Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

 

 2022         03          14                                     2022/ШЦТ/242

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Г.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэх овгийн Г.Э ад холбогдох эрүүгийн 2211000000385 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тэх овгийн Г.Э , 1995 оны 5 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хаан” банкинд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 45-53 тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 62 гудамж 829А тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э  нь 2022 оны 1 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” нэртэй шөнийн цэнгээний гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас З.Т тэй маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” нэртэй шөнийн цэнгээний гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас З.Т тэй маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч З.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед найз Пүрэвбат, Жамъяан, Пүрэвбат нарын хамт Доргио бааран ороод 3 шил пиво авч уусан. Бааранд үйлчлүүлж байхдаа зүс таних Билгүүнтэй таарсан ба найзуудтайгаа хамт үйлчлүүлээд явж байсан. Бусад найзууд нь гараад явсан байсан бөгөөд Билгүүн болон намайг цохьсон гэх залуу нарын хамт баарны гадаа юм яриад зогссон. Баар 01 цаг өнгөрч байхад бид нарыг хөөгөөд гаргасан. Намайг цохьсон залуутай юм ярьж байтал гэнэт гараараа миний хамар луу 1 удаа маш хүчтэй цохисон. Надтай хамт явж байсан найзууд намайг ухаан алдсан гэсэн. Би байсан танихгүй хүн над дээр ирээд “чамайг цохьсон залуугийн утасны дугаарыг Энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний хамарнаас маш их цус гарсан. Тэнд өгье” гээд 99069564 дугаарыг өгсөн бөгөөд би залгаж үзэхэд 1 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрдэнэбат хохирогч Төгөлдөр гэх залууг цохисон бололтой Төгөлдөр цементэн брожур дээр хамраас нь цус гарсан байдалтай тонгойгоод сууж байсан. Тэр залуутай хамт явж байсан залуучууд танай найз чинь манай найзын хамар луу нь цохичихлоо шүү дээ” гэж хэлээд намайг явуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2451 дугаартай “...З.Т ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал /,  

-шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна, хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- шүүгдэгч Г. Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, хохирогч З.Т ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 46 дахь тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Э ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн З.Т  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Г.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэх овгийн Г.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН