Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/247

 

 

 

 

 

  2022         03          15                                     2022/ШЦТ/247

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Ч.Р, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жао овгийн Ч.Рд холбогдох эрүүгийн 2111011941289дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Жао овгийн Ч.Р, 1980 оны 3 сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй, Онвард ХХК-нд захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо , Инкантотовер 206-2 байрны 12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8-126 тоотод байх өөрийн аав Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ЖЗгийн гэрт түүнтэй мөнгө хүүтэй зээллээ мөн бага байхад зоддог байсан гэх шалтгааны улмаас маргалдаж түүний гарыг мушгиж пийшин дээр дарж гарыг нь цохиулсны улмаас ЖЗгийн биед баруун шууны доод 2/1 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Р нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8-126 тоотод байх өөрийн аав Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн ЖЗгийн гэрт түүнтэй мөнгө хүүтэй зээллээ мөн бага байхад зоддог байсан гэх шалтгааны улмаас маргалдаж түүний гарыг мушгиж пийшин дээр дарж гарыг нь цохиулсны улмаас ЖЗгийн биед баруун шууны доод 2/1 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р надад хандаж “Чи надаа 7 жилийн өмнө 80.000.000 зээлчихээд зээлсэн мөнгөнөөсөө хүү бодоод надад хүүтэй мөнгө зээллээ мөн чи намайг бага байхад зоддог байсан” гэж хэлээд Хятад хэлээр намайг үг хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд Рг заамдаж аваад таттал Р ус ууж байсан цайны аягаа газарт шидээд хагалсан. Тэгээд Р миний баруун гарын долоовор болон дунд хурууг мушгиад халуун пийшинд аваачиж байгаад намайг өгзөг хэсгээр халуун пийшин дээр суулгачихаад намайг босгохгүй дараад би чамайг шатаана гэж хэлээд байсан ба тэр үед Ргийн амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би тэр үед ёолоод чанга орилтол нөгөө өрөөнөөс манай эхнэр хүрч ирээд Рг надаас холдуулах гэтэл Р манай эхнэрийг түлхэж унагаасан юм. Дахиж манай эхнэр босож ирээд надаас Рг салгаж холдуулаад намайг пийшин дээрээс босгоод намайг нөгөө өрөө рүү оруулсан юм. Тэгээд Р чи над руу хутга барьж дайрсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгнө гэж хэлээд цагдаагийн тусгай 102 дугаарт дуудлага өгсөн юм.. тэр миний гарыг хүчтэй мушгиж халуун пийшин дээр дарж суулгаад чамайг шатаана гэсэн. Намайг миний төрсөн хүү Р зодож гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

- гэрч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р мөнгөний асуудал яриад тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Би тухайн үед тэр 2-ын хэрэлдэхийг сонсоод ядраад зүрх дэлсээд байсан болохоор би нөгөө өрөөндөө орж хэвтэж амрахаар явсан юм. Намайг нөгөө өрөөнд хэвтэж байхад тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад л байсан юм. Тэгээд гал тогооны өрөөнд тэр 2 хоорондоо зууралдаж авч байгаа юм шиг түр тар гэсэн чимээ гарахаар нь би гал тогооны өрөө рүү гүйгээд очсон. Гал тогооны өрөөнд ортол Р, Чинзайг халуун хөрж амжаагүй байсан пийшин дээр бөгсөөр нь суулгачихсан дараад байж байсан. Тухайн үед Чинзай намайг авраарай гээд орилоод байхаар нь би тэр 2 дээр очоод Рг Чинзайгаас холдуулах гээд Ргийн хувцаснаас нь татаад, толгойноос нь зуураад татаад байхад би салгаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9191 дугаартай “...Ж Чбиед баруун шууны доод 1/2 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,  

- шинжээч эмч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Миний 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №9191 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гарыг мушгих, дарах, юманд цохих, гараараа тулж унасан зэрэгт аль алинд нь үүсэх боломжтой юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ч.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ч.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Рд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ж.Чинзай нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ч. Рг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 11.8 см, ажлын хэсгийн өргөн 1.5 см, бариул хэсэг нь 11 см хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жао овгийн Ч.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Рд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Рд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.Р нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан нийт урт нь 22 см, ажлын хэсгийн урт 11.8 см, ажлын хэсгийн өргөн 1.5 см, бариул хэсэг нь 11 см хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Рд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН