Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00468

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол, Энхтайвны өргөн чөлөө 83-19 тоотод оршин суух, /РД:ЖЮ88101337/, Боржигон овогтой Төмөр-Очирын Мянганбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 хороо, Нүхт гудамж, 8-149а тоот, “Өрхтийн шим” ХХК-д /РД:5063388/ холбогдох,

Гэрээний дагуу шилжүүлсэн 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн төлөөлөгч П.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Өрхтийн шим” ХХК-ны захирал П. Ганзоригоос 2014 оны 6 сард Газо блокны тоног төхөөрөмжийн үйлдвэрийг 18.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 9 сая төгрөгийг урьдчилгаанд өгч захиалсан. Ингээд хэсэг хугацааны дараа дээрх үйлдвэртэй танилцахад анх өөрийнх нь хэлж ярьж байснаас шал өөр чанарын шаардлага хангахгүй, 18 сая төгрөгөөр үнэлэхэд боломжгүй зүйл байсан. Бусад блокны үйлдвэрүүдтэй харьцуулахад дэндүү болхи, гар ажиллагаа их, шаардлага хангахуйц блок үйлдвэрлэх боломжгүй, үйлдвэр гэж хэлэхэд бэрх зүйл байсан. Бид мөнгөө буцааж авъя гэж шаардахад “бэлэн мөнгө байхгүй, үйлдвэрийг зарж байж мөнгийг чинь өгнө” гээд өдийг хүрлээ. Үйлдвэрийг зарах гэж интернетэд зар тавиад ч хүмүүс үзэж голоод авдаггүй, шаардлага хангахгүй зүйлийг бид юу гэж авах билээ. Иймд “Өрхтийн шим” ХХК-аас 2014 оны 6-р сард худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гэрээний үүргээ биелүүлж 7 хоногийн дотор нэхэмжлэгчийн захиалсан тоног төхөөрөмжийг бэлэн болгосон, Мянганбилэг тоног төхөөрөмжийг бэлэн болсны дараа ирж үзээд одоохондоо надад төхөөрөмжийг суурилуулах газар байхгүй тул түрээсийн газраа олчихоод авъя гэж хэлээд алга болсон, удаа дараа төхөөрөмжөө авахыг шаардаж, манайх хадгалах үүрэггүй гэдгээ хэлсэн боловч сураг чимээгүй алга болчихоод 2015 оны 8 сард би блок хийхээ больсон тул урьдчилгаа мөнгөө буцааж авья гэхэд нь анх гэрээ хийсэн 2014 онд тоног төхөөрөмж үнэтэй, борлуулалт сайтай байсан, манай үйлдвэрлэж байгаатай яг адил стандартын тоног төхөөрөмжийг өөрөө үзэж танилцаж, блок хийхийг харсны эцэст захиалсан. Манайх захиалсан төхөөрөмжийг хийсэн, энэ төхөөрөмжөөр Мянганбилэг блок үйлдвэрлэж үзээгүй тул чанарын шаардлага ярих боломжгүй. 2015 оны 8 сард блок үйлдвэрлэх ажил улирлаас шалтгаалан зогссон, 2016 оны хавар гэхэд барилгын салбар хямралд өртөж, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ унасан тул гэрээний үүргээ биелүүлээгүй цаг хугацаа алдагдуулж гүйлгээтэй үед нь авна гэж хийлгэж, хадгалуулчхаад өөрийнх хийх түүхий эд борлуулах боломжгүй гэдгээ мэдэнгүүт ийм санал тавьсныг би зөвшөөрөөгүй, манайх гэрээний үүргээ биелүүлсэн, 2 жил хадгалсан, үлдэгдэл мөнгөө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай төхөөрөмж нь ус халаах ган нь өөр дээрээ халаах теньтэй, саванд байрлах түвшин болон температур мэдрэгч нь усны хэмжээ, температурыг автоматаар тохируулдаг, зуурмагийн элс цементийг цахилгаан тайлаар өргөж хийснээр гар ажиллагааг багасгасан, зуурагч нь дугуйтай хийгдсэнээр зуурмагаа хүссэн хэвэндээ очиж цутгах боломжтой болсон, хэв нь хатаах системтэй хийгдсэн нь блокны хатах процессыг түргэсгэдэг давуу талтай гэв.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч 3 сая төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь 6 сая төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны хооронд сар бүр 600.000 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Мянганбилэг нь “Өрхтийн шим” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын 3 сая төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 6 сая төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны хооронд сар бүр 600.000 төгрөгийг төлөхөөр эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Т.Мянганбилэг нь 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр Л.Баасанжавт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлээс татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Мянганбилэгийн “Өрхтийн шим” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 6.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны хооронд сар бүр 600.000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ