Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхжин хөтлөн,

Улсын яллагч: Г.Ууганбаатар /Нийслэлийн прокурор/

Шүүгдэгч: А.А, түүний өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А-д  холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А нь ““Ц” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тухайн “Ц” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулж орлого болон зарлагын гүйлгээ хийж борлуулалт хийгээгүй байхад 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд уг компанитай бараа, ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулаагүй, огт хамааралгүй нэр бүхий 23 аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.239.540.500 төгрөгийн төлбөрийн баримтыг Баянгол дүүргийн 0 дугаар хороо И  байрны *** тоот өрөөнд байхдаа цахим төлбөрийн баримтын систем болох и-баримт.мн-д хуурамчаар бүртгүүлж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн”  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч А.А нь ““Ц” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тухайн “Ц” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулж орлого болон зарлагын гүйлгээ хийж борлуулалт хийгээгүй байхад 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд уг компанитай бараа, ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулаагүй, огт хамааралгүй нэр бүхий 23 аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.239.540.500 төгрөгийн төлбөрийн баримтыг Баянгол дүүргийн 0 дугаар хороо И  байрны *** тоот өрөөнд байхдаа цахим төлбөрийн баримтын систем болох и-баримт.мн-д хуурамчаар бүртгүүлж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-н “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ************** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Ц” ХХК-ийн гаргасан гомдол /1-р хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 158 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн: “...Би 1998 оноос хойш “Ц” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. А  гэх эмэгтэй манай компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргадаг. Би хэзээ яаж А тай танилцсан талаараа санахгүй байна. А  нь манай санхүүгийн тайлан тооцоог гаргаад би сарын 100.000 төгрөг өгөхөөр бид 2 тохиролцсон. Учир нь манай компани 2017 оноос хойш бага хэмжээний орлого ордог болсон учраас тайлан мэдээ гэж түүртээд байх зүйл байхгүй. Хийх ажил багатай байдаг. Баянгол дүүргийн татварын хэлтсээс залгаад манай компанитай холбоотой асуудал гарсан гэж хэлэхээр нь А  руу залгахад утсаа огт аваагүй. Би А-д  тайлан санхүүтэй холбоотой бүх нэвтрэх эрхээ өгсөн. Манай компанийн нэрээр баримт үйлдсэн боловч одоогоор учирсан хохирол байхгүй. Би санхүүгийн мэдлэггүй учраас А-д  итгээд хамаг юм аа өгсөн. Мөн улсаас татвартай холбоотой ямар нэгэн авлага үүсээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-164 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн “...Би 2007 онд “Монгол газар” ХХК-д тооцооны нягтлан, 2008 оноос одоор хүртэл Баянгол дүүргийн татварын хэлтэст татварын байцаагчаар ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сараас эхлэн “Ц” ХХК-аас шалгуур хангаагүй тайлангууд орж ирж байсан. Тус компанийн нягтлан А  гэх хүнтэй утсаар холбогдоод тайлангаа засахыг удаа дараа сануулж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Бүүр болохгүй байхаар нь захирал Баярмаа гэх хүнтэй холбогдоод энэ талаар хэлэхэд манай компани борлуулалт хийхгүй байгаа, би нягтлантайгаа яриад эргээд хэлье гэсэн. Тэгтэл нягтлан нь эргэж залгаад “би энэ талаар мэдэхгүй байна, урьд байсан нягтлангуудтай нь холбогдоод хэлнэ” гэсэн. Тэгээд захирал Б-г нь бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Мөнх-Учралтай уулзуулж, дараа нь аж ахуй нэгж хариуцсан байцаагч Б-тэй уулзуулсан. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө нийт 5 тэрбум төгрөгийн борлуулалт шивсэн байсан. Одоогоор улсад болон аж ахуй нэгжид ямар нэгэн хохирол үүсээгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-175 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э-н гэрчээр өгсөн “...би 2003 оноос хойг Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байна. Би өөрийн нэр дээр 100 хувь хувьцаа эзэмшиж тус компанийг үүсгэн байгуулсан. Манай компани гадаад, дотоод худалдаа мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж дулаан үйлдвэрлэх, түгээх зориулалтаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд 2015 онд төрийн алба хаагч компанийн удирдлага байж болохгүй гээд өөрийн охин О-д компаниа шилжүүлэн өгсөн. Манай охин дараа нь өөрийн нөхөр Б-н нэр дээр шилжүүлсэн. Манай охины нөхрийн нэр дээр байдаг боловч бүх зүйлийг нь би мэдэж явуулдаг. Манай компани 2021 оны 3  дугаар сард “Ц” ХХК-аас 2 удаагийн гүйлгээгээр 70 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивсэн зүйл байхгүй. Тус компанитай ямар нэгэн байдлаар хамтран ажилласан болон худалдан авалт хийсэн зүйл байхгүй. Би “Ц” ХХК-ийн талаар мэдэхгүй. Манай компани 2021 оны байдлаар 11 сая төгрөгийн өр байгаа байх. Компанийн нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны ********** тоот дансаар хийдэг. Хувь дансаар огт гүйлгээ хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-181 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-ийн гэрчээр өгсөн “...Би 2006 онд Х ХХК-д нярав, 2008-2011 оны хооронд Алтай саяны төсөл-д захиргаа санхүүгийн ажилтнаар, 2011 оноос одоог хүртэл “Д” ХХК-д захирлаар ажиллаж байна. Манай компани улирлын чанартай байдаг тул 11-3 сар хүртэл амарч, үлдсэн хугацаанд нь ажилладаг. Сарын дундаж орлого 50 сая орчим байдаг. Дээрх НӨАТ-аас шалтгаалаад 17 орчим сая төгрөгийн татварын өртэй байгаа. Манай компанид тогтсон нягтлан бодогч байдаггүй, гэрээг нягтлангаар тайлангаа гаргуулдаг. Би “Ц” ХХК-ийн талаар огт мэдэхгүй, Дээрх компанийн ажилчидтай уулзаж байсан удаа байхгүй. Дээрх компанитай холбоотой ямар нэгэн баримт байхгүй, энэ талаар манай менежер Хонгорзул мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-187 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч-н гэрчээр өгсөн “...2021 оны 9 дүгээр сараас хувиараа “Б” авто угаалгыг түрээслэн ажиллуулж байгаа. “Т” ХХК нь 2013 онд “Ти С” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай аав Ж 2014 онд худалдан авсан. Газар тариалан гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй. Аав маань тус компанийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байгаа. Аав маань компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2021 онд компанийн 50 хувийг миний нэр дээр шилжүүлсэн. Би компанийг хүлээн авснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. “Ц” ХХК-аас 1 удаагийн үйлдлээр 25 сая төгрөгийн НӨАТ-ийн баримт шивэгдсэн талаар би мэдэхгүй байна. 2021 оны 5 дугаар сард аав маань тус компанийг хариуцан ажиллуулж байсан. Аав маань 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр АНУ-руу явсан. Одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй байна. “Ц” ХХК-йн талаар би огт мэдэхгүй. Миний санаж байгаагаар ямар нэгэн өр байхгүй санагдаж байна. Ер нь үйл ажиллагааны талаар би сайн мэдэхгүй. Би А  гэдэг хүний талаар огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э-н гэрчээр өгсөн “...2012-2014 оны хооронд “Б” ХХК-д барилга бүтээцийн зургийн инженер, 2014-2016 оны хооронд “Э” ХХК-д барилга платин инженер, 2016-2018 оны хооронд хувиараа, 2018-2020 оны хооронд “Н” /Э/ ХХК-д нягтлан бодогч, 2020-2022 оны 01 дүгээр сар хүртэл “А” ХХК-д нягтлан бодогчоор ажилласан. “Э” ХХК 2015 оны 9 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Тэгээд манай эхнэрийн ихэр болох Х тус компанийг худалдан авсан. Манай компани нь барилгын угсралт, чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би тус компанийнхаа тайлан мэдээг гаргадаг нягтлан нь юм. Х одоогоор Дархан-Уул аймагт байгаа учир ирэх боломжгүй байна. Компанийн 100 хувийн хувьцааг Хулан эзэмшдэг. Би хувиараа өөр газарт ажилдаг бөгөөд заваараа Э ХХК-ийн тайлан мэдээг гаргадаг. Э ХХК-ийн нэр дээр шивэгдсэн тайлан мэдээний талаар захирал Хулантай ярилцсан бөгөөд энэ талаар санахгүй байсан. Манай компанийн тайлан мэдээнд  “Ц” ХХК-аас бараа материал худалдан авсан, хамтран ажилласан зүйл байхгүй. Э ХХК нь 2021 онд хаана, хаанаас бараа материал худалдан авсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар Х сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-198 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш-н гэрчээр өгсөн “...Би 2006-2008 оны хооронд Ядуурал бууруулах төслийн удирагчаар, 2008 оноос одоог хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. “Ц” ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Миний мэдэж байгаагаар тус компанитай хамтран ажилласан ямар нэгэн зүйл байхгүй. Харин 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд “Т” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр ажилласан. Надад дээрх ажилтай холбоотой гэрээнүүд байгаа. Татварын Ерөнхий газраас манай компани руу яриад танай дансаар их хэмжээний мөнгө орж гарч байгаа учир танайх НӨАТ төлөгч болох ёстой гэхээр нь зөвшөөрөөд 2021 оны 03 дугаар сараас эхлэн НӨАТ төлөх болсон. Тухайн орлого, зарлагаа би өөрийн Голомт банкны дансаараа авч, гаргаж байсан. Би голдуу Хаан банкны данс ашигладаг боловч тухайн үед Голомт банкны данс хэрэгтэй гэхээр нь нээлгэсэн. Харин одоо Голомт банкны дансны дугаараа санахгүй байна. Би Ц гэх хүнийг гэрээг нягтлангаар авч ажиллуулж байгаа. Ц нь манай төрсөн дүү бөгөөд НӨАТ төлөгч болох үедээ дүүгээ гуйж тайлангаа гаргуулаад 1.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш нэмж өгсөн зүйл байхгүй. Миний нэр дээр Д ХХК бүртгэлтэй бөгөөд гадаад, дотоод худалдаа, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор икс тайлан гаргаж өгч байгаа. “Ц” ХХК-ийн хүмүүстэй уулзаж байгаагүй, мөн А  гэдэг хүнийг мэдэхгүй. Миний хувьд татвар төлөхөөс зайлс хийгээд НӨАТ падан худалдан авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202-203 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 96-104 тал/,

 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай Монгол Улсын сангийн сайдын тушаалын хуулбар /2-р хх-ийн 117 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 52 тал/, “Г” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 173 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 174 тал/, А.А-н ************ тоот Хаан банкны депозет дансны хуулга /2-р хх-ийн 175-226 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн  талаар хийсэн шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А нь ““Ц” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тухайн “Ц” ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулж орлого болон зарлагын гүйлгээ хийж борлуулалт хийгээгүй байхад 2021 оны 2 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд уг компанитай бараа, ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулаагүй, огт хамааралгүй нэр бүхий 23 аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.239.540.500 төгрөгийн төлбөрийн баримтыг Баянгол дүүргийн 0 дугаар хороо И  байрны *** тоот өрөөнд байхдаа цахим төлбөрийн баримтын систем болох и-баримт.мн-д хуурамчаар бүртгүүлж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн” болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүд, цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 96-104 тал/, Монгол Улсын Сангийн сайдын тушаалын хуулбар /2-р хх-ийн 117 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч А.А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд ашиг орлого олох шунахайн сэдэлттэй, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч нь нэр бүхий 23 аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.239.540.500 төгрөгийн төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын систем болох и-баримт.мн-д хуурамчаар бүртгүүлж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх,  шүүгдэгч А.А-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч А.А-г хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.А нь нэр бүхий 23 аж ахуйн нэгж, хувь хүмүүст нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.239.540.500 төгрөгийн төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын систем болох и-баримт.мн-д хуурамчаар бүртгүүлж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.А ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /2-р хх-ийн 170 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 /долоон мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг А.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.А нь энэ төрлийн гэмт хэрэг өмнө холбогдож байсан ба энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал биш гэж улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт санал гаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 /долоон мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэлээ.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх шатанд А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-г 7.000 /долоон мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчид оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ