Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2017/00091/И |
Дугаар | 27 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 27
С.Д нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Э.*******
Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.******* даргалж шийдвэрлэсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******о, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2011 онд Монгол дээд сургуулийг комьпютерийн программ хангамж мэргэжлээр төгсөж аймгийн ХХААГазарт программ хангамж сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байтал ХХАА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******о нь 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/01 тоот тушаал гаргаж намайг ажлаас халсан. Миний бие ажилд орсноосоо хойш өөрийн хариуцсан үүрэгт ажлыг хангалттай сайж гүйцэтгэж байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлж байсныг манай хамт олон сайн мэднэ. ХХААГ-ын бүтэц орон тоо өөрчлөгдөн цөөрөөгүй болох нь Б.*******о дарга 5 хүн халчихаад 5 хүн шинээр ажилд авcнаас нотлогдож байгааг хэлж болно. Иймд миний бие ажлаасаа үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байгаа учраас танай шүүхэд хандаж байна.
Иймд аймгийн ХХААГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хянаж үндэслэлгүй байрыг нь тогтоолгох, намайг ХХАА газрын программ хангамж, сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, миний байсан хугацааны цалинг олгож өгөөч гэсэн үндэслэлээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн ХХААГазарт жолоочоор, үндсэн ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл манай ХХАА газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.*******о нь 2017 оны 01 сарын 25-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж намайг жолоочийн ажлаас халлаа.
ХХАА газрын хэлтсүүдийн нэр алба болж өөрчлөгдсөний учир намайг хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх заалт аж ахуйн нэгж, байгууллагын болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан гомдолтой байна. Мөн манай байгууллагын төсөв, цалингийн буураагүй байгаа нь 3 ажилтныг халчихаад дараа нь 4-5 ажилтан нэмж авснаар батлагдаж байна. Миний бие хариуцсан машин тэрэгээ зохих ёсоор эзэмшиж, байгууллагын захиргаа удирдах ажилтнуудаас өгсөн үүрэг даалгаварыг зохих хугацаанд нь гүйцэтгэж элдэв зөрчил гаргалгүй ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан юм. Гэтэл өвлийн хүйтний улиралд ажлаасаа гэнэт халагдсандаа гомдолтой байгаа тул танай шүүхэд хандаж байгаа юм.
Иймд аймгийн ХХАА газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ын 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хангаж, үндэслэлгүй болохыг тогтоож, намайг ХХАА газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгч надад учруулсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******о шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хүнс хөдөө аж ахуйн газрыг төлөөлөн хариуцагч Б.*******о нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол улсын засгийн газрын 2016 оны 81-р тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р срын 14-ний өдрийн 01/1497 дугаар албан бичгийн дагуу Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын орон тоо, бүтцийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар 2017 оны төсвийн багцтай уялдуулан орон тоо, бүтцийн зохион байгуулалтыг баталсан. Бүтэц зохион байгуулалтыг батлахдаа албадын чиглэл чиглэлээр ажлын ачаалал, үүрэг чиглэлийг хамтран ярилцаж шийдвэр гаргасны дагуу, ажилчдын ажлын байрны чиг үүргийг тодорхойлж баталсан. Байгууллагын ажилчдын саналыг үндэслэн тус байгууллагад үйлчлэгчийн орон тоог бий болгон ажилласан. Байгууллагын ажилчдын саналыг гарын үсгээр баталгаажуулсан баримтыг хавсаргав.
Бүтэц орон тооны өөрчлөлтөөр мал аж ахуйн албаны жолооч ажилтай байсан Ц-ийн Д-ийн орон тоо хасагдаж ирсэн тул 2017 оны 01-р сарын 03-нд бүтэц орон тоо хасагдаж ирсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч харилцан тохиролцож гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авч хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтан Д хүлээн зөвшөөрсний дагуу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тушаал гарч чөлөөлөгдсөн болно. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 заалтын дагуу байгууллагын төсвийн багцтай уялдуулан 2 сарын тэтгэмжийг олгосон.
Тус байгууллагад 4 жолооч ажиллаж байсны нэг Ц.Д 2013 онд ашиглалтын хугацаа дууссан байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй болсон ******* маркийн авто машиныг эзэмшиж байсан. Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Э.Б ээжийнхээ төрсөн дүү болох нагац ахыгаа 2013 онд ашиглалтын хугацаа дуусаж байсан 64-68 ЗАН дугаартай *******, 61-56 дугаартай пургон авто машин эзэмшүүлэн Ц.Д-ийг ажлын байраар хангаж тус байгууллагад жолоочоор томилон ажиллуулсан.
...2015 оны хөдөлмөрийн гэрээг 2015 оны 01 сарын 01-ээс 2015 оны 12 сарын 31 хүртэл байгуулж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. 2016 онд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй ажилласан.
Иймд байгууллагын бүтэц орон тоонд 4 жолоочийн ажлын байр батлагдаж ирээгүй, бусад жолооч нар эзэмшсэн машин техниктэй байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа. Ашиглалтын хугацаа дууссан машин техник жолооч томилон ажиллуулах боломжгүй. Өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах гэхээр Д жолооны үнэмлэхээс өөр мэргэжилгүй бусад чиглэлээр ажилласан ажлын туршлагагүй тул ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй. Бүтэц орон тоогоор бусад гэрээт ажилтнуудын ажлын байр хэвээр хадгалагдаж ирсэн тул ажлаас чөлөөлж ажлын байраар хангах боломжгүй гэж,
Хүнс хөдөө аж ахуйн газрыг төлөөлөн хариуцагч Б.*******о нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол улсын засгийн газрын 2016 оны 81-р тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12-р срын 14-ний өдрийн 01/1497 дугаар албан бичгийн дагуу Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын орон тоо, бүтцийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор захиргаа удирдлагын хэлтсийн зохион байгуулалт болон программ хангаж, сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж ирсэн.
...Бүтэц орон тооны өөрчлөлтөөр захиргаа удирдлагын хэлтэст Программ хангамж, сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С-ын Д-ын орон тоо хасагдаж ирсэн тул 2017 оны 01-р сарын 03-нд бүтэц орон тоо хасагдаж ирсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч харилцан тохиролцож гарын үсэг зуран баталгаажуулж хүлээн авч хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтан С.Д хүлээн зөвшөөрсний дагуу 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 заалтын дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарч чөлөөлөгдсөн болно. Монгол Улсын 42-р зүйлийн 42.1 заалтын дагуу байгууллагын төсвийн багцтай уялдуулан 2 сарын тэтгэмжийг олгосон.
Нийгмийн даатгалаас тэтгэмж авах талаар зөвлөмж өгсөн. Хүлээн зөвшөөрсний дагуу тэтгэмжийн 1077070 төгрөгийг С.Д-ын цалингийн дансанд шилжүүлснийг иргэн С.Д хүлээн авсан болно. Мөн 1-р сарын цалин олгогдсон.
Иймд Завхан аймгийн ХХААГ-ын шинэчилсэн бүтцийн орон тоо, бүтцийн зохион байгуулалт батлагдаж ирсний дагуу 2017 оны байгууллагын бүтэц орон тоонд программ хангамж, сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр батлагдаагүй. Эзэмшсэн мэргэжилтэй тохирох ажлын байр хадгалагдаж ирээгүй. Бүтэц орон тоогоор бусад ажилтнуудын ажлын байр хэвээр хадгалагдаж ирсэн тул ажлаас чөлөөлж ажлын байраар хангах боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн ХХАА газрын даргын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Б/02 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзээд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 3562576 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн байгууллага нь 2016 онд ч 2014 онд ч 31 орон тоотой ажиллаж байгаа. Тиймээс тухайн байгууллагын бүтэц орон тоо цөөрөөгүй гэж үзэж байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2017 оны 01 сарын 25-нд ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй байсан хугацааны олговорт 2800000 төгрөг гаргуулах, эргэж ажилдаа орох хүсэлтэй байна. Намайг яг ямар үндэслэлээр ажлаас халсныг нь сайн мэдэхгүй байна. 7 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Тэгээд нэг өглөө ажилдаа очиход ажлаас чөлөөлсөн гэсэн. Орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Ингэж ажлаас чөлөөлөхдөө хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн заалтаар ажлаас чөлөөлж байгаа бол энэ талаараа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад мэдэгдэх хуудас өгсөн нь он, сар нь зөрүүтэй байгаа. Д-т өгсөн мэдэгдэх хуудсыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. Д-аас гаргаж өгсөн мэдэгдэх хуудас дээр 01 сарын 09-ний өдөр өгсөн, хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн мэдэгдэх хуудас дээр 01 сарын 03ны өдөр гардуулсан мэтээр нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******о анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага 2016 онд 33 орон тоотойгоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн хэлтэсээс 2 мэргэжилтэн цалинтайгаа шилжигдэж орж ирсэн учраас 33 орон тоотой ажиллаж байсан. 2017 оны 1 сард яамнаас манай байгууллагын бүтэц орон тоог баталж ирүүлсэн. Тэгэхэд 31 орон тоотойгоор ажиллахаар батлагдаж ирсэн. Тиймээс Д-ын ажиллаж байсан орон тоо хасагдаж ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ талаар би Д-т мэдэгдсэн байгаа. Энэ талаар би Д-тай харилцан ярилцсан. Тэгэхэд надтай тэтгэмжийн асуудлаар яриснаас биш өөр ажилд ажиллах талаар огт яриагүй. Д 01 сард Улаанбаатар явж ажил хөөцөлдөнө гээд явсан. Тэгээд Улаанбаатар хотод байхдаа нягтлан руу тэтгэмжээ олгооч гэсэн саналыг тавьсан байсан. Тэгэхдээ амралтын мөнгө, 1 сарын тэтгэмж нийлээд 1000000 төгрөг өгчихвөл нэхэмжлэлээсээ татгалзъя гэж хэлсэн байсан. Өөр албан тушаалд ажиллах талаар надтай ярилцаж байгаагүй. Манай байгууллагын зүгээс Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгосон байгаа.
Жолоочоор ажиллаж байсан Д-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь орон тоо цөөрч ирсэн. Манай байгууллага 2017 онд 4 жолоочтой үйл ажиллагаагаа явуулж байсан. 2017 онд 3 жолоочийн орон тоо батлагдаж ирсэн. Одоо ажиллаж байгаа 3 жолооч нь Д-ээс өмнө нь томилогдсон туршлагатай жолооч нар байгаа. Д нь надад өөр ажлын байран дээр ажиллах талаар санал тавиагүй мөн л тэтгэмжийн асуудал л ярьж байсан. Д, Д нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарт өгсөн мэдэгдэх хуудсыг хэн алинд нь 01 сарын 03-ны өдөр өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарахаас 1 сарын өмнө өгсөн. Д-ын тухайд орон тоо нь бүр хасагдаж ирсэн. Д-ийн тухайд мөн орон тоо нь цөөрч ирсэн. Нэхэмжлэгч Д нь 2014 онд Мал аж ахуйн хэлтэсийн жолоочоор ажилд томилсон байгаа. 2017 онд Мал аж ахуйн хэлтэст жолоочийн орон тоо батлагдаж ирээгүй учраас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 3 хүнийг ажлаас чөлөөлөөд 4 хүнийг ажилд томилсон байна. Бүтэц орон тоо нь өөрчлөгдөж ирсэн учраас ажилтан авч ажиллуулсан. Жишээлбэл үйлчлэгч, хүний нөөц зэрэг орон тоо батлагдаж ирсэн учраас эдгээр ажлын орон тоо нь нэхэмжлэгч нарын ажлын орон тоотой адил чанарын орон тоо гэж үзэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт С-ын Д-ыг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хэвлэл мэдээлэл сүлжээ хариуцсан мэргэжилтний ажилд, Ц.Д-ийг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт жолоочийн ажилд тус тус эгүүлэн эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6287600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-т 3562570 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Д-т 2725030 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч С.Доржбаатарт олгох нөхөх олговор 3562570 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт үүрэг болгож, Монгол Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 200701 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******о давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
С.Д, Ц.Д нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хүнс Хөдөө аж ахуйг газарт холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******о би тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийнанхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь шүүгч шийдвэрээ амаар тайлбарлахдаа хариуцагч байгууллагыг ажилтнуудаа бөөнөөр халсан байх бөгөөд ийнхүү бөөнөөр халахдаа ажилты төлөөлөгчидтэй хэлэлцээр хийгээгүй, мөн бөөнөөр халсан учраас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, С.Д-ыг хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн боловч аавыгаа асарч байсан байх учраас хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээлээ гэсэн хууль зүйн үндэслэлээр тайлбарласан.
Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа огт өөр үндэслэлээр шийдвэрлсэн байх бөгөөд үүнээс үүдэн Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг тогтоох хэсгийг хэлбэрийн төдий гаргасан ба шүүх хуралдааны дараа шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар шүүгч шийдвэрээ бүхэлд нь зөвлөлдөх тасалгаанд гаргах учиртай юм.
Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн дээрх хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймээс Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.07-ны өдрийн 341 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
С.Д, Ц.Д нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч би тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Гомдол гаргаж буй үндэслэлээ тайлбарлавал:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р зүйлийн 121.1 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж, эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно гэж заасан байх бөгөөд үүний дагуу шүүгч шийдвэрээ уншиж сонсгосныхоо дараа хариуцагч талын хүсэлтээр шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгыг амаар тайлбарласан.
Шүүгч ийнхүү шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг амаар тайлбарлахдаа ...
Хариуцагч байгууллага ажилтнаа бөөнөөр халсан байна... мөн ажилтныг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэх ёстой бөгөөд хариуцагч байгууллага энэ үүргээ биелүүлээгүй байна... мөн нэхэмжлэгч С.Доржбаатар нь аавыгаа асарч байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээн шийдвэрлэлээ... гэж тайлбарласан.
Энэхүү үндэслэлийг хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн үндэслэл хэмээн ойлгож байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гардан авч танилцахад шүүхийн өмнө нь танилцуулсан үндэслэлийн талаар шийдвэрт огт дурдагдаагүй байх бөгөөд харин өөр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Мөн нэхэмжлэгч С.Д-ын хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар огт дурдаагүй байх бөгөөд харин түүнийг ажлаас халагдсан тушаалаа 2017.03.09-ний өдөр гардан авсан буюу өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд шүүгчийг шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ бичихдээ өөрөөр бичиж, амаар тайлбарлахдаа өөрөөр тайлбарласнаас үндэслэн энэхүү шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд тушаалыг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Учир нь шүүгч шийдвэрээ шүүх танхимд амаар тайлбарласан нь процессийн хуулийн дагуу явагдсан ажиллагаа учраас энэхүү ажиллагааг албан ёсны бус гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Нэхэмжлэгч С.Д нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө С.Х-ыг оролцуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад талууд ажлаас халагдсан тушаалыг С.Д хэзээ гардан авсан талаар маргаж байхад тэрээр ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч хэзээ гардан авсан талаар тодорхой мэдэхгүй байсан бөгөөд тушаалыг гардан авсан өдрөө 2 өөрөөр тайлбарлаж байсан юм.
Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.1 дэх хэсэгт... хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй... болох талаар тусгажээ. Мөн нэхэмжлэгч С.Д нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө ИХШХШТХ-ийн 25-р зүйлд заасан эрх, үүргээ эдлүүлэхээр итгэмжлэл олгосон байх тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эрхийг эдлэж, үүргийг хүлээх ёстой.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн талаар тодорхой мэдэхгүй, тайлбарынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байгаа нь шүүх хуралдааны явцад мэдэгдсэн учраас тушаалыг хэзээ гардан авсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлах шаардлагатай гэж үзэн хариуцагчийн өмгөөлөгч миний зүгээс ИХШХШТХ-ийн 105-р зүйлийн 105.2 дахь хэсэгт... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно... гэж заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаахойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй.
Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу гаргасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй.
3. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар мэдэгдэх хуудас гардуулсан өдрийн талаар маргаж байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүүлэхээр шууд нэхэмжлэгч нарт мэдэгдэх хуудсыг 2017.01.19-ний өдөр гардуулсан гэж, нэхэмжлэгч С.Д-т ажлаасчөлөөлсөн тушаалыг хэзээ гардуулсан эсэх талаар мэтгэлцэж байхад зөвхөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыгүндэслэн хэргийг шийдвэрлэсэнээс шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.Д-ыг ажлаас чөлөөлсөн тушаалаа хэзээ гардан авсан талаар дахин шинжлэн судлах шаардлагатай байгаа, дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа зэрэг шалтгааныг харгалзан үзэж, Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үүгэжээ.
Нэхэмжлэгч С.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад гаргасан тайлбартаа:
Миний нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн танай шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна.
1. Миний бие шүүхийн шийдвэрийг зохих хуульд нийцсэн шударга шийдвэр гаргасан гэж үзэж байна.
2. Миний бие Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******о нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 тоот тушаалыг 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 11 цаг орчимд Хүнс Хөдөө аж ахуйн газрын бичиг хэргийн эрхлэгч, даргын туслах Б.*******аас Хүнс Хөдөө Аж ахуйн газар дээр өөрийн биеэр очиж гардан авсан болно. Ийм учраас би зохих журамын дагуу Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан болно. Хүнс Хөдөө Аж ахуйн газраас энэхүү тушаалыг ирж ав гэж 02 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх хугацаанд надад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй болно.
3. Хүнс Хөдөө аж ахуйн захиргаанаас ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсныг надад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж өгсөн бөгөөд энэхүү мэдэгдэх хуудсыг хавтаст хэрэгт өгсөн байтал хариуцагч тал нь мэдэгдэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичигдсэн мэдэгдэх хуудсыг хэргийн материалд өгсөн нь анхаарал татаж байна. Миний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичигдсэн мэдэгдэх хуудсыг хуурамч бичиг баримт гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын өмгөөлөгч миний зүгээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.Гомдлын үндэслэл нь шүүх процессын хуулийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийн оролцогч буюу хариуцагчийн учир нь шүүгч шийдвэрээ амаар тайлбарлахдаа хариуцагч байгууллагыг ажилтнуудаа бөөнөөр халсан байх бөгөөд ийнхүү бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээр хийгээгүй, мөн бөөнөөр халсан учраас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, С.Д-ыг хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн боловч аавыгаа асарч байсан байх учраас хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээлээ гэсэн хууль зүйн үндэслэлээр тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа огт өөр үндэслэлээр шийдвэрлсэн байх бөгөөд үүнээс үүдэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 дугаар 07 сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг тогтоох хэсгийг хэлбэрийн төдий гаргасан ба шүүх хуралдааны дараа шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар шүүгч шийдвэрээ бүхэлд нь зөвлөлдөх тасалгаанд гаргах учиртай юм. Нэхэмжлэгч С.Д нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Х гэж хүнийг оруулсан. Бид нарын хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулна гэж мэдээгүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрээ хэзээ хүлээж авсан талаар мэдэхгүй байсан 2 өөр хариулт хэлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 зүйлийн 2 дэх хэсэгт заасны дагуу Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэсэн энэ хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч С.Д-ын тухайд тушаалаа гардаж авсан хариуцагчаас үүнээс өмнө гардаж авсан гээд маргаж байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгээр 03 дугаар сарын 09-ний өдөр гардаж авснаар дүгнэж байсан. Ямар учраас ийм дүгнэлт хийж байгаа талаараа үндэслэлээ шийдвэрт тусгаагүй. Дээрх үндэслэлээр шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д, Ц.Д нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдлыг хариуцагч байгууллагын өмгөөлөгч, хариуцагч нараас давах гомдол гаргасан байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Гомдолтой холбогдуулаад тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ажилчдыг бөөнөөр нь халсан тухай Шүүх шийдвэрээ гаргахдаа амаар тайлбарласан гэсэн асуудал яригдаж байна. Ажлаас бөөнөөр халсан уу үгүй юу гэдгийг тогтоохын тулд хавтаст хэргийн материалтай танилцахад тодорхой тусгасан байгаа. Нэг хүнийг ажлаас халаагүй 2 хүнийг зэрэг ажлаас халсан байгаа. Хөөн хэлэлцэх асуудалтай холбогдуулан Шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхээс өмнө хэргийн оролцогч зохигчоос асуухад хүсэлт санал байхгүй байсан. Хэргийг хэлэлцэж байх явцад С.Д-ыг хэзээ тушаалаа гардаж авсан талаар талуудаас маргаж байх үед ийм хүсэлт гаргаж байсан. Энэ шүүх хурал дээр хариуцагч талаас 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө өгсөн гэсэн нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Тийм учраас С.Д-ын өөрийнх тайлбарлаж байгаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарын тайлбараар 03 дугаар сарын 09-ний өдөр гардаж гэсэн нотлогдож байгаа учраас анхан шатны шүүхээс энэ нотлох баримтыг үндэслэл бүхий хуульд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Яагаад хариуцагч талаас маргаж байхаар нотлох баримтаа гаргаж өгөх боломж хугацаа байсан. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзээд нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэл бүхий хуульд нийцсэн шийдвэр гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Нэхэмжлэгч Ц.Д-т холбогдуулан хариуцагч байгуулагаас ямар нэгэн гомдол гаргаагүй учраас хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч С.Д нь программ хангамж, сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажилд, нэхэмжлэгч Ц.Д нь жолоочийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдуулан гаргажээ.
Анхан шатны шүүх шийдвэрээ аман болон бичгийн хэлбэрээр тайлбарлахдаа талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүйд хүрч байна.
Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг амаар тайлбарлахдаа хариуцагч байгууллага ажилтнаа бөөнөөр халсан байна. Ийнхүү халахдаа ажилтны төлөөлөгчтөй хэлэлцээр хийгээгүй байна. Нэхэмжлэгч С.Д аавыгаа асарч байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэлээ гэсэн мөртлөө шийдвэртээ шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс илт зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүх шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан зарчимыг зөрчжээ.
Иймд талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тогтоох, тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээг оновчтой сонгох, нэхэмжлэгч С.Д 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн эсэх, хэтрүүлсэн бол уг хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэхийг тогтоосоны эцэст шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн ажил олгогч, ажилтан нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдэх хуудас гардуулсан талаар маргаантай байхад шүүх ямар ч баримтанд үндэслэлгүй 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байгааг тодруулах нь зүйтэй.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР