Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ш-т холбогдох,

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Б, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 16-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн Ж.Б өмчлөлийн барилга дээр заслын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсийг одоо болтол төлөхгүй байна. Одоо авах ёстой ажлын хөлсний үлдэгдэл 16 сая төгрөгийг гэрээний дагуу иргэн Н.Ш төлөх ёстой. Уг асуудлаар 2016 оны 8 сарын 03-ны өдөр ХУД-ийн иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч барилгын ажлыг хүлээлцсэний дараа өгнө гэж тайлбар өгсөн. Гэтэл барилгыг комисс 2016 оны 7 сарын 05-ны өдрийн 2016/246 тоот актаар ашиглалтад оруулсан байна. Э  миний удирдлагад надтай хамт ажилласан, бид 2 Шийрэвтэй гэрээ байгуулсан тул түүнд энэ мөнгөний 40 хувийг өгнө. Анх 75 сая төгрөгөөр тохирсон. 37 сая төгрөгийг авсан, 24 сая төгрөг авах байсан ч бид зарим ажлыг дутуу хийсэн тул энэ тооцоог хасаад 16 сая төгрөг үлдсэн тул Н.Ш-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан Ш.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Д.Э-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж байрлах барилгын заслын ажлыг нийт 49 сая төгрөгөөр хийхээр тохирч, 34.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Барилгын салбарын борлуулалт зогссон, худалдан авагч байхгүй, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж үлдэгдэл төлбөр 12.700.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би Д.Э-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гарын үсэг зурж, урьдчилгаа, бусад ажлын хөлсний 80 хувийг Д.Э-д өгсөн байхад Батболд эхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж, 32.2-т төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байнагэж, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэгэж заасанд нийцүүлэн олгосон итгэмжлэлээр Х.П  нь хариуцагчийг Иргэний хуулийн 9.2-т зааснаар сонгож, Н.Ш-ээс гэрээний үлдэгдэл төлбөр 16.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчтал шаардлагын үндэслэлээ Б  барилга дээр ажил гүйцэтгэхээр хариуцагчтай гэрээ байгуулсан тул гаргуулна гэж, хариуцагч нь Э-тэй гэрээ байгуулсан тул Б-ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт хавсаргасан Ажил гүйцэтгэх гэрээнд оролцож гарын үсэг зурсан гэж тайлбарлах ч гэрээний доод талд 3 сая төгрөг хүлээн авсан хэсэгт байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, эх хувийг шаардахад байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргийг, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж, 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүрэг үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүсэхээр зохицуулсан байна.

 

Гэвч хэрэгт авагдсан баримт болон үйл баримтаар Ш.Б  нь Н.Ш-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах болон 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б  нь Д.Э нэхэмжлэх мөнгөний асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн гэж тайлбарлан 2016 оны 9 дүгээр сарын 23 гэж огноологдсон, Хан-Уул дүүргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд гаргасан Тодорхойлолтод гэрээний дагуу бид 20.500.000 төгрөг нэхэмжилж байгааг Ш.Б-ын төлөөлөгч Д.Ц  нь Эрдэнийн өмнөөс шийдвэрлүүлэхэд болон Б  дагнаж мөнгө нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Д.Э-ийг төлөөлөн нэхэмжлэх эрхтэй гэж үзэхгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг Н.Ш-ээс шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрөө биечлэн оролцох тайлбарыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-д зааснаар төлөөлж байгаа этгээдээс татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Хариуцагч Н.Ш-т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар 95092412 дугаар утсаар 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10.28 цагт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

 

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан Н.Ш-ээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 16.000.000 гаргуулахыг хүссэн  Ш.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ