Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Ажилчны гудамж, өөрийн байр, “Наран фүүдс” ХХК-ийн /РД:2057131/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 гудамж, 85б тоотод оршин суух, Шиваа гэгээнтэн овогтой Жамъяаннагвын Цэрэндоржид /РД:ШГ81022774/ холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Цэрэндорж нь манай компанид түгээлтийн менежерээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 8, 9 сард бараа борлуулсан орлогын мөнгөнөөс хувьдаа завшин 20.749.130 төгрөгийг хувьдаа завшин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.08.07-ны өдрийн 984 дүгээр тогтоолоор уг мөнгийг манайд төлөх болсон. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Ж.Цэрэндоржийн өмчлөлийн 71.6 м2 талбайтай, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 гудамж, 85б тоот 2 ширхэг хувийн орон сууцыг манай өмчлөлд шилжүүлсэн тул байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв. 

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Наран фүүдс” ХХК-ийн орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлд дүргүйцэх зүйл алга. Би ойрын хугацаанд төлбөрт үлдсэн 15 сая төгрөгийг энэ жилдээ багтааж төлөх  бүрэн боломж бүрдсэн тул төлбөрийг барагдуулаад буцаан шилжүүлэх хүсэлтэй тул 2 талын маргааныг хэн хэний санаа зорилгыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Наран фүүдс” ХХК нь хариуцагч Ж.Цэрэндоржийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ төлбөрөө төлөөгүй тул манай өмчлөлд шилжүүлсэн гэж, хариуцагч нь үлдсэн төлбөрөө төлөөд буцаан авах хүсэлтэй гэж тайлбарлан маргав.

Хариуцагч Ж.Цэрэндорж нь “Наран фүүдс” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа хохирол учруулж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 984 дүгээр Шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 20.749.130 төгрөгийг Ж.Цэрэндоржоос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т шийдвэр гүйцэтгэгч нь хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийн хүрээнд гаргасан саналыг үндэслэн мөн хуулийн 43.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө байгаа нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж, хуулийн 48.7-д зааснаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үндэслэлээр Ж.Цэрэндоржийн өмчлөлийн 71.6 м2 талбайтай, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 гудамж, 85б тоот 2 ширхэг хувийн орон сууцыг “Наран фүүдс” ХХК-д шилжүүлж, уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005777 дугаарт бүртгэж, 000484487 дугаарын гэрчилгээ олгогджээ.

 

Хариуцагч Ж.Цэрэндорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзал үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 133.2, 133.4,  133.5-д заасан дээд шатны албан тушаалтнуудад гомдлыг гаргасан болон 143.3-т дээд шатны албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн талаархи баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн өмчлөл хууль ёсных гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаар шаардах эрхтэй ба шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болсон ба мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан тул хариуцагч Ж.Цэрэндоржийг хууль бусаар орон сууцыг эзэмшигч гэж үзнэ.

 

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005777 дугаарт бүртгэж, 000484487 дугаарын гэрчилгээ олгогдсон Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 гудамж, 85б тоот 2 ширхэг хувийн орон сууцыг Ж.Цэрэндоржийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, “Наран фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан

журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 187.750 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан /РД:ШГ81022774/ Шиваа гэгээнтэн овогтой Жамъяаннагвын Цэрэндоржийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 гудамж, 85б тоот 2 ширхэг хувийн орон сууцыг чөлөөлж, “Наран фүүдс” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөгийг, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын орлогоос 187.750 төгрөгийг буцаан гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ