Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 34

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбат

Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Г эд холбогдох 1828000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

   Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ноён суманд 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, ............................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх,  Алтай өртөөчин овгийн Б.Г  /регистрийн дугаар: .............................../

   Б.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нүдэн гэх газарт Н.У ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Г  нь 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хохирогч Н.У ын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбогдуулан гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг: 3.1.6айнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

З.З.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

  Мөн шүүх хуралдаанд хохирогч Н.У  урьд гаргаад байсан иргэний нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж мэдүүлсэн. Гэвч шийтгэх тогтоолд энэ талаар бичигдээгүй байна. Үүнээс шалтгаалан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг буруу шийдвэрлэсэн.

  Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн гэмтэл учруулсан үйлдлийг хөнгөн байдлаар шийдвэрлэж хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг барагдуулахгүй өнөөг хүрсэн.

  Иймд Б.Г ийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Прокурор эсэргүүцэлдээ: Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ улсын яллагч болон шүүгдэгчийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх буюу төлөх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй” гэж дүгнээд тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох эрхтэй бөгөөд харин шийдвэртээ хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгөөгүй тохиолдолд ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй байна.

  Гэтэл шүүх ялтан Б.Г эд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогоогүй, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгаж, хэрэв уг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солих болохыг мэдэгдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа баримтлах хуулийн заалтыг шийтгэх тогтоолд баримтлан торгуулийн ял биелүүлэх хугацааг тогтоож байгаа нь буруу байна.

  Иймд ялтан Б.Г эд холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар

хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгч Б.Г эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай нийцсэн байна гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нүдэн гэх газар нутаглах Н.У ын гэрийн гадаа түүнтэй  урьд нь өөрийн аавд агсан тавьсан байна гэж маргалдан зодож, түүний эрүүл мэндэд “баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

           Гэрч Ө.Б гийн “...Б.Г  У-ыг татаж дугтраад унагаад өшиглөсөн...намайг аймагт очсоны дараа Б.Г  араас утсаар залгаж У ын төмсөг нь хавдсан талаар хэлж аймаг руу эмнэлэгт үзүүлэхээр гарах гэж байгаа тухайгаа хэлсэн...” /хэргин 31-33 дугаар хуудас/,

          Гэрч гэрч Б.М гийн “...Б.Г , Б 2 тэмээ асууж ирсэн. Тэр 2 тэмээгээ асуучаад цай уучаад явахаар гэрээс гарсан. Манай нөхөр араас нь гарсан...дүү О гадаанаас орж ирээд Б.Г  ах У ахыг  зодож байна гэсэн...У  гэрт орж ирэхээр нь ... татаж суулгаад гаргаагүй...орон дээр сууж байхдаа давсаг хавиар өвдөөд байна гэсэн. Дараа нь бие засахаар гараад орж ирэхдээ миний бэлэг эрхтэн, цавь, төмсөг хавиар хавдчихсан байна гээд орж ирсэн...”/хэргийн 34-35 дугаар хуудас/,

          Хохирогч Н.У ын “...би гаргаж өгөхөөр гарсан. Б.Г  надаас зээлтэй юу, зээлээ сунгаад зээл аваад өгчих гэхээр нь би боломжгүй гэсэн. Тэгэхэд Б.Г  чи яагаад новшроод байгаа юм, намайг хулхидна гэж санаа юу, өмнө нь чи манай аавд агсан согтуу тавьж намайг хутгална гээд явж байсан гээд над руу уурласан. Би тийм юм байхгүй гэхэд Б.Г  намайг сууж байхад миний зүүн хацар луу нэг удаа гараараа цохьсон би уурлаад Б.Г ийг унагахаар оролдоод хоёр хөлийг хаман дайрахад Б.Г  намайг дугтарч миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн...”/хэргийн 21-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

          хохирогч Н.У ын биед баруун төмсөгний эдийн бяцрал гэмтэл үүссэнийг тогтоосон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

          Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байна.

          Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой хамааралтай ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан байна.

          Анхан шатны шүүх прокуророос гаргасан саналд заасан ялын төрөл хэмжээний дагуу торгох ялыг оногдуулсан байна. Шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг шүүхээс тогтоох шаардлагагүй гэж үзэн, харин торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэх үүрэгтэй,

үүргээ биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагаврыг шүүгдэгчид мэдэгдэж, энэ үндэслэлээ хуульд үндэслэн тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдэх хуулийн шаардлагад нийцсэн байна.

  Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэн  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдлоосоо татгалзсан тул гомдлын үндэслэлийг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат нь давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдсугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                           ШҮҮГЧИД                                        Т.БЯМБАЖАВ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА