Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2022/0228/Э |
Дугаар | 2022/ШЦТ/257 |
Огноо | 2022-03-21 |
Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/257
2022 03 21 2022/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
улсын яллагч Д. Уянга,
шүүгдэгч, хохирогч Э.М ,
шүүгдэгч, хохирогч Ж.Э , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Ж.Э , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загдал овгийн Э.М нарт холбогдох эрүүгийн 2111014910075 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 30-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 12-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 516 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоолоор ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар,
2. Загдал овгийн Э.М , 1980 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 5-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4 дүгээр гудамжны 35 тоотод Э.М тай маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь модоор цохиж, биед нь “гавал ясны дух, баруун зүүн зулай, чамархай суурь ясны хугарал, их тархины дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархай зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хамарт зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.М нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4 дүгээр гудамжны 35 тоотод Ж.Э тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4 дүгээр гудамжны 35 тоотод шүүгдэгч Э.М , Ж.Э нар нь хоорондоо маргалдан Ж.Э нь Э.М ын толгойн тус газар нь модоор цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол,
шүүгдэгч Э.М нь Ж.Э гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Э.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яг он сарыг нь санахгүй байна. Миний найз Норовоо өмнөх өдөр нь манайд ирээд хоносон байсан Энхбаясгалан орж ирсэн. Тэгэхээр нь би нэг юм уусан. Энхбаясгалан надаас загас авах гэж ирсэн. Бид хоёр архи уугаад сууж байтал Норовоо, Баянаа хоёр хүнээс “мөнгө аваад ирлээ” гээд дахин Жаргалмаад мөнгө өгөөд дэлгүүр оруулаад архи авч уусан. Норовоо надад 80.000 төгрөг өгөөд машиндаа дугуй аваарай гээд өгсөн байсан. Түүнээс хойш санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
- гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Норовоо гэх залуу Э.М ын гэрт ...нэг шил архитай ирээд дөрвүүлээ уусан. Тэгээд уугаад байж байтал нөгөө Баясаа, Мөнхөө хоёр нэг нэгнийхээ үгийг даахгүй байсан. Тэгээд хүмүүс орилолдоод байх шиг байхаар нь сэрээд хартал Баясаа гэх залуугийн нүүрэн хэсэг цус болсон байртай харагдаж байсан, гартаа хашаанд хураалттай байсан прүүс модноос нэгийг нь барьсан зогсож байсан. Би бодохоо Баясаа гэх залуу нь гартаа барьж байсан прүүс модоор толгойн тус газар цохисны улмаас Мөнхөө орон дээр дээшээ хараад хэвтэж байсан байх гэж бодож байна. Би тэр хоёрыг яг зодолдож байх үеийг нь сай хараагүй, харин Баясаа гэх залуу Мөнхөөг цохисон байртай байхыг нь дөнгөж сэргээд харсан. Тэгэхдээ Мөнхөөг зодсон хүн бол тэр Баясаа гэх залуу мөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дэх тал/,
-гэрч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөгөө дөрвийн архинаас уугаад байж байтал Норвоо намайг дуудаад хажуудаа суулгаад миний охин архи ууж болохгүй юм чинь архи биш пиво уу гэж хэлсэн. Тэгээд Мөнхөө уурлаад миний хайрыг авч явах гээд байгаа юм уу? гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй байж байтал Баясаа гэх залуу нь түрүүлээд гарч бие засахаар гарсан. Мөн Мөнхөө араас нь гарсан. Нээх удалгүй байтал Мөнхөө миний хайраа аваарай гэж орилж байсан. Тэгээд би гараад хартал Мөнхөө газарт унасан, Баясаа гэх залуу гартаа прүүс мод бариад зогсож байсан. Тэгээд гэрээс Норвоо гарч ирээд “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлээд надтай хамт Мөнхөөг өргөж оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэгээд би шууд 103-т дуудлага өгсөн...яг зодсон хүн бол Энхбаясгалан гэх багын найз нь. Учир нь гэрээс гараад ирэх үед гартаа пүрүүс мод барьсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
- гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...18 цаг өнгөрч байхад Э.М , Энхбаясгалан хоёр хоорондоо маргалдаад Э.М нь Энхбаясгаланг заамдаж аваад мөргөчихсөн, Мөнхбат би гарч бие заслаа би шээгээд ирий гээд гарсан. Би малгайгаа хайж байхдаа цонхоор хартал Энхбаясгалан цонхны урд хураасан байсан пүрүүс модноос авч байхаар би шууд гүйгээд гартал Мөнхбат уначихсан байхаар нь Энхбаясгалангийн урдуур нь гүйж ороод модыг нь газар хаяулаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь дайраад байсан. Би Энхбаясгаланг цааш нь түлхчхээд Жаргалмаатай хамт Э.М ыг өргөөд байшин руу оруулаад оронд нь хэвтүүлтэл Мөнхбат шууд шээгээд хурхираад эхлэхээр би харвалт өгчихлөө гэж бодоод Энхбаясгаланг хурдан дуудлага дууд гээд 103 руу ярьсан чинь түргэн харин хурдан ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11507 дугаар “...Э.М ын биед гавал ясны дух, баруун зүүн зулай, чамархай суурь ясны хугарал, их тархины дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух зулай, чамархай зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
- хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр багын найз Мөнхбатынд гэрт очсон, очиход Мөнхбат, Жаргалмаа нар халамцуу байсан. Намайг ороход нэмж юм ууя гэхээр нь би 20,000 төгрөг гаргаж өгтөл Хараа нэртэй архи, 1 ширхэг гоймон авч ирсэн. ...намайг Жаргалмаатайгаа хардаад эхэлсэн. Тэгээд Мөнхбат босож ирээд “чи яахын, үзэх юм уу” гээд босоод ирэхээр нь би “хэрэггүй ээ, миний хөгшөөн” гэхэд миний уруул руу толгойгоороо мөргөөд унгаачихсан, миний уруулаас цус гараад би 00 цаасаар арчаад байшингаас гараад байшингийнхаа цонхон дор сууж байтал Мөнхбат, Норовоо, Жаргалмаа нар гараад ирсэн. Мөнхбат над руу “чи муу одоо” гээд над руу дайрахаар нь би цонхны урд хураалттай байсан пүрүүс модоор баруун гараараа аваад Мөнхбатын толгой руу нэг удаа цохитол Норовоо намайг салгаад хойш түлхсэн. Мөнхбат хойшоо машин түрээд унасан. Тэгээд би за за хойшоо суугаад амаа арчиж байтал Мөнхбатыг Норовоо, Жаргалмаа хоёр, хоёр талаас нь түшээд байшин руу оруулсан. Би араас нь ороод “яасан миний найз” гэтэл сэрэхгүй унтаж байгаа хүн шиг хурхираад байхаар нь би 103 дугаар луу залгаад хүн унаад сэргэхүй байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11554 дугаар “...Ж.Э гийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
шүүгдэгч Ж.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор шүүгдэгч Ж.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Э.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.М , Ж.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Э.М ын эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас гаргуулсан төлбөр болох 290.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Э.М , Ж.Э нар нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Э , Э.М ын нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нойтон салфетик 2 ширхэг, тамхины хайрцаг 2 ширхэг, тамхины иш 2 ширхэг, амны хаалт 1 ширхэг, 53.5 см урттай, 5.2*3.2 см хэмжээтэй мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овгийн Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Загдал овгийн Э.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Э.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь 1 /нэг/ сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 5-42 тоот хаягаас эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч Ж.Э , Э.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нойтон салфетик 2 ширхэг, тамхины хайрцаг 2 ширхэг, тамхины иш 2 ширхэг, амны хаалт 1 ширхэг, 53.5 см урттай, 5.2*3.2 см хэмжээтэй мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М , Ж.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН