Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/00469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12 хороо, Сонгины 21-202 тоотод оршин суух, Өөлд овогтой Цэрэнхандын Нэрсайханы /РД:ВЮ81121969/ нэхэмжлэлтэй, Довчин овогтой Доржсэмбийн Гансүхтэй /РД:ХД65011033/ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нэрсайхан, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Д.Гансүхтэй 2002 оноос хамт амьдарч байгаад 2017 оны 1 сарын 22-ны өдөр нас барсан. Хамтран амьдрах хугацаанд 2003 оны 7 дугаар сарын 20-нд охин Аминэрдэнэ, 2011 оны 4 дүгээр сарын 11-нд охин Номинэрдэнэ, 2012 оны 8 дугаар сарын 20-нд охин Оюуэрдэнэ нарыг төрүүлж өсгөсөн. Тухайн үед Гансүх бичиг баримтгүй учир би өөрөөрөө овоглосон. Бид гэрлэлтээ батлуулаагүй, одоо хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул биднийг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нэрсайхан нь Хан-Уул дүүрэг, 12 хороонд оршин суудаг болохыг тус хорооны Засаг дарга Туяацэцэг тодорхойлж ирүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу Д.Гансүхтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэлээ тус шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.4-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг” тогтоохоор заасан байна. 

 

 Ц.Нэрсайхан, Д.Гансүх нар нь 2001 оны 12 сард танилцаж, 2002 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүрэг, 12 хороо, Сонгины 21-202 тоот хаягт хамтран амьдарсан, Д.Гансүх нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь Нас барсны бүртгэлийн 448 дугаарт бүртгэгдэж, олгогдсон 00001932 тоот гэрчилгээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч Ю.Дашдэлэг, Д.Ганхуяг нарын мэдүүлэг зэргийн баримтуудаар  тогтоогдож байна.

 

Тэдгээрийн хамтын амьдралтай байх хугацаанд 2003 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Амин-Эрдэнэ, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Номин-Эрдэнэ, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин Оюу-Эрдэнэ нар төрсөн болох нь төрсний гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдлоо.

 

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Өөлд овогтой Цэрэнхандын Нэрсайхан нь Довчин овогтой Доржсэмбийн Гансүхтэй Хан-Уул дүүрэг, 12 хороо, Сонгины 21-202 тоот хаягт хамтын амьдралтай байсныг Сонгинохайрхан дүүргийн 25 хороо, Одонтын 20-16 тоот хаягт 2002 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “эдгээр үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул  хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн  134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Өөлд овогтой Цэрэнхандын Нэрсайханы /РД:ВЮ81121969/ нэхэмжлэлтэй, Довчин овогтой Доржсэмбийн Гансүхтэй /РД:ХД65011033/ 2002 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ