Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 467

 

2019 оны 8 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0467

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.О, шүүгч У.Б нар оролцов.

Нэхэмжлэгч: УМЭХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн УМЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, иргэдийн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УМЭХХК нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт МДнэртэй газарт 32.10 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг авч үйл ажиллагаа явуулж байна.

НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609

дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар УМЭХХК-ийн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргасан байдаг.

Уг шийдвэрийг НЗДхэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдэхээр шууданд хийсэн гэх боловч хаяг тодорхойгүй, буруу шалтгаанаар мэдэгдэж, хүргүүлээгүй байдаг. Утсаар мэдэгдэх боломжтой байсан ч манайд мэдэгдээгүй.

Харин 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлчхөөд, төлбөр төлөлтөө баталгаажуулж, тооцоо нийлэхээр Байгаль орчны газарт 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр очиход ...танай компанитай холбоотой ийм шийдвэр гарсан, танайд мэдэгдэж гардуулж чадаагүй, одоо гардаж ав гээд гардуулж өгсөн.

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч НЗДд гомдол гаргасан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 04/3136 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... УМЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Иймд НЗД2017 оны А/609 дүгээр захирамжийн УМЭХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Нэг. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дахь заалтад бичсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдал болон ашигт малтмалын зориулалтаар газрын хэвлий ашиглах эрх зүйн зохицуулалт, онцлогтой нийцэхгүй.

Учир нь УМЭХХК нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан ба хуулийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа буюу ашигт малтмал олборлох зориулалтаар газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг.

Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуулиар ашигт малтмал олборлолтын зориулалтаар газрын хэвлий ашиглах харилцааг зохицуулаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал олборлолтын зориулалтаар газрын хэвлий ашиглах үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхад, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болох ямар ч хууль зүйн үндэслэлгүй. УМЭХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийг олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу газрын хэвлий ашиглах эрхийг олж авсан бөгөөд газрын хэвлийг ашиглах зориулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох юм.

Иймд газрын хэвлий ашиглах эрх нь зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор л уг эрх дуусгавар болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийн тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэсэн заалтууд нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосны үндсэн дээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгоно, түүнчлэн тусгай зөвшөөрөл дуусгавар болоогүй хүчинтэй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын хэвлийг ашиглах буюу ашигт малтмалаа чөлөөтэй олборлох эрхтэй гэдэг нь тодорхой байна.

Гурав. Засаг дарга Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байхад, дээрх шийдвэрийг гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй ба үүнтэй уялдаад тайлбар, санал гаргах ямар ч боломж олгоогүй.

Сонсох ажиллагааг хэрэгжүүлэхдээ хуульд зааснаар эрх нь хөндөгдөж буй талд мэдэгдэх, байлцуулах, тайлбар авах ёстой. Мэдэгдсэн бол газар болон хийсэн ажлаа үзүүлэх боломжтой байсан.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг нэг бол хүчингүй болгосон, нэг бол дуусгавар болгосон гээд 2 өөр үр дагавартай зүйлийн тухай тайлбар хийж байна. Газрын хэвлийн тухай хуулийн 21.5-д зааснаар зөвшөөрлийг хүчингүй болгож дуусгавар болгохоор зохицуулсан байгаа. НЗД тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад захиргааны актаар цуцалсан нь хуульд нийцэхгүй.

Мөн хариуцагч хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу татвараа төлөөд явж байгаа. Тусгай зөвшөөрөл бүхий газар нь голын сав газраас хол, байгаль орчинд сөрөг нөлөөгүй газар юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч хариу тайлбартаа УМЭХХК-ийг 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулж байсан болохыг дараах баримтуудаас харж болно.

Үүнд:

-   УМЭХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 0дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд У ХХК-иар хайгуулын ажил хийлгэсэн тухай гэрээ,

-   УМЭХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 0дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан,

-   ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хашаалсан болон хайгуул хийсэн тухай гэрэл зураг,

-   Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/3280 дугаар албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

НЗД 2017 онд манай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа ...газрын хэвлий ашиглаагүй гэсэн байсан. Хамтарсан шалгалт хийгээд манай газар дээр юу ч байгаагүй гэж хариуцагч хэлсэн. Уг нь өрмийн ажил хийсэн, хашаа барьсан зэрэг нь ил харагдаж байгаа. Шалгалт явуулахдаа авсан зураг нь манай газар биш Налайх дүүрэгт хамаарах зураг байгааг сайн хараарай. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргасан.

Ашигт малтмал газрын тосны газраас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05/586 дугаар албан бичгээр 3 жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн судалдааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн. Уг шалгалтаар тухайн компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх хуулийн дагуу газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон бөгөөд газар дээр нь очиж, координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан.

УМЭХХК-д ашигт малтмалыг зүй зохистой ашиглуулахаар тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл тус компани үйл ажиллагаагаа явуулаагүй.

Сүүлд хашаа бариагүй байхад хэсэг бүлэг хүмүүс уг газраас зөвшөөрөлгүйгээр шороо олборлож худалдан борлуулж байхад хориглоогүй, хяналтаа хэрэгжүүлээгүй. Иргэд дураараа шороо зөөгөөд байвал гүн нүх үүсч хүн, мал, амьтан унаж бэртэх эрсдэлтэй байдаг.

НЗД Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 21.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хяналт шалгалтын явцад Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 дугаартай албан бичгээр УМЭХХК нь 2009 оноос 2016 он хүртэл ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг батлуулж байгаагүй талаарх баримтыг ирүүлсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргаж НЗДд хүргүүлсэн болно.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий захиргааны актын тухай Ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар 21-ээс дээш этгээдэд сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх боломжтой байдаг. УМЭХХК-ийн хувьд газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заасныг үндэслэн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан.

Өөрөөр хэлбэл, газрын хэвлийг ашиглах эрх нь дуусгавар болсон тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь ч гэсэн хүчингүй болох ёстой.

НЗД уг захирамжаар аж ахуй нэгжүүдэд хохирол учруулах, дарамт болох зорилготой биш. Хан-Уул дүүргийн иргэдээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн талаар өргөдөл ирдэг ба Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эдгээр байгууллагуудыг хууль тогтоомж мөрдүүлж, ажиллуулах чиглэл манайд өгсөн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч УМЭХХК нь тус шүүхэд хандан НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн УМЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг НЗДд холбогдуулан гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч УМЭХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МДнэртэй газарт 32.10 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 0дугаар тусгай зөвшөөрлийг анх олгожээ.

Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталж, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 3 дугаар зүйлийн 3.1-д. энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна, 11 дүгээр зүйлийн 11.2-т түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, НЗД доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална хэмээн хуульчилснаар өмнө нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахтай холбоотой харилцааг энэхүү хуулиар тусгайлан зохицуулах болсон байна. Ингэснээр аймаг, НЗД нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй болжээ.

Энэ дагуу НЗДхэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2017/16 дугаар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж-ийг батлан, хяналт шалгалтыг явуулсан, удирдамжийн 1 дүгээр зүйлд хяналт шалгалтын зорилгыг Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд

-       Ашигт малтмалын тухай хууль,

-       Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль,

-       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль,

-       Байгаль орчныг хамгаалах тухай хууль,

-       Газрын хэвлийн тухай хууль,

-       Гол, мөрний Уц бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль,

-       Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах,

тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хэмээн тодорхойлсон байна.

Шалгалтын дүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас:

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/1462 дугаар албан бичгээр Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх /газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй/ заалтыг зөрсөн аж ахуйн нэгжид холбогдох арга хэмжээг авахуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүргүүлэн /уг албан бичгийн хавсралтын 3-т нэхэмжлэгч Ургах

морин элс ХХК бичигдсэн/,

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн огноо бүхий 2017/16 дугаар хяналт шалгалтын танилцуулгын хавсралтад УМЭ3-аас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй цуцлах санал АМГТГ-т хүргүүлсэн хэмээн тусгажээ.

Үүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 7/5453 дугаар албан бичгээр ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг шилжүүлэх тухай АМГТГазрын даргын ... тушаалын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хянан шийдвэрлэсэн материалыг орон нутагт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна гэсэн хариуг буцаан хүргүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Байгаль орчны газраас хяналт шалгалтын дүнг нэгтгэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дүгээр албан бичгээр

-       Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан ашиглагч нь газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 33 тусгай зөвшөөрөл,

-       Гол, мөрний Уц бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон ИТХ-ын 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүстэй давхцалтай 46 тусгай зөвшөөрөл,

-       ИТХ-ын 50 дугаар тогтоол гарснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомж зөрчиж олгосон 2 тусгай зөвшөөрөл,

-       Улсын байцаагчийн гаргасан удаа дараагийн хяналт шалгалтаар зөрчлөө арилгаагүй, биелэлт ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Улсын байцаагч санал гаргасан 13 тусгай зөвшөөрөл,

- 2017 оны 5 дугаар сард Улсын байцаагчийн гаргасан хугацаатай албан шаардлага, актыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй 39 тусгай зөвшөөрөл нийт 96 Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт-ийг НЗДд хүргүүлсэн байна. /дүгнэлтийн хавсралтын 64-т УМЭХХК 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэсэн байдлаар тусгагдсан/

Үүнтэй холбогдуулан НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Нийслэлийн Байгаль орчны газраас дүгнэлт гарган ирүүлсэн 95 аж ахуйн нэгжид хамаарах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлын 62 аж ахуйн нэгжид хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр,

33 аж ахуйн нэгжид хамаарах асуудлыг нь тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсний 33-т нэхэмжлэгч УМЭХХК багтжээ.

2. Нэхэмжлэгч УМЭХХК нь НЗДдээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болох үндэслэлгүй, хайгуулын ажлын тайлан, газар дээр гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримт нь үйл ажиллагааг явуулж байсан, захиргаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлан маргаж байна.

3. 1988 онд батлагдан, 1994 онд өөрчлөлт оруулсан Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасанчлан нэхэмжлэгч УМЭХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 0дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талбайн солбицол бүхий гэрчилгээний хавсралтыг олгосон 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс тус компанийн газрын хэвлийг ашиглах хугацаа тоологдож эхлэх байх бөгөөд мөн хугацаанаас эхлэн НЗД нь нэхэмжлэгч УМЭХХК Газрын хэвлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох зэрэг Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгавар болох үндэслэлгүй, газрын хэвлийг ашиглах эрхийг зөвшөөрөл олгосон байгууллага нь дуусгавар болгох ёстой хэмээн тайлбарлан маргаж байх боловч 2014 оноос эхлэн дагаж мөрдсөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ хэмээн зааж, Газрын хэвлийн тухай хууль нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн нэгэн хэсэг болохыг хуульчлан тогтоосон,

мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д аймаг, НЗД харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 37 дугаар зүйлийн 37.1-д Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална,

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгож болно хэмээн хуульчлах замаар хариуцагчид түгээмэл тархацтай ашигт малтмал, газрын хэвлийг ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр цуцлах, дуусгавар болгох эрхийг олгосон байна.

Үүнтэй холбогдуулан Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулсан харилцаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглагчид хамаарахгүй гэж үзэж, хариуцагч НЗДас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заагдсан сонгох боломжоо хэрэгжүүлэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч УМЭХХК-ийн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн маргаж байх боловч хариуцагчийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хяналт шалгалтын ажлын талаар болон уг шалгалтын үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн[1] нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

4. Мөн нэхэмжлэгчийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж байсан болохоо нотлох зорилгоор морин даваанд 00 барих ажил гүйцэтгэх гэрээ, 12м х 25 м хэмжээтэй хашаа угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 11м х 24 м, 20 м х 11 м урттай бетонон талбай цутгаж, барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ордын нөөцийн хасалт хийх маркшейдерийн хэмжилтийн ажлын тайлан, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан зэрэг баримтыг гаргаж өгсөн,

шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тухайн газарт төмөр хашаа барьж, гэр контейнер байрлуулан, хэсэг газрыг цементлэн, тодорхой байршилд өрмийн ажил хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч эдгээр үйл баримтыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заагдсан түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа хэмээн үзэх боломжгүй,

тусгай зөвшөөрөл эзэмшигч болохын хувьд УМЭХХК нь үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 34 дүгээр зүйлийн 34.8, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан тайлан, төлөвлөгөө, тэдгээрийн биелэлтийн талаарх баримтыг Ашигт малтмалын газар болон Нийслэлийн Байгаль орчны газарт гаргаж өгч байгаагүй, 3-аас дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 02/10/411 дүгээр албан бичиг, 2017 оны 2017/16 дугаар хяналт шалгалтын танилцуулга, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 5/586 дугаар албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 02/959 дүгээр албан бичиг, 2019 оны 02/717 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнтэй холбогдуулан, иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг хууль зөрсөн гэж үзэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч УМЭХХК-ийн НЗД2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн УМЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М

ШҮҮГЧ У.Б

ШҮҮГЧ О.О