  ашигла гэсэн зөвлөмжийн дагуу  ажилласан гэж үзэх үндэслэлгүй  байна. Өөрөөр хэлбэл  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцлийг зөрчиж  2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Гэрээ шууд байгуулах” аргыг хэрэглэж “Наран өөд тэмүүл” ХХК-тай автомашин худалдах худалдан авах гэрээг байгуулсан нь  хууль зүйн үндэслэлгүй  бөгөөд үйл баримтын цаг хугацаа нь хэрэгт авагдсан баримт /“Наран өөд тэмүүл” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-т хогны машин / өөрөө буулгагч/ нийлүүлэх  №ХӨААХХСЗДТГ/201801086 дугаартай ажлын  гэрээнд “нийлүүлэгч нь  2018 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийлүүлэн  гүйцэтгэж хүлээлгэж өгнө”,  Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай төлбөрийн хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын орлогын баримт, “Наран өөд тэмүүл”  ХХК-ийн нэхэмжлэх /-ын цаг хугацаатай  зөрүүтэй байна.

Түүнчлэн нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд  энэ хэрэгт  Б.Э нь  Наран өөд тэмүүл”-тай   гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлэн худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож  буй үйлдэл нь хуулиар хориглосон байх бөгөөд шүүгдэгч Б.Эыг нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

 Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд обьект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд обьект болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Эыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.   

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас нь төрд 4.455.000 төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар “Ниссан Атлас”  загварын  автомашиныг 14.700.000 төгрөгөөр худалдан авсан байх  бөгөөд үлдэх 5.300.000 төгрөгөөс автомашины будаг засварт 200,000 төгрөг /1-р хх-ийн 131 тал/, сэлбэгт 645.000 төгрөг /хх-ийн 113 тал/, бүрээст 105.000 төгрөг/1-р хх-ийн 131 тал/, нийт  950.000 төгрөгийг хасч үлдэх 4455000 төгрөгийг  шүүгдэгч Б.Эаас гаргуулж Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газарт олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эаас эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний зардал, замын зардлын үнэ 550.000 төгрөгийг гаргуулж, Ашид билгүүн ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Эыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр “...гэм буруу дээр маргаантай байгаа тул санал, хүсэлтгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 1-р хх-ийн 71, 250 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтас хэргийн 49-50 дугаар талд авагдсан шагналын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь ам бүл 4,  эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар  шагнагдаж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялыг сонгон хэрэглэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 26 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бы Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 6.500 /зургаан мянга таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 26 /хорин зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Б.Эаас 4.455.000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Ашид билгүүн ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН