Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

 

 

 

  2022         03          21                                     2022/ШЦТ/259

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Зэнээмэдрээ,

улсын яллагч Д. Уянга,

шүүгдэгч С.М  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овгийн С.М д холбогдох эрүүгийн 2111015530300 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэрээд овгийн С.М , 2001 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 11 дүгээр гудамж 63а тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо ТТБТ 20 дугаар гудамж 2-5 тоот/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамжаар бүхэлд нь өршөөн хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар:,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын Өргөө” караокены дотор Н.Н тай “бүжгийн талбай дээр шахлаа” гэж шалтаглан маргаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаадын Өргөө” караокены дотор Н.Н тай “бүжгийн талбай дээр шахлаа” гэж шалтаглан маргаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Хаадын өргөө” караокед ажлын газрынхаа хүмүүстэй хамт ороод 0.5 литрийн савлагаатай 3 шилтэй пиво уугаад бүжгийн талбай дээр гаран бүжиглэж байсан. Гэтэл үл таних намхан хар цамцтай, 18 орчим насны нэг залуу миний хажууд ирээд бүжиглэж байсан ба надтай шахалцаад байсан тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гэхэд мөрлөөд цаашаа яваад өгсөн, удалгүй дахиж над дээр хүрч ирээд намайг үсдэж тонгойлгоод хөлөөрөө миний хамар луу нэг удаа өшиглөсөн юм. Ингээд хамраас цус гарч байхад манай ажлын газрын хүн цагдаа дуудсан. Намайг зодсон хүн нь Саруултуяа овогтой Мөнх-Эрдэнэ мөн байна. ...С.М  нь миний нүүр лүү гараараа цохиод би доошоо тонгойтол миний нүүр, хамар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа цохих үед миний хамраас цус гарсан. Намайг сандлаар цохисон зүйл байхгүй, бас С.М  хутга гаргаж ирж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, би гинжээ олсон тул надад эд хөрөнгийн хохирол учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10, 14 дүгээр тал/,

- гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н  ...нарын орж үйлчлүүлсэн ба хүн тус бүрийн 0,5 л хэмжээтэй пиво уусан юм. Бид нар бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь Намхайранвдангийн хажууд нэг намхан, хар цамцтай 18 насны орчим залуу ирээд ойрхон шахаж бүжиглээд байсан ба удалгүй тэр хоёр маргалдахад намхан залуу цааш алхаад яваад өгсөн. Гэтэл түүнтэй хамт явж байсан саарал цамцтай залуу “юу болж байна” гэж хүрч ирээд Намхайравдангийн хажууд зогсож байтал нөгөө намхан хар цамцтай залуу буцаж ирээд Намхайравданг үсдэж тонгойлгоод нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө ешиглөсөн юм. Ингээд Намхайравдангийн хамраас нь цус гарч түүний эгч Пагамсүрэн цагдаа дуудахад цагдаа нар ирээд намхан залуу, Намхайравдан хоёрыг цагдаагийн газар руу аваад явсан. Намхайравдан нь зогсож байтал Мөх- Эрдэн нь араас ирээд үсдэж аваад өшиглөсөн харин тэрний дараа бол Намхайравдан нь Мөнх-Эрдэнийг цохиж байгаа харагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №11955 дугаартай “...Н.Н гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 25 дахь/,

- шүүгдэгч Т.Тамираагийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна.Би хохирогч Н.Н д нэхэмжилсэн 130.000 төгрөгийг нөхөн төлж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

- шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, хохирогч Н.Н гийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 90 дэх тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 94 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.М д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.М  нь хохирол төлбөрт 130.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн Н.Н  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч С. Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэрээд овгийн С.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН